Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2017/0042/з |
Дугаар | 342 |
Огноо | 2017-10-02 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 342
К.А-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч К.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 18-ний өдрийн 221/МА2017/0349 дүгээр магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор К.А-ийн нэхэмжлэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 241 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5/, Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, 11.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч К.А-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн б/1246 дугаар тушаалыг хүчингүй болгож, “401 дүгээр хорих анги-Нэгдсэн эмнэлгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 5 дугаар сарын 18-ний өдрийн 221/МА2017/0349 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2017/0241 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн зүйлийн 35.1.3 дахь хэсгүүдэд тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч К.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн б/1246 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч К.А-ийг 401 дүгээр хорих анги-Нэгдсэн эмнэлгийн даргын ажилд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгүүдэд тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч К.А-д 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 8 920 340 төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас гаргуулан олгож, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож, дэвтэрт нөхөн бичилт хийхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт даалгасугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Давж заалдах шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.3-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Учир нь нэхэмжлэгчийн хөдөлмөрийн харилцаатай асуудлыг Төрийн албаны тухай хуулиар зохицуулсан байдаг. Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 24.2-т “...Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачлагаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй." гэж заасан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 3-т заасны дагуу нэхэмжлэгчийн ШШГЕГ-т ирүүлсэн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх ажлаас чөлөөлсөн эмнэлгийн магадалгааг дууссанаас хойш ШШГЕГ-ын даргын Б/1246 дугаар тушаалыг гаргасан.
2. Магадлалын хянавал хэсэгт Цэргийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.4, 11 дүгээр зүйлийн 11.5-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачлагаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй" гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй бөгөөд эргэлзээтэй шийдвэрийг гаргасан. Иймд давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2017/0349 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2017/0241 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч К.А нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн б/1246 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, 401 дүгээр хорих анги-Нэгдсэн эмнэлгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийг гаргажээ.
Нэхэмжлэгч К.А нь 1956 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, маргаан бүхий тушаал гарах үед 60 нас хүрээгүй байсан бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэл эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн болох нь хэрэгт авагдсан 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 10/167 дугаар албан бичиг, өвчний түүх, эмнэлгээс гарах, шилжих үеийн маягт зэрэг баримтаар тогтоогдсон байна.
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг эмчийн магадлагаагаар чөлөөтэй байх хугацаанд түүний ажил, албан тушаалыг хэвээр хадгалах үүргийг захиргааны байгууллага хүлээж байх бөгөөд энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхээс зөв дүгнэлт хийж, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн б/1246 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Харин давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийг маргаан бүхий албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.
Учир нь Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсэгт эмэгтэйчүүд офицерийн албыг цэргийн цол харгалзахгүйгээр 47 нас хүртэл хаах эрхтэй, нэхэмжлэгчийн тухайд хуульд заасан насны шалгуурт хүрчээ.
Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д зааснаар ажлын шаардлага, мэргэжлийн ур чадварыг харгалзаж, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр цэргийн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмчийн офицерийн албан хаах хугацааг тав хүртэл жилээр нэг удаа сунгаж болохоор заасан, нэхэмжлэгчийн тухайд энэхүү эрхийг эдэлсэн, дараа нь нэхэмжлэгч 53 нас хүрэхэд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллагаас хугацаа сунгах шийдвэр гаргаагүй боловч нэхэмжлэгчийг үргэлжлүүлэн ажиллуулж байсан тул хугацааг дахин сунгасан гэж үзэхээр байна.
Хуулийн дээрх заалтын агуулгаас үзэхэд цэргийн алба хаах хугацааг сунгах эсэх нь захиргааны байгууллагын эрх хэмжээний асуудал бөгөөд нэхэмжлэгчийг заавал ажиллуулах үүргийг захиргааны байгууллага хүлээхгүй, зөвхөн ажлын зайлшгүй шаардлага, тухайн албан хаагчийн мэргэжлийн өндөр ур чадварыг харгалзан үзэж, цэргийн алба хаах хугацаа сунгах эсэхийг захиргааны байгууллага өөрөө шийдвэрлэх эрхтэй.
Нэхэмжлэгчээс “65 нас хүртэл ажиллах эрхтэй” гэж маргаж байгаа боловч Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт зааснаар төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ захиргааны байгууллагад гаргах ба нэхэмжлэгчийн тухайд ийм хүсэлт захиргааны байгууллагад гаргаагүй болно. Нөгөө талаас мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт зааснаар уг хүсэлтийг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан зохих журмын дагуу шийдвэрлэх, үргэлжлүүлэн ажиллуулах эсэх нь захиргааны бүрэн эрхэд хамаарч байна.
Иймээс захиргааны байгууллагаас нэгэнт өөрт олгогдсон эрхийн хүрээнд нэхэмжлэгчийг цэргийн албанаас чөлөөлсөн, цаашид үргэлжлүүлэн ажиллуулахгүй байхаар шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийг маргаан бүхий албан тушаалд эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлгүй.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлгүй байхад өмнөх ажилд нь эгүүлэн тогтоох жишигтэй” тухай тайлбарыг хүлээн авах боломжгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хууль бус захиргааны актын улмаас зөрчигдсөн бол нэхэмжлэлийг хангах зохицуулалтад хамаарахгүй байна.
Тодруулбал, нэхэмжлэгчийн цэргийн алба хаах хугацааг дуусгавар болсонд тооцсон захиргааны акт нь дээр дурдсанаар Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д нийцсэн, хууль зөрчөөгүй байх тул цэргийн алба хаах хугацааг зохицуулсан харилцааны хувьд хууль бус захиргааны акт биш, гагцхүү захиргааны байгууллагаас уг тушаалыг гаргахдаа алдаа гаргасан буюу нэхэмжлэгчийг эмнэлгийн чөлөөтэй байхад ажлаас чөлөөлсөн байдал нь нэхэмжлэгчид цалин хөлстэй холбоотой эрх сэргээгдэх үр дагаврыг үүсгэх болохоос ажилд эгүүлэн тогтоолгох үр дагаврыг үүсгэхгүй юм.
Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахдаа ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, хариуцагчаас энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрч, магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар гомдлын хүрээнд хэргийг хянасан болно.
Нэгэнт захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн цэргийн алба хаах хугацааг сунгасан тухай тодорхой шийдвэр гаргаагүй, тодорхой бус хугацаагаар үргэлжлүүлэн ажиллуулж байсан учир Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дэх зааснаар хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг 60 нас хүртэл цэргийн алба хааж, цалин хөлс авах эрхтэй байсан гэж үзэж, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоох харилцааг эхлүүлэн тооцож, холбогдох эрхээр хангах нь зүйтэй болохыг тэмдэглэв.
Эдгээр үндэслэлүүдээр магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2017/0349 дүгээр магадлалын “тогтоох” хэсгийн 1 дэх заалтын “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж” гэснийг “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож” гэж, “нэхэмжлэгч К.А-ийг 401 дүгээр хорих анги-Нэгдсэн эмнэлгийн даргын ажилд эгүүлэн тогтоож” гэснийг “401 дүгээр хорих анги-Нэгдсэн эмнэлгийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож” гэж тус тус өөрчилж, бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ