Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 181/2019/03157/И |
Дугаар | 001/ХТ2022/00336 |
Огноо | 2022-03-22 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 001/ХТ2022/00336
2022 оны 03 сарын 22 өдөр | Дугаар 001/ХТ2022/00336 |
С.Цолмонгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2020/01138 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1486 дугаар магадлалтай,
С.Цолмонгийн нэхэмжлэлтэй,
Үлэмж клиник ХХК болон Үлэмж грийс ХХК-д холбогдох
Хөдөлмөрийн гэрээний дагуу олгогдох 2018 оны 5 дугаар сараас 2019 оны 6 дугаар сарыг дуусталх хугацааны нэмэгдэл цалин 26,929,727 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл,
С.Цолмонд олгосон 12,246,784 төгрөгийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, 14,381,967 төгрөг гаргуулж Үлэмж клиник ХХК-д олгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч Үлэмж грийс ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Цолмон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.Цолмон нь хариуцагч Үлэмж клиник ХХК болон Үлэмж грийс ХХК-д холбогдуулан хөдөлмөрийн гэрээний дагуу олгогдох 2018 оны 5 дугаар сараас 2019 оны 6 дугаар сарыг дуусталх хугацааны нэмэгдэл цалин 26,929,727 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, С.Цолмонд олгосон 12,246,784 төгрөгийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, 14,381,967 төгрөг гаргуулж Үлэмж клиник ХХК-д олгуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.
2. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2020/01138 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 128 дугаар зүйлийн 128.1.11, 141 дүгээр зүйлийн 141.4-т заасныг баримтлан хариуцагч Үлэмж грийс ХХК-иас 7,898,449 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Цолмонд олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 19,031,278 төгрөг, барьцаа болон түүний алданги гэх 646,800 төгрөгийг Үлэмж клиник ХХК-иас, мөн 123,200 төгрөгийг Үлэмж грийс ХХК-аас тус тус гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т заасныг баримтлан хариуцагч Үлэмж клиник ХХК-ийн С.Цолмонд олгосон 12,246,784 төгрөгийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, 12,246,784 төгрөгийг олгуулах, ажиллаж байхдаа хариуцан эмчилж байсан зарим үйлчлүүлэгчид үзүүлэх ёстой эмчилгээг дутуу гүйцэтгэсэн буюу эмчилгээ үзүүлээгүй үлдсэн үйлчилгээний үлдэгдэл төлбөрт урьдчилж авсан хөлс болох 722,600 төгрөг, суутгагдаагүй ультра хошууны төлбөрт 1,412,583 төгрөг, нийт 14,381,967 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /292 598+23 030/ нийт 315,629 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 229,860 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд ногдох 141,325 төгрөгийг хариуцагч Үлэмж грийс ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч С.Цолмонд олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1486 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 29-ний өдрийн 181/ШШ2020/01138 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Үлэмж грийс ХХК-аас 5,762,928 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Цолмонд олгож, үлдэх 21,289,999 төгрөгт холбогдох шаардлага болон Үлэмж клиник ХХК-аас 646,800 төгрөг гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын 141,325 гэснийг 107,157 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч Үлэмж грийс ХХК-аас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
4. Хариуцагч Үлэмж грийс ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.03-ны өдрийн 1486 дугаар магадлалын зарим хэсгийг буюу Үлэмж грийс ХХК-аас 5,762,928 төгрөгийг гаргуулан С.Цолмонд олгож шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн талаар: Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт зааснаар болон гэрээнд харшлахгүй бол үүргийг бусдаар гүйцэтгүүлж болно. Иймд цалин хөлс шилжүүлж байсан гэх үндэслэлээр Үлэмж клиник ХХК-ийг ажил олгогч гэж дүгнэх боломжгүй юм гэж дүгнэсэн. С.Цолмон нь Үлэмж Грийс ХХК-д 2017.08.25-ны өдөр ажилд орж, Үлэмж Грийс ХХК-ийн захирлын 2017.12.31-ний өдрийн 97/17 дугаартай тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн ба ийнхүү чөлөөлөгдсөнөөс хойш Үлэмж Грийс ХХК-аас цалин хөлс аваагүй, хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон байдаг. Үлэмж Грийс ХХК-иас 2017.12.31-ний өдөр С.Цолмонг ажлаас чөлөөлсөн тушаал өнөөг хэр хүчин төгөлдөр байна. Улмаар эмчилгээний гоо заслын үйл ажиллагаа эрхлэн явуулдаг эмнэлэг болох Үлэмж клиник ХХК-д 2018.01.02-ны өдрөөс эхлэн арьс, гоо заслын их эмчээр ажиллаж эхэлсэн. 2018.01.02-ны өдөр С.Цолмонг Үлэмж Клиник ХХК-д ажилд томилсон тушаал мөн хүчин төгөлдөр байна. Иймд Үлэмж клиник ХХК нь ажил олгогчийн хувьд нэхэмжлэгч С.Цолмонгийн цалин хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан нь Үлэмж клиник ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2018 оны 01 сараас 2019 оны 06 сар хүртэлх хугацааны тайлан, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газрын Улсын байцаагчийн 2019.10.18-ны өдрийн 28/0542 дугаартай актаар тогтоогдож байгаа ба дээрх баримтууд болон С.Цолмонгийн Үлэмж клиник ХХК-ийн захиргаанд ирүүлсэн ажлаас гарах өргөдөл зэргээр С.Цолмон нь Үлэмж Грийс ХХК-д бус, Үлэмж Клиник ХХК-д ажиллаж байсан болох нь нотлогдож байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс хариуцагч Үлэмж Грийс ХХК-аас нэмэгдэл хөлс гаргуулсан нь үндэслэлгүй.
Хоёр шатны шүүх цалингийн тооцооллыг буруу дүгнэсэн тухайд: Давж заалдах шатны шүүх хариуцагч Үлэмж грийс ХХК-ийг 2019 оны 04 сард 2,113,082 төгрөг, 05 сард 2,426,486 төгрөг, 2019 оны 06 сард 1,223,360 төгрөгийн цалин хөлсийг дутуу олгосон гэж үзэж, нийт 5,762,928 төгрөгийн цалин гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ цалингийн тооцоолол хийхдээ зөвхөн нэхэмжлэгч С.Цолмонгийн нэхэмжлэлд бичигдсэн 2019 оны 4,5,6-р сарын цалингийн тооцоог үндэслэсэн, харин хариуцагчийн гаргаж өгсөн тооцоолол, баримтыг огт үнэлээгүй. С.Цолмон нь нэхэмжлэлдээ 2019 оны 4-р сард 4,372,162 төгрөгийн цалин авахаас 2,259,080 төгрөгийн цалин авсан гэж, 2019 оны 5-р сард 2,919,715 төгрөгийн цалин авахаас 493,229 төгрөгийн цалин авсан гэж, 2019 оны 6 сард 1,223,360 төгрөгийн цалин авах ёстой байтал огт цалин аваагүй гэж бичсэн. Өөрөөр хэлбэл, 2019 оны 4,5,6-р сард нийт 2,752,309 төгрөгийн л цалин авсан гэжээ. Гэтэл ажил олгогч Үлэмж клиник ХХК нь 2019 оны 04 сард 3,506,313 төгрөг, 2019 оны 05 сард 1,602,780 төгрөг, 2019 оны 06 сард 1,252,488 төгрөгийн цалин буюу 2019 оны 4,5,6-р сард нийт 6,361,581 төгрөгийн цалин олгосон нь дараах баримтаар нотлогддог. Үүнд: Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газрын Улсын байцаагчийн 2019.10.18-ны өдрийн 28/0542 дугаартай акт, тус актад Үлэмж клиник ХХК нь 2019 оны 4,5,6-р сард С.Цолмонд хэдэн төгрөгийн цалин хөлс олгосон болохыг шалгаж тогтоосон байдаг болно. Үлэмж клиник ХХК-ийн 432004607 тоот дансны хуулга, Худалдаа хөгжлийн банк дахь С.Цолмонгийн депозит дансны монгол хуулга, С.Цолмонгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор Үлэмж Клиник ХХК нь С.Цолмонгийн Худалдаа хөгжлийн банк дахь 457048747 тоот дансанд 2019 оны 4,5,6-р сарын цалинг шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, хариуцагч 2019 оны 4,5,6-р сард нийт 6,361,581 төгрөгийн цалин олгосон байхад 2,752,309 төгрөгийн цалин олгосон хэмээн буруу дүгнэсэн. Нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Зөвхөн нэхэмжлэгчийн тооцооллыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хариуцагч тал баримтаар үгүйсгэж байхад хариуцагчийн татгалзлыг бүрэн дүүрэн дүгнэж чадсангүйд гомдолтой. Хэргийн үйл баримтыг зөв тогтоож чадаагүй тухайд: С.Цолмон нь Үлэмж Грийс ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж, 2018.01.01-ний өдөр Үлэмж Клиник ХХК-нд ажилд томилогдон ажилласан бөгөөд тус компаниудын ажлаас чөлөөлсөн, ажилд томилсон тушаалууд хүчин төгөлдөр байхад хоёр шатны шүүх С.Цолмонг Үлэмж Грийс ХХК-ийн ажилтан гэж үзсэн нь үндэслэлгүй. Хоёр шатны шүүхийн энэхүү дүгнэлт дараах баримтаар үгүйсгэгдэнэ. Үүнд: Үлэмж Грийс ХХК-иас 2017.12.31-нд ажлаас чөлөөлсөн тушаал, Үлэмж Клиник ХХК-нд 2018.01.02-нд ажилд томилогдсон тушаал, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газрын Улсын байцаагчийн 2019.10.18-ны өдрийн 28/0542 дугаартай акт, С.Цолмонгийн өөрийн гараар бичсэн 2019.07.10-ны өдөр Үлэмж Клиник ХХК-иас чөлөөлөгдөх хүсэлт. Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тухайд: Анхан шатны шүүх 2020.04.27-ны өдрийн 181/Ш32020/05693 дугаартай захирамжаар Үлэмж клиник ХХК-ийн орлого, орлогын баримтуудыг гаргуулж, тэдгээрийг үнэлж дүгнэсэн атлаа Үлэмж Грийс ХХК-иас нэмэгдэл цалин хөлс гаргуулсан нь Иргэний хуулийн 25.1-т ... өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болсон үр дагаврыг өөрийн эд хөрөнгөөрөө хариуцдаг этгээдийг хуулийн этгээд гэнэ гэсэнтэй нийцэхгүй байна. Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.29-ний өдрийн 181/ШШ2020/01138 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.03-ны өдрийн 1486 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, С.Цолмонгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Нэхэмжлэгч С.Цолмон нь хариуцагч Үлэмж грийс ХХК-д холбогдуулан нэмэгдэл хөлс 26,929,727 төгрөг, барьцаа гэж суутган авсан 80,000 төгрөг, түүний алданги 43,200 төгрөг, нийт 27,052,927 төгрөгийг, мөн хариуцагч Үлэмж клиник ХХК-аас барьцаа гэж суутган авсан 420,000 төгрөг, түүний алданги 226,800 төгрөг, нийт 646,800 төгрөгийг гаргуулах тухай тус тус нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, Үлэмж клиник ХХК нь нэхэмжлэгч С.Цолмонд холбогдуулан бэлэг гэж өгсөн 12,246,784 төгрөг, үйлчилгээний урьдчилж авсан хөлс 722,600 төгрөг, суутгагдаагүй ультра хошууны үнэ 1,412,583 төгрөг, нийт 14,381,967 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.
6. Анхан шатны шүүх хариуцагч Үлэмж грийс ХХК-аас 7,898,449 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Цолмонд олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болон Үлэмж клиник ХХК-аас 646,800 төгрөгийн шаардлага, хариуцагч Үлэмж клиник ХХК-ийн С.Цолмонд холбогдуулан нийт 14,381,967 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаад, хариуцагч Үлэмж грийс ХХК-аас 5,762,928 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Цолмонд олгохоор өөрчлөлт оруулсан байна.
7. Үлэмж грийс ХХК болон С.Цолмон нарын хооронд 2017.08.25-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээгээр С.Цолмон нь арьс, гоо заслын их эмчээр ажиллах, сарын үндсэн цалин 1,200,000 төгрөг, эхний 3 сар цэвэр орлогын 15 хувь, 4 дэх сараас эхлэн цэвэр орлогын 20 хувийн нэмэгдэл хөлс авах нөхцөлийг харилцан тохиролцсон, мөн өдөр Үлэмж клиник ХХК-ийн зүгээс С.Цолмонгийн 1499849 тоот нийгмийн даатгалын дэвтэрт арьс, гоо заслын их эмчээр томилов, 2017.08.25 гэсэн бичилт хийгдсэн, ажилтан өөрийн хүсэлтээр 2019.06.30-ны өдөр Үлэмж клиник ХХК-ийн захирлын 27/19 дугаар тушаалаар ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь хэргийн баримтаар тогтоогджээ.
8. Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч нар нь нэг үүсгэн байгуулагч, нэг хувьцаа эзэмшигч, нэг захиралтай байх бөгөөд нэхэмжлэгч С.Цолмон нь Үлэмж грийс ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу арьс, гоо заслын их эмчээр ажиллаж, харилцан тохиролцсон үндсэн цалин, нэмэгдэл хөлсийг Үлэмж клиник ХХК-аас авч байсан болох нь тогтоогдож байна. Иймээс ...цалин хөлсийг Үлэмж клиник ХХК төлж байсан нь нэхэмжлэгч С.Цолмонтой Үлэмж грийс ХХК хөдөлмөрийн гэрээ байгуулсныг үгүйсгэх үндэслэл болохгүй буюу Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт зааснаар хууль болон гэрээнд харшлахгүй бол үүргийг бусдаар гүйцэтгүүлж болно. ...цалин хөлс шилжүүлж байсан гэх үндэслэлээр Үлэмж клиник ХХК-ийг ажил олгогч дүгнэх гэж боломжгүй гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.
Өөрөөр хэлбэл, Үлэмж клиник ХХК-аас цалин хөлс олгож байсан үйл баримт нь Үлэмж грийс ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон харилцан тохиролцсон нэмэгдэл хөлсийг гаргуулах тухай С.Цолмонгийн шаардлагыг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.
9. Хөдөлмөрийн харилцаанаас үүдэлтэй талуудын хооронд үүссэн маргаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан гомдлын шаардлага гаргах 3 сарын хугацаа хамаарах талаар хоёр шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг үндэслэл бүхий гэж үзнэ.
10. Цалин хөлснөөс сар бүр барьцаа хэмээн суутгасан 500,000 төгрөг, түүнд хамаарах алданги 270,000 төгрөг гаргуулах С.Цолмонгийн үндсэн шаардлага болон үйлчилгээний урьдчилж авсан хөлс 722,600 төгрөг, суутгагдаагүй ультра хошууны үнэ 1,412,583 төгрөг гаргуулах сөрөг шаардлагын үндэслэлийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байх эдгээр шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.
11. Үлэмж клиник ХХК болон С.Цолмон нарын хооронд бэлэглэлийн гэрээ байгуулагдсан болох нь тогтоогдохгүй байх тул бэлэг гэсэн үндэслэлээр шаардсан 12,246,784 төгрөгийг гаргуулах тухай сөрөг шаардлагыг хангахгүй орхисныг зөв гэж үзнэ.
12. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэж, шүүхийн шийдвэрт тооцооллын өөрчлөлт оруулсан, энэ тухайд нэхэмжлэгч тал хяналтын журмаар гомдол гаргаагүй байна.
13. Шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхдээ Хөдөлмөрийн тухай хууль болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг үндэслэл бүхий тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагч Үлэмж грийс ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1486 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Үлэмж грийс ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 107,160 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД