Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 14

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Ду  аймгийн С  сумын 7-р баг, 68-р байранд оршин суух, Б овгийн Нгийн Н /ЗД /-ын нэхэмжлэлтэй,

Ду  аймгийн С  сумын М өвд холбогдох Д аймгийн М  сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2019 оны 8 сарын 30-ны өдрийн Б/17 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, 2019 оны 9 сарын 2-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хугацаагаар тооцож гаргуулах тухай 139/2019/00439/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х

Хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т

Нарийн бичгийн дарга Г.Ц   нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Н.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2004 онд Дундговь аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд нийгмийн ухааны багшаар анх ажиллаж байгаад улмаар 2005 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 5 дугаартай тушаалаар үндсэн ажилтан буюу нийгмийн ухааны багш болсон. Ийнхүү 2013 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 75 дугаартай тушаалаар Н.Н миний бие нь Дундговь аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтын менежерийн албан тушаалд томилогдон ажиллаж байтал 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр захирал Ю.Ц хууль зүйн үндэслэлгүйгээр намайг ажлаас чөлөөлсөн.

Хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр цуцална” 38.1.2-т “ажил олгогч санаачилсан”, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” бол хөдөлмөрийн гэрээг цуцалж болно гэж заасан байна.

Дундговь аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал нь миний биеийг тус төвийн сургалтын арга зүйчийн ажил, албан тушаалд мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй гэдгийг тогтоогоогүй байж ажлаас чөлөөлж байгаа нь хууль бус үйлдэл юм. Энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс албан ёсны дүгнэлт, шийдвэрийг гаргах эрхтэй юм. Гэтэл ажил олгогч нь дур мэдэн энэ ажил, албан тушаалд намайг тэнцэхгүй гэж ажлаас чөлөөлж байгаа нь хуулийг  ноцтой зөрчсөн.

Мөн ажил олгогч ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөх гэж байгаа бол энэ тухайгаа 1 сарын өмнө мэдэгдэх ёстой байтал энэ үүргээ биелүүлээгүй. Энэ нь Хөдөлмөрийн тухай уулийн 40.5 дах заалтыг зөрчсөн.

2.Мөн тус сургуулийн дотоод журмын 8.1.2-т удирдлагаас болон ажлын байрны тодорхойлолтод шууд удирдлаганд заагдсан албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг 3 буюу түүнээс дээш биелүүлээгүй нь тогтоогдсон, 8.1.3-т хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, ажлын цагаас удаа дараа хоцорсон гэж заасан байх ба ажил олгогч энэ журмын 8.1.2, 8.1.3-ыг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй юм. Учир нь албан гушаалтанаас иргэн Н.Н миний биед ямар үүрэг, даалгаврыг хэзээ өгч, түүнийг биелүүлээгүй болон мөн ажлын цагаас удаа дараа хоцорсон гэсэн үндэслэл нь тодорхойгүй байна. Багш нарын хувьд зун буюу 6, 7, 8 саруудад амардаг Амралтаа эдэлж дуусгаад ажилдаа орох гэтэл ажлаас чөлөөлсөн байсан. Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо vндэслэлээ тодорхой зааж өгөх ёстой. Гэвч ямар цаг үе буюу хугацаанд нь үүрэг даалгавар өгч, түүнийг биелүүлээгүй болон ажлаас хоцорсон гэж үзсэн үндэслэл нь тодорхойгүй байна.

Миний бие нь 2003 онд Дорно дахины гүн ухаан хүн судлалын сургуулийг философич мэргэжил, судлаач багш мэргэшлийг бакалаврын зэрэгтэй, мөн 2006 онд Монгол улсын их сургуульд шашин судлалын магистрын зэргийг хамгаалсан болно. Мөн 2008 онд багшлах эрхийн үнэмлэх, 2014 онд “Заах аргач багш” мэргэжлийн зэргийн үнэмлэхийг тус тус авсан.

Ажил олгогч Ю.Ц нь намайг үндэслэлгүйгээр буюу ажлаас буруу чөлөөлсөн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд зааснаар миний бие нь шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжпэлийн шаардлага: Дундговь аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2019 оны 8 дугаар 30-ны өдрийн Б/17 дугаартай ‘Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох, 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдрөөс шүүхээр хэргийг хянан шйдвэрлэх өдрийг хүртэлх хугацааны цалин гаргуулах болон эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргаж байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Н.Нын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Дундговь аймаг дахь МСҮТ-ийн Ю.Ц миний бие хариуцагчаар оролцож байгаа ба нэхэмжлэлийн шаардлагад холбогдох доорх хариу тайлбарыг гаргаж байна.

Үүнд: 1.Нэхэмжлэгчийн шаардлагад дурдсан 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/17 дугаартай "Н.Ныг ажлаас чөлөөлөх тухай” тушаал нь нэмэлт, өөрчлөлт орсны улмаас хүчингүйд тооцогдож, шинээр тушаал гарсан бөгөөд энэ талаар Н.Нт мэдэгдэхэд тушаалыг хүлээж авахгүй гэсэн тул захирлын тушаалын хуудсанд тэмдэглэж, хуулбарыг хувийн е-майл хаягаар нь илгээсэн болно.

2.Н.Н нь Дундговь аймаг дахь МСҮТ-д Сургалтын албаны арга зүйчээр ажиллаж байсан ба удаа дараа ажил тасалж, сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа давтан зөрчил гаргасан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй нь тогтоогдсон тул ажлаас чөлөөлөгдсөн. Н.Н ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хүлээн зөвшөөрөлгүй шүүхэд 4 заалт бүхий нэхэмжпэлийн шаардлага гаргасан байх тул уг шаардлагуудыг хүчингүй болгож “Н.Ныг ажлаас чөлөөлөх  тухай” тушаалыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

 

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад   ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Н.Н нь Дундговь аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд  холбогдох Дундговь аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2019 оны 8 сарын 30-ны өдрийн Б/17 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, 2019 оны 9 сарын 2-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хугацаагаар тооцож ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч тал нь “2019 оны 8 сарын 30-ны өдрийн Б/17 тоот тушаалаар ажлаас халагдаж 2019 оны 9 сарын 2-ны өдөр ажлаа хүлээлгэн өгсөн. 2019 оны 9 сарын 2-ны өдөр Б/18 тоот тушаал гарсан гэж утсаар хэлсэн боловч ажлаа хүлээлгэн өгсний дараа гарсан дээрх тушаалыг хүчин төгөлдөр гэж хүлээн авах шаардлагагүй. Б/17 тоот тушаалд заасан үндэслэлээр ажлаас халсан тохиолдолд ажилдаа тэнцэхгүй байгаа тухай ямар нэгэн дүгнэлт гараагүй байхад халсан, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар нэг сараас доошгүй хугацааны өмнө ажлаас халах тухай мэдэгдээгүй нь хууль зөрчсөн тул нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү” гэж,

Хариуцагч тал нь “2019 оны 8 сарын 30-ны өдрийн Б/17 тоот тушаал хууль зүйн хувьд алдаатай гарсан тул ажил олгогч өөрөө уг тушаалаа хүчингүй болгож 2019 оны 9 сарын 2-ны өдөр Б/18 тоот тушаал гаргасан. Өөрийн гаргасан тушаалаа хүчингүй болгож засварлан гаргах нь байгууллагын удирдлагын эрх. Б/18 тоот тушаалд заасан үндэслэл хэрэгт цугларсан бичгийн баримтаар нотлогдож байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тайлбарлан мэтгэлцэж байна.

Хариуцагч Дундговь аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв 2019 оны 8 сарын 30-ны өдөр Б/17 тоот тушаалаар /хх-ийн 4-рт/ нэхэмжлэгч Н.Ныг 2019 оны 9 сарын 2-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Мөн 2019 оны 9 сарын 2-ны өдөр Б/18 тоот тушаалын нэг дэх заалтаар /хх-ийн 34-рт/ тус сургуулийн сургалтын албаны арга зүйч Нгийн Ныг 2019 оны 9 сарын 2-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Б/18 тушаалын /хх-ийн 34-рт/ дөрөв дэх заалтаар Б/17 тоот тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Эндээс харахад ажил олгогч өмнө гаргасан Б/17 тоот тушаалыг  хүчингүй болгоогүй байхдаа ажилтныг дахин ажлаас халсан гэж үзэхээр байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ” гэж заажээ.  Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан тайлбартаа “2019 оны 9 сарын 2-ны өдөр ажлаа хүлээлгэн өгсөн” гэх тайлбарыг гаргаж байгааг хариуцагч тал үгүйсгэсэн тайлбар гаргаагүй, холбогдох баримтыг ирүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг ажлаас халагдсан өдөр нэхэмжлэгч Н.Ныг дахин ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргасан байна. Ингэснээр нэг ажилтныг 2 удаа ажлаас чөлөөлсөн, ажлаас чөлөөлсөн 2019 оны 8 сарын 30-ны өдрийн Б/17, 2019 оны 9 сарын 2-ны өдрийн Б/18 тоот тушаалуудын алийг хүчин төгөлдөр гэж үнэлэх боломжгүй болгосон байна. Иймд ажилтныг ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа Дундговь аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2019 оны 8 сарын 30-ны өдрийн Б/17 тоот тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн байна. Гэвч энэ нь нэхэмжлэлийн шаардлага биш бөгөөд нэхэмжлэлийн үндэслэл болно. Иймд нэхэмжлэлийн шаардлага гэж үзэж шийдвэрлэх боломжгүй байна.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд ногдох олговрыг тооцохдоо нэхэмжлэгч Н.Нын нийгмийн даатгалын шимтгэл төлж сүүлийн 3 сард авсан цалин хөлсний дунджаас /хх-ийн 8-рт/ тооцон сарын дундаж цалин хөлсийг 1350959 төгрөгөөр,  өдрийн дундаж цалин хөлсийг 61407 төгрөгөөр, хугацааг  2019 оны 9 сарын 2-ны өдөр ажлаас халагдсан гэж үзэж шүүх хуралдаан болтол буюу 2020 оны 1 сарын 10-ны өдрийг хүртэл 4 сар 10 хоног /2020 оны 1 сард ажлын 7 өдөр/ ажилгүй байсан гэж тооцон 5833686 төгрөгийн олговрыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв. Хариуцагч нь дээрхи олговрыг олгохдоо ажил олгогч болон ажилтнаас хуульд заасан хувь хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийх нь зүйтэй.

Нэхэмжлэлийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагад 70200 төгрөг, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай шаардлагад 108289 төгрөг, нийт 178489 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж тооцон хариуцагчаас гаргуулан төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б овгийн Нгийн Н /РД:ЗД /-ыг  Д  аймгийн М  сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтын албаны арга зүйчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай. 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн  69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Дундговь аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс ажилгүй байсан хугацааны олговор 5833686 /таван сая найман зуун гучин гурван мянга зургаан зуун наян зургаан/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Нт олгосугай.

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Н.Нт олгох олговроос хуульд заасан хувь хэмжээгээр нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, шимтгэл хураамж төлсөн тухай нэхэмжлэгчийн  нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Дундговь аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд даалгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Дундговь аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс 178489 /нэг зуун далан найман мянга дөрвөн зуун наян есэн / төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.  

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Д.У