Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 182/ШШ2020/00981

 

        Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ....байранд байрлах, ХААДСАА-ны нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, “СХ” ХХК-д холбогдох

         1.901.894.320 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, Ч.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

     Нэхэмжлэгч ХААДСАА шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, Ч.О нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нь Тариалан эрхлэлтийг дэмжих сан нэртэй байсан ба Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт орсноор 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ХААДС болж, өөрчлөгдсөн.

          “СХ” ХХК нь тус сангаас 2005 оноос хойш одоог хүртэл дэмжлэг авч, хамтран ажиллаж байгаа. “СХ” ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн өр 1.769.593.935 төгрөг байсан ба үүнээс 515.787.055 төгрөг төлүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан. Одоо 1.293.806.880 төгрөг төлөгдөөгүй байгаа.

      - Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 04... дугаар “Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай“ захирамжаар “СХ” ХХК нь Тариалан эрхлэлтийг дэмжих санд 515.787.055 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул талуудын эвлэрлийг баталгаажуулсан. Одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа.

      Хариуцагч “СХ” ХХК-иас гэрээний үүрэгт 1.293.806.880 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргаж байна. Үүнд:

      1. 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/2017/... тоот “Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ”-гээр “СХ” ХХК-д 1 тонныг 560.000 төгрөгөөр тооцож, 2000тн 548 кг буюу 1.120.306.880 төгрөгийн хүнсний улаан буудайг нийлүүлсэн. “СХ” ХХК нь урьдчилгаа төлбөрт 212.800.000 төгрөг тушааж, улаан буудайг хүлээн авч, үлдэгдэл төлбөр 907.506.880 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төлөхөөр тохиролцсон. Гэвч гэрээгээр тохиролцсон хугацаандаа үлдэгдэл төлбөрөө төлөөгүй. Тариалан дэмжих сан, Төрийн сангийн 100900019032 тоот дансанд 101.700.000 төгрөгийн төлөлт хийж, үлдэх 805.806.880 төгрөг төлөх үүргээ биелүүлэхгүй байна.

    Дээрх гэрээнд заасан төлбөрийг төлөөгүй тохиолдолд хоногийн 0.1 хувийн алданги тооцох, алдангийн нийт дүн, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байхаар тохиролцсон. 

        “СХ” ХХК нь үлдэгдэл төлбөр 805.806.880 төгрөгийг хугацаандаа төлөөгүй, гэрээний үүргээ ноцтой зөрчсөн байх тул гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар алданги тооцно. 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны /582 хоног/ алданги 468.979.092 төгрөг болж байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг баримтлан анз тооцоход 402.903.440 төгрөг гэж тооцогдоно. Иргэний хуульд алдангийн хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн хязгаарлалт тогтоосон. Иймд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 805.806.880 төгрөг, алданги 402,903.440 төгрөг, нийт 1.208.710.320 төгрөгийг нэхэмжилж байна.  

         2. 2017 оны 07 дугаар сарын 18-ны А/2017/5... тоот “Хүнсний улаан буудай худалдах худалдан авах гэрээ”-гээр хариуцагч “СХ” ХХК нь 1000 тонн хүнсний улаан буудайг 560.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа төлбөрт 112.000.000 төгрөгийг төлж, худалдан авсан. Үлдэгдэл төлбөр  448.000.000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулахаар гэрээгээр тохиролцсон.

         “СХ” ХХК нь үлдэгдэл төлбөр 448.000.000 төгрөгийг хугацаандаа төлөөгүй тул гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,1 хувиар алданги тооцно. 2017.07.01-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны /458 хоног/ алданги 205.184.000 төгрөг болж  байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг баримтлан анз тооцоход 205.184.000 төгрөг гэж тооцогдоно. Иргэний хуульд алдангийн хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж хязгаарлалт тогтоосон. Иймд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 448.000.000 төгрөг, алданги 205.184.000 төгрөг нийт 653.184.000 төгрөгийг нэхэмжилж байна. 

        “СХ” ХХК-иас дээрх 2 гэрээний үүрэгт үндсэн төлбөр 1.293.806.880 төгрөг, алданги 608.087.440 төгрөг, нийт 1.901.894.320 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

        Хариуцагч “СХ” ХХК шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлд А/2017/... тоот гэрээ, А/2017/5... тоот гэрээнүүдийн биелэгдэхгүй байгаа хугацаа хэтэрсэн өр төлбөр 1.293.806.880 төгрөг, алданги 608.087.440 төгрөгийг нэмээд нийт 1.901.894.320 төгрөгийг нэхэмжлэл гаргасан байна. Тус компанийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Энэ асуудлаар  Тариалан эрхлэлтийг дэмжих сантай  тохиролцоонд хүрч чадахгүй тохиолдолд холбогдох баримтуудыг шүүхэд гарган тавьж асуудлыг шийдвэрлүүлэх болно гэжээ.

            Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

        Шүүхээр хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад Монгол Улсын Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн өөрчлөлт /шинэчилсэн найруулга/, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаар тогтоолоор Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь ХААДСАА болж өөрчлөгдсөн болно./х.х-ийн 92-96 тал/

          Нэхэмжлэгч ХААДСАА нь хариуцагч “СХ” ХХК-иас :

       1. 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/2017/... дугаар “Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ”-ний үүрэгт 805.806.880 төгрөг, алданги 402.903.440 төгрөг, нийт 1.208.710.320 төгрөг, 

       2. 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/2017/5... тоот “Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ”-ний үүрэгт үндсэн төлбөр 448.00.000 төгрөг, алданги 205.184.000 төгрөг, нийт 653.184.000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн.

      Нэхэмжлэгч ХААДСАА нь хариуцагч “СХ” ХХК-иас гэрээний үүрэгт 1.901.894.320 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагаа 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/2017/..., 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/2017/5... тоот “Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах“ гэрээ, “СХ” ХХК-ийн авлагын задаргаа гэх баримтад үндэслэсэн гэж тодорхойлж байгаа. /х.х-ийн 11, 17-26 тал/

         Хариуцагч “СХ” ХХК-ийн захирал Б.Б-д 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хариу тайлбартаа “нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, тохиролцоонд хүрч чадахгүй тохиолдолд холбогдох баримтуудыг гаргаж асуудлыг шийдвэрлүүлнэ” гэж тайлбарлан, маргаж байгаа болно. /х.х-ийн 85 тал/

          Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзнэ

         Тариалан эрхлэлтийг дэмжих сан /хуучнаар/ нь “СХ” ХХК-д 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/2017/... тоот гэрээгээр хүнсний улаан буудайн MNS0097:2010 стандартын шаардлага хангасан, угтаал 23,0-оос дээш хувийн цавуулагтай, 2000 тонн хүнсний улаан буудайг 1 тонныг 560.000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, 2000 тонн 548 килограмм буюу 1.120.306.880 төгрөгийн үнэ бүхий буудай,

       Мөн 2017 оны 07 дугаар сарын 18-ны А/2017/5... тоот гэрээгээр 1000 тонн улаан буудайг 560.000.000 төгрөгөөр тус, тус нийлүүлсэн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 17-26 тал/

           Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчөөгүй, тэдний хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд маргаагүй

        Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

        Нэхэмжлэгч Тариалан эрхлэлтийг дэмжих сан /хуучнаар/ буюу ХААДСАА нь гэрээгээр тохиролцсон тоо хэмжээний хүнсний улаан буудай шилжүүлэн өгөх ба “СХ” ХХК нь гэрээгээр тохирсон төлбөл зохих мөнгөн төлбөрийн үүрэг нь нийлүүлэгдсэн буудайн үнийг бүрэн төлөх юм.

        Талууд гэрээний гол нөхцөл болох улаан буудайн үнийн талаар тохирсон, хариуцагч буюу худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсан нь худалдах, худалдах авах гэрээний шинжтэй ба худалдан авагч хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй.

            Иймд хариуцагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй.

           Хариуцагч “СХ” ХХК нь дээрх 2 гэрээгээр 3000 тонн 548 килограмм хүнсний улаан буудайг хүлээн авч, нийт төлбөрт 1.680.306.880 төгрөг төлөх үүрэг хүлээснээс, 426.500.000 төгрөгийг төлж, үлдэх 1.253.806.880 төгрөг төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, авлага зарлагын задаргаа гэх баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн тал /

         “СХ” ХХК нь 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/2017/... тоот гэрээний урьдчилгаанд 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 200.800.000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 11.200.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 102.500.000 төгрөг, А/2017/5.. тоот гэрээний урьдчилгаанд 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 112.000.000 төгрөг тус тус төлснөөс өөр төлөлт хийгдээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.

      Хариуцагч “СХ” ХХК нь А/2017/... тоот гэрээгээр нийлүүлэгдсэн буудайн үнэ болох 1.120.306.880 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөх, А/2017/5... тоот гэрээгээр хүлээн авсан улаан буудайн үнэ 560.000.000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор тус тус төлж барагдуулах үүрэг хүлээсэн боловч үүргээ хугацаандаа биелүүлээгүй байна.

      Харин А/2017/5... тоот гэрээний дагуу төлөх зохих төлбөрөөс 102.500.000 төгрөгийн төлөлтийг, гэрээний хугацаа дууссанаас хойш төлжээ.

    Нэхэмжлэгч ХААДСАА-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч “СХ” ХХК-иас биелэгдэхгүй байгаа хугацаа хэтэрсэн өр төлбөрийг шаардахдаа ...авлагын дэлгэрэнгүй журнал, “СХ” ХХК-ийн авлагын задаргаа гэх баримтад үндэслэн А/2017/... тоот гэрээний үүрэгт 805.806.880 төгрөг, 582 хоногийн алданги 402.903.440 төгрөг, А/2017/5... тоот гэрээний үүрэгт 448.000.000 төгрөг, 458 хоногийн алданги 205.184.000 төгрөгийг тус тус нэхэмжилнэ“ гэх нэхэмжлэгчийн тайлбар, нэхэмжлэлийн тооцооллыг хариуцагч баримтаар үгүйсгээгүйгээс гадна, өөрийн татгалзлаа нотолж чадаагүй.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар “зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн татгалзал, түүнтэй холбоотой тайлбар, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

          Зохигчид дээрх гэрээнүүдийн гэрээний 5.2-т “Худалдан авагч тал нь гэрээнд зааснаар төлбөрийг төлөөгүй тохиолдолд хоногийн 0.1 хувийн алданги төлнө“ гэж, 5.3-т “Алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна“ гэж харилцан тохиролцсон байна.

          Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3.-т “хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж заасан.

        Талууд анзын талаар гэрээгээр харилцан тохиролцсон тул нэхэмжлэгч нийлүүлэгдсэн буудайн үнийг алдангийн хамт нэхэмжилсэн нь хууль зөрчөөгүй байна.

        Дээрх “Хүнсий улаан буудай худалдах , худалдан авах гэрээ“-нүүдийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар худалдан авагч хугацаандаа үүргийг гүйцэтгээгүй бол хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн 0.1 хувиар төлөхөөр заасан тул хугацаа хэтрүүлсэн хоногоор алданги тооцох үндэслэлтэй.

           Иймд А/2017/.. тоот гэрээний хувьд хэтэрсэн хугацаа нь 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 01-ний хүртэл 424 хоног байх тул энэ хэмжээгээр алдангийг тооцох нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4-д заасантай нийцнэ.

         Иймд хариуцагч “СХ” ХХК-иас 1.253.806.880 төгрөг, алданги 546.845.744 төгрөг нийт 1.800.652.624 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ХААДСАА-д олгож, нэхэмжлэлээс илүү нэхэмжилсэн 101.124.696 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 3 дугаар “Иргэний хэргийн харьяалал тогтоох тухай” захирамжийн дагуу дээрх иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан ба хэргийн оролцогч нарт шүүх хуралдаанд биечлэн оролцох, эвлэрэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгон, шүүх хуралдаан хойшлогдож байсан. /х.х-ийн 71-72, 106-108, 111-113 тал/

           Хариуцагч “СХ” ХХК-ийн захирал Б.Б-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.5-д заасан журмын 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 09 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг 2020 оны 04 дугаар сарын 21-ны өдөр шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэж, баримтад гарын үсэг зуруулсан боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэж, хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. /х.х-ийн 114, 116 тал/

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “СХ” ХХК-иас 1.800.652.624 /нэг тэрбум найман зуун сая зургаан зуун тавин хоёр мянга зургаан зуун хорин дөрвөн/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ХААДСАА-д олгож, нэхэмжлэлээс 101.124.696 /нэг зуун нэг сая нэг зуун хорин дөрвөн мянга зургаан зуун ерөн зургаан/ төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгч ХААДСАА-ны нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

       3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 зааснаар хариуцагч “СХ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 9.161.213 /есөн сая нэг зуун жаран нэгэн мянга хоёр зуун арван гурван/ төгрөг гаргуулж улсын төвлөрсөн төсвийн дансанд оруулсугай.

       4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ                         Ж.ЦЭНГЭЛ