Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2021/00716

 

Н.Наранбаатарын нэхэмжлэлтэй

                        иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 139/ШШ2020/00407 дугаар шийдвэр,

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 218/МА2020/00019 дүгээр магадлалтай, 

Н.Наранбаатарын нэхэмжлэлтэй,

Дундговь аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох, 

Тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эргүүлэн тогтоолгох, цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх  тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Хишигдаваагийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Төмөрбаатар, өмгөөлөгч Ц.Жавхлантөгс, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов. 

Нэхэмжлэгч Н.Наранбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2004 онд МСҮТ-д цагийн багшаар ажиллаж байгаад 2005 онд үндсэн ажилтан буюу нийгмийн ухааны багш, ...2013 оны 09 сарын 02 өдрийн 75 дугаар тушаалаар МСҮТ-н сургалтын менежерийн албан тушаалд ажиллаж байсан. 2019 оны 09 сарын 02 өдөр захирал Ю.Цолмон хууль зүйн үндэслэлгүйгээр намайг ажлаас чөлөөлсөн. Ажил олгогч нь намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд зааснаар Дундговь аймаг дахь МСҮТ-н захирлын 2019 оны Б/17 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх хүртэл хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч Дундговь аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 2019 оны 08 сарын 30 өдрийн Б/17 дугаартай тушаал нь хүчингүйд тооцогдож шинээр тушаал гарсан бөгөөд энэ талаар Н.Наранбаатарт мэдэгдэхэд тушаалыг хүлээж авахгүй гэсэн тул хуулбарыг хувийн и-мэйл хаягаар нь илгээсэн. Н.Наранбаатар нь удаа дараа ажил тасалж сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа давтан зөрчил гаргасан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй нь тогтоогдсон тул ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 139/ШШ2020/00407 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дугаар зүйлийн 69.1-д зааснаар Боржигон овогт Нямсүрэнгийн Наранбаатар /ЗД82080534/-ыг Дундговь аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтын арга зүйчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 11,667,330 төгрөгийг хариуцагч талаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д зааснаар Н.Наранбаатарт олгох 11,667,330 төгрөгийн олговроос Эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар хариуцагч Дундговь аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс улсын тэмдэгтийн хураамж 201,627 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 218/МА2020/00019 дүгээр магадлалаар: Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 139/ШШ2020/00407 тоот шийдвэрийн 1 дүгээр заалтыг бүхэлд нь Хөдөлмөрийн тухайн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Боржигон овогт Нямсүрэнгийн Наранбаатарыг Дундговь аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтын албаны арга зүйч албан тушаалд эгүүлэн тогтоосугай. гэж, 2 дугаар заалтын ... Н.Наранбаатарт олгох 11,667,330 төгрөгийн олговроос гэснийг Н.Наранбаатарт олговол зохих олговроос гэж, 3 дугаар заалтаас 7.1.1 гэснийг хасч, 201,627 гэснийг 70,200 гэж тус тус өөрчлөн, дугаарлалтын 4 дүгээр заалтыг дугаарлалтыг 5 болгон, 4 дүгээр заалт болгож Нэхэмжлэгч Боржигон овогт Нямсүрэнгийн Наранбаатарын ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж, нэмэлт оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271,827 /хоёр зуун далан нэгэн мянга найман зуун хорин долоо/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Хишигдаваа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 218/МА2020/00019 дугаартай магадлалыг гардаж аваад дараах гомдлыг гаргаж байна.

Н.Наранбаатар нь шүүхэд нэхэмжлэлээ гаргахдаа ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар хандаж, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг нотариатаар батлуулж цалин хөлсний талаарх нотлох баримтыг гаргаж өгсөн нь хавтаст хэрэгт авагдаж, үүнийг үндэслэж анхан шатны шүүх 2 удаа буцаан олгох цалингийн хэмжээг судалж тогтоосон байдаг. Н.Наранбаатарын цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг тодорхойгүй болгон бүрхэгдүүлж, 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл ажилгүй, цалингүй болгож хөдөлмөрлөх эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Өнөөдрийн байдлаар Н.Наранбаатарын ажилгүй байсан хугацаа ажлын 276 өдөр, 1 өдрийн цалин 60,767 төгрөг, нийт цалин 276x60,767=16,777,692 төгрөг болж байна.

Иймд Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 218/МА2020/00019 дугаартай магадлалын тогтоох хэсгийн 1-т заасан Н.Наранбаатарын ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон-ыг хяналтын журмаар хэсэгчлэн хүчингүй болгож, 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн ажилдаа эрүүдэн тогтоолгох хүртэлх цалинг хариуцагч Дундговь аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ 

Наранбаатар нь Дундговь аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдуулан, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийн зөвшөөрөхгүй, татгалзсан байна. 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулжээ.  

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын заримыг хангах үндэслэлтэй байна.  

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч нь Дундговь аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтын албаны арга зүйчээр ажиллаж байсан ба ажил олгогч 2019.08.30-ны өдөр Б/17 тоот тушаал гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2, сургуулийн дотоод журмын 8.1.2, 8.1.3 дахь заалтыг баримтлан ажлаас чөлөөлж, уг шийдвэрийг ажилтанд гардуулж өгсөн байна.  

Үүний дараа хариуцагч 2019.09.02-ны өдөр Б/18 тушаал гаргаж, Б/17 тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг ажлаас халсан үндэслэлийг өөрчилж, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, сургуулийн дотоод журмын 8.1.2, 8.1.3, хөдөлмөрийн гэрээний 7.2.2 дахь заалтыг баримтлан удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа удаа дараа ажил тасалсан, ажлын цагаар ажлын байран дээр байдаггүй, ноцтой зөрчил гаргасан гэжээ /хэргийн 4, 34 дүгээр тал/.  

Хариуцагч уг тушаалд нэхэмжлэгч гомдол гаргаагүй гэсэн боловч дээрх шийдвэрүүд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон байна.  

Ажил олгогч 2018.11.02-ны өдрийн А/60 тоот тушаалаар нэхэмжлэгчид сануулах сахилгын шийтгэл ногдуулсан, хэн аль нь энэ талаар маргаагүй байна /хэргийн 117 дугаар тал/.  

Харин ажлаас халсан тушаалд заасан зөрчлийг нэхэмжлэгч гаргасан эсэх нь маргааны зүйл болжээ.  

Хариуцагч нь нэхэмжлэгчийг 2019 оны 01 дүгээр сарын 09, 10, 02 дугаар сарын 19, 08 дугаар сарын 15, 17-30-ны өдрүүдэд тус тус ажил тасалсан талаар тайлбар гаргасан боловч татгалзлаа нотолж чадаагүй байна.  

Харин дурдсан хугацаанд нэхэмжлэгч ажил үүргээ гүйцэтгэсэн, ажил олгогч цалин хөлсийг бүрэн олгосон болох нь хэргийн баримтаар тогтоогджээ.  

Ажилтны гаргасан зөрчил, цаг хугацаа тогтоогдсон байх ёстой байхад үүрэг даалгаврыг удаа дараа хийж гүйцэтгээгүй гэж ерөнхий байдлаар ажилтныг буруутгасан нь учир дутагдалтай байжээ. Өөрөөр хэлбэл, ажил олгогч нь ажилтны гаргасан зөрчлийг нотолж, тогтоосны үндсэн дээр холбогдох сахилгын арга хэмжээг авах учиртай. 

Хэрэгт байгаа баримтын хэмжээнд нэхэмжлэгч нь тушаалд заасан зөрчлийг гаргасан гэх байдал тогтоогдоогүй байна. 

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийг сургалтын албаны арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т нийцжээ.

Ажилтныг ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасан.  

Түүнчлэн ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх, 46.2-т зааснаар ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй болно. 

Нэхэмжлэгч маргааныг шүүхээр хянан шийдвэрлэх хүртэл хугацааны олговор нэхэмжилсэн, анхан шатны шүүх шийдвэр гарах хүртэл ажлын 190 хоногийн олговрыг хэрэгт авагдсан нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн 3 сарын цалингийн дунджаар тооцон, хариуцагчаас 11,667,330 төгрөг гаргуулж, уг олговроос эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр суутган тооцож, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.  

Давж заалдах шатны шүүх ...нэхэмжлэгчийн цалин гаргуулах шаардлага анхнаасаа тодорхой бус байсан, цалинтай холбоотой баримтыг шүүх хуралдаанд судлуулаагүй, шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзэж, шийдвэрт өөрчлөлт оруулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-д нийцээгүй, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т хяналтын гомдлын үндэслэлийг заасан, хяналтын шатны шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийх тул нэхэмжлэгчийн ...ажилдаа эгүүлэн тогтоолгох хүртэл хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай гомдлыг хүлээн авах боломжгүй.  

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 218/МА2020/00019 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 139/ШШ2020/00407 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 241,840 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

Х.СОНИНБАЯР

Г.ЦАГААНЦООЖ

Х.ЭРДЭНЭСУВД