Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2022/00366

 

 

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2022/00366

 

 

Хадгаламжийн даатгалын

корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2021/01876 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 210/МА2022/00052 дугаар магадлалтай,

Хадгаламжийн даатгалын корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Чингис хаан банк ХХК-д холбогдох

 

Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээний дагуу Төв банкны үнэт цаас худалдан авах зориулалтаар байршуулсан 16,320,000,000 төгрөг, түүний алданги 3,443,520,000 төгрөг, 2020.08.14-ний өдөр хугацаа хоцроож хийсэн 16,333,794,211 төгрөгт бодогдсон 2 хувийн алданги 32,667,588 төгрөг, 2020.08.10-ны өдөр Төв банкны үнэт цаасны арилжааны 2 хоногийн өгөөж 8,104,426 төгрөгт 2020.08.13-ны өдрөөс 2020.12.20-ны өдрийг хүртэл тооцсон алданги 1,750,556 төгрөг, Харилцах дансны үйлчилгээ үзүүлэх, үйлчлүүлэх гэрээний дагуу харилцах дансны үлдэгдэл 8,817,934 төгрөг, нийт 19,806,756,079 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бэлгүтэ, Б.Эрдэнэтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золбоо, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Хадгаламжийн даатгалын корпораци ХХК нь хариуцагч Чингис хаан банк ХХК-д холбогдуулан Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээний дагуу Төв банкны үнэт цаас худалдан авах зориулалтаар байршуулсан 16,320,000,000 төгрөг, түүний алданги 3,443,520,000 төгрөг, 2020.08.14-ний өдөр хугацаа хоцроож хийсэн 16,333,794,211 төгрөгт бодогдсон 2 хувийн алданги 32,667,588 төгрөг, 2020.08.10-ны өдөр Төв банкны үнэт цаасны арилжааны 2 хоногийн өгөөж 8,104,426 төгрөгт 2020.08.13-ны өдрөөс 2020.12.20-ны өдрийг хүртэл тооцсон алданги 1,750,556 төгрөг, Харилцах дансны үйлчилгээ үзүүлэх, үйлчлүүлэх гэрээний дагуу харилцах дансны үлдэгдэл 8,817,934 төгрөг, нийт 19,806,756,079 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

2. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2021/01876 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1, 445.4-т зааснаар хариуцагч Чингис хаан банк ХХК-аас 16,321,134,619.66 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хадгаламж даатгалын корпорацид олгож, нэхэмжлэлээс 3,485,621,459.71 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Хадгаламж даатгалын корпорацийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Чингис хаан банк ХХК-иас 81,763,623 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 210/МА2022/00052 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2021/01876 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.01.05-ны өдрийн 52 дугаартай магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн бодитой тал бүрээс нь бүрэн дүүрэн судлах ёстой байтал тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Чингис хаан банк ийг 2020 оноос хойш өдийг хүртэл Төв банкны үнэт цаасны арилжаанд оролцоогүй болохыг мэдэгдсэн Монгол банкнаас ирүүлсэн 2021.07.09-ний өдрийн Б-10/456 дугаартай албан бичигт үнэлэлт дүгнэлт өгөлгүй үүнтэй холбоотой бусад баримт бичгийг бүрдүүлэлгүй шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасанчлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ноцтой зөрчил гаргасан. Дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргасан ноцтой зөрчил нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бөгөөд Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасанчлан иргэний хэргийг бүхэлд нь хянаж дүгнэлт өгөх байтал нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдагдсан хэсгээс бусад хэсгийг хянаж үзээгүй. Түүнчлэн Давж заалдах шатны шүүх хэргийг шийдэхтэй тодорхой хязгаарлалт хийж шийдвэрлэсэн байгаа нь Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Корпораци нь 2013.10.31-ний өдөр Харилцах дансны үйлчилгээ үзүүлэх, үйлчлүүлэх гэрээг Чингис хаан банк ХХК-тай байгуулсан ба энэхүү гэрээний үндсэн дээр үүссэн харилцах дансанд тулгуурлан Чингис хаан банк тай 2020.03.23-ны өдөр Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээ-г байгуулсан эдгээр гэрээнүүд хоорондоо харилцан хамааралтай. Тухайлбал, Чингис хаан банкин дахь Корпорацийн харилцах дансанд мөнгөн хөрөнгө байхгүй бол харилцах дансны үйлчилгээ үзүүлэх, үйлчлүүлэх гэрээний дагуу мөнгө хөрөнгө шилжүүлэх аливаа гүйлгээ хийх боломжгүй буюу энэ гэрээ хэрэгжихгүй гэж ойлгож болохоор. Энэ утгаараа Чингис хаан банкны 2020.08.10-ны өдөр худалдан авсан 2020.08.14-ний өдөр хугацаа нь дуусах Төв банкны үнэт цаасанд байршуулсан эх үүсвэрийг 2020.08.14-ний өдөр Корпорацийн Чингис хаан банкин дахь харилцах дансанд буцаан хийсэн гэх бөгөөд Корпораци нь энэхүү мөнгөн хөрөнгө өөрийн харилцах дансанд байршиж байгаа гэж ойлгон,

Монгол банкин дахь корпорацийн өөрийн дансанд данс зузаатгуулахаар 2020.08.17-ны өдөр Чингис хаан банканд төлбөрийн даалгавар хүргүүлсэн боловч энэхүү гүйлгээг хийх боломжгүй байна дотоодын саатлын дансанд бүртгэсэн гэх тайлбар, тодорхойлолтыг Чингис хаан банк ирүүлдэг хэдий ч Корпорацийн харилцах дансны хуулгад 16,320,000,000 төгрөгийг зарлага гаргаж түүнд ногдох үйлчилгээ үзүүлсний шимтгэл суутгасан бичилт харагддаг. Монгол банкин дахь Корпорацийн дансанд мөнгөн хөрөнгө шилжин орж ирээгүй, гүйлгээ хийгдээгүй байдаг мөртлөө хийсэн мэтээр өөрийн банкны хөтлөн явуулдаг дансны бичилтийг дүр үзүүлэн хийсэн эс үйлдэхүй нь хууль бус гэж үзэхээр. Нөгөөтээгүүр, корпораци нь өөрийн дансанд байгаа мөнгө хөрөнгийн захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа ба Хэрэв Чингис хаан банк Корпорацийн Төв банкны үнэт цаасанд байршуулсан эх үүсвэрийг 2020.08.14-ний өдөр корпорацийн дансанд үнэхээр буцаан төлсөн корпорацийн дансанд бодитоор мөнгөн хөрөнгө байгаа бол Корпорацийн өөрийн дансанд байрших мөнгөн хөрөнгийг захиран зарцуулахтай холбоотой гүйлгээг Чингис хаан банк Харилцах дансны үйлчилгээ үзүүлэх, үйлчлүүлэх гэрээний дагуу ямар ч саадгүй гүйцэтгэх байсан. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар үүрэг дуусгавар болоогүй буюу шаардах эрх дуусгавар болоогүй, Чингис хаан банк зохих ёсоор 2020.08.14-ний өдөр буцаан төлөх байсан мөнгөн хөрөнгө /хөрөнгө оруулалтын эх үүсвэр/-ийг бодитоор төлөөгүйгээс болж Корпораци Харилцах дансны үйлчилгээ үзүүлэх, үйлчлүүлэх гэрээний дагуу өөрийн дансанд байгаа мөнгө хөрөнгийн захиран зарцуулах эрхээ эдэлж чадахгүй байх нөхцөл байдал бий болсон гэж үзэх хангалттай үндэслэлтэй юм. Түүнчлэн Магадлалын хянавал хэсгийн ...уг мөнгөн хөрөнгө шилжүүлэг нь талуудын байгуулсан дээрх хоёр гэрээний аль харилцаанд хамаарч буй эсэх, мөн хариуцагчийн гэрээний үүргээ биелүүлээгүй үйлдэл нь Хөрөнгө зуучлалын гэрээний 2.7-д заасан хариуцлага тооцох үндэслэлд хамаарах эсэх нь тэдний маргааны зүйл болжээ гэж дүгнэсэн байгаатай санал нийлэхгүй болно. Учир нь нэхэмжлэгчээс Чингис хаан банктай 2020.03.23-ны өдөр байгуулсан Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээ-ний үүргийн гүйцэтгэл хангагдаагүй байгаагаас 2013.10.31-ний өдрийн Харилцах дансны үйлчилгээ үзүүлэх, үйлчлүүлэх гэрээний хэрэгжилт хангагдахгүй байх нөхцөл үүссэн гэж үзэж хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээ-ний үүргийн зөрчлөөс үүдэн гарсан хариуцлага болох алданги шаардан маргаж байгаа. Гэтэл Нийслэлийн давж заалдах шатны шүүх дээрх дүгнэлтээс маргааны зүйлээ буруу тодорхойлсон гэж үзэхээр байна. Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.10.15-ны өдрийн 181/ШШ2021/01876 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.01.05-ны өдрийн дугаартай магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар хэлэлцээд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2.-т заасан үндэслэлээр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

 

6. Нэхэмжлэгч Хадгаламжийн даатгалын корпораци нь хариуцагч Чингисхаан банк ХХК-д холбогдуулан Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээний дагуу Төв банкны үнэт цаас худалдан авах зориулалтаар байршуулсан 16,320,000,000 төгрөг, түүний алданги 3,443,520,000 төгрөг, 2020.08.14-ний өдөр хугацаа хоцроож хийсэн 16,333,794,211 төгрөгт бодогдсон 2 хувийн алданги 32,667,588 төгрөг, 2020.08.10-ны өдөр Төв банкны үнэт цаасны арилжааны 2 хоногийн өгөөж 8,104,426 төгрөгт 2020.08.13-ны өдрөөс 2020.12.20-ны өдрийг хүртэл тооцсон алданги 1,750,556 төгрөг, Харилцах дансны үйлчилгээ үзүүлэх, үйлчлүүлэх гэрээний дагуу харилцах дансны үлдэгдэл 8,817,934 төгрөг, нийт 19,806,756,079 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргажээ.

 

7. Анхан шатны шүүх хариуцагч Чингис хаан банк ХХК-аас 16,321,134,619.66 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хадгаламж даатгалын корпорацид олгож, нэхэмжлэлээс 3,485,621,459.71 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

8. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

9. Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь гэрээний дагуу шилжүүлсэн 16,320,000,000 төгрөг, түүнд ногдох алданги 3,443,520,000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ ... өөрийн эзэмшлийн Чингисхаан банкны 3941110001 тоот дансанд байрших мөнгөн хөрөнгийг Монголбанкны Хадгаламжийн даатгалын корпорацийн эзэмшлийн 3603006001 тоот дансанд шилжүүлэн данс зузаатгуулахаар 2020.08.17-ны өдөр төлбөрийн даалгавар хүргүүлсэн. Үүний дагуу манай данснаас 16,320,000,000 төгрөгийн зарлага гаргасан дансны хуулга үзүүлсэн боловч Монголбанкны дансанд зузаатгал хийгдээгүй ... гэж тайлбарлан, 2013.10.31-ний өдрийн Харилцах дансны үйлчилгээ үзүүлэх, үйлчлүүлэх гэрээ, 2020.03.23-ны өдрийн Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээ, 2020.08.17-ны өдрийн төлбөрийн даалгавар гэсэн баримтуудыг шүүхэд ирүүлсэн.

 

Анхан шатны шүүх дээрх 2 гэрээ, 2020.08.17-ны өдрийн 4547 дугаартай төлбөрийн даалгавар, талуудын тайлбар зэрэг нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас 16,320,000,000 төгрөг гаргуулах шаардлагад холбогдох хэсгийг хангаж, алданги 3,443,520,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй, Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн, давж заалдах шатны шүүх энэ шийдвэрийг хянаад хэвээр үлдээсэн нь үндэслэл бүхий байна.

 

10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан ...шүүх Монгол банкнаас ирүүлсэн 2021.07.09-ний өдрийн Б-10/456 дугаартай албан бичигт үнэлэлт дүгнэлт өгөлгүй үүнтэй холбоотой бусад баримт бичгийг бүрдүүлэлгүй шийдвэрлэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн тухай гомдлыг хяналтын шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэсэн үндэслэлээр хянан хэлэлцсэн болно.

 

10.1. ...Чингисхаан банк нь 2020 оноос хойшхи хугацаанд Төв банкны үнэт цаасны арилжаанд оролцсон талаарх мэдээллийг Монголбанкнаас гаргуулах болон ...цахим мэдээлэлд үзлэг хийлгэх тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хүсэлтийг анхан шатны шүүхийн шүүгчийн 181/ШЗ2021/06761 захирамжаар хангаж шийдвэрлэсэн байна. /хх-74, 112-115/

 

10.2. Монголбанкны 2021.07.09-ний өдрийн Б10/456 тоот албан бичгээр шүүгчийн 181/ШЗ2021/06761 дүгээр захирамжид заасан мэдээлэлд хамаарах баримтыг хавсралтын хамт шүүхэд ирүүлсэн байх бөгөөд ...Чингис хаан банк 2020 оноос хойш өнөөдрийг хүртэл Төвбанкны үнэт цаасны арилжаанд оролцоогүй ба ТБҮЦ-ны багцын үлдэгдэлгүй болохыг үүгээр мэдэгдэж байна гэжээ. Түүнчлэн нэхэмжлэгч байгууллагын Эрсдэлийн удирдлагын газрын Хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Д.Мөнхбатын цахим шууданд үзлэг хийлгэх хүсэлтийг хангасан захирамж биелэгдсэн байна. Хэргийн баримттай талууд танилцсан байх бөгөөд энэ албан бичигтэй холбоотой өөр нэмэлт баримт бүрдүүлэх тухай хүсэлт гаргасан гэж үзэх баримтгүй байх тул ...бусад баримт бичгийг бүрдүүлэлгүй шийдвэрлэсэн, ... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ноцтой зөрчил гаргасан гэсэн гомдлыг үндэслэлгүй гэж үзнэ.

 

11. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2021/01876 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 210/МА2022/00052 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Б.МӨНХТУЯА

 

П.ЗОЛЗАЯА

 

Д.ЦОЛМОН