Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 0089

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, шүүгч Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга: Г.Гантогтох

улсын яллагч: Н.Амарсанаа

шүүгдэгчийн   өмгөөлөгч: Г.Мөнхбат

иргэдийн төлөөлөгч: Ж.Амарбат

шүүгдэгч: Б.Батсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Нийслэлийн  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Болдын Батсүрэнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201525010155 дугаартай хэргийг  2016 оны 12дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,Боржигон  овогт Болдын Батсүрэн,1983 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд  төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүгийн удирдлага мэргэжилтэй, Нийслэлийн өмчийн харилцааны газрын үнэлгээ төлбөрийн хэлтсийн мэргэжилтэн / албан үүргээ биелүүлэхийг 2015.05.20-ны өдрөөс түр түдгэлзүүлсэн/  ажилтай байсан, ам бүл 4,эхнэр, хоёр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Ихдарь-Эхийн 1-5-20 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй,РД:МЮ83100517,

Холбогдсон хэргийн талаар:

          Б.Батсүрэн нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн Өмч, Газрын харилцааны албаны төлбөрийн байцаагчаар ажиллаж байхдаа Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.8-д заасан “газрын төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу ногдуулах, хураах”, Газрын төлбөрийн тухай хуулийн “газрын төлбөр төлөгч  нь газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээнд өөрөөр заагаагүй бол жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно”,”Газрын төлбөрийн орлогыг аймаг, Нийслэл, сум дүүргийн төсөвт оруулна” гэх заалтуудыг хэрэгжүүлэхгүй байхаар Бүгд Найрамдах Хятад ард улсын хөрөнгө оруулалттай Хонгран Сфеко ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Төгсжаргал, тус компанийн нягтлан бодогч М.Энхтуяа нарт урьдчилан амлаж, тус компанийн орон сууцны зориулалтаар эзэмшдэг Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ганц модны аманд байрлах 100 га газрын 2012 оны 1,2,3,4 дүгээр улирлын газрын төлбөр болох 88.000.000 төгрөг, 2013 оны 1,2 дугаар улирлын газрын төлбөр болох 44.000.000 төгрөгийг төлөөгүй байхад ашиг сонирхолынх нь дагуу албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэлгүй, Д.Төгсжаргал, М.Энхтуяа нараас 2012 оны 1,2,3,4 дүгээр улирал, 2013 оны 1,2 дугаар улиралд нийт 62.000.000 төгрөг буюу онц их хэмжээний мөнгийг хээл хахуульд давтан үйлдлээр авч, Хонгран Сфеко ХХК-ийг газрын төлбөр төлсөн мэтээр тайланд хий тусгаж, газар эзэмших, ашиглах гэрээг дүгнэн газрын төлбөрийн тооцоо хийсэн акт үйлдэж өгсөнгэмт хэрэгт холбогджээ.

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

         Шүүгдэгч Б.Батсүрэн  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Одоогийн нэршлээр Нийслэлийн газрын алба тухайн үед Баянзүрх дүүргийн газрын албанд төлбөрийн байцаагчаар ажилладаг  байсан. Хэрэгт холбогдох үедээ Төгсжаргал бол их сургуулийн 1-р  курст цуг сурч байсан ангийн хүүхэд байгаа, Төгсжаргал над дээр ирээд би Хонгран  Сфеко компанд ажилладаг чи надад газрын төлбөр төлсөн гээд акт хийгээд өгөөч, би тэр мөнгийг эргэлдүүлж хэрэглэх гэсэн юм. Тэгээд эргэлдүүлж хэрэглэчихээд буцаагаад төлчихнө гэсэн яллах дүгнэлтэнд дурдагдсан актыг 2012 оны эцэс 2013 оны эхний хагас жилийн байдлаар төлбөр төлөөгүй байхад тооцоо нийлсэн акт хийж өгсөн. Энхтуяа Төгсжаргал нараас ямар нэг авилга авсан юм байхгүй. Нэг хоёр удаа л хамт хоолонд орж байсан. Манай ээжийн бие муудаад Төгсжаргалаас хувиас нь 62.0 сая төгрөг зээлсэн. Энийг бол Авилгатай тэмцэх газрын Жаргалбаатар буруугаар ашиглаад байгаа юм. Авилга авсан юм байхгүй. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.

     Шүүгдэгч Б.Батсүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...2012 оны газрын төлбөр 88,0 сая төгрөг, 2013 оны 1, 2 дугаар улралд төлөх 44,0 сая төгрөгийг хамт суралцаж байсан Төгсжаргал нэхэхгүй байж байгаач гээд гуйгаад байхаар нь төлүүлээгүй. ...Хонгрансфеко ХХК-ийн төлбөрийг төлүүлээгүй, тайлангаар төлсөн мэтээр бичилт хийсэн нь миний буруу. Төгсжаргал надаас гуйсан учир төлбөрөө төлсөн гэсэн тооцоо нийлсэн акт 2012 оны жилийн эцсийн байдлаар 1 удаа, 2013 оны эхний хагас жилийн байдлаар нэг удаа акт үйлдэж өгсөн гэжээ.

              Хохирогч, иргэний нэхэмжжлэгч П.Буянжаргал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...2014 оны 07 дугаар сарын 20-ны өдөр “Хонгран Сфеко” ХХК-д (хятад) нягтлан бодогчийн туслах нягтлан бодогчоор ажилд орсон. Ажилд ороод миний өмнө М.Энхтуяа гэж хүн ажиллаж байгаад ажлаасаа гарсан гэдгийг мэдсэн. Намайг ажилд ороход Төгсжаргал Монгол талын захирлаар ажиллаж байсан. Тус компанийн ерөнхий захирал нь Хөрөнгө оруулагч компаниас томилогдсон хятад хүн байдаг.Иргэний нэхэмжлэгчээр томилогдох үед Д.Төгсжаргал захирал би өөрийн авсан 66,0 сая төгрөгийг газрын албанд төлсөн. Үлдсэн 66,0 сая төгрөгийг Газрын албаны хүн төлөх байх гэж хэлсэн. Компаний зүгээс Төгсжаргал, Энхтуяа нарт гомдол санал байхгүй. Газрын төлбөрт шилжүүлэх мөнгийг газрын албаны дансанд бус хувь компанийн дансанд шилжүүлсэн болохыг дансны хуулгыг нь харж байж сая мэдсэн. Учруулсан хохирлоо буруутай этгээдүүдээр төлүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Хятад нягтлан болохоор газрын төлбөр төлөөд ир гээд Энхтуяаг явуулдаг. Энхтуяа банкны баримт бичихдээ хүлээн авагчийн нэр, дансны дугаарыг өөрчлөн бичсэн болохыг Монгол хэл мэдэхгүй болохоор анзаараагүй байна гэжярьсан. ...Манай компани бол нэгэнт төлөгдөх ёстой, төлөгдсөнд тооцож байсан мөнгийг дундаас нь авч завшиж үрэгдүүлсэн асуудал гарсан учраас Төгсжаргал, Энхтуяа нар мөнгийг төлж компани болон газрын албыг хохиролгүй болгох ёстой гэж үзэж байна.Нэгэнт газрын төлбөрт төлөгдсөн мөнгийг буцаан байгууллагын үйл ажиллагаанд зарцуулах асуудал байж болохгүй, газрын төлбөрт төлсөн мөнгийг нууцаар бусдын дансаар аваад өөр зүйлд зарцуулаад байж болохгүй шүү дээ...” гэсэн мэдүүлэг.  /6-р хх-н 198-200/

           Иргэний нэхэмжлэгч Г.Хандмаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Газар эзэмшиж ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж газрын төлбөрөө Газрын төлбөрийн тухай хуульд заасны дагуу орон нутгийн төсөвт төвлөрүүлэх үүрэг хүлээдэг. Нийслэлийн Засаг даргын захирамжаар Хонгран Сфеко ХХК-д газар эзэмшүүлсэн учир Нийслэлийн төсөвт газрын төлбөр төвлөрөх ёстой. Тухайн эзэмшүүлсэн газрыг хариуцсан төлбөрийн байцаагч газрын төлбөрийг төлүүлсэний дараа тооцоо нийлсэн акт иргэн аж ахуйн нэгжид тооцоо нийлсэн акт үйлдэх ёстой. Б.Батсүрэн гэж газрын төлбөрийн байцаагчийн хувьд тухайн иргэн аж ахуйн нэгж газрын төлбөрөө төлөөгүй бол газар эзэмших, ашиглах эрхийг цуцлуулах санал тавьж шийдвэрлүүлэх үүрэгтэй байтал төлбөрийг төлөөгүй байхад төлснөөр баримт үйлдэн 132.0 сая төгрөгийн хохирол орон нутгийн төсөвт учруулсан юм байна. Нийслэлийн Өмчийн харилцааны газрын төлбөрийн мэргэжилтэн нартай уулзаж Хонгрансфеко ХХК БЗД-ийн 11 дүгээр хороонд эзэмшиж буй 100 га газрын 2012 он, 2013 оны 1, 2 дугаар улирлын газрын төлбөр болох 132.0 сая төгрөг нөхөн төлөгдсөн эсэхийг тодруулахад Хонгран Сфеко ХХК-иас газрын төлбөрөө нөхөн төлсөн байна. Газрын төлбөрөө төлсөн болох нь Улаанбаатар хотын банкны дансны хуулгаар нотлогдож байгаа тул нэхэмжлэх зүйл байхгүй байна. Харин хууль бус үйлдэл хийсэн гэм буруутай этгээдүүдийн үйлдэлд хуульд заасан хариуцлага оногдуулах шаардлагатай гэжээ. / 8-р хх-н 211-212/

         Нийслэлийн өмчийн харилцааны газрын хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн мэргэжилтэн П.Магнайбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Баянзүрх дүүргийн газрын албаны газар төлбөрийн орлогын тайлан болон төлбөр тушаагдсан дансны хуулгыг 2012, 2013 оны байдлаар гаргуулан авч судлан үзэхэд “Хонгрансфеко” ХХК Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 100 га газар эзэмшдэг ба 2012 оны газрын төлбөр 88,0 сая төгрөг төлөх ёстой. Газрын төлбөрийн дансанд тус компаниас нэг ч төгрөг төлөгдөөгүй байхад газрын төлбөр төлөгдсөн байдлаар тайланд тусгасан зөрчил илэрсэн.Мөн 2013 онд тус компаниас 3, 4 дүгээр улирлын газрынтөлбөр44,0 саятөгрөг төлж 44,0 сая төгрөгийг төлөөгүй байхад 88,0 сая төгрөгтөлснөөр тайландтусгасан байдал тогтоогдсон. Энэ ажлыг хэн хийгээд байгаагсудлаад үзэхэд Баянзүрх дүүргийн Өмч газрын харилцааны албаны төлбөрийн мэргэжилтэн Б.Батсүрэнтайланггаргасан байсан. ...”Хонгрансфеко” ХХК-ийн эзэмшиж буй газрыннэгж талбарынхувийн хэргийг аваад үзэхэд 40 га, 60 га газар олгосон 2 захирамжийг нэг захирамжаар 100 га газар эзэмшүүлэх шийдвэрийг 2009 оныНийслэлийн Засаг даргын 529 дугаартай захирамжаар шийдвэрлэсэн байсан.Нийслэлийн Засаг даргынзахирамж гарсан бол тухайн дүүрэг нэгж талбарын хувийн хэрэг болон газар эзэмшүүлсэн тухай гэрээг Нийслэлийн газрын албанд шилжүүлэх,Нийслэлийнгазрын алба газрын төлбөрийг нь хүлээн авах, төлүүлэх ёстой байталшилжүүлээгүйюм билээ.Яагаад шилжүүлээгүй юм бэ гэж Батсүрэнгээс асуухаарСандуй дарга битгийшилжүүл гээд аваагүй талаар хэлсэн. Мөн “Хонгрансфеко” ХХКэнэ ажлыг хийснийтөлөө надад 8,0 сая төгрөг өгсөн, “Хонгрансфеко” ХХК-иас битгий газрын төлбөр нэхээч тус компаний хүмүүс дарамтална гээд байсан...” гэжээ. /6р хх-н 113/

           Гэрч Нийслэлийн өмч харилцааны газрын үнэлгээ төлбөрийн хэлтсийн мэргэжилтэн ажилтай Д.Ган-Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Баянзүрх дүүргийн газрын албаны газар төлбөрийн орлогын тайлан болон төлбөр тушаагдсан дансны хуулгыг 2012, 2013 оны байдлаар гаргуулан авч судлан үзэхэд Хонгран Сфеко” ХХК Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 100 га газар эзэмшдэг ба 2012 оны газрын төлбөр 88 сая төгрөг төлөх ёстой байхад газрын төлбөрийн дансанд тус компаниас нэг ч төгрөг төлөгдөөгүй байхад газрын төлбөр төлөгдсөн байдлаар тайланд тусгасан зөрчил илэрсэн. Мөн 2013 онд тус компаниас 3, 4 дүгээр улиралын газрын төлбөр 44.0 сая төгрөг төлж 44.0 сая төгрөгийг төлөөгүй байхад 88.0 сая төгрөг төлснөөр тайланд тусгасан байдал тогтоогдсон. Энэ ажлыг хэн хийгээд байгааг судлаад үзэхэд Баянзүрх дүүргийн Өмч газрын харилцааны албаны төлбөрийн мэргэжилтэн Б.Батсүрэн тайланг гаргасан байсан. Яагаад бусдыг хохироосон тайлан гаргаад байгаа талаар тайлбар бичүүлэхэд ажлын хариуцлага алдсан учир ажлаас чөлөөлж өгнө үү гэхээс өөр зүйл хэлж ярихгүй байсан. ... “Хонгран Сфеко” ХХК-ийн эзэмшиж буй газрын нэгж талбарын хувийн хэргийг аваад үзэхэд 40 га, 60 га газар олгосон 2 захирамжийг 1 захирамжаар 100 га газар эзэмшүүлэх шийдвэрийг 2009 оны Нийслэлийн Засаг даргын 529 дугаартай захирамжаар шийдвэрлэсэн байсан. Нийслэлийн засаг даргын захирамж гарсан бол тухайн дүүрэг нэгж талбарын хувийн хэрэг болон газар эзэмшүүлсэн тухай гэрээг Нийслэлийн газрын албанд шилжүүлэх, Нийслэлийн газрын алба газрын төлбөрийг нь хүлээн авах, төлүүлэх ёстой байтал шилжүүлээгүй. Яагаад шилжүүлээгүй юм бэ гэж Б.Батсүрэнгээс асуухад Сандуй дарга битий шилжүүл гээд аваагүй талаар хэлсэн. Мөн “Хонгран Сфеко” ХХК энэ ажлыг хийсний төлөө 8.0 сая төгрөг өгсөн, “Хонгран Сфеко” ХХК-с битий мөнгө нэхээч тус компанийн хүмүүс дарамтална гээд байсан гэжээ.  / 6р хх-н 113-114/

 Гэрч Нийслэлийн өмч харилцааны газрын үнэлгээ төлбөрийн хэлтсийн мэргэжилтэн ажилтайГ.Бямбадорж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...2014 оны 04 дүгээр сард Баянзүрх дүүргийн Өмч газрын харилцааны мэргэжилтэн Б.Батсүрэнтэй сэлгэн ажиллуулсан. Ажлаа аваад ажиллаж байхад “ХонгранСфеко” ХХК-ийн нягтлан гээд нэг эмэгтэй ирээд тооцоо нийлсэн акт авна гэсэн. Газрын төлбөр төлөлтийн тайланд үзэхэд тус компани 2009 оноос хойш газрын төлбөрөө бүрэн төлж байсан талаар тайланд тусгагдсан байсан. Газрын төлбөрийн тооцоог хийхэд хамгийн сүүлийн тооцоо нийлсэн актаас хойш нь тулган үздэг журмын дагуу сүүлийн тооцоо нийлсэн актыг авч үзсэний дараа 2014 онд дансаар төлбөр төлсөн хуулгатай нь тулаад 2014 оны тооцоо нийлсэн актыг бичиж өгсөн. Баянзүрх дүүргийн газрын төлбөрийн орлогын тайланд тус компани захирамжийн талаар Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмшиж байгаа талаар тэмдэглэлтэй юм билээ. Саяхан Нийслэлийн Өмчийн Харилцааны газраас Магнай ирж шалгалт хийсэн.Нийслэл Өмчийн харилцааны газарт Нийслэл болон дүүргийн бүх Засаг дарга нарын газар эзэмшүүлсэн захирамжийн цахим сан байдаг. Энэ сангаас тулгалт хийхэд “Хонгран Сфеко” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2009 оны захирамжаар газар эзэмшижбайгаа нь харагдсан. Дансны хуулгыг 2012 оноос хойш шүүж үзэхэд “Хонгран Сфеко” ХХК 2012 оны төлбөр 88,0 сая төгрөг, 2013 оны 1, 2 дугаар улиралд газарашигласны төлбөрөө төлөөгүй байна лээ. Тайланг аваад үзэхээр тайланд газрын төлбөр төлсөн гэж тусгагдсан, тооцоо нийлсэн акт байгаад байсан гэжээ.  /6-р ХХ-ийн 118/, / 6-р хх-н 113/

          Гэрч Д.Дашцэцэг мөрдөн байцаалтад   мэдүүлэхдээ:Би 2001 оноос эхлэн НӨМХГазрын үнэлгээ төлбөрийн хэлтсийн даргаар ажиллаж байна. Байгууллагын нэр бол Газрын алба Нийслэлийн өмчийн харилцааны газар гээд өөрчлөгдсөн явж байна. Нийслэлийн өмчийн харилцааны газрын кадастарын хэлтэс гэрээ байгуулан гэрчилгээ газар эзэмшигчид өгөөд манай хэлтэст гэрээний 1% ирснээр бид төлбөрийг төлүүлэх барагдуулах, төсөвт хуримтлуулах үүрэг хүлээдэг. Нийслэлийн өмчийн харилцааны газар, дүүргийн өмчийн харилцааны албад Улаанбаатар хотын банкин дээр газрын төлбөр төвлөрүүлэх зөвхөн орлогын данстай. Уг дансанд орсон мөнгийг өдөрт нь нэгтгээд Төрийн сангийн дансанд төвлөрүүлэх зарчимтай. 2004 онд ажлын ачаалал тэнцвэржүүлэх, зөвхөн төлбөр барагдуулах зорилгоор бүх дүүргийн газрын албадад тодорхой хэмжээний газар эзэмших, ашиглах гэрээнүүдийг шилжүүлэн өгч тайланд тусгуулан явж ирсэн. 2014 оны жилийн эцсийн тайлангаар БЗД-ийн өмч газрын харилцааны албанд 6 иргэн, аж ахуйн нэгжийн газрын төлбөрийг төсөвт төвлөрүүлж бусад иргэн аж ахуйн нэгжүүд Нийслэлийн өмчийн харилцааны газартаа төвлөрсөн. Хонгран Сфеко ХХК-ийн газар ашиглах эрхийг сунгуулах асуудал 2014 оны 11 дүгээр сараас яригдаж эхэлсэн. Материалыг нь хянаад үзэхэд Нийслэлийн Засаг даргын 2009 оны захирамжаар 100 га газар эзэмшүүлсэн байсан. Газрын дуудлага худалдааны анхны үнэ 1.3 тэрбум төгрөг төлөхөөс 220.0 сая төгрөг төлөгдсөн байсан. Үлдсэн мөнгийг гүйцээж төл гэсэн шаардлага тавихад 2014 оны 12 дугаар сард 264.0 сая төгрөг нэмж төлсөн ба үлдсэн мөнгийг график гарган төлөх хүсэлт гаргасан. Бид дуудлага худалдааны анхны  үнийг бүрэн төлөөгүй бол газар ашиглах гэрээг сунгах боломжгүй гэж хариу өгсөн.  Мөн газрын төлбөр төлсөн байдалд шалгалт хийхэд төлбөр төлсөн тухай дүүргийн ӨХ албанаас хийсэн тайлан, дансны хуулга зөрөөд байсан. .Батсүрэнгийн ажлыг авсан мэргэжилтэн Бямбадорж саяны сэлгээгээр манай хэлтэст шилжин ирсэн.  Ингээд Бямбадоржид үүрэг өгсөн байгаа. Хонгран Сфеко ХХК-ийн тайланг үзэхэд БЗД-ийн захирамжтай гэж бичсэн учир өчигдөр гарч ирээгүй байна лээ. Захирамжийн тухай мэдээллийг дүүргийн мэргэжилтэн нар мэдээллийн санд шивж оруулдаг. Нийслэлийн Засаг даргын захирамжтай болонгуут Нийслэлийн ӨХ газрын кадастарын хэлтсийн газар зохион байгуулагч  манай хэлтэст шилжүүлэн өгөх ёстой. Б.Батсүрэн гэдэг залуу 2007 онд манай байгууллагад орж ирсэн санагдаж байна.  Төрийн албаны шалгалт өгөөд шалгалтандаа тэнцээгүй учир ажлаасаа чөлөөлөгдсөн. Дараа нь төрийн  албаны шалгалт өгөөд БЗД-ийн газрын албанд төлбөрийн байцаагчаар томилогдон ажилласан. 2014 оны 4 дүгээр сараас хойш манай хэлтэст ажиллаж байна. Өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлдэг, бусадтай нийтэч хүн санагдсан.  Их л хөдөлмөрч хүн бололтой гэрээсээ хоолоо авч ирээд идчихдэг, өөрсдөө нийлээд нар салхинд гарах гэхээр би явахгүй гэж хэлдэг их л олон үйлдвэрийн нохой өсгөж үржүүлж бизнес хийдэг гэж ярьдаг байсан гэжээ. :/ 6-р хх-н 115/

           Гэрч “Шанддов” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай Б.Болор-Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Энхтуяа миний багын найзтай хамт нягтлан бодох бүртгэлийн Мандах дээд сургуульд хамт суралцаж байсан учир танилцсан. 2012 оны эхээр Энхтуяа надтай уулзаад танай компаний дансаар мөнгө гаргаж авах гэсэн юм. Компанийн ашиглаж байгаа газрын төлбөрөө улсад тушаах ёстой. Тушаах хоног, хугацаа нь болоогүй болохоор түр хэрэглэж байгаад тушаачих санаатай дансаараа мөнгө гаргаад өгөөч гэж хэлсэн. Хууль бус юм биш биз дээ. Хүнийг дэмий зүйлд хутгачихваа гэхэд хууль бус зүйл юу ч байхгүй гэж хэлсэн. Тэгээд газрын мөнгө нэрээр 22,0 сая төгрөг 2012 оны 03 дугаар сарын 06-ны өдөр “Шанд Дов”ХХК-ийн Голомт банкин дахь дансанд ороод ирсэн. Мөнгө дансанд орж ирсэн даруйд Энхтуяа ирээд 21,0 сая төгрөгийг бэлнээр гаргуулан авдаг. Нэг сая төгрөгийг татварт төлөхөөр авч үлдсэн. Энэ явдлаас хойш яг энэ байдлаараа 5 удаа нийт 6 удаа 22,0 сая төгрөг манай компаний дансанд “Хонгрансфеко” ХХК-иас орж ирсэн. Энхтуяа ирж мөнгөө авсан. Ямар учиртай юм бэ гэхээр улирал бүр мөнгийг гаргаж авч хэрэглэж байгаад жилийн эцсээр бөөнд нь төлөх юм, оны эцэс болтол эргэлдүүлэх санаатай гэж ярьдаг байсан. Мөнгөө авч яваад ямар зүйлд зарцуулсан болохыг нь бол мэдэхгүй байна гэжээ.  /6-ХХ-ийн 119// 6р хх-н 119/

         Гэрч “Хонгрансфеко” ХХК-ийн нягтлан бодогч БНХАУ-н иргэн Жөн Зиа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Миний бие “...2011 онд анх удаа “Хонгрансфеко” ХХК-ийн нягтлан бодогчоор томилогдон ирсэн. Энэ компанидаа өнөөдрийг хүртэл нягтлан бодогчоор ажиллаж байна. ...Газар ашигласны төлбөрийг газрын албатай байгуулсан гэрээний дагуужилд 88,0 сая төгрөг төлөх бөгөөд улирал бүр буюу 3 сард нэг удаа 22,0 сая төгрөг дансаар төлдөг. Хөрөнгө оруулагч компаниас жилийн эхэнд 88,0 сая төгрөг газрын төлбөрт төлөгдөхөөр батлагдаж шилжин ирдэг. Уг мөнгийг улирал бүр газрын албанд дансаар шилжүүлэн төлдөг.Газрын төлбөрт төлсөн мөнгийг өөр компани дансанд шилжүүлэн авсан, өнөөдрийг хүртэл 1,5 жилийн газрын төлбөр төлөгдөөгүй байгааг, мөнгө ньхаашаа алга болсон болохыг манай компани мэдээгүй байна. Өчигдөр ирээдэнэталаар ажилтан нараас сонслоо. Газрын төлбөрт шилжүүлсэн мөнгө өөр зүйлд зарцуулагдах ёсгүй. Энхтуяа газрын албанд өглөө гээд төлбөр төлсөн баримт аваад ирдэг байсан. Тамга тэмдэгтэй баримтад бид итгэнэ шүү дээ. Мөнгө төлөгдөөгүйбол буруутай этгээдүүдээр газрын төлбөрийг төлүүлэх хэрэгтэй гэжээ.  /6-ХХ-ийн 191-192/:/ 6р хх-н 191/

          Гэрч “Хонгрансфеко” ХХК-ийн ерөнхий захирал БНХАУ-н иргэн Вү Жи Циян мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Монгол талын асуудал хариуцсан гүйцэтгэх захирал Төгсжаргал, нягтлан бодогч Энхтуяа нар нь газрын төлбөрт төсөвлөгдсөн мөнгийг хугацаанд нь шилжүүл гээд явуулж байхад өөр банкны данс руу шилжүүлэн авах эрх байхгүй. Манай Хятад улс дахь толгой компани барилга, зам гүүр барьдаг ба өөр чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаагүй гэжээ.  /6-ХХ-ийн 194-196/ /хх-н 6-р хх-н 195/

          Гэрч Н.Батсүх мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Би одоогийн албан тушаалдаа 2013 оны 1 дүгээр сард Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын тушаалаар томилогдон ажиллаж байна. Ажил аваад хамт олонтойгоо танилцахад Б.Батсүрэн нь нэлээн тогтворгүй байдлын зан ааштай хүн шиг санагдсан. Хамт олон дундаа нэр хүнд муутай,  бусад ажилтан нартаа их дээрэнгүй хандаад байсан. Ажлыг нь судлаад үзэхээр дутагдал гаргасан байсан. Наст трейд ХХК-иас газрын төлбөр төлөөгүй байхад иргэдийн газрын төлбөрт төлсөн мөнгийг Наст трейд ХХК-иас төлсөн мэтээр тайланд тусгасан зөрчил илэрсэн. Энэ зөрчлийг нь НӨХГ-аас шалгаад даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэх үед нь хамтран ажиллах боломжгүй гэдэг санал хүртэл гаргаж байсан. Газрын төлбөр хариуцсан 4 мэргэжилтэн, газар зохион байгуулагч 7 хүн бүртгэлийн мэргэжилтэн 2, өмчлөл хариуцсан мэргэжилтэн 3 хүн ажиллаж байна. Өдөрт ойролцоогоор 200-300 иргэнд үйлчилдэг болохоор хөл толгой нь мэдэгдэхгүй ажиллана даа. Энэ үед төлбөрийн мэргэжилтэн нар өөрсдийн хариуцсан ажил болох иргэн аж ахуйн нэгжээс газрын төлбөр төлүүлэх, газрын төлбөр төлөгдсөн бол НӨХГ цахим тайлангийн санд тайлан шивэх, төлбөр нийлсэн актаа бичээд тамга дарахын тулд надаар гарын үсэг зуруулдаг. Тухайн хүн хариуцсан ажлаа хийгээд ороод ирж байгаа үед чи хариуцлагаа хүлээнэ шүү гэдгийг нь хэлээд гарын үсэг зураад явуулдаг. Миний хувьд нэг бүрчлэн хянаад байх боломжгүй. Ер нь бэлнээр газрын төлбөр авдаггүй зөвхөн дансаар авч байгаа учраас буруу зөрүү хийх боломжгүй гэж ойлгож байсан. Буруу зөрүү хийвэл төлбөрөө төлсөн иргэн аж ахуйн нэгж тооцоо нийлэхэд илрэх асуудал учир ийм нөхцөл байдал үүснэ гэж бодоогүй. Ажил ихтэй байхад иргэн хүлээгээд байна гэж хэлээд тооцоо нийлсэн актад гарын үсэг зуруулах, олон баримтад гарын үсэг зуруулах үе байдаг. Хонгран Сфеко ХХК-ийн тооцоо нийлсэн актад ямар үед гарын үсэг зуруулсан болохыг мэдэхгүй байна. Намайг ажил авснаас хойш бол өөр зөрчилгүй байгаа байх гэж бодож байна. НӨХГ-аас шалгалт орж байгаа. Энэ шалгалтаар зөрчил дутагдал байвал илрэх байхаа. 2013 онд 1.5 тэрбум төгрөг газрын төлбөрт дансаар тушаагдсан байсан. Хонгран Сфеко ХХК-иас 2012 оны 4 дүгээр улирал, 2013 оны 1, 2 дугаар улирлын газарын төлбөр төлөөгүй байхад Улаанбаатар хотын банкин дах дансанд тушаасан мөнгөн дүнг тааруулаад Хонгран Сфеко ХХК-иас төлбөр төлсөн байдлаар тайлан шивж байна гэдэг маань 130.0 сая төгрөг төлсөн аж ахуйн нэгжийн төлбөр төлөгдөөгүй байдлаар тайланг будлиантуулсан байна. 130.0 сая төгрөг төлдөг иргэн байгууллага цөөхөн, их хэмжээний мөнгө төлж байгаа бол тэр дороо тулгалт хийж байгаа. Тэгэхээр маш олон иргэн, байгууллагаас төлсөн төлбөрийг шилжүүлэн тооцсон байх гэж бодож байна. Ажил хариуцсан мэргэжилтэн нараас шууд дансанд газрын төлбөрөө тушаасан би дансны хуулгаа шалгасан гэж хэлээд тооцоо нийлсэн акт дээр гарын үсэг зуруулдаг юм гэжээ. / 6-р хх-н 00122-00123/

          Гэрч Ц.Сандуй мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Би Нийслэлийн газрын албаны даргаар 2008 оны 06 дугаар сараас 2012 оны 05 дугаар сар хүртэл ажилласан. Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар эзэмшүүлсэн тохиолдолд газрын төлбөрийг гэрээнд ашиглах эзэмших зориулалтыг харгалзан үзэж газрын төлбөрийг тодорхойлон 4 улиралд төлж байхаар тусгаж өгдөг. Газрын төлбөрийг Нийслэлийн газрын албаны үнэлгээ төлбөрийн хэлтэс төлүүлдэг. Хонгрансфеко ХХК намайг Нийслэлийн газрын албаны даргаар ажиллаж байхад дүүргийн захирамжаа Нийслэлийн захирамжтай болгуулж байсан учир нэрийг нь мэднэ. Компани ямар  үйл ажиллагаа эрхэлдэг талаар мэдэхгүй удирдлагатай нь уулзаж байгаагүй. Хонхорын станцын замын хойт талд Хаус хороолол баригдаж байгааг тухайн газраар явж байхдаа харж байсан. Батсүрэнг манай газрын ажилтан гэдгээр нь мэднэ. Ажил авах үед төрийн албаны шалгалт өгөөгүй байхаар нь халсан. Төрийн албаны шалгалт өгөөд тэнцээд ороод ирэхээр нь БЗД-ийн газрын албанд томилж байсан. Дарга цэргийн харилцаатай байсан. Би мэргэжилтэн нартай бараг харилцахгүй, дарга нартай нь ажлаа ярьдаг байсан. Байгууллагын тэмцээн болоход сагсан бөмбөг сайн тоглоод байгаа харагдаж байсан. Дарга хамт олон нь их зантай, хүмүүсийг ялгаж харьцаад байдаг юм гэж байсан. Төсөл бичээд газар эзэмших, ашиглах, тохиолдолд дуудлага худалдааны анхны үнийг төлүүлдэг байсан. Компани бүр нэг доор газрын төлбөрт их мөнгө төлөх боломжгүй байдаг. Хөрөнгө орж ирүүлэх гэхээр газрын гэрээ гэрчилгээг хөрөнгө оруулагч шаардаад байна гээд хүсэлт гаргах тохиолдол их байсан гэжээ.  / 6-р хх-н 00124-00125/

          Гэрч А.Энхманлай мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Би БЗД-ийн Газрын албанд 2009 оноос 2013 оны 2 дугаар сар хүртэл албаны даргаар ажилласан. Төлбөрийн байцаагч нар газрын төлбөр барагдуулах ажлаа хариуцдаг. Газар эзэмшиж байгаа иргэд газрын төлбөрөө төлөхгүй бол газрыг нь буцаан авах буюу газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгох захирамжийн төсөл боловсруулан Дүүргийн Засаг даргаар шийдвэрлүүлдэг. Иргэд тохиролцсон бол газар эзэмших эрхийн гэрчилгээ шилждэг. Энэ журмаар шийдэгдсэн асуудал юм болов уу гэж бодож байна. Б.Батсүрэн өөрийн эхнэр Орхонцэцэгийн нэр дээр газар шилжүүлсэн талаар мэдэхгүй юм байна. Батсүрэн өөрөө энэ талаар ярих байхаа. Хонгрансфеко ХХК-ийн хувьд газар эзэмшигч аж ахуйн нэгж байх. Хороо хариуцсан төлбөрийн байцаагч төлөх ёстой төлбөрийг гардан авах, тооцоо нийлэх, тайлан гаргах үүрэг гүйцэтгэж байгаа. Нийслэлийн БЗД-ийн хувьд 2000 гаран газар эзэмшигч байдаг. Энэ бүхнийг давхар хянаад явах боломжгүй. Газрын төлбөрийн дансанд мөнгө, тайлангийн орлого хоёрын хөлийг хараад таарч байвал тайланд нь гарын үсэг зурдаг. Аль компаниас илүү төлсөн, хэн хэний нэрээр газрын төлбөрөө төлсөн болохыг мэдэхгүй шүү дээ. Зөвхөн төлбөрийн байцаагч гэрээ бүхий иргэн аж ахуйн нэгжтэйгээ тооцоо нийлээд явдаг юм. Газар эзэмшүүлэх гэрээ байгууллаа тэр даруй Нийслэлийн газрын алба өөрийн тайландаа тус аж ахуйн нэгжийг бүртгэж ажиллах ёстой яагаад манай дүүрэгт газрын төлбөрөө төлөөд байсан болохыг мэдэхгүй байна. Нийслэлийн газрын алба гэрээ байгуулаад өөрийн тайландаа тус компанийг бүртгэн авлаа гэх юм бол би тайлангаас хасах ёстой. Нийслэл бүртгэн аваагүй байхад бид хасчих юм бол төлбөр төлөхгүй хийдэлд орно шүү дээ гэжээ. / 6-р хх-н 00126-000127/

         Сэжигтэн, яллагдагч Д.Төгсжаргал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...БНХАУ дахь хөрөнгө оруулагч нараас газрын төлбөрт төл гээд компанийн дансанд шилжүүлсэн 132.0 сая төгрөгийг газрын албаны дансанд шилжүүлэлгүй бусдын арилжааны банкин дахь дансаар гарган авсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...Б.Батсүрэн 62.0 сая төгрөг авсан болохоо хүлээж гараараа баримт бичиж өгсөн, ...манай газрын төлбөрийг хариуцдаг Нийслэлийн Баянзүрх дүүргийн Газрын албаны төлбөрийн байцаагч Б.Батсүрэнд 62.0 сая төгрөгийг хээл хахууль болгон өгсөн, хэрэг илрээгүй бол тухайн төлбөрийг төлөхгүй байсан. Б.Батсүрэн ч газрын төлбөрийг төлсөнөөр баримт үйлдэж тооцоо нийлсэн актын хувийг компанид өгсөн. ...миний хувьд 132.0 сая төгрөг завшсан, 62.0 сая төгрөг хээл хахуульд өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өршөөлийн хуульд хамрагдах хүсэлт гаргаж байна гэжээ.  /6-ХХ 245, 9-ХХ-ийн 82/ / 6-р хх-н 245, 9-р хх-н 82/

          Сэжигтэн, яллагдагч М.Энхтуяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...газрын төлбөрт төл гээд дансанд ирүүлсэн 132.0 сая төгрөгийг газрын албаны дансанд шилжүүлэлгүй бусдын банкин дахь дансаар гарган авсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...данснаас мөнгө аваад 1.0 сая төгрөгийг данс ашиглуулсан хүнд үлдээдэг, тухайн компанийн дансанд мөнгө орсон учраас орлого олсон гэж үзээд татварт төлөх мөнгийг үлдээсэн. 21.0 сая төгрөгийн 50 хувийг Б.Батсүрэнд, үлдсэн мөнгийг Д.Төгсжаргал бид хоёр хуваан авч зарцуулсан. ...Б.Батсүрэн 62.0 сая төгрөг авсан талаараа Д.Төгсжаргал бид хоёртой уулзаад 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр баримт үйлдсэн байгаа, ...Д.Төгсжаргалын нэг ангийн хүүхэд болох Б.Батсүрэнд 62.0 сая төгрөгийг хээл хахууль болгон өгсөн. Б.Батсүрэн манай компанийн газрын төлбөрийг төлсөн баримт Төгсөөд өгсөн, тооцоо нийлсэн актын хувийг компанид өгөөд ямар ч асуудал гарахгүй гэж ойлгосон. Газрын албанаас ч эрүүгийн хэрэг үүсгэгдэх хүртэл хугацаанд төлбөр төл гэсэн шаардлага ирээгүй, ...132.0 сая төгрөг завшсан, хээл хахуульд 62.0 сая төгрөг өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өршөөлийн хуульд хамрагдах хүсэлт гаргаж байна гэжээ.  /8-ХХ-221, 9-ХХ-ийн 78/

         2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газраас АТГ-т ирүүлсэн гомдлын дагуу эрүүгийн 201525010155 дугаартай Б.Батсүрэнд холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дах хэсэгт зааснаар хэрэг үүсгэж мөрдөн байцаалт явуулах тогтоол / 1-р хх-н 1,5/,

          Хураан авах, нэгжлэг хийх тухай тогтоол, нэгжлэг хийх тухай тэмдэглэл, / 3-р хх-н 230-232/

         Нийслэлийн өмчийн харилцааны газрын Улаанбаатар хотын банкны 2609005981 тоот дансны 2009 оны 01 дүгээр сарын 01-нээс 2014 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацааны хуулгыг хавсаргасан байна./ 3-р хавтас/, /4-р хх-н 00001-00051/

      Нийслэлийн Баянзүрх дүүргийн өмч газрын харилцааны албаны газрын төлбарийн тайлан, дансын хуулга, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл / 4-р 00226-00228/

         Б.Батсүрэнгийн 2010 оноос хойш хөрөнгө орлогын мэдүүлгийн хуулбарууд / 5-р 00065-00104/

        Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл/ хх-н 5-р 00150-00176/

        Шинжилгээ хийлгэх тухай тогтоол / 6-р хх-н 00039/

        2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 2378 дугаартай шинжээчийн дүгнэлт:

        1.Шинжилгээнд  ирүүлсэн Бямбажавын Болд гэсэн нэртэй газар баталгаажилтын хувийн хэрэгийн 7 гэж дугаарласан хуудсанд байх 72 дугаартай нотариатчын тамга, тэмдгийн дардсууд, 4 гэж дугаарласан хуудсанд байх Буянт Анд ХХК-ийн тэмдгийн дардсуудыг  компьютер, скайнер, техник хэрэгсэл ашиглан үйлдээгүй бараар дарагдсан байна. /шинж тэмдэгүүдийг үзлэг ба шинжилгээний хэсгээс харна уу/

2.Уг тамга тэмдэгийн дардсууд нь адилтгалын шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн нотариатч Г.Хужаагийн 72 дугаартай нотариатчын тамга, тэмдэгний дардсуудтай хэлбэр хэмжээ, харилцан байрлал зэрэг шинж тэмдгүүдээрээ хоорондоо тохироно.

3.Дээрх хавтаст материалын 7 гэж дугаарласан гэрээний арын нүүрэнд байх Цэндийн Батсүх гэсэн нэртэй Монгол улсын иргэний үнэмлэхний хуулбар нь 2 дугаар хуулбар хувь байна. Жич: 2 дугаар хуулбар хувь гэдэг нь хуулбар хувиас хуулбарласныг хэлнэ.

4.Хавтаст материалын 3 гэж дугаарласан хуудсанд байх Өргөдөл гэх гар бичмэлийг Б.Батсүрэн бичсэн байна гэжээ.  / 6-р хх-н 00040-00047/

        Шинжилгээ хийлгэх тухай тогтоол / 6-р хх-н 00048-00050/

        2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 2128дугаартай шинжээчийн дүгнэлт / 6-р хх-н 00051-00085/

          Албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тогтоол / 6-р хх-н 00092/

         Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол / 6-р хх-н 00097-00098/

          Хонгрансфеко ХХК-ны БЗД-н Засаг даргын2008 оны 188 тоот захирамжтай 60га, 2008 оны 275 тоот захирамжтай 40 га газрын төлбөрийн төлөлтийн байдал /НӨХГ-н ҮТХ-н хяналтаар/

             Б.Батсүрэнг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнийг байцаасантэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл / 7-р хх-н 00007-00016/, / 7-р хх-н 00020-00023/

        Б.Батсүрэнгийн АТГ-т байцаалтбичгээр оруулах тухай /7-р хх-н 00017-00019/

        Б.Батсүрэнгийн ШУТИС-н дипломын хуулбарууд  /7-р хх-н 00043-00050/

        Б.Батсүрэнгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /7-р хх-н 00083/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /7-р хх-н 00088/зэрэг болно.

               Б.Батсүрэн нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны төлбөрийн байцаагчаар ажиллаж байхдаа Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.8-д заасан “газрын төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу ногдуулах хураах”, Газрын төлбөрийн тухай хуулийн “газрын төлбөр төлөгч  нь газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээнд өөрөөр заагаагүй бол жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно”,”Газрын төлбөрийн орлогыг аймаг, Нийслэл, сум дүүргийн төсөвт оруулна” гэх заалтуудыг хэрэгжүүлэхгүй байхаар Бүгд Найрамдах Хятад ард улсын хөрөнгө оруулалттай Хонгран Сфеко ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Төгсжаргал, тус компанийн нягтлан бодогч М.Энхтуяа нарт урьдчилан амлаж, тус компанийн орон сууцны зориулалтаар эзэмшдэг Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ганц модны аманд байрлах 100 га газрын 2012 оны 1,2,3,4 дүгээр улирлын газрын төлбөр болох 88.000.000 төгрөг, 2013 оны 1,2 дугаар улирлын газрын төлбөр болох 44.000.000 төгрөгийг төлөөгүй байхад ашиг сонирхолынх нь дагуу албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэлгүй, Хонгран Сфеко ХХК-ийг газрын төлбөр төлсөн мэтээр тайланд хий тусгаж, газар эзэмших, ашиглах гэрээг дүгнэн газрын төлбөрийн тооцоо хийсэн акт үйлдэж өгч Д.Төгсжаргал, М.Энхтуяа нараас 2012 оны 1,2,3,4 дүгээр улирал, 2013 оны 1,2 дугаар улиралд нийт 62.000.000 төгрөг буюу онц их хэмжээний мөнгийг давтан үйлдлээр хээл хахуульд авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.Үүнд:

         Гэрч “Хонгрансфеко” ХХК-ийн нягтлан бодогч БНХАУ-н иргэн Жөн Зиагийн мөрдөн байцаалтад өгсөн …...Газар ашигласны төлбөрийг газрын албатай байгуулсан гэрээний дагуужилд 88,0 сая төгрөг төлөх бөгөөд улирал бүр буюу 3 сард нэг удаа 22,0 сая төгрөг дансаар төлдөг. Хөрөнгө оруулагч компаниас жилийн эхэнд 88,0 сая төгрөг газрын төлбөрт төлөгдөхөөр батлагдаж шилжин ирдэг. Уг мөнгийг улирал бүр газрын албанд дансаар шилжүүлэн төлдөг.Газрын төлбөрт төлсөн мөнгийг өөр компани дансанд шилжүүлэн авсан, өнөөдрийг хүртэл 1,5 жилийн газрын төлбөр төлөгдөөгүй байгааг, мөнгө нь хаашаа алга болсон болохыг манай компани мэдээгүй байна. Өчигдөр ирээд энэ талаар ажилтан нараас сонслоо. Газрын төлбөрт шилжүүлсэн мөнгө өөр зүйлд зарцуулагдах ёсгүй. Энхтуяа газрын албанд өглөө гээд төлбөр төлсөн баримт аваад ирдэг байсан. Тамга тэмдэгтэй баримтад бид итгэнэ шүү дээ. гэсэн мэдүүлэг / 6-р хх-н 191/

          Гэрч Г.Бямбадоржийн мөрдөн байцаалтад өгсөн …Ажлаа аваад ажиллаж байхад “ХонгранСфеко” ХХК-ийн нягтлан гээд нэг эмэгтэй ирээд тооцоо нийлсэн акт авна гэсэн. Газрын төлбөр төлөлтийн тайланд үзэхэд тус компани 2009 оноос хойш газрын төлбөрөө бүрэн төлж байсан талаар тайланд тусгагдсан байсан. Газрын төлбөрийн тооцоог хийхэд хамгийн сүүлийн тооцоо нийлсэн актаас хойш нь тулган үздэг журмын дагуу сүүлийн тооцоо нийлсэн актыг авч үзсэний дараа 2014 онд дансаар төлбөр төлсөн хуулгатай нь тулаад 2014 оны тооцоо нийлсэн актыг бичиж өгсөн. …Нийслэл Өмчийн харилцааны газарт Нийслэл болон дүүргийн бүх засаг дарга нарын газар эзэмшүүлсэн захирамжийн цахим сан байдаг. Энэ сангаас тулгалт хийхэд “Хонгран Сфеко” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2009 оны захирамжаар газар эзэмшижбайгаа нь харагдсан. Дансны хуулгыг 2012 оноос хойш шүүж үзэхэд “Хонгран Сфеко” ХХК 2012 оны төлбөр 88,0 сая төгрөг, 2013 оны 1, 2 дугаар улиралд газарашигласны төлбөрөө төлөөгүй байна лээ. Тайланг аваад үзэхээр тайланд газрын төлбөр төлсөн гэж тусгагдсан, тооцоо нийлсэн акт байгаад байсан...” гэсэн мэдүүлэг / 6р хх-н 118/

        Нийслэлийн өмчийн харилцааны газрын хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн мэргэжилтэн П.Магнайбаатарын мөрдөн байцаалтад өгсөн …“...Баянзүрх дүүргийн газрын албаны газар төлбөрийн орлогын тайлан болон төлбөр тушаагдсан дансны хуулгыг 2012, 2013 оны байдлаар гаргуулан авч судлан үзэхэд “Хонгрансфеко” ХХК Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 100 га газар эзэмшдэг ба 2012 оны газрын төлбөр 88,0 сая төгрөг төлөх ёстой. Газрын төлбөрийн дансанд тус компаниас нэг ч төгрөг төлөгдөөгүй байхад газрын төлбөр төлөгдсөн байдлаар тайланд тусгасан зөрчил илэрсэн.Мөн 2013 онд тус компаниас 3, 4 дүгээр улирлын газрын төлбөр 44,0 саятөгрөг төлж 44,0 сая төгрөгийг төлөөгүй байхад 88,0 сая төгрөг төлснөөр тайланд тусгасан байдал тогтоогдсон. Энэ ажлыг хэн хийгээд байгааг судлаад үзэхэд Баянзүрх дүүргийн Өмч газрын харилцааны албаны төлбөрийн мэргэжилтэн Б.Батсүрэн тайланг гаргасан байсан..Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан бол тухайн дүүрэг нэгж талбарын хувийн хэрэг болон газар эзэмшүүлсэн тухай гэрээг Нийслэлийн газрын албанд шилжүүлэх,Нийслэлийн газрын алба газрын төлбөрийг нь хүлээн авах, төлүүлэх ёстой байтал шилжүүлээгүй юм билээ. Яагаад шилжүүлээгүй юм бэ гэж Батсүрэнгээс асуухаар Сандуй дарга битгий шилжүүл гээд аваагүй талаар хэлсэн. Мөн “Хонгрансфеко” ХХК энэ ажлыг хийсний төлөө надад 8,0 сая төгрөг өгсөн, “Хонгрансфеко” ХХК-иас битгий газрын төлбөр нэхээч тус компаний хүмүүс дарамтална гээд байсан...” гэсэн мэдүүлэг. /6р хх-н 113/

           Яллагдагч Д.Төгсжаргалын мөрдөн байцаалтад өгсөн “...БНХАУ дахь хөрөнгө оруулагч нараас газрын төлбөрт төл гээд компанийн дансанд шилжүүлсэн 132 сая төгрөгийг газрын албаны дансанд шилжүүлэлгүй бусдын арилжааны банкин дахь дансаар гарган авсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...Б.Батсүрэн 62 сая төгрөг авсан болохоо хүлээж гараараа баримт бичиж өгсөн, ...манай газрын төлбөрийг хариуцдаг Нийслэлийн Баянзүрх дүүргийн Газрын албаны төлбөрийн байцаагч Б.Батсүрэнд 62 сая төгрөгийг хээл хахууль болгон өгсөн, хэрэг илрээгүй бол тухайн төлбөрийг төлөхгүй байсан. Б.Батсүрэн ч газрын төлбөрийг төлсөнөөр баримт үйлдэж тооцоо нийлсэн актын хувийг компанид өгсөн. ...миний хувьд 132 сая төгрөг завшсан, 62 сая төгрөг хээл хахуульд өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өршөөлийн хуульд хамрагдах хүсэлт гаргаж байна...” гэсэн мэдүүлэг /6-ХХ 245, 9-ХХ-ийн 82/

яллагдагч М.Энхтуяагийн “...газрын төлбөрт төл гээд дансанд ирүүлсэн 132.0 сая төгрөгийг газрын албаны дансанд шилжүүлэлгүй бусдын банкин дахь дансаар гарган авсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...данснаас мөнгө аваад 1.0 сая төгрөгийг данс ашиглуулсан хүнд үлдээдэг, тухайн компанийн дансанд мөнгө орсон учраас орлого олсон гэж үзээд татварт төлөх мөнгийг үлдээсэн. 21.0 сая төгрөгийн 50 хувийг Б.Батсүрэнд, үлдсэн мөнгийг Д.Төгсжаргал бид хоёр хуваан авч зарцуулсан. ...Б.Батсүрэн 62.0 сая төгрөг авсан талаараа Д.Төгсжаргал бид хоёртой уулзаад 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр баримт үйлдсэн байгаа, ...Д.Төгсжаргалын нэг ангийн хүүхэд болох Б.Батсүрэнд 62.0 сая төгрөгийг хээл хахууль болгон өгсөн. Б.Батсүрэн манай компанийн газрын төлбөрийг төлсөн баримт Төгсөөд өгсөн, тооцоо нийлсэн актын хувийг компанид өгөөд ямар ч асуудал гарахгүй гэж ойлгосон. Газрын албанаас ч эрүүгийн хэрэг үүсгэгдэх хүртэл хугацаанд төлбөр төл гэсэн шаардлага ирээгүй, ...132.0 сая төгрөг завшсан, хээл хахуульд 62.0 сая төгрөг өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өршөөлийн хуульд хамрагдах хүсэлт гаргаж байна...” гэсэн мэдүүлэг /8-ХХ-221, 9-ХХ-ийн 78/

          Шүүгдэгч Б.Батсүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн …Би Д.Төгсжаргалтай их сургуульд нэг ангид байсан.Надаас гуйхаар нь би газрын төлбөрийг төлсөн гэсэн бичиг хийж өгсөн 2012 оны 6 сарын сүүлээр, мөн 2013 оны 7 дугаар сард буюу наадмаас өмнө нийтдээ 62.000.000 сая төгрөг авсан. Манай ээжийн бие муудаж Солонгос улсад эмчилгээ хийлгэх шаардлага гарсан учраас би зээлж авсан.Авахдаа ямарнэгэн гэрээ хийгээгүй.Би 10.000.000 сая төгрөгийг нь буцаагаад өгсөн.Одоо үлдсэн мөнгийг удахгүй төлнө гэсэн мэдүүлэг зэрэг болно.

          Шүүх тухайн  хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан  шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтаар хэргийг хянан  шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

          Хонгрансфеко” ХХК-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Төгсжаргал, нягтлан хийжбайсан М.Энхтуяа нар нь тус компаний толгой компаниас газрын төлбөрт шилжүүлж байсан мөнгийг өөрсдөө эргүүлэн өсгөх зорилгоор Шанддов ХХК-ны дансаар гаргуулан бэлнээр авч  өөрсдөө ашигласан, компанидаа Б.Батсүрэнгээр газрын  төлбөр төлсөн гэсэн баримт, тооцоо нийлсэн актын хувийг авч өгсөн, үүнийхээ хариуд Б.Батсүрэнд 62.000.000 сая төгрөгийн хээл хахууль өгсөн нь  хэргийн нөхцөл байдлаар тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

          Б.Батсүрэн нь Баянзүрх дүүргийн Өмч газрын харилцааны албаны төлбөрийн мэргэжилтэнээр ажиллаж байхдаа “Хонгрансфеко” ХХК-ны 2012 он,2013 оны эхний улирлын газрын төлбөрийн мөнгийг тухайн байгууллагад тушаагаагүй байхад тушаасан мэтээр баримт бичиж, тайланг гаргаж өгч нийт 62.000.000 сая төгрөгийн хахууль авсан нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар хангалттай тогтоогдсон, Б.Батсүрэнд холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул Б.Батсүрэнг давтан үйлдлээр  онцих хэмжээний хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дах хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

        Хонгрансфеко” ХХК-нь газрын төлбөрөө бүрэн төлж дуусгасан ба тус компанид Б.Батсүрэн нь төлөх төлбөргүй болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дах хэсэгт зааснаар  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 8 дугаар хавтаст хэргийн 189-190 дүгээр талд үдэгдсэн Б.Батсүрэнгээс 10.000.000 сая төгрөгийг Д.Төгсжаргал, М.Энхтуяа нарт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, мөн 9-р хавтаст хэргийн  9 дүгээр хуудсанд үдэгдсэн Б.Батсүрэнгийн 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гараар бичсэн тайлбар зэргийг хэрэгт нь үлдээх нь зүйтэй.

        Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн Б.Болдын  эзэмшлийн  87-57 УНГ улсын дугаартай Тоёота Ланд круйзер-105 маркийн автомашин,Ц.Энхжаргалын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 12 дугаар хороолол 11б дүгээр байрны 2 тоот 29 м3 кв талбай бүхий орон сууц зэрэг Б.Батсүрэнгийн өмчлөлийн эд хөрөнгө биш учир шүүх битүүмжлэлийг хүчингүй болгож шийдвэрлэв.

          Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дах хэсэгт заасан гэмтхэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг болон бусад хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана гэсэн заалтыг үндэслэн   Б.Батсүрэнгийн  гэмт хэрэг үйлдэж олсон 62.000.000 төгрөгийг түүнээс гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

      Энэ хэргийн улмаас Б.Батсүрэн нь 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 61 хоногийг хорих ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан үзэв.

        Хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1,283, 286, 290, 294, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Боржигон овогт Болдын Батсүрэнг  давтан үйлдлээр онц их хэмжээний хээл хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дах хэсэгт зааснаар Б.Батсүрэнгээс 1.000.000 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө хурааж 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дах хэсэгт зааснаар Б.Батсүрэнд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Б.Батсүрэнгийн 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 61 хоногийг хорих ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дах хэсэгт зааснаар  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан 8 дугаар хавтаст хэргийн 189-190 дүгээр талд үдэгдсэн Б.Батсүрэнгээс 10.000.000 сая төгрөгийг Д.Төгсжаргал, М.Энхтуяа нарт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, мөн 9-р хавтаст хэргийн  9 дүгээр хуудсанд үдэгдсэн Б.Батсүрэнгийн 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гараар бичсэн тайлбар зэргийг хэрэгт нь үлдээсүгэй

6.Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн Б.Болдын  эзэмшлийн  87-57 УНГ улсын дугаартай Тоёота Ланд круйзер-105  маркийн автомашин, Ц.Энхжаргалын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 12 дугаар хороолол 11б дүгээр байрны 2 тоот 29 м3 кв талбай бүхий орон сууц зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дах хэсэгт зааснаар Б.Батсүрэнгээс 62.000.000 сая /жаран хоёр сая/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

8.Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Батсүрэнд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж эдлүүлсүгэй.

9.Шүүхийн тогтоолд  ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

10.Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

11. Шүүхийн шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Батсүрэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ   авсугай.

 

                   ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН

                        ШҮҮГЧИД                                 Ч.АЛТАНЦЭЦЭГ

                                                                           Д.МӨНХТУЯА