| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбатын Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 184/2019/03805/И |
| Дугаар | 184/ШШ2020/01415 |
| Огноо | 2020-04-28 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 184/ШШ2020/01415
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.П -ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М.М-д холбогдох
Түрээсийн гэрээний үүрэгт 1,724.167 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.П, хариуцагч М.М, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Д.П би иргэн М.Мтай 2013 оны 10 сарын 25-ны өдөр байр хөлслүүлэх гэрээ байгуулан 180,000 төгрөгийн түрээсийн төлбөрт өгөхөөр, гэрэл, цахилгаан, халаалт дулаан, ус, теле кабелийн татвараа сар сард нь өгч авалцахаар харилцан тохирч баталгаажуулсан. М.М нь танай хажуугийн 80 дугаар сургуульд 1 дүгээр ангийн хүү орсон юм, холоос автобусаар 2 дамжин ирж очдог, хойт дэнжийн гэр хороололд хашаанд галлагаатай гэрт зутраад, гадаа нойлтой, зөөврийн устай бид олуулаа байдаг гээд гуйгаад байхаар нь би оёдолчин оруулахаар ярьчихсан байгаа чи хүлээ, бага насны хүүхэдтэй юм байна. Би зохицуулан ам бүл цөөн юм, оруулая гээд хүсэлт гуйлтыг нь зөвшөөрч өрөөгөө хөлсөлсөн. Үүнийг М.М өөрөө сайн мэдэж байгаа. Бид түрээс үнэ хөлсөө тохирч 1 жилээр 2014 оны 10 сарын 15-ны өдөр хүртэл хугацаатай гэрээ хийж гарын үсгүүдээ зурж баталгаажуулсан байгаа.
Би уг нь эхлээд ярилцсан оёдолчингоо оруулсан бол ингэж 6 жил ажил амьдрал зав чөлөө, цаг хугацаа, утсаар ярихаас аваад их зардал чирэгдэлд орохгүй л байсан. Эднийх үндсэндээ ам бүл 5-лаа амьдарсан. Уг нь М.М хоёулаа гэрээнийхээ хугацааанд амьдрахдаа үнэ хөлс гэрээ түрээсээ яг мөрдөн биелүүлнэ гэж амлаж орсон. М.Мгаас иргэний үнэмлэхээ баталгаажуулж өгөхийг, төлбөр тооцоогоо хоног хугацаандаа төлөхийг маш олон удаа шаардаж хэлсэн. Гэтэл өвөл өнгөрч хаврын урь эхлэх үеэр надад манай гэр бүлийхэнд хэлэлгүй шөнө оройн цагаар гэнэт нүүгээд явчихсан байсан. Нүүснээс нь хойш 3-4 хоногийн дараа мэдсэн. Өрөөнийхөө түлхүүрийг 04 сарын 25-ны өдөр гэрийн үүдэнд авчирч өгөөд явсан.
Амьдарч байсан өрөөгөө хүлээн авсан шигээ хүлээлгэж өгөөгүй. Бидний гэрээнд гарахаа 7 хоногийн өмнө хэлнэ гэсэн байгаа. Харин 1 ширхэг дэвсгэр дрож байхгүй байв. М.М өвлийн ид хүйтэн өнгөртөл гэр бүлээрээ дулаан амьдарч өвөлжчихөөд манайх гарлаа гэдгээ урьдчилан ярьж хэлэлгүй гэнэт нүүчихээд, сүүлд өрөөнийхөө түлхүүрийг өгөхдөө надад би орон сууцны контор болон сууц өмчлөгчдийн холбоонд танилтай. Чамд өр төлбөр мөнгөө өгөхгүй шүү гэж хэлсэн.
М.М манай Өнөр 12 СӨХ-өөс албан бичгээр өгсөн төлбөр мөнгөө өг гэсэн шаардлагын хариуг ч өгөлгүй, өөрөө ямарч холбоо барилгүй 6 жилийг өнгөрөөж өнөөдрийг хүргэсэн. Д.П миний бие М.Мтай уулзах, мөнгө төлбөр авах гэж маш их хөөцөлдсөн. М.М, н.Жаргалсүрэн, н.Түвшинжаргал нарыг эрэн сурвалжлахад зарцуулсан миний мөнгийг төлөх ёстой гэж бодож байна. М.Мтай 2017 оны 4 сард утсаар ярьсан чинь би Архангайд ээж дээрээ байна, 5 сард очиж уулзана гэхээр нь ирэх байх гэж бодоод Дүүргийн шүүхийн эвлэрүүлэн зуучлалд өргөдөл өгөөд тэнд уулзаж эвлэрэе гэсэн чинь М.М ирээгүй. Тэгээд утсаар огт ярихгүй болсон. 2016 оны 11 сард Сонгинохайрхан дүүргийн шүүхэд өргөдөл өгсөн. Гэтэл шүүхийн зарлан дуудах бичгийг авахаас зайлсхийсэн учир өмгөөлөгч намайг 70,200 төгрөг төлөөд эрэн сурвалжлуул гэсэн. Би 2018 оны 9 сард эрэн сурвалжлах өргөдлөө шүүхэд өгсөн. Цагдаагийн байгууллага 2019 оны 10 сарын 08-ны өдөр М.Мгийн хаягийг тодруулсан.
Гэхдээ би одоо хариуцагчаас 1,724.167 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Үүнд байрны түрээсийн дутуу төлбөр 1,360,000 төгрөг, гэрэл цахилгааны төлбөр 56,880 төгрөг, ус халаалтын төлбөр 48,087 төгрөг, хэрэглэж байсан өрөөний хивсний төлбөр 25,000 төгрөг, телекабелийн шугамын татвар 28,000 төгрөг, цагдаагаар эрэн сурвалжлуулсан төлбөр 70,200 төгрөг, алданги 136,000 төгрөг байна. Би энэ хүний араас байрны түрээсээ төлүүлэх гэж 6, 7 жил хөөцөлдөж явна. Бүх зүйл баримттай байгаа. СӨХ-той байгуулсан түрээсийн гэрээнд бичгээр дамжуулан түрээслэх талаар заагаагүй ч гэрээнд өөрчлөлт оруулах эрхтэй талаар заасан, давхар түрээслэх хөлслөх талаар ярилцсан байдаг, өрөө тус бүрд цахилгааны тоолууртай, ус хэрэглээний тоолуур дундаа 1 байсан. М.Мн өмнөөс холбогдох газруудад төлсөн төлбөрүүдийг нэхэмжилж байгаа гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Би 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Д.П гуайн подвалын өрөөг түрээслэж суусан. Д.П гуай цонхгүй подвалын өрөөгөө 180,000 төгрөгөөр түрээсэлчихээд дээр нь тогны мөнгө 20,000 төгрөг авна гэж хэлснээс нь болж маргаан үүсээд өдрөөр нүүсэн, шөнө нүүсэн юм байхгүй. Мөн нөхөр, бэр, том хүүтэйгээ амдарч байсан гэж бичсэн байна. Манай нөхөр хүүхэдтэйгээ уулзахаар хааяа орж гараад явдаг байсан. Харин ажил оройтох үед том хүүгийнхээ найз охиныг гуйж хүүгээ харуулдаг байсан. Түүнээс 5-уулаа амьдарч байсан юм байхгүй. М.М би Д.П гуайд өгөх түрээсийн мөнгө байхгүй. Иймд Д.П гуайн нэхэмжилсэн мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Тухайн үед ус, цахилгаан, халаалтын мөнгийг тусад нь өгч байна гэдэг хэлцлийг байгуулаагүй. 4 сар 8 хоног амьдарсан хугацаанд түрээсийн төлбөрийг цаг тухай бүр төлж байсан, түрээсийн төлбөрт 740,000 төгрөг төлсөн. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Түрээсийн гэрээний дагуу төлбөрөө төлөөгүй хугацаа байхгүй, амьдрах бүхий л хугацаандаа төлбөрөө төлж байсан. Түрээсийн төлбөрийг бэлнээр нэхэмжлэгчид өгч гарын үсэг зуруулан авч байсан. Сүүлийн хоёр удаагийн төлөлт дээр гарын үсэг зуруулж чадаагүй. Өрөөний түлхүүрийг гарснаасаа хойш 3 хоногийн дараа нэхэмжлэгчид хүлээлгэж өгсөн.
Нэхэмжлэгч нь СӨХ-той гэрээ байгуулан тухайн подвалын өрөөг хөлслүүлдэг гэж тайлбарлаж байна. СӨХ-ноос ирсэн нэхэмжлэхээс харахад тухайн подвол нь 4 өрөө гэдэг тодорхой байна. Өрөө болгонд нэг айл байдаг. Энэ 4 айл нь нийлээд ус, цахилгааны мөнгөө төлөх ёстой. Бидний хувьд нэг айлд ногдох ус, цахилгааны мөнгийг төлөх боломжтой. Ямар үндэслэлээр алданги нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Хивс авч яваагүй, кабелийн төлбөр мэдэхгүй, хариуцах ёсгүй гэж бодож байна. Манай өрөөнд цахилгааны тоолуур байгаагүй, ус хэрэглээний тоолуур дундын нэг угаалгын хэсэг байсан, тэнд байсан байх. Хөдөө ажлаар явсан байсан учир хаягтаа байгаагүй, эрэн сурвалжилсны төлбөрийг хариуцахгүй. Тиймээс баримтаар нотлогдохгүй байгаа хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.П нь хариуцагч М.Мд холбогдуулан түрээсийн гэрээний үүрэг болон хохиролд нийт 1,724.167 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Гэрээнд заасны дагуу түрээсийн дутуу төлбөр 1,360,000 төгрөг, гэрэл цахилгааны төлбөр 56,880 төгрөг, ус халаалтын төлбөр 48,087 төгрөг, хэрэглэж байсан өрөөний хивсний төлбөр 25,000 төгрөг, телекабелийн шугамын татвар 28,000 төгрөг, цагдаагаар эрэн сурвалжлуулсан төлбөр 70,200 төгрөг, алданги 136,000 төгрөг, нийт 1,724.167 төгрөгийг гаргуулна гэж, хариуцагч талаас татгалзлын үндэслэлээ ...Нэг сарын түрээсийн төлбөр 180,000 төгрөг гэж хэлцэл хийсэн. Тухайн үед ус, цахилгаан, халаалтын мөнгийг тусад нь өгч байна гэдэг хэлцлийг нэхэмжлэгчтэй байгуулаагүй. 180,000 төгрөгтөө багтаж байгаа гэж бодож байсан. Тухайн өрөөг түрээслэж байсан хугацааны төлбөрийг цаг тухай бүр төлж байсан. Одоо төлөх төлбөр мөнгө байхгүй гэж тус тус тайбарлан мэтгэлцдэг.
Хэрэгт авагдсан бичмэл баримтууд, талуудын тайлбар зэргээс үзэхэд нэг талаас Д.П, нөгөө талаас М.М нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаатай “Өрөө түрээслүүлэх гэрээ”-г бичгээр байгуулсан /хх 7, 124-125/ байх бөгөөд нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон үүргээ хариуцагч биелүүлээгүй тул түүнээс түрээсийн төлбөрийг, ус, цахилгааны төлбөрийг тоолуураар тооцон төлнө гэх заалтын дагуу түүний өмнөөс төлсөн хэрэглээний төлбөрүүдийг, гэрээнээс үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д “Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу шаарддаг.
Нэхэмжлэгчийн “СӨХ-тэй гэрээ байгуулж энэ өрөөнүүдийг түрээсэлж эзэмших болсон. Эзэмшигчийн хувьд оёдолчинд түрээслэх гэж байтал хариуцагч түрээсэлмээр байна гэж гуйсан тул түүнд хөлслүүлсэн” гэх тайлбар болон хэрэгт авагдсан “Түрээсийн гэрээ” /хх 101/-ээр тухайн түрээсийн зүйлийн хууль ёсны эзэмшигч нь “Өнөр-12” СӨХ байх бөгөөд иргэн Д.Птай байгуулсан түрээсийн гэрээнд ...1.1-д “40 м2 талбайтай 3 өрөө тасалгаатай оёдол нэхмэлийн зориулалтаар 2013 оны 2 сарын 01-нээс 2014 оны 02 сарын 01 хүртэл хугацаанд 1 жилээр түрээслэн эзэмшинэ”, 3.6-д “эзэмшиж буй байрандаа гэрээнд заасны дагуу үйл ажиллагаа явуулна...”, 5.3-т “Талуудын аль нэг тал нь гэрээг хугацаанаас нь өмнө буюу хугацаандаа цуцлах болон дуусгавар болгох санал гаргаагүй тохиолдолд цаашид тухайн хугацаагаар сунгагдсанд тооцно” гэж заасан байна.
Иргэний хуулийн 305 дугаар зүйлийн 305.1-д “Хөлслөгч өөрийн хөлслөн авсан орон сууцыг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгөөр бүхэлд нь буюу түүний хэсгийг гуравдагч этгээдэд дамжуулан хөлслүүлэх эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.П нь аж ахуйн үйл ажиллагаа явуулах зорилгоор түрээсэлсэн өрөөг бусдад түрээслүүлэх, хөлслүүлэх зөвшөөрлийг “Өнөр-12” СӨХ-оос аваагүй, авсан болох нь баримтаар нотлоогүй болно. Тодруулбал, СӨХ болон Д.П нарын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээнд түрээсийн зүйлийг дамжуулан түрээслэх, хөлслөх талаар харилцан тохиролцсон зүйл үгүй тул түрээслэгч нь түрээслүүлэгчийн зөвшөөрлийг авсны үндсэн дээр бусдад аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зориулалтаар түрээслэх эрхтэй болох учиртай. Түүнчлэн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зориулалтаар түрээсэлж байгаа өрөөг бусдад дамжуулан хөлслүүлсэн байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэж заасан бөгөөд тухайн хэлцлийг хийхэд тодорхой этгээдийн зөвшөөрлийг авах хуулиар тогтоосон шаардлага зөрчигдсөн байхыг ойлгоно. Нэхэмжлэгч нь хариуцагчтай “Өрөө түрээслүүлэх” гэх гэрээг байгуулахдаа гэрээний зүйлийн эзэмшигч болох Өнөр-12 СӨХ-оос дамжуулан түрээслэх /хөлслөх/ зөвшөөрлийг авах бөгөөд энэ талаар Иргэний хуулийн 289.2.7, 305.1, 323.1-д тодорхой дурдаж зохицуулсан байдаг.
Нэгэнт нэхэмжлэгч Д.П нь гэрээний зүйлийн хууль ёсны эзэмшигч болох “Өнөр-12” СӨХ-оос дээрх хуулийн зүйл заалтын дагуу зохих зөвшөөрлийг аваагүй байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулагдсан “Өрөө түрээслүүлэх гэрээ” гэх хэлцэл хүчин төгөлдөр бус байна. Энэхүү хэлцэл нь байгуулагдсан үеэс хүчин төгөлдөр бус тул талуудын хооронд гэрээний эрх, үүрэг үүсээгүй гэж үзэх бөгөөд нэхэмжлэгчийн гэрээний үүрэг биелүүлээгүйгээс учирсан хохирол, гүйцэтгээгүй үүргийн талаарх шаардлага үндэслэлгүй болно.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн түрээсийн дутуу төлбөр 1,360,000 төгрөг, үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсний алданги 136,000 төгрөг, түрээсэлсэн өрөөнд байсан хивсний үнэ 25,000 төгрөг, цагдаагаар эрэн сурвалжлуулсан төлбөр 70,200 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Түүнчлэн нэхэмжлэгчээс гаргасан гэрэл цахилгааны төлбөр 56,880 төгрөг, ус халаалтын төлбөр 48,087 төгрөг, телекабелийн шугамын татвар 28,000 төгрөгийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхээ нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй, баримтаар нотлоогүй гэх үндэслэлээр мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Учир нь нэхэмжлэгч Д.П шүүх хуралдаанд мэдүүлэхдээ ...хариуцагч М.Мн хэрэглэсэн цахилгааны төлбөр, усны төлбөр, кабелийн төлбөрийг түүний өмнөөс төлсөн үнийг нэхэмжилж байгаа гэдэг. Хариуцагч М.М нь ...кабель хэрэглээгүй, байгаагүй, цахилгааны, усны төлбөр нь түрээсийн 180,000 төгрөгт орсон гэсэн татгалзсан тайлбарыг өгдөг.
Энэхүү шаардлагын хувьд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд гэрээний үүрэг үүсээгүй байх ба Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-т “Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр эдгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно” гэж заасны дагуу цахилгааны, усны, кабелийн төлбөр төлсөн зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.
Хэдий шаардах эрхтэй ч нэхэмжлэгч шаардаж буй шаардлагаа нотлох үүрэгтэй ба хэрэгт авагдсан усны, цахилгааны төлбөр төлсөн баримтуудаас хариуцагч М.Мд холбогдуулах тооцоолол тодорхой бус, түүний хэрэглэсэн ус, цахилгааны тоолуураар тооцсон баримт нотолгоо үгүй, кабель хэрэглэсэн гэх, хураамж төлсөн гэх баримт үгүй байх тул нэхэмжлэлийн энэ шаардлага нотлогдоогүй гэж үзнэ.
Иймд нэхэмжлэгч Д.Пын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс төлсөн тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 302 дугаар зүйлийн 302.1, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар М.Мд холбогдох 1,724.167 төгрөг гаргуулах Д.Пын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 57,647 төгрөгөөс, 42,537 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас илүү төлөгдсөн 15,110 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Пт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ