Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 184/ШШ2020/01401

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Баянгол хороолол 412 дугаар байр 130 тоот хаягт оршин суух Их тугт овогт Төмөрпүрэвийн Эрдэнэчулуун /рд: УЗ88111131/-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 12 дугаар байр 41 тоот хаягт байрлах “Мөнгөн хээ” ХХК, түүний  захирал “Зөөд“овогт Б.Энхсайхан /рд:ЧР86101777/, 

Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, өнөр хороолол, 12 байр, 260 тоот хаягт оршин суух, “Зуутраг” овогт Загирын Оюундэлгэр /рд: ЧР67102668/, мөн хаягт суух “Зөөд” овогт Б.Энхтүвшин /рд:ЧР88040276/ нарт холбогдох

  

Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу өөрт оногдох ашиг 300 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч бөгөөд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхсайхан, түүний өмгөөлөгч О.Чулуунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Эрдэнэчулуун шүүхэд анх Х.Батчулуунд холбогдуулж 2017 оны 06 сарын 02-нд гаргаж байсан нэхэмжлэлдээ: “...Х.Батчулуун нь Увс аймгийн Улаангом хотод 30 айлын 5 давхар орон сууц барих ажил эхлэхэд 120.000.000 төгрөг шаардлагатай байна гээд СХД-ийн 14 дүгээр хороо 12 дугаар байр 260 тоот 3 өрөө байрыг барьцаалж 2013 оны 09-р сарын 06-ны өдөр хөрөнгө оруулалтын гэрээ хийж 1 жилийн хугацаатай авсан. Барилга  баригдаж  дуусаад анхны борлуулалт хийгдмэгц мөнгийг буцааж  өгөөд  олсон  ашгаасаа   50, 50  хувиар хувааж авахаар тохиролцсон  боловч байрны  борлуулалт удаан  байна гэсэн  шалтгаанаар мөнгөө төлөөгүй 2016 оны 12 сар хүрлээ. Мөн Увс явах замын зардал  хэрэгтэй  гээд  2015.01.25-нд  1 500 000 төгрөг, 2015 оны  05 сард  1 000 000 төгрөг зээлж нийт 1 22 500 000 төгрөг бэлнээр авсан. Хөрөнгө оруулалтын 2013.09.06-ны өдрийн гэрээний дагуу барилга борлуулсан ашгаас 50 хувийг төлөхөөр тохиролцсон тул олон дахин нэхэмжилсний эцэст 2016.12.29-нд 5 000 000 төгрөг, 2017.03.08-нд 5 000 000 төгрөг  тус  тус  өгсөн. Одоо үлдэх 112 500 000 төгрөг төлөх ёстой, удаа дараа шаардаж бичгээр баталгаажуулж гэрээ хийх шаардлага тавьсан боловч төлбөрөө төлөхгүй байсаар 2017.05.10 өдөр уулзаж нэхэмжлэхэд орлого байхгүй, барилга бариад  ямар ч  ашиг олоогүй тул  мөнгө  өгөх  боломжгүй гэснээр бидний хооронд маргаан үүссэн.

2014 оны 02 сарын 18-нд түүнд бүрэн итгэж барьцаанд байсан байрных нь   гэрчилгээг Х.Батчулуунд эргүүлэн өгсөн. Гэтэл  дахин  банкны  барьцаанд  тавьсан   байсан.   Түүний  ярьснаар надаас  зээлсэн  мөнгөө бусдаас  авсан  хүү, алдангитай өр төлбөрөө  төлсөн, барилга  бариад  ашиг олоогүй  тул  чамд  ашиг  өгөхгүй, боломжтой үед  тодорхой хэмжээний хүү өгнө, хэзээ, хэдэн  төгрөгийн хүү өгөхөө амлаж чадахгүй байна гэж ярьж байсан.  Би итгэж олон жил хүлээцтэй  хандсан.  Надад  ашиг олоогүй гэж ярьсан тул намайг   хуурч байгаа гэж  үзэж банкны хадгаламжийн хүүгээр дүүцүүлэн үлдэгдэл мөнгө 112 500 000 төгрөг, банкны хадгаламжийн хүүгээр тооцон 64 312 500 төгрөг нийт 176 812 500  төгрөгийг нэхэмжилж байна гэж гаргаж байсан байна.

 

 

Нэхэмжлэгч нь 2018 оны 11 сарын 21, 2019 оны 03 сарын 30-нд тус тус  нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж хариуцагчаар “Мөнгөн хээ” ХХК, З.Оюундэлгэр, Б.Энхсайхан, Б.Энхтүвшин нарыг оролцуулж тэдэнд холбогдуулж гаргасан нэхэмжлэлдээ:  

“...2013 оны  09 сарын  06-ны өдрийн  хөрөнгө оруулалтын гэрээгээр  өөрт ноогдох  хувь 300 000 000 /гурван зуун сая/ төгрөг гаргуулна. Миний хөрөнгө оруулсан 120 000 000 төгрөгөөр Увс аймагт 30 айлын 5 давхар орон сууцны барилгыг барьсан. Ашгаа 50, 50 хувиар  хувааж  авъяа гэж  санал тавьсан. Гэр бүлийн компани болох “Мөнгөн хээ” ХХК-ийн нэр дээр Батчулууны гэр бүлийн гишүүд болох  З.Оюундэлгэр, Б.Энхсайхан, Б.Энхтүвшин нар барьсан байдаг. Барилга барьж байхдаа зээл авах хэрэг боллоо гээд гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар барьцаалж байсан гэрчилгээг авсан.  

Надаас авсан мөнгийг  барилгад хөрөнгө оруулж, барилгын ажилд 100% зарцуулсан ба улмаар Х.Батчулуун нь өөрийнхөө нэр  дээр байсан бүх өмчлөлийн зүйлийг гэр бүлийн компани болон гэр бүлийнхээ гишүүдийн нэр дээр шилжүүлсэн байх тул манай шаардлагын тухайд Х.Батчулуун нь хамааралгүй этгээд болж байна. Улмаар дуусаагүй барилгыг захиалгын гэрээгээр худалдаж эхэлсэн ба надад эхний төлбөрт нийт 10 000 000 төгрөг төлсөн ба дахин төлбөр хийгээгүй. Иймд гэрээний дагуу барилгыг худалдан борлуулсан, худалдаагүй байрны ашиг 50 хувь нийт 300 000 000 төгрөгийг хариуцагч талаас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

            Хариуцагчаар байсан талийгаач Х.Батчулуун тайлбарлахдаа: “ ... 2013 оны 09 сарын  06-нд иргэн Э.Төмөрпүрэвээс барилгын  хөрөнгө  оруулалтад  зориулж  120,0 сая  төгрөг авсан бөгөөд барилгын ашгаа 50, 50 хувиар хуваана гэж ярьж тохиролцсон. Иргэн Э.Төмөрпүрэв нь нэхэмжлэгч Т.Эрдэнэчулууны  аав  бөгөөд тухайн  үед  төрийн албан хаагч  учраас хүүгийнхээ нэр дээр гэрээ хийсэн. Орон сууцны барилга маань 2013 оны 09 сард эхэлсэн. Барилгын суурь, зоорийн давхаргаа дуусгаад банкнаас барилгаа барьцаалаад  зээл авах төлөвлөгөөтэй байсан. Гэтэл хөдөөний банкууд харьяаллын бус гэх  шалтгаанаар  зээл өгөөгүй  учраас  найз, нөхөд, ах дүүгийнхээ үл хөдлөх хөрөнгүүдийг  барьцаанд  тавьж зээл аваад 2015 оны 06 сард барилгаа барьж дуусгасан. Мөнгө муутайгаас барилга  барих  явдал удаашралтай бөгөөд, орон сууц зарагдахгүй  байсан. 2016 оны 09 сард хамгийн  сүүлийн мөнгөө  төлсөн учраас  барилгаас олох  ашиг  байхгүй болсон.  Мөн  байр худалдаж авсан хүмүүс урьдчилгаа 30% өгөөгүй тул шүүхэд хандаж шийдвэрлүүлэхээр өгсөн.  Э.Төмөрпүрэвт өгөх мөнгө удааширч байгаа нь үнэн. Барилгаас ашиг олох битгий хэл өөрийнхөө орон сууцыг банкнаас чөлөөлж  чадахгүй  зарж зээлээ төлсөн. ...Бидний хооронд зээлийн харилцаа үүсээгүй байхад зээлийн гэрээний үүрэг шаардаж байгаа нь үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй. Харин  өөр байдлаар шаардаж  байгаа бол  авсан мөнгөө буцаан өгнө. Харин алданги тооцох  талаар тохиролцоогүй гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж тайлбарлаж байжээ.   

            Энэ хэрэгт хариуцагчаар татан оролцсон хариуцагч  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу хариуцагч Б.Энхсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Миний эцэг Х.Батчулуун нь амьд ахуй цагтаа 2013 оны 09 сард нэхэмжлэгч "Т.Эрдэнэчулууны эцэг болох Д.Төмөрпүрэв гэж хүнээс 120 000 000 төгрөг зээлж авсан тухайгаа бидэнд хэлж байсан. Би яагаад мөнгө зээлж авах болсон талаар ааваас асуухад хүмүүсээс өмнө авсан зээлүүдээ дарах гээд мөнгө авсан юм. Энэ мөнгө нь цэвэр мөнгө биш болохоор Д.Төмөрпүрэв өөрийнхөө нэрээр мөнгө зээлүүлж болохгүй болоод хүүгийнхээ нэрээр мөнгө зээлүүлж байгаа юм. Өмнөх өр зээлүүдээ ямар ч байсан сайхан цэгцлээд авлаа.” гэж хэлж байсан. Миний эцэг Х.Батчулуун нь “Мөнгөн хээ” ХХК-ийг байгуулан, Увс аймагт орон сууцны барилга бариулсан нь үнэн боловч, Т.Эрдэнэчулууны хөрөнгө оруулалт гэж оруулсан энэхүү мөнгө нь “Мөнгөн хээ” ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулагдаагүй, энэ мөнгөн “Мөнгөн хээ” ХХК-ний дансанд ороогүйн дээр Т.Эрдэнэчулуун нь “Мөнгөн хээ” ХХК-тай ямар нэгэн байдлаар гэрээ хэлцэл байгуулаагүй, өөрөөр хэлбэл тэдний хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй болно. Х.Батчулууны эхнэр буюу миний эх З.Оюундэлгэр, хүү Б.Энхсайхан, Б.Энхтүвшин бид мөн адил Т.Эрдэнэчулуунтай гэрээ байгуулаагүй, түүнээс мөнгө аваагүй бөгөөд нэхэмжлэгч ямар учраас биднийг хариуцагчаар татаж, мөнгө нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Тиймээс “Мөнгөн хээ” ХХК болон З.Оюундэлгэр, Б.Энхсайхан, Б.Энхтүвшин бидний хувьд өөрсдийгөө уг хэрэгт хамааралгүй, хариуцагч биш гэж үзэж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс Х.Батчулуун гэж хүний гэр бүлийн компани, нэг гэр бүлийн хүмүүс гэсэн үндэслэлээр биднийг хариуцагчаар татан, бидэнд өгөөгүй мөнгийг шаардах хууль зүйн үндэслэлгүй юм. Анх 30 айлын орон сууц барих төсөвтэй  байсан, төсөв нь хүрээгүй учир 24 айлын орон  сууц барьсан, энэ  байруудыг авсан хүмүүс  нь урьдчилгааны 30 хувийн төлбөрөө зарим нь өгөөгүй байсан, одоо 8 %-ийн ипотект хамрагдсан  байгаа. Бид байрны борлуулсан мөнгөнөөс ямар ч ашиг аваагүй. Орон  сууц  барьсан өртөг нь хэд болсон талаар  мэдэх зүйл  байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

 

                 Нэхэмжлэгч Т.Эрдэнэчулуун нь анх 2017 оны 06 сарын 02-нд хариуцагч Х.Батчулуунд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 176 812 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж байсан байна.

 

Хэрэг  хянан  шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч болох Х.Батчулуун нь  2018 оны 10 сарын  03-нд нас барсан болох нь баримтаар тогтоогджээ. /1-р хх-138/

Нэхэмжлэгч нь хариуцагчаа өөрчлөн талийгаач Х.Батчулууны гэр бүлийн гишүүд болох эхнэр З.Оюундэлгэр, …”Мөнгөн хээ” ХХК болон түүний захирал хүү Б.Энхсайхан, Б.Энхтүвшин нарыг  хариуцагчаар  татан оролцуулах  хүсэлт гаргаснаар  шүүх хариуцагчийг 2019 оны  02  сарын  28-нд  2475  дугаар  захирамжаар сольсон байна. /1-р хх-121-122, 172/,

 Тэрээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн хөрөнгө оруулалтын гэрээний дагуу   оруулсан хөрөнгө, орон сууц борлуулсан үнийн 50 хувийн ашиг 300 000 000 /гурван зуун сая/ төгрөг гаргуулна гэж нэхэмжилсэн байна. 

 Нэхэмжлэгчийн  нэхэмжлэлийн  шаардлагын  агуулгаас үзэхэд:  хэргийн  хариуцагч  Х.Батчулуун нас барсан тул түүний гэр бүлийн гишүүдээс Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн   535.2-д  “хэд хэдэн  өвлөгч  байвал, тэдгээр ... тус тусын өвөлсөн эд хөрөнгийн хэмжээнд хувь тэнцүүлэн хүлээнэ” гэж зааснаар өвлөгчийн хариуцлагаар шаардсан гэж  үзлээ.

 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:Т.Эрдэнчулуун, Х.Батчулуун нарын хооронд 2013 оны 09 сарын 06-нд “Хөрөнгө оруулалтын гэрээ”, барьцааны гэрээ байгуулж, мөн гэрээний хавсралт,  мөнгө хүлээлцсэн баримт, хариуцагч  нь  орон сууцны бичиг баримтаа буцаан авсан баримт зэргийг үйлдэж 120 000 000 /нэг зуун хорин сая/ төгрөг өгч авалцаж байсан талаар харилцан гарын үсэг зурсан үйл явдал болсон энэ гэрээгээр  барилгын ашгаа 50, 50 хувиар хуваана гэж тохиролцсон гэжээ.

 

 Уг үйл явдал нь хэрэгт ирүүлсэн баримтаар тогтоогдож байна. /1-р хх-5-10 / дахь тал. 

Талуудын хооронд хийсэн хэлцлийн талаар хариуцагч маргаагүй бөгөөд Иргэний хуулийн  40 дүгээр зүйлийн  40.3-д “ Хэлцэл хийснээс хойш нас барсан этгээдийн ... урьд нь хийсэн хэлцэл, хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна” гэж зааснаар хэлцэл хүчин төгөлдөр байна гэж дүгнэлээ.   

 Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Энхсайхан оролцож байгаа ба түүнд олгосон итгэмжлэл хуульд нийцсэн байна.

 

 Тэрээр шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Эрдэнэчулуун нь “Мөнгөн хээ” ХХК-тай ямар нэгэн байдлаар гэрээ хэлцэл байгуулаагүй,  эрх зүйн харилцаа үүсээгүй болно. Миний эцэг Х.Батчулуун нь Увс аймагт орон сууцны барилга бариулсан нь үнэн, ...амьд ахуй цагтаа 2013 оны 09 сард нэхэмжлэгч Т.Эрдэнэчулууны эцэг болох Д.Төмөрпүрэв гэж хүнээс 120 000 000 төгрөг зээлж авсан тухайгаа бидэнд хэлж байсан. …”Мөнгөн хээ” ХХК болон З.Оюундэлгэр, Б.Энхсайхан, Б.Энхтүвшин бидний хувьд уг хэрэгт хамааралгүй, хариуцагч биш, биднийг нэг гэр бүлийн хүмүүс гэсэн үндэслэлээр бидэнд өгөөгүй мөнгийг шаардах хууль зүйн үндэслэлгүй гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар ашиг олох  зорилгоор хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж 120 000 000 төгрөгийг хариуцагч авсан   талаар баримтаар болон нэхэмжлэгчийн бичгийн тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “миний аав Т.Эрдэнэчулуунаас 120 000 000  төгрөг  авсан нь үнэн боловч тус компанийн үйл ажиллагаанд зарцуулагдаагүй”  гэсэн  тайлбараар  нотлогдож байна.

Харин барилга барихад нэхэмжлэгч талаас оролцож хамтын үйл ажиллагаа явуулаагүй болох нь талуудын бичгээр ирүүлсэн болон хариуцагчийн тайлбараар тогтоогдсон байна.

Харин 2014 оны 02 сарын 18-ны өдөр “Баримт бичиг хүлээн авсан нотломж бичиг”  гэх хар балаар бичсэн бичгийн доод талд цэнхэр өнгийн балаар “2015.01.25-нд 1 500 000 төгрөг, 2015.5.10-нд дахин 1,0 сая төгрөг өгөв” гэж бичсэн бичвэрийн дараа талуудын гарын  үсэг зураагүй байх тул хариуцагч нь нэмж 2 500 000  төгрөг  зээлсэн гэх үйлдэл эргэлзээтэй  тул нотлогдохгүй байна. Мөн нэхэмжлэгчээс худалдаагүй байрны 50%-ийн ашиг гэж нэхэмжилсэн үндэслэлгүй байна гэж үзэв. /1-р хх-6/.

Тэрээр нэхэмжлэгчээс анх шүүхэд зээлийн гэрээний үүрэг гэж шаардахдаа 120 000 000 төгрөг өгсөн гэж, дараа нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж хөрөнгө оруулалтын гэрээний дагуу нэхэмжлэхдээ мөн л анх өгсөн 120 000 000 төгрөгийн ашиг гэж тооцож    нэхэмжилж байсан болохыг дурдах нь зүйтэй юм. 

 

Хэрэгт ирүүлсэн баримтаас үзвэл: Хариуцагч нь Увс аймгийн Улаангом сумын  3-р багийн нутаг дэвсгэрт байрлах 24 айлын орон сууцны барилгыг  2013 оны  09  сард  эхэлж бариад 2015 оны 06 сард барьж дуусгасан болох нь талийгаач Х.Батчулууны шүүхэд бичгээр гаргаж байсан тайлбараар тогтоогдож байгаа ба хэрэгт нотлох баримтаар ирсэн 2015 оны 08 сард иргэдтэй хийсэн худалдах худалдан авах гэрээнүүд нь орон сууцаа  худалдан борлуулсан үйл явдал болсон гэдгийг давхар нотолж байна. /2-р хх-1-59 дахь тал/   

Түүнчлэн хариуцагч нар нь талийгаач Х.Батчулууны гэр бүлийн гишүүд бөгөөд      улмаар 2018 оны 10 сарын 03-нд нас барж Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д зааснаар түүний өв нээгдсэн байна.  

Хавтаст хэрэгт өвлөх эрхийн гэрчилгээ байхгүй боловч түүний эхнэр хүүхдүүд нь       мөн хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар хууль ёсны өвлөгч нар болох нь   баримтаар тогтоогдож байна.

Талийгаач  Х.Батчулуун нь  “Мөнгөн  хээ”  ХХК-ийг  байгуулж, захирлаар  нь  ажиллаж  байсан ба нас барснаар түүний үүрэг нь эрх залгамжлагч болох  хүү  Б.Энхсайханд шилжсэн  болох нь компанийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул эд хөрөнгийг эзэмшилдээ авсан гэж үзлээ. /1-р хх-51/ ,   

Мөн нэхэмжлэгчийн хөрөнгө оруулсан 24 айлын орон сууц борлуулагдаж   талийгаачийн хүү  хариуцагч хүү Б.Энхтүвшингийн дансанд шилжин орж байсан болох нь  хэрэгт ирүүлсэн Хас банкны 2013 оны 09 сарын 05-наас 2019 оны 11 сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд Увс салбар 125 гэх  бичилттэй  дансны хуулгуудаар нотлогдож байгаа тул  хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үнэлэв. /2-р хх-155-156 /,

/Түүний 2-р хавтаст хэргийн 157-237 дугаар талд авагдсан дансны хуулгууд хамааралгүй байна/.

Хариуцагч З.Оюундэлгэр нь мөн маргаан бүхий 24 айлын орон сууцны худалдах худалдан авах гэрээнүүдэд  гарын үсэг зурсан зэргээс үзэхэд  гэр бүлийн гишүүд  тус тусдаа   өвийг хүлээж авсан гэж үзэх үндэслэлтэй байна. Харин түүний хаан банкны деспозит дансны харилцагчийн 2013.05.07-оос 2019.12.17-ны өдөр хүртэлх хугацааны дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтууд хэрэгт ач холбогдолгүй хамааралгүй гэж үнэлэв. /3-р хх 63-107/.   

Иймд  хариуцагч нар нь Иргэний хуулийн  535 дугаар зүйлийн  535.2-д зааснаар хэд хэдэн өвлөгч байвал тэдгээр нь өвөлсөн эд хөрөнгийн хэмжээнд өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг хувь тэнцүүлэн хүлээлнэ” гэж зааснаар хариуцуулах нь зүйтэй байна.   

 

Увс  аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2020.03.10-нд тус аймгийн Улаангом сум, Галданбошигт хороолол 3-р багт баригдсан 24 айлын орон сууц худалдах худалдан авах гэрээ, орон сууц захиалгаар бариулах гэрээ, улсын комиссын актын хуулбар эдгээр  баримтууд нь хэрэгт хамааралтай ба орон сууцны нийт борлогдсон үнийн дүнг тооцож гаргахад ач холбогдолтой гэж үнэлэв.  

Харин барилгын ажлын 2 293 494 680 төгрөгийн төсөвт өртөг ирүүлсэн ба энэ төсөв  нь 30 айлын орон сууцны төсөв байх тул хэрэгт хамааралгүй байна. /3-р хх-167-182/ дах тал.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралд: “...барилгын өртөг нь тодорхой  бус, хэдэн төгрөгөөр баригдсан нь мэдэгдэхгүй, анх 30 айлын орон сууц барих байсан   төсөв нь хүрээгүй учир 24 айлын орон сууц барьсан. Худалдан авсан иргэд нь 8 %-ийн зээлд хамрагдсан байдаг. Бидэнд ямар ч ашиг байхгүй” гэж тайлбарлаж байна. 

Борлуулсан 22 байрны 1 тоот буюу 31.84 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцыг   З.Оюундэлгэр, Х.Батчулуун нар 2015.05.24-нд хоорондоо бэлэглэлийн гэрээ хийж авч байсан нь баримтаар тогтоогдож байх тул өөрт оногдох ашгаа авсан гэж үзлээ. /3-р хх-133/    

Иймд дээрх баримтаас талуудын хоорондох хөрөнгө оруулалтын гэрээний дагуу  ашиг тооцоход 24 айлын орон сууц барьсан өртөг тодорхойгүй байна.

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн  476.3.5-д “ ашиг, алдагдлыг хуваарилах журам”  гэж заасны дагуу энгийн математик аргаар тооцож нэг байрны дундаж үнийг гаргах нь      шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Харин нэхэмжлэгч нь 10 000 000 төгрөгийг авсан гэж тайлбарласан байх тул  оруулсан хөрөнгийн үнийг 110 000 000 төгрөг гэж үзлээ.

Гэрээгээр нотлогдож байгаа 22  байрны борлуулсан нийт үнэ 1 224 471 200 төгрөгийн 100% бол оруулсан хөрөнгө 110 000 000 төгрөг нь борлуулсан хөрөнгийн 8,9% буюу 2 байрны ашиг ногдхоор байна. Эрх зүйн байдлыг нь дордуулахгүй тулд түүний анх оруулсан хөрөнгийг 2 байрны үнэ гэж үзэж, ашиг болох хоёр байрны дундаж үнийг нэмж тооцов.  

Өөрөөр хэлбэл худалдан борлуулсан нийт дүн 1 224 470 700 төгрөг бөгөөд орон сууц зарсан хамгийн бага үнэ 38 208 000 төгрөгөөр, өндөр үнээр зарсан байрны үнэ 70 861 000 төгрөгөөр худалдагдсан нь тогтоогдож байна. /3-р хх-142-148/ 

Иймд нэг байрны дундаж үнэ 54 534 500 төгрөг, үүнийг 4 байрны үнээр тооцвол   оруулсан хөрөнгийнхөө 50 хувь ашиг буюу 218 138 000 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн хувааж гаргуулж нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 81 862 000 төгрөгийн  шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчээс нийт 1 658 112.5 төгрөг  тушаасан ба хуульд зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэсгээс тооцож үлдэх  хэсгийг төрийн сангийн оролгод хэвээр үлдээж шийдвэрлэв. 

 

 

                  Хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны тухайд:

Талуудын хоорондох маргаан бүхий хэрэг тус шүүхэд 2018 оны 11 сарын 20-нд  ирсэн байна.

 Хариуцагч Батчулуун нас барсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Төмөрпүрэвийн 2018 оны 12 сарын 12-ны өдрийн шүүгчийн туслахтай утсаар ярьсан тэмдэглэлээр тогтоогдсон гэж хэргийг мөн өдрийн 14403 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож байсан байна. /1-р хх-120/,

 2018.12.25-ны өдрийн 134 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр дээрх захирамжийг хүчингүй болгосон тул хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагаа дахин үргэлжилсэн байна. /1-р хх-121/,

 

Нэхэмжлэгч нь 2018 оны 11 сарын 21 гэсэн сар, өдөр засвартай бичигдсэн      нэхэмжлэлийн шаардлагаа “өөрт ногдох хувь болох 300 000 000 төгрөгийг гаргуулах”  гэж  өөрчилж, Б.Энхсайхан, Б.Энхтүвшин, З.Оюундэлгэр нарыг хамтран хариуцагчаар татах хүсэлтийг гаргажээ. /1-р хх-122/,

Хариуцагч  нарыг  2019 оны 05 сарын 20-ны өдөр албадан ирүүлэх 5778 дугаар захирамж  гарсан  боловч  хаягтаа  байхгүй  гэжээ. /1-р хх-240-241/,  2019 оны 08 сарын 22-ны өдрийн 9261 дугаар захирамжаар хариуцагч нарыг эрэн сурвалжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна. /2-р хх-12-16/

2019 оны 09 сарын 16-ны өдрийн 10500 дугаар захирамжаар Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж хариуцагч нарт нэхэмжлэлийн хувийг гардуулсан байна. /2-р хх-33-41/.

 

            Хариуцагч нараас шүүгчийн 2019.08.22-ны өдрийн 9261 дугаар захирамжид гаргасан гомдлыг 2019 оны 10 сарын 18-ны өдрийн 213 дугаар шүүхийн тогтоолоор хэлэлцжээ. /2-р хх-91-93/, 

2019 оны 11 сарын 19-ний өдрийн 13030 дугаар захирамжаар ...нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Эрдэнэбилэгийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан байна. /2-р хх-128-131/,

 

Шүүх хуралдааныг 2019 оны 01 сарын 24-ний өдөр хэлэлцхээр товлож хэргийн оролцогч нарт хурлын тов мэдэгдсэн байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэгийн хурал давхцсан хүсэлтээр шүүх хуралдааныг 2019.02.01-ний өдөр хүртэл хойшлуулсан. /1-р хх-142-143/,

 2020 оны 02 сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанаар ...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэгийн  шүүгчийг болон тус шүүхийн нийт шүүгчдээс татгалзах хүсэлтээр хойшлуулсан, /1-р хх-158/

Тус шүүхийн 2019 оны 02 сарын 14-ний өдрийн нийт шүүгчдийн зөвлөгөөнөөр ...А.Эрдэнэбилэгийн татгалзах хүсэлтийг хангахгүй орхисон, /1-р хх-160-161/

            Шүүх хуралдааныг 2019 оны 02 сарын 28-ны өдөр товлож нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Эрдэнэбилэг хариуцагч Батчулуунаас татгалзаж, Б.Энхсайхан, Б.Энхтүвшин, З.Оюундэлгэр нарыг хариуцагчаар татан оролцуулах хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан.

            2019 оны 03 сарын 20-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, Төмөрпүрэв нар нь ....нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийг өөрчилж дахин хойшилсон. /1-р хх-190/,

2020 оны 01 сарын 13-ны өдрийн 771 дугаартай захирамжаар ...А.Эрдэнэбилэгээс   гаргасан  хүсэлтийг хангахаас татгалзсан /3-р хх-114-116/

2020 оны 01 сарын 17-ны өдрийн 1121 дугаар захирамжаар ...А.Эрдэнэбилэгийн ....Увс аймгийн улсын бүртгэлтийн хэлтэс, “Мөнгөн хээ” ХХК-иас нотлох баримт гаргууах хүсэлтийг хангаж хуралдаан хойшлуулсан байна. /3-р хх-126-128 /,

2020 оны 04 сарын 06-ны өдрийн 4628 дугаартай захирамжаар нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Эрдэнэбилэгийн шүүх хурал давхцсан, мөн хариуцагчийн өмгөөлөгч  Д.Санчирын шүүгчийг  татгалзсан  хүсэлтээр хурлыг хойшлуулсан байна. /3-р хх-192-193/

 

2020 оны 04 сарын 27-нд А.Эрдэнэбилэг нь шүүх хуралдааны дэг зөрчиж, шүүх  хуралдааныг орхин гарсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 97 дугаар зүйлийн  97.2, Зөрчлийн тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 300 000  төгрөгөөр торгож мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар  зүйлийн 100.2-д зааснаар түүнийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хэрэг хянан шийдвэрлэсэнтэй холбогдуулж 2019 оны 08 сарын 22-ны өдрийн  9261 дугаар захирамжаар хариуцагч нарын Хаан, Хас, Голомт банк дахь харилцах дансны  зарлагын  хөдөлгөөнийг битүүмжилсэн захирамжийг хүчингүйд тооцох нь зүйтэй байна /2-р хх-12-16/   

 

Иргэний Хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1, 535.2, 515 дугаар зүйлийн 515.2-т тус тус зааснаар хариуцагч “Мөнгөн хээ” ХХК болон түүний захирал Б.Энхсайхан, Б.Энхтүвшин, З.Оюундэлгэр нараас 218 138 000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч Т.Эрдэнэчулуунд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 81 862 000 төгрөгийн  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьчилан төлсөн 1 658 112.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 1 248 640 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

            3. Хариуцагч нарын Хаан, Хас, Голомт банк дахь харилцах дансны зарлагын  хөдөлгөөнийг битүүмжилсэн 2019 оны 08 сарын 22-ны өдрийн  9261 дугаартай шүүгчийн  захирамжийг хүчингүйд тооцсугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ОЮУНЦЭЦЭГ