Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2022/00335

 

 

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2022/00335

 

 

Хаан банк ХХК-ийн Завхан салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 42 дугаар шийдвэр,

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 205/МА2020/00010 дугаар магадлалтай,

Хаан банк ХХК-ийн Завхан салбарын нэхэмжлэлтэй,

Б.*******ид холбогдох

 

2018.08.08-ны өдрийн ЗГ/201843786740 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,408,242.60 төгрөгийг гаргуулах, зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хишигсүрэн, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Хаан банк ХХК-ийн Завхан салбар нь хариуцагч Б.*******ид холбогдуулан 2018.08.08-ны өдрийн ЗГ/201843786740 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,408,242.60 төгрөгийг гаргуулах, зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

 

2. Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 42 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 242 дугаар зүйлийн 242.1, 242.3, 242.11, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн ЗГ/201843786740 тоот барьцаат зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хариуцагч Базаррагчаагийн *******оос 3,204,121.30 төгрөгийг гаргуулж Хаан банкны Завхан салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,204,121.30 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгөөр хангуулж, Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 177,482 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******оос 66,216 төгрөгийг, улсын төсвийн оролого буюу 100090000941 тоот данснаас 66,216 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэжээ.

 

3. Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 205/МА2020/00010 дугаар магадлалаар: Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 42 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 453.2, 240 дүгээр зүйлийн 240.1.2, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан ХААН банкны Завхан салбарын хариуцагч Б.*******ид холбогдуулан гаргасан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, зээлийн төлбөр 6,323,255 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.24-ний өдрийн 42 дугаар шийдвэр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.10-ны өдрийн 10 дугаар магадлалыг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Б.Дашбалжир, Б.******* нар нь 2018.08.08-ны өдөр ХААН бакны Завхан салбартай ЗГ201843786740 тоот Зээлийн гэрээгээр өмнөх зээлийн гэрээний үлдэгдэл 6,964,228.37 төгрөг дээр нэмж 800,000 төгрөгийн зээл авч нийт 7,764,228.37 төгрөгийн зээлийг 48 сарын хугадаатай сарын 1,7 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т ...Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэж заасан байхад хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнээгүй, нэхэмжлэгчийн хэрэгт нотлох баримтаар өгсөн зээлдэгч нартай өмнө нь байгуулсан зээлийн гэрээ, Б.Дашбалжир түүний эхнэр Б.*******ийн хамт цалингийн тодорхойлолтоо гаргаж судлуулсаны үндсэн дээр орлогоо барьцаалж зээл авсан бөгөөд Б.Дашбалжирын цалин орлогыг дангаар нь тооцоход зээлдэгч өөрийн хүссэн хэмжээний мөнгийг авах боломжгүй учраас анх зээлийн гэрээ байгуулагдах үед хамтран үүрэг гүйцэтгэгч Б.******* оролцсон бөгөөд нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэлт дүгнэлт өгөөгүй Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. ..Дээрх гэрээнд зээлдэгч, хамтран зээлдэгч нь зээлийн төлбөрийн цалин, түүнтэй адилтгах орлогоор төлөх, банк Б.Дашбалжирын цалинг үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслээр тодорхойлж, цалингаас шууд төлүүлэхээр заажээ. Үүнээс үзвэл банк зөвхөн Б.Дашбалжирын цалин орлогыг үндэслэн түүний хүсэлтээр зээл олгосон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ... гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалын тухайд: Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т ...Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гэж, мөн хуулийн 40.1-т Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно, 40.3-т Хэлцэл хийснээс хойш нас барсан, эсхүл эрх зүйн бүрэн чадамжгүй болсон этгээдийн урьд нь хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна гэж тус тус хуульчилсан байна. Зээлдэгч Б.Дашбалжирыг ХААН банкны Завхан салбараас 2017 оноос эхлэн удаа дараа зээл авахад Б.******* хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцохыг хүлээн зөвшөөрч цаашид уг зээлийг төлөгдөж дуусах хүртэл хугацаанд гарсан аливаа эрсдэлийг бүрэн хариуцна гэдгээ илэрхийлж, гэрээнд үүрэг хүлээж, гарын үсэг зурснаар хамтран үүрэг гүйцэтгэгч болсон тул гэрээний үүргийг зөрчсөнөөс үүсэх хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй. Зээлдэгч нар 2018.08.08-ны өдөр тус банкнаас хүүхдийн сургалтын төлбөр төлөх зориулалтаар зээл авсан ба өмнөх зээлийн үлдэгдэл 6,964,228.37 төгрөг дээр нэмж 800,000 төгрөг зээлэхэд мөн л хамтран үүрэг гүйцэтгэгч Б.******* гэрээнд заасан нөхцөл болон өмнөх зээлийн үлдэгдлийг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан ба тухайн зээлүүдийг өрхийн хэрэглээний буюу сар шинийн хэрэгцээнд, хүүхдийн сургалтын төлбөр төлөх зориулалтаар тус тус авсан болох нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, Los программ дээр ажиллах журмын хавсралт-8 буюу Тооцооны төвд гаргасан хүсэлт, зээл буцаан төлөх хуваарь, зээлийн гэрээний нөхцлүүд, мөнгөн шилжүүлгийн баримт, зээлийн данс нээх өргөдөл, талуудын тайлбараар нотлогддог. Иймд Б.******* нь зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч учраас гэрээний үүргийг зөрчсөнөөс үүсэх хариуцлагыг бие даан хариуцах хууль зүйн үндэслэлтэй байна. Хэрвээ Б.******* зээл авах хүсэл зоригоо илэрхийлж банканд хүсэлт гаргаж, цалин орлогоо судлуулаагүй байсан бол зээл олгогдохгүй байсан. Түүнчлэн зээл авах хүсэлтийг үндсэн болон хамтран үүрэг гүйцэтгэгч нар хамт гаргасан болох нь хэрэгт авагдсан зээл хүсэгчийн анкет, тооцооны төвд гаргасан хүсэлтээр, хэн аль нь цалин бусад орлого, хөрөнгөө барьцаалсан болох нь Барьцааны гэрээний 2.7.1-т Зээлдэгч нь барьцаалуулагч биш бол дараах хэсгийг бөглөнө гэж заасан ба тухайн хэсэгт Б.*******ийн мэдээлэл бичигдээгүй байгаа нь түүнийг барьцаалуулагч гэдгийг нотолж байна. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын үндэслэл дүгнэлт нь Иргэний хууль болон гэрээний тэгш шударга байдалд нийцээгүй, хууль болон гэрээний дагуу хамтран үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй байхад хуулийг буруу тайлбарлаж нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж, тухайн эрх зүйн харилцаа, хэргийн үйл баримтад өрөөсгөл дүгнэлт хийж, Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2 дахь заалтыг тухайн харилцаанд буруу тайлбарлаж хэрэглэсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. Гэрээ нь талуудын хооронд бичгээр байгуулагдсан хэн аль нь хүлээн зөвшөөрсөн эрх, үүргийн харилцаа бөгөөд гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэдгийг анхаарч тухайн харилцаанд бодитой эрх зүйн болон хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Зээлдэгч Б.Дашбалжир, Б.******* нар нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т заасан хамтран үүрэг гүйцэтгэгчид мөн бөгөөд дээрх хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т ...Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж зааснаар нэхэмжлэгч ХААН банк хамтран үүрэг гүйцэтгэгч Б.*******оос зээлийн үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй бөгөөд зээлийг өрхийн хэрэглээний зориулалтаар, хүүхдийн сургалтын төлбөр төлөх зориулалтаар авсан тул Б.******* хамтран хариуцах хууль зүйн үндэслэлтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нотлох баримт үнэлэх зарчмыг хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлнэ гэж тогтоосон бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийн буруу тайлбарлаж хэрэглэсэнд гомдолтой байна. Иймд Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.24-ний өдрийн 42 дугаар шийдвэр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.10-ны өдрийн 10 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Нэхэмжлэгч Хаан банкны Завхан салбар нь хариуцагч Б.*******ид холбогдуулан 2018.08.08-ны өдөр байгуулсан ЗГ/201843786740 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, үндсэн зээлийн үлдэгдэл 6,323,255.07 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 84,817.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 199.69 төгрөг, нийт 6,408,242.60 төгрөгийг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагч Б.******* нь ...Б.Дашбалжирыг цалингийн зээлээ барьцаалж зээл авсан, ...цалингийн зээл авах нь хүний хувийн байдалтай салшгүй холбоотой үүргийг үүсгэдэг... гэж тайлбарлан, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

6. Анхан шатны шүүх 2018.08.08-ны өдрийн ЗГ/201843786740 тоот барьцаат зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хариуцагчаас 3,204,121.30 төгрөгийг гаргуулж Хаан банкны Завхан салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,204,121.30 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нь зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гомдлыг хангажээ.

 

7. Зохигчийн хооронд үүссэн маргаанд хариуцагч Б.*******ийн эрх зүйн байдлын талаар хоёр шатны шүүх өөр өөр дүгнэлт хийжээ. Анхан шатны шүүх хариуцагчийг хамтран зээлдэгч гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн, харин давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгч биш гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

 

8. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

8.1. Хаан банкны Завхан салбар нь 2018.08.08-ны өдөр ЗГ/201843786740 тоот зээлийн гэрээ байгуулан 6,964,228.37 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр нэмэлт 800,000 төгрөгийн зээл, нийт 7,764,228.37 төгрөгийг сарын 1,7 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай өрхийн хэрэглээний зориулалтаар Б.Дашбалжирт зээлдүүлсэн гэж нэхэмжлэгч нэхэмжлэлдээ зааж, зээлийн болон барьцааны гэрээг шүүхэд ирүүлжээ.

 

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хийгдсэн барьцааны гэрээний зүйлээр цалин, гэр, зурагт гэж талууд тохиролцсон байна.

 

Зээлдэгч Б.Дашбалжир 2019.06.02-ны өдөр нас барсан.

 

8.2. Зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр, барьцааны гэрээнд барьцаалуулагчаар хариуцагч Б.******* тус тус гарын үсэг зурсан байна. 2018.08.08-ны өдрийн зээлийн хүсэлтийг Б.Дашбалжир өөрийн нэрээр гаргасан байх бөгөөд Б.*******ийн зүгээс нэхэмжлэгч банканд хандсан болон зээл авахаар гаргасан ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй байна.

 

8.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмнө нь авсан зээл болон нэмж авсан 800,000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтийн тооцооны баримтыг нэхэмжлэгчээс гаргуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангахаас татгалзсан нь үндэслэл муутай байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь үндсэн зээлийн үлдэгдэл 6,323,255.07 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 84,817.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 199.69 төгрөг, нийт 6,408,242.60 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан боловч үүргийн хэмжээг ямар үнийн дүнгээс, хэзээнээс, хэрхэн тооцсон тухай баримтаа шүүхэд ирүүлээгүй байхад шүүхээс хариуцагчийн хүсэлтийг хангахаас татгалзсаныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй юм.

 

8.4. Нэхэмжлэгч нь хариуцагчийг зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгөөс хангуулах тухай шаардлага гаргасан боловч барьцааны ямар хөрөнгө байгааг нэрлэн заагаагүй байна.

 

Анхан шатны шүүх ...хариуцагч нь зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгөөр хангуулах-аар шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д нийцсэн гэж үзэхгүй.

 

9. Нэхэмжлэгч нь хариуцагч Б.*******ийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж зээлийн гэрээний үүргийг шаардсан байна. Б.******* нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасан хамтран үүрэг гүйцэтгэгч мөн эсэх, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл гаргасан эсэхийг тодорхойлох баримтгүй байхад хяналтын шатны шүүхээс хууль хэрэглээний дүгнэлт хийж, зохигчийн хооронд үүссэн маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 42 дугаар шийдвэр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 205/МА2020/00010 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 116,122 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД