Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 124/ШШ/2022/0024

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.С

           Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын Засаг даргад холбогдуулан гаргасан,

                Гуравдагч этгээд: Я.З, З.Б хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон

“Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2021 оны 7 сарын 20-ны өдрийн А/219 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.С, түүний өмгөөлөгч Б.Лхагважав, хариуцагч Улаангом сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улаангом сумын Засаг даргын тамгын газрын хууль эрх зүй,хяналт шинжилгээ  үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Ц.О, гуравдагч этгээд Я.З,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч иргэн С.С нь тус шүүхэд Увс аймгийн Улаангом сумын Засаг даргад холбогдуулан “Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2021 оны 07 сарын 20-ны өдрийн А/219 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг гаргасан байна.

2.Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2021 оны 07 сарын 20-ны өдрийн А/219 дугаар захирамжаар С.С-ийн газар эзэмших 8516012719 тоот нэгж талбарын дугаартай 400м2 газрын гэрээ, гэрчилгээг хүчингүйд тооцжээ.

3.Нэхэмжлэгч С.С Улаангом сумын Засаг даргын 2021 оны 07 сарын 20-ны өдрийн А/219 дугаар захирамжийг эс зөвшөөрч Увс аймгийн Засаг даргад гомдол гаргасан байх ба Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.З-аас “Улаангом сумын Засаг даргын 2021 оны 07 сарын 20-ны өдрийн А/219 дугаар захирамж үндэслэлтэй” гэсэн хариуг 2021 оны 08 сарын 10-ны өдрийн 1/1159 дугаар албан бичгээр өгсөн байна.

4. Нэхэмжлэгч тал нь аймгийн Засаг даргад хандан гаргасан өргөдлийн хариуг аваад 2021 оны 08 сарын 27-ны өдөр нэхэмжлэл  ирүүлснийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэгт заасан хугацааны дотор шүүхэд хандсан гэж үзэв..

5. Нэхэмжлэгч С.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“ ...Миний бие нь хөдөө амьдарч байгаад хүүхдүүд сургуульд орохоор болж Улаангом сумын 5-р багт байрлах барилгын хороо 9-8 тоот хашааг 2004 онд  С.Со гэж хүнээс 500.000 төгрөгөөр худалдан авч 2004 оны намар уг хашаанд нүүж ирсэн бөгөөд уг хашаанд 2012 он хүртэл амьдарсан. 2013 оны 6 сард би өөрийн хашаандаа Д хэмээх айлыг буулгахад Я.З-ын эхнэр Ж-ны зүгээс тухайн айлтай хэл ам хийж, дарамталсаар байж манай хашаанаас нүүлгэсэн байсан. Манай хөрш Я.З нь 2013 оны 9 дүгээр сарын 10-нд хашааны баруун хойд тасалгааг авч граж барина гэж маргаан үүсгэж эхэлсэн. Тэр үед би Я.З-тай уулзаж, 2005 онд авсан газрын гэрчилгээгээ үзүүлж байж уг үйлдлийг зогсоосон. 2014 оны хавар манай хашаанд Я.З өөрсдийн гэрийг дур мэдэн барьсан байсан бөгөөд очиж уулзахад хүү Бариа нь шинэ гэр барих гэж байгаа учир танай хашаанд аавынхаа гэрийг түр барьсан юмаа гэж тайлбар хийсэн. 2021 оны 6 сарын сүүлээр Я.З нь манай хашаанд надад хэлэлгүйгээр 2 машин тоосго, шороо буулгаж барилгын ажил хийхээр бэлдсэн байсан.

Я.З нь намайг осолд орж Улаанбаатар хотод олон сараар эмчилгээ хийлгэж байх хугацаанд 2021 оны 7 дугаар сарын 20-нд мэргэжлийн хяналтын улсын байцаагч Мэндбаяртай хуйвалдаж, албан тушаалын давуу эрхээ урвуулан ашиглаж, манай хашааны газартай давхцуулж өөртөө давхар гэрчилгээ хууль бусаар гаргуулж авсан байна. Би 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотоос ирээд аймгийн Засаг даргад гомдол гаргасан боловч маргаан бүхий газрын асуудал шийдэгдээгүй. Миний хашаанд Я.З нь давхцуулж хашаа барьсан.

Иймд хууль бус үндэслэлгүйгээр миний эзэмшиж байсан хашааны гэрчилгээг хүчингүй болгосон Улаангом сумын засаг дарга Ц.П-ын 2021 оны 7 сарын 20-ны өдрийн А/219 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би уг нь Я.З-тай ярилцаж тохиролцох гэж үзсэн боловч болоогүй. Дээр үед хашаагаа өмчилж авах гэж байтал Д гэх багийн газрын байцаагч манай хашаанд ирж үзээд танай хашааны гадна 380 вольтын цахилгааны өндөр хүчдэл явж байгаа учир өндөр хүчдэлээс 50 метрийн зайнд хашаа өмчлөх ёстой байдаг тул танайх хашаагаа өмчлөх боломжгүй гэж хэлж байсан учир тухайн үед хашаагаа өмчилж чадаагүй байсан. Тэгээд уг өндөр хүчдэл ажиллахаа болих үед хэдэн жилийн дараа хашаагаа өмчлөх хүсэлт гаргах үед танай хашаа маргаантай байгаа учир өмчлөх боломжгүй гэж хэлсэн. Би уг хашаанд 9 жил амьдрах явцад Я.З ямар нэгэн хашааны газрын маргаан гаргаж байгаагүй бөгөөд намайг нүүгээд явсны дараа газрын маргаан үүсгэж эхэлсэн. Манай хашааны газрыг 20.000.000 төгрөгөөр худалдаад авч болно гэж Я.З-т хэлсэн боловч тэрээр “чи хашаагаа цуцаж ав, би газраа эзэмших болно, эсвэл гражийн үнэ хөлсөө тохироод өгвөл өг гэж хэлсэн. Би маргаан бүхий хашааг худалдан авсан нь үнэн болохоор би хууль бусаар үндэслэлгүйгээр газар эзэмшиж байгаагүй. Анх хүүхдүүдийн сургуульд ойрхон гэж үзэж маргаан бүхий газарт хашаа авч 9 жил амьдарч байгаад хэдэн малаа маллахаар Улаан уулын дээд талд газар худалдан авч амьдарч байсан. Би хашааны газраа хүүхдүүдээ өвлүүлэн үлдээх хүсэлтэй байгаа учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байх үед надад мэдэгдэхгүйгээр таны газар давхцалтай байна гэдэг үндэслэлээр газрын гэрчилгээг хүчингүй болгосон байсан. Надад мэдэгдэхгүйгээр газрын гэрчилгээг хүчингүй болгож байгаад гомдолтой байна.Иймд Улаангом сумын Засаг даргын 2021 оны 7 сарын 20-ны өдрийн А/219 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч С.С “Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/219 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Сумын Засаг даргын зүгээс С.С-ийн 400 м.кв газар нь Я.З-ын хүү Бариагийн өмчлөлийн газартай давхацсан байх тул хүчингүй болгосугай гэсэн захирамж гаргасан байсан. Тухайн үед маргаан бүхий газрын үзлэгийг Увс аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн Ч.Б, шүүхийн ажилтантай хэмжилт хийж үзэхэд С.С-ийн газар нь З.Б-ийн газартай давхцаагүй болох нь тогтоогдсон. З.Б-ийн нийт талбай нь хэмжээ 2723 м/кв гэж үзсэн. Харин С.С-ийн 400 м.кв газар руу З.Б-ийн байшин баригдсан байгааг үзлэгээр тогтоосон.

С.С 2005 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын Засаг даргад хүсэлт гаргаснаар 2005 онд Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын захирамжаар маргаан бүхий 400 м/кв газрыг 8516012719 дугаар газрын гэрчилгээгээр олгосон. Газрын гэрчилгээ хууль дүрэм журмын дагуу С.С-ийн нэр дээр гарсан учир ямар нэгэн давхцуулан газар олгосон асуудал байхгүй. Я.З-ын зүгээс надад газар олгохдоо миний газрыг дутуу олгосон гэдэг үндэслэлээр С.С-ийн газартай давхцуулж газар олгосон гэдэг маргаан үүсгэсэн. Маргаан бүхий газарт С.С-ийн гэрчилгээг хүчингүй болгож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/219 дугаартай захирамжийг хүчингүй болгох үндэслэл байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү...” гэв.

7.Хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг даргаас ирүүлсэн тайлбарт:”...Увс аймгийн мэргэжлийн Хяналтын газрын даргын 2021 оны 07-р сарын 01 тоот албан бичигт Улаангом сумын 5-р багийн иргэн С.С-ийн 2005 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн 01 тоот захирамжийн дагуу олгогдсон 8516012719 нэгж талбарын дугаар бүхий газар эзэмших гэрчилгээ нь тус сумын 5-р багийн иргэн Я.З-ын 1998 оны 11-р сарын 20-ны өдрийн 5/0197 дугаартай газар эзэмших гэрчилгээ болон 2001 оны 01-р сарын 13-ны өдрийн 50713 тоот дугаартай гэр хашааны зориулалтаар эзэмшүүлсэн 2500 мкв бүхий гэрчилгээтэй давхардуулан олгосон тухай тогтоогдсоныг тусгаж Газрын харилцаа барилга хот байгуулалтын "азрын даргын 2021 оны 06-р сарын 29-ны өдрийн 396 тоот албан бичгийн хавсралтын хамт ирүүлсэн.

Тухайн албан бичигт иргэн Я.З-ын 2021 оны 06-р сарын 07-ны өдрийн өргөдлийг хавсаргасан байсан ба тухайн өргөдөлд 1998 онд Я.З-ын хамаатан гэх М.Лг түр буулгаж 3 жилийн дараа үргэлжлүүлэн С.С-ийн ах С гэгч зөвшөөрөлгүй ирж буугаад нүүхийг шаардсан болов ч нүүгээгүй. Мөн 2020 онд Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт хашаа давхцуулан гэрчилгээ олгогдсон тухай өргөдөл егч шийдвэрлүүлэх хүсэлт тавьсан болов ч шийдвэрлэж өгөөгүй хэмээн бичсэн байна.

Газрын кадастрын нэгдсэн бүртгэлийн систем болох Land manager программ нь 2015 онд хэрэглээнд нэвтэрч Улсын бүртгэлтэй хамтран 2010 оноос хойш газар эзэмшүүлсэн болон өмчлүүлсэн иргэдийн газрын Кадастр болон иргэний газрын хувийн хэргийн мэдээллийн талаархи бүртгэлийг үүсгэсэн. Тухайн оноос өмнөх онуудад газар эзэмшиж өмчилсөн иргэдийн мэдээллийн санг нөхөн бүрдүүлэх зорилгоор орон нутгийн Телевиз болон бусад мэдээллийн сувгаар хувийн хэргийн мэдээллийг мэдээллийн санд оруулах тухай мэдээг хүргэсэн болов ч Я.З нь нөхөн бүрдүүлэлт хийлгээгүй улмаас С.С-ийн газар нь давхардуулан олгогдсон.

Иймд Мэргэжлийн хяналтын газрын даргын албан тоотын дагуу Улаангом сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Б-ай нь 8516012719 нэгж талбарын дугаар бүхий газар эзэмших гэрчилгээг хянаж холбогдох өргөдлүүдтэй танилцан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийн төсөл бэлтгэн Улаангом сумын Засаг даргын 2021 оны 07-р сарын 20-ны өдрийн А/219 тоот захирамжаар 8516012719 нэгж талбарын дугаар бүхий газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгож 2021 оны 07-р сарын 26-ны өдрийн 494 тоот Засаг даргын албан бичгээр Газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон тухай мэдэгдэх хуудсыг иргэн С.С-т хүргүүлсэн болно.

2021 оны 07-р сарын 20-ны өдрийн А/219 тоот захирамж нь Захиргааны Ерөнхий хуульд заасны дагуу хуульд үндэслэсэн. шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмуудыг баримтлан гаргасан үндэслэл бүхий захиргааны акт тул иргэн С.С-ийн нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”....Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газарт 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “иргэн Я.З-аас маргааны бүхий газрын өргөдөл ирсэн учир Увс аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын мэргэжилтнээр хэмжилт хийлгүүлж өргөдлийг хянаж үзнэ үү” гэсэн агуулгатай албан тоот ирсэн. Увс аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн маргаан бүхий газарт хэмжилт хийж гаргасан дүгнэлтдээ Я.З-ын газарт давхцуулан С.С-т газар олгосон байна гэж үзсэн. Газрын хэмжилт хийсэн дүгнэлтэд хавсарган ирүүлсэн баримтаас үзтэл 1999 онд Я.З-т 2500 м/кв газрыг гар бичмэлээр олгогдсон байсан. Харин С.С-т маргаан бүхий газрыг 2005 онд 400 м/кв газар өгсөн байсан. Иргэн Я.З анх газар авахдаа хоёр хувааж, хагас газрыг хүүгийнхээ нэр дээр өмчлөлөөр оруулж, хагас газрыг өөрийнхөө нэр дээр эзэмшил хэлбэрээр үлдээсэн байсан. Я.З-ын хүүгийнхээ нэр дээр өмчлөгдсөн газар руу иргэн С.С-ийн газар давхардуулан олгосон зургийг Увс аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас ирүүлсэн байсан. Иймд С.С-т давхцуулан олгосон маргаан бүхий газрыг хуулийн дагуу хүчингүй болгосон учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

9.Гуравдагч этгээд З.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд  Я.З шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”...Анх бид 1992 онд тус газарт бууж хууль журмын дагуу газар эзэмших гэрчилгээ аваад 29 дэх жилдээ амьдарч байна.Гэтэл иргэн С.С нь бидний хэлсэн үг тавьсан шаардлагыг үл ойшоон биднийг дарамталж будлиан үүсгэж газар эзэмших хууль ёсны гэрчилгээтэй газар дахин давхардуулан гэрчилгээ авсан байсныг бид хожуу мэдэж зохих байгууллагад өргөдөл,хүсэлт гаргаж хандахад хууль ёсны шийдвэр гаргаж бидэнд өгсөн юм.

Тухайн маргаан бүхий газарт намайг анх гэрээрээ буух үед О, Ц гэх найзууд маань хамт гэрээрээ бууж байсан. Тухайн үед маргаан бүхий газрыг хашааны банзаар таглаж байтал миний банз дутсан учир тороор таглачихсан байсан. Тухайн үед газрын гэрчилгээ олгогдож байгаагүй учир 1998 онд Д.Б гэх хүний аж ахуйн нэр дээр маргаан бүхий газрын гэрчилгээг гаргуулж авсан. Намайг маргаан бүхий хашаанд бууснаас хойш манай хамаатны Л гэх залуу 1992 оны 9 дүгээр сард ЗИЛ-130 загварын машинд гэрээ ачиж ирээд гэрээ буулгах газар олдохгүй байх тул танай хашааны зүүн талын буланд 1, 2 жил амьдармаар байна гэж хэлсэн. Хашаагаа банзаар битүүлж байгаад банз дутсан хэсэгтээ тороор тагласан байсан газартаа Лг буулгасан. Лгийн зүгээс банз дутаж тороор тагласан зүүн талын хэсгийг би амьдарч байх явцдаа банзаар гүйцээгээд таглаад өгнө гэж хэлснээр тороор тагласан зүүн талын хэсгийг банзаар таглаж өгсөн.Бид хөдөө зусланд явж байгаад хашаандаа иртэл Лгийнх манай хашаанаас нүүгээд явчихсан байсан. Манай хашаанд Л-ийнх 3 жил амьдраад явсны дараа морьтой хүн ирээд Лгийн амьдарч байсан хашааны зүүн хэсэгт эргэлдэж байгаад явлаа гэж эхнэр хэлсэн.Тухайн үед би хөдөө томилолтоор явж байсан учир тоолгүй үлдээсэн.Хэсэг хугацааны дараа намар нь Л-ийн ах Ж манай хашааны зүүн хэсэгт ирж гэрээрээ буусан.

Манай эхнэр тэр айлд очоод манай эзэмшлийн гэрчилгээтэй газарт яагаад бууж байгаа юм бэ гэж асуутал “бид Лтай ярьж тохиролцоод энд бууж байна. Манай гэр Тээлийн боом гэх газарт хашаатай боловч хүүхдүүдийн сургууль холдоод байгаа учир хэсэг хугацаанд энэ хашаанд буух хэрэгтэй байна” гэж хэлсэн байсан. Тухайн айл удалгүй нүүгээд явсан. Дараа нь манай хамаатны Ц гэх эгч манай хашаанд гэрээрээ нүүж ирээд 2 жил гаруй амьдарч байгаад явсны дараа С.С Ж-оос уг маргаан бүхий газрыг худалдан авсан гэж манай хашаанд ирж буусан. Тухайн үед би ингэж болохгүй гэж С.С-т хэлж байсан боловч би бас газрын гэрчилгээтэй гэж маргалдаж байсан. С.С-ийг газраа чөлөөлөөд нүүгээд явах болов уу гэж хэсэг хугацаанд хүлээсэн боловч нүүж яваагүй. Би хөдөө томилолтын ажлаар явж байгаад гэртээ иртэл С.С манай газарт граж барьсан байсан. Би С.С-ийн эзэмшлийн газарт хүүхдүүдийнхээ байшин бариагүй бөгөөд өөрийн эзэмшлийн газарт байшин барьсан.С.С-ийн газар миний эзэмшлийн газартай давхцаж олгогдсон гэдэг нь Увс аймгийн Барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн оролцуулан хийсэн үзлэгээр тогтоогдсон. Би маргаан бүхий газрын гэрчилгээтэй гээд тоохгүй яваад байсан. Маргаан бүхий газрыг 1998 онд Засаг дарга Д.Б-ын надад олгосон гэрчилгээ, 2001 онд Засаг дарга Эрхэмбаярын надад олгосон гэрчилгээнүүд хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа. Би 2020 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Увс аймгийн Барилга хот байгуулалтын газарт яагаад давхцуулж газар олгосон талаар дурдаж шийдвэрлэж өгөхийг хүссэн өргөдөл өгсөн боловч бүтэн 1 жилийн дараа өгсөн хариундаа “гаргасан шийдвэрээ өөрсдөө хүчингүй болгох боломжгүй учир Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хандахыг хүссэн” хариуг өгсөн. Би улмаар 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газарт өргөдөл гаргаж өгсөн. Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтэн Мэндбаяр маргаан бүхий газартай холбоотой өргөдлийг хүлээн авч шалган шийдвэрлэсэн байсан. Харин би Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтэн М-тай ямар нэгэн байдлаар холбоогүй бөгөөд үгсэн тохиролцсон зүйл байхгүй. Би өндөр настны тэтгэвэрт гарсны дараа газрын маргаантай асуудлын талаар хөөцөлдөж эхэлсэн. Манай хүү Солонгос улс руу виз гаргуулах гэсэн боловч заавал үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй байх шаардлагатай гэсэн учир би байшингаа газартайг нь бүтэн нэг хэсгийг хүүгийнхээ нэр дээр шилжүүлж өмчлүүлсэн. Өөрт үлдсэн газартаа нэг байшин барьж авч байтал газрын маргаан үүссэн. С.С-ийн амбаар доогуур халаалтын шугам дамжиж байгаа учир хаалтын асуудлыг шийдэж чадаагүй байгаа. Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/219 дугаартай захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Увс аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даамал Б-ийн зүгээс С.С-т маргаан бүхий захирамжийн 1 хувийг хүргэж өгөхөөр очтол С.С захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй гэж аймгийн Засаг даргад гомдол гаргасан байсан. С.С-ийн аймгийн Засаг даргад гаргасан гомдолд би тайлбар бичиж өгсөн бөгөөд холбогдох бичиг баримтуудыг судалж үзээд С.С-т давхцуулж газар олгосон байх тул С.С-ийг маргаан бүхий газраас албадан нүүлгүүлэхээр шийдвэрлэсэн албан бичгийг хэрэгт хавсаргасан.

Дараа нь би дахин Увс аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт аймгийн Засаг дарга миний талд шийдвэр гаргасан учир С.С-ээс миний газрыг албадан чөлөөлүүлж өгнө үү гэсэн агуулгатай хүсэлт бичиж өгөхөд С.С шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. С-ийн ах Со шүүхэд гаргасан тайлбартаа “тухайн үед Л-аас 300.000 төгрөгөөр уг газрыг худалдан авсан” гэж дурдсан байсан. Л манай хашааны дутуу банзыг нөхөж өгөхөөр төмөр хашааны торыг авч хашааны таславч гаргаж, манай хашаанд нөхөж өгсөн банзныхаа мөнгийг гаргаж авахаар С-т манай хашааны зүүн талыг 300.000 төгрөгөөр зарчихаад нүүгээд явчихсан байсан. С.С-т анхнаасаа маргаан бүхий газрын гэрчилгээ байгаагүй бөгөөд 2005 онд тухайн үеийн газрын даамлыг дуудаж уулзаад өөрийн хашаа мэтээр тайлбарлах үед газрын гэрчилгээ давхцуулан олгосон байсан. С.С Улаангом сумын 19 дүгээр гудамжинд 2 га газрыг эзэмшиж байж миний эзэмшлийн газрын хашааны булан тохойг булаацалдаж байгааг ойлгохгүй байна...гэв.

10. Гуравдагч этгээд З.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа:”Аав З,ээж Ж нарын захиргааны хэргийн шүүхэд  гаргасан тайлбарт газрын маргааны талаар тодорхой дурдсан тул дахин давтах шаардлагагүй ба дурдсан тайлбарууд бүгд үнэн байна.Харин 2011 онд гадаадад ажиллах,суралцах шаардлага гарч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ зайлшгүй шаардлагатай болсон учраас анх 2500м 2 газрын гэрчилгээнээс зохих  хэсгийг /1170м 2/ надад шилжүүлж өгсөн юм.Иймд З.Б миний бие Бөхмөрөн суманд түр оршин сууж байгаа учраас шүүх хуралд биеэр оролцох боломжгүй тул аав З-ыг төлөөлөн оролцохыг зөвшөөрч байна” гэжээ.

Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

11.Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гаргасан хэргийн оролцогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

12.Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн талаас “С.С-ийн эзэмшлийн газар нь Я.З, З.Б нарын эзэмшлийн газартай давхцаагүй байтал гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй, захирамж гарч байгааг мэдэгдээгүй” тухай тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

13.Хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Мэргэжлийн хяналтын албан бичигт С.С-ийн эзэмшлийн газрыг Я.З-ын эзэмшлийн газартай давхардуулан олгосон тухай  тусгаж ирүүлсэн.Газар давхцалтай олгогдсон тул Улаангом сумын Засаг даргын захирамж үндэслэлтэй” гэсэн тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй байна.

14.Гуравдагч этгээд З.Бгаас “2011 онд гадаадад ажиллах,суралцах шаардлага гарч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ зайлшгүй шаардлагатай болсон учраас анх 2500м 2 газрын гэрчилгээнээс зохих  хэсгийг /1170м 2/ надад шилжүүлж өгсөн” гэх, гуравдагч этгээд Я.З “манай хашаанд амьдарч байсан Л манай хашааны дутуу банзыг нөхөж өгсөн мөнгийг гаргаж авахаар Содовт манай хашааны зүүн талыг 300.000 төгрөгөөр зарчихаад нүүгээд явчихсан байсан. С.С-т анхнаасаа маргаан бүхий газрын гэрчилгээ байгаагүй бөгөөд 2005 онд тухайн үеийн газрын даамлыг дуудаж уулзаад өөрийн хашаа мэтээр тайлбарлах үед газрын гэрчилгээ давхцуулан олгосон байсан.2500м 2  газраас зохих хэсгийг хүүдээ шилжүүлсэн.Үлдэх хэсэг нь миний эзэмшлийн газар” гэсэн тайлбар тус тус гаргаж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байр суурийг илэрхийлжээ.

15. Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2021 оны 07 сарын 20-ны өдрийн А/219 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-д заасны үндэслэн Улаангом сумын 5-р багийн иргэн С.С-т 2005 оны 01 сарын 04-ний өдрийн 01 дүгээр захирамжаар олгогдсон 8516012719 тоот нэгж талбарын дугаартай 400м2 газар нь иргэн Я.З-ын газартай давхцаж олгогдсоныг Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн шалгалтаар тогтоогдсон гэж үзэн С.С-ийн газар эзэмших 8516012719 тоот нэгж талбарын дугаартай 400м2 газрын гэрээ,гэрчилгээг хүчингүйд тооцож шийдвэрлэсэн байна.

Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 2021 оны 07 сарын 01-ний өдрийн 184 дугаартай  “Иргэн Я.З-аас ирүүлсэн өргөдлийг  хүлээн авч судалж,Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас холбогдох иргэнтэй холбоотой лавлагаа авсан.Үүнээс үзэхэд С.С нь Улаангом сумын Засаг даргын 2005 оны 1 сарын 04-ний өдрийн 01 тоот захирамжийн дагуу газар эзэмших гэрчилгээтэй,нэгж талбарын дугаар бүхий кадастрын зурагтай байгаа нь тогтоогдсон.Энэ нь Я.З-ын олгогдсон газарт давхардуулан газар олголт хийж,гэрээ гэрчилгээ олгогдсон нь тогтоогдсон тул маргааныг шийдвэрлэж өгнө үү” гэсэн агуулга бүхий албан бичгийг холбогдох материалын хамт Улаангом сумын Засаг даргад хүргүүлжээ.Албан бичигт Я.З-ын өргөдөл,1998, 2001 оны газар эзэмших эрхийн гэрчилгээ,Улаангом сумын Засаг даргын 2005 оны 01 дугаар захирамж, С.С-ийн эзэмшлийн газрын кадастрын зураг зэргийг хавсаргасан байна.

16.Нэхэмжлэгч С.С-т Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2005 оны 01 сарын 04-ний өдрийн 01 дүгээр захирамжийг үндэслэн 400м 2 газрыг гэр, хашааны зориулалтаар 20 жилийн хугацаатай эзэмшүүлэх тухай 0029873 дугаартай гэрчилгээг 2005 оны 01 сарын 19-ний өдөр олгож, 2005 оны 01 сарын 19-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээг С.С-тэй байгуулжээ.

17. С.С-ийн эзэмшлийн уг 400м 2 газарт 851601279 нэгж талбарын дугаар олгогдож, газрын кадастрын санд бүртгэгдсэн байна.

18. С.С-ийн ах С.Со шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “Би Улаангом сумын 5-р баг 14-2 тоот хашааны газрыг Л гэж хүнээс 1998 онд 360 төгрөгөөр худалдаж авсан.Манайх нүүж очоод 1 банзан амбаар, нүүрсний амбаар,үхрийн байр барьсан.Манай гэр 2003 онд Улаангомоос нүүж,манай хашаанд Сэргээ гэж айл 1 жил өвөлжсөн.2004 онд өөрийн дүү Ст хашаагаа 500,000 төгрөгөөр худалдсан.Би Л-аас газрын гэрчилгээ байгаа юу гэхэд газрын гэрчилгээ байхгүй,би танд гаргуулж өгнө гэж хэлсэн.Тэрнээс хойш надад газрын гэрчилгээг гаргуулж өгөхгүй 2003 он хүрсэн.Би дүүдээ газрын гэрчилгээ байхгүй гэдгээ хэлсэн.Манай дүү 2005 онд газрын гэрчилгээгээ гаргуулж авсан байсан” гэж мэдүүлжээ.

18. Иргэн Я.З-ын хувьд Я.З болон С.С нарын эзэмшиж байгаа газрыг 1992 оноос хойш эзэмшиж байгаа гэсэн тайлбар гаргасан ба Я.З-т 2000 оны 10 сарын 12-ны өдөр Улаангом суманд 600м2 газрыг эзэмшүүлэх тухай газар эзэмших 20820 дугаар гэрчилгээг олгож байсан байх ба газар эзэмших гэрээ байгуулан 5-р багт гэр хашааны зориулалтаар 600м2 газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэж байжээ.

Мөн “Айраг” ХЭАА-д 1998 оны 11 сарын 20-ны өдөр Улаангом сумын 5-р багт СОТ-3-ын замын урд талд байршилтай 2500м2 газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх 5/0197 дугаар гэрчилгээ олгогдож, үүний дараа уг 2500м2 газрыг 2001 оны 01 сарын 13-ны өдөр иргэн Я.З-т гэр хашааны зориулалтаар эзэмшүүлэх тухай 50713 дугаартай гэрчилгээг олгож байсан байна.

19. Увс аймгийн Засаг даргын 2004 оны 08 сарын 16-ны өдрийн 336 дугаар “Газар өмчлүүлэх тухай” захирамжаар Я.З-т барилгын хорооны 14-03 тоот хашааны 1170.2 м2 газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэж байсан байх боловч уг захирамжийг үндэслэсэн гэрчилгээ гараагүй ба Увс аймгийн Засаг даргын 2005 оны 03 сарын 28-ны өдрийн 56 дугаар захирамжаар өмнөх 336 дугаар захирамжаар газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн асуудлыг дахин шийдвэрлэжээ.

Өөрөөр хэлбэл Я.З нь 2005 оны 03 сарын 17-ны өдөр өөрийн эзэмшлийн 1170.2м 2  газрыг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэхээр мэдүүлэг гаргаж, Увс аймгийн Засаг даргын 2005 оны 03 сарын 28-ны өдрийн 56 дугаар захирамжаар Улаангом сумын 5-р баг,барилгын хорооны 14-03 тоот хашааны 1170.2м2  газрыг үнэгүй өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна.Ингээд 2005 оны 03 сарын 17-ны өдөр Я.З, Ж.Ж, З.Э, З.Б,З.Тү,З.О нарыг бүлийн хэрэгцээний зориулалттай Улаангом сумын 5-р баг 14-3 тоотод байрлах 1170.2м 2 газрын өмчлөгчөөр бүртгэж,үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн 000010649 дугаартай гэрчилгээ олгогджээ.

Үүний дараа газар өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл хийгдэж Улаангом сумын 5-р баг 9-9 тоот хаягт /хуучнаар 14-3 тоот/ байршилтай гэр бүлийн хэрэгцээний 1170.2м 2  газрын хууль ёсны өмчлөгчөөр З.Б бүртгэгдэж 000122586 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдож, кадастрын мэдээллийн санд бүртгэгдэхэд талбайн хэмжээ 2099м 2 хэмжээтэйгээр бүртгэгдсэн байна.

20.Шүүхээс маргаан бүхий газар байрших 5-р баг,9-9 тоот хашаанд Увс аймгийн Газрын харилцаа,барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэнг хэмжилт хийлгүүлэхээр оролцуулан хийсэн үзлэгээр уг хашаанд Я.З амьдарч байгаа, хоёр хашаа банзан хашаагаар тусгаарлагдаж байсныг Я.З буулгасан талаар С.С тайлбарласан, энэ талаар маргаангүй байгаа бөгөөд нийт хашаалагдсан газрын хэмжээг 2723м2 гэж тодорхойлсон,С.С-ийн эзэмшлийн гэх 400м 2 газрыг кадасртын зургийг нь үндэслэн шалгахад хашаалагдсан 2723 м2 газарт хамаарагдаж байв.

21.Шүүхээс даалгасны дагуу Увс аймгийн Газрын харилцаа,барилга хот байгуулалтын газраас иргэн З.Б-ийн өмчлөлийн 1170.2м2  газрын кадастрын зураг болон С.С-ийн эзэмшлийн 400м2 газрын кадастрын зургийг харьцуулан зурж ирүүлсэн зургаас үзэхэд З.Б-ийн өмчлөлийн болон С.С-ийн эзэмшлийн газар давхцаагүй байна.

22. Я.З-ын хувьд анх эзэмшиж байсан 2500м2 газраасаа хүүдээ өмчлүүлсэн 1170.2м 2 газрыг хасаад үлдэх газар нь миний эзэмшлийн газар юм гэж тайлбарласан, Я.З-ын эхнэр Ж.Ж “манайх уг хашаанд 1991,1992 оны үед амьдарч эхлэн хашаа барьж авсан.Тэр үед банз дутсан тул С.С-ийн байсан хэсгийг төмөр тороор хашаалсан байсан.Тэгтэл манай нөхрийн хамаатан Л түр бууя гэж гуйж буусан.Лыг манай хашаанаас нүүсний дараа С гэж хүн ирээд Л энэ хашаанд буу гэж хэлсэн гэхэд би буулгахгүй гэдгээ хэлсэн.С танай хашаа гэж сонссон.2-3 жил болоод нүүнэ гээд буусан.С-ынх нүүсний дараа Ц гэж хүн 4 жил өвөлжөөд нүүсэн.Тэгтэл 2009 оны үед С гэрээ ачаалсан ирээд С ах буу гэсэн гээд хүчээр гэрээ буулгасан.Манайх 1998 оны ногоон гэрчилгээгээр 2500м 2 газар эзэмшдэг байсан,сүүлд гэрчилгээ шинэчлэн олгохдоо газрын хэмжээг буруу бичсэн байсан” гэж мэдүүлсэн боловч Я.З-т үлдэх газрыг эзэмшүүлэх тухай эрх бүхий этгээдийн шийдвэр байхгүй, анх Я.З-т 2500м2 газрыг 2001 оны 01 сарын 13-ны өдөр гэр хашааны зориулалтаар 2500м 2  газрыг эзэмшүүлэх тухай 50713 дугаартай гэрчилгээг олгож байсан,уг гэрчилгээнд газар эзэмших эрхийн хугацааг 15 жил гэж тодорхойлсноос үзэхэд 2016 онд уг гэрчилгээний хугацаа дууссан, гэр хашааны зориулалтаар эзэмших газраа 2005 онд үнэгүй өмчилж авахад газрын хэмжээг 1170.2 м 2 байхаар тогтоосон, уг өмчлөлийн газрын өмчлөх эрх З.Бд 2011 онд шилжсэн зэрэг баримтуудаас үзэхэд маргаан бүхий газрыг Я.З хуулийн дагуу эзэмшдэг гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасан бөгөөд Я.З нь маргаан бүхий газрыг эзэмших эрхтэй болох нь тогтоогдоогүй байхад С.С-т газар эзэмшүүлсэн нь Я.З-ын газар эзэмших эрхийг хөндсөн гэж маргаан бүхий актаар дүгнэсэн нь буруу болжээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч С.С-ийг Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж,ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчсөн гэж үзэхгүй юм.

23. Маргаан бүхий акт буюу Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2021 оны 07 сарын 20-ны өдрийн А/219 дугаар захирамжаар С.С-т эзэмшүүлсэн 400м2 газар нь иргэн Я.З-ын газартай давхцаж олгогдсоныг Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн шалгалтаар тогтоогдсон гэж үзсэн бөгөөд мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч С.Мэндбаяр шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “Я.З-аас манай байгууллагад ирүүлсэн өргөдлийг хүлээн авч Газрын харилцаа,барилга хот байгуулалтын газраас С.С, Я.З нарын газрын кадастрын зургийг гаргуулж авсан ба уг зургаас харахад Я.З, С.С нарын газар эзэмших эрх давхцалтай гэдэг нь харагдаж байсан.Я.З өргөдөлдөө 1998 оны газар эзэмших эрхийн гэрчилгээг хавсаргаж ирүүлсэн.Гэрчилгээнээс харахад 1998 онд 2500м газрыг эзэмшсэн гэдэг нь харагдаж байсан.Тухайн үед цугларсан баримтаас харахад С.С-т газар эзэмшүүлэхдээ Я.З-ын газартай давхардуулсан байна гэдэг нь тогтоогдсон учир энэ талаар албан бичгээр Улаангом сумын Засаг даргад хүргүүлсэн.Би хяналт шалгалт явуулаад дүгнэлт гаргасан зүйл байхгүй.Я.З-ын эзэмшиж байсан газар З.Б-д шилжсэн гэдгийг би мэдээгүй” гэсэн мэдүүлгийг өгсөн байна.

24. Хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг даргаас С.С эзэмшүүлсэн газрын гэрээ, гэрчилгээг хүчингүй болгохдоо Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газраас ирүүлсэн албан бичгийг хянаж үзээгүй, өөрөөр хэлбэл бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг тогтоон, холбогдох нотлох баримтыг цуглуулж дүгнэлт хийхгүйгээр, С.С-ийн эзэмшил газар нь Я.З-ын эзэмшлийн газартай давхцаж олгогдон Я.З-ын эрх ашиг хөндөгдсөн талаар хангалттай нотлох баримтгүй байхад маргаан бүхий актаар С.С-ийн газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.Өөрөөр хэлбэл маргаан бүхий акт нь С.С-ийн газар эзэмших эрхийг хөндөж зөрчсөн байна.

Иймд Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2021 оны 07 сарын 20-ны өдрийн А/219 дугаар захирамжигй хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

25.Түүнчлэн маргаан бүхий актад Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т “газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлын талаар газар эзэмшигч ба ашиглагчийн хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга” шийдвэрлэхээр заасан заалтыг баримталсан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасан шаардлагыг маргаан бүхий захиргааны акт хангаагүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг тухайн захиргааны актад заахаар зохицуулсан болно.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлүүдийн талаар, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т хууль бус шийдвэрийг хүчингүй болгох,үйлдлийг таслан зогсоох талаар зохицуулсан ба Улаангом сумын Засаг даргын 2021 оны 07 сарын 20-ны өдрийн А/219 дугаар захирамжид Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т зааснаас өөрөөр Газрын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг баримтлаагүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

26.Мөн хариуцагч талаас сөрөг нөлөөлөл бүхий маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хийж, эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй талыг шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй байх бөгөөд энэ талаарх нотлох баримтыг хариуцагч талаас ирүүлээгүйг тэмдэглэв.

27.Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагчийн ажлын алба болох Улаангом сумын Засаг даргын тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч С.С-ийн нэхэмжлэлийг хангаж, Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2021 оны 07 сарын 20-ны өдрийн А/219 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагчийн ажлын алба Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын тамгын газраас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.АЛТАНЦЭЦЭГ