Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 182/2020/01761/И |
Дугаар | 001/ХТ2022/00304 |
Огноо | 2022-03-17 |
Маргааны төрөл | Өвлөх, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 001/ХТ2022/00304
2022 оны 03 сарын 17 өдөр | Дугаар 001/ХТ2022/00304 |
М.Болор-Эрдэнийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2020/02176 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 14 дүгээр магадлалтай,
М.Болор-Эрдэнийн нэхэмжлэлтэй,
С.Нарангэрэлд холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 163,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.Болор-Эрдэнэ нь хариуцагч С.Нарангэрэлд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 163,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2020/02176 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д заасны дагуу хариуцагч С.Нарангэрэлээс 100,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Болор-Эрдэнэд олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 63,200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,131,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Нарангэрэлээс 657,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Болор-Эрдэнэд олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 14 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2020/02176 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Нарангэрэлээс 163,200,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Болор-Эрдэнэд олгосугай гэж, 2 дах заалтын ... 1,131,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Нарангэрэлээс 657,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Болор-Эрдэнэд олгосугай. гэснийг 1,131,900 төгрөгөөс илүү төлсөн 157,950 төгрөгийг Чингэлтэй дүүргийн улсын тэмдэгтийн хураамжийн /100200700941/ тоот данснаас, хариуцагч С.Нарангэрэлээс 973,950 төгрөгийг тус тус гаргуулан, нэхэмжлэгч М.Болор-Эрдэнэд олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.25-ны өдрийн 14 дугаартай магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д заасны дагуу өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө гэсэн заалтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас 63,200,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй. Өвлөх эрхийн гэрчилгээнд зээлийн гэрээний дүн болох 100,000,000 төгрөгийг өвлөх эрхтэй болох тухай заасан бөгөөд зээлийн гэрээний хүүний талаар дурдаагүй учраас зээлийн гэрээний хүүг шаардах эрхгүй. Давж заалдах шатны шүүхээс 15 дугаар өвлөх эрхийн гэрчилгээгээр зээлийн гэрээний үүрэг шаардах эрх бүхэлдээ нэхэмжлэгч М.Болд-Эрдэнэд шилжсэн гэж үзэх үндэслэлтэй дурдаад уг асуудлынхаа хүрээнд ямар нэгэн хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр бодитой, хууль зүйн үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Дээрх нөхцөл байдлыг үндэслэн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.25-ны өдрийн 14 дугаартай магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 63,200,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Нэхэмжлэгч М.Болор-Эрдэнэ нь хариуцагч С.Нарангэрэлд холбогдуулан өвийн журмаар шилжиж ирсэн шаардах эрх болох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 163,200,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба ...түүний эцэг С.Мижиддорж нь хариуцагч С.Нарангэрэлд 100,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай нэг сарын 2.2 хувийн хүүтэй зээлдүүлсэн, зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тул үндсэн зээл 100,000,000 төгрөг, хүү 13,200,000 төгрөг, гэрээнд тохирсон алданги 50,000,000 төгрөгийг гаргуулах эрхтэй гэж үндэслэлээ тайлбарласан.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, С.Мижиддоржтой зээлийн гэрээ байгуулагдаагүй, талууд хамтран ажиллахаар тохиролцсоны зэрэгцээ С.Мижиддоржийн эзэмшлийн Эрд маш ХХК-ийн Төрийн банк ХХК-аас авах зээлийн гэрээнд зуучилсны хөлсөнд 100,000,000 төгрөг хүлээн авахаар харилцан тохиролцсон, нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.
6. Анхан шатны шүүх хариуцагч С.Нарангэрэлээс 100,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Болор-Эрдэнэд олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 63,200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хянаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг шийдвэрт оруулсан байна.
7. С.Мижиддорж, С.Нарангэрэл нарын хооронд байгуулагдсан 2017.08.09-ний өдрийн зээлийн гэрээгээр С.Нарангэрэл нь 100,000,000 төгрөгийг С.Мижиддоржоос 6 сарын хугацаатай, сар бүр 2,2 хувийн хүүтэйгээр зээлэхээр тохирсон, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцох нөхцөлтэйгөөр зээлдүүлэх, зээлдэгч С.Нарангэрэл нь зээлийн хүүг сар бүрийн 15-ны өдрийн дотор төлж, үндсэн зээлийг гэрээний хугацаанд төлөхөөр тохиролцож, 100,000,000 төгрөгийг хүлээн авсан байх бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
8. Нэхэмжлэгч М.Болор-Эрдэнэ нь дээрх зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгчийн шаардах эрхийг өвийн журмаар хүлээж авсан гэж тайлбарласан бөгөөд хэрэгт Мижиддоржийн Болор-Эрдэнэд 2019.03.19-ний өдөр олгогдсон өвлөх эрхийн гэрчилгээ авагдсан, зээлдүүлэгч С.Мижиддорж 2018.02.24-ний өдөр нас барсан байх ба зээлийн гэрээний хугацаа 2018.02.09-ний өдөр дуусгавар болжээ.
9. Анхан шатны шүүх ...өвлөх эрхийн гэрчилгээний хавсралтад М.Болор-Эрдэнэд шилжиж ирсэн шаардах эрхийн хэмжээг ...анх зээлсэн 100,000,000 төгрөгийг гаргуулах, хүлээн авах, шаардах, нэхэмжлэл гаргах эрх гэх агуулгаар томьёолж, ... хүлээн авах өвийн хэмжээгээ 100,000,000 төгрөгийг шаардах эрхээр хязгаарлан тогтоосон тул энэ хэмжээгээр хангах нь Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д заасантай нийцнэ гэж дүгнэн, 100,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж үлдэх 63,200,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлээгүй байна.
11. Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө гэж Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт заасан бөгөөд Өвлөх эрхийн гэрчилгээ-нд иргэн С.Нарангэрэлтэй байгуулсан зээлийн гэрээний үүрэг гүйцэтгүүлэх, нэхэмжлэл гаргах, шаардах эрхийг нэхэмжлэгч М.Болор-Эрдэнэд олгосон талаар тэмдэглэсэн, зээлийн гэрээнд хүү, алданги төлөхөөр тохиролцсон, зээлдэгч нь гэрээний үүргээ зөрчсөн байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь буюу үндсэн зээл, хүү, алдангийг шаардах эрхтэй.
Иймээс ...анхан шатны шүүх Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2, 528.3 дахь хэсэгт заасныг үндэслэн шаардах эрхийн хэмжээг 100,000,000 төгрөгөөр хязгаарласан нь үндэслэл муутай болсон гэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл хууль зөрчөөгүй байна.
12. Өвлөх эрхийн гэрчилгээгээр зээлийн гэрээний үүрэг шаардах эрх бүхэлдээ нэхэмжлэгч М.Болор-Эрдэнэд шилжсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэл болон зээлийг буцаан төлсөн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэн, хариуцагч С.Нарангэрэлээс үндсэн зээлд 100,000,000 төгрөг, гэрээний хугацаа буюу 6 сарын хүүд 13,200,000 төгрөг, алдангид 50,000,000 төгрөг, нийт 163,200,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч М.Болор-Эрдэнэд олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хуульд нийцсэн байна.
Иймээс ...магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 63,200,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 14 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн 474,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН