Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2022/0238

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Б даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: П.Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Л.Д,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Т

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Б нарын хоорондын

газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Иргэн П.Э-ээс Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/607 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

2. Нэхэмжлэгч П.Э нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/203 дугаар захирамжийн дагуу Хан-Уул дүүрэг, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах маргаан бүхий 600 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшиж байсан. Гэвч Хан-Уул дүүргийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/235 дугаар захирамжаар П.Э-н эзэмшиж буй газрыг Д.Г-н газартай давхцалтай гэх үндэслэлээр уг газрын эрхийг хүчингүй болгосон. Уг захирамжийг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж хүчингүй болгосны үндсэн дээр Нийслэлийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/263 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг сэргээсэн. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/607 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг нэхэмжлэгчид олгохдоо шугам сүлжээний аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвасын дотор гэр орон, сууц барилга байгууламж барих, шугам сүлжээний өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатын төсөл, Нийслэлийн Газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу газар эзэмших эрх олгоно гэж заасныг зөрчсөн тул хүчингүй болгосон байна.

3. Нэхэмжлэгч нь анх маргаан бүхий актыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 02-06/4935 дугаар албан бичгээр гардан авчээ. Улмаар 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр холбогдох байгууллагад хандан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны дагуу гомдол гаргасан боловч Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 03-06/5093 дугаар албан бичгээр “газар эзэмших эрхийг сэргээх боломжгүй” гэсэн хариуг авснаар 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд ханджээ.

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...Миний бие нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр А/203 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хэрэгцээний газрыг хууль ёсны дагуу эзэмшиж байсан. Газрын төлбөр тооцоогоо цаг тухайд нь хийж, газар эзэмшиж, ашиглахтай холбоотой хууль зөрчсөн асуудал гаргаж байгаагүй. Гэвч 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын А/235 дугаар захирамжаар Д.Г-н газартай давхацсан байна гэх үндэслэлээр миний газар эзэмших эрхэд хууль бусаар халдаж хүчингүй болгосон. Уг захиргааны актыг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шүүхэд нэхэмжлэл гаргаж анхан шатны шүүхийн шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын Дээд шүүхийн тогтоолоор миний эзэмшлийн газар Д.Г-н газартай давхцаагүй бөгөөд аливаа холбогдох хуулиудыг зөрчөөгүй болохыг тогтоож, зөрчигдсөн эрхээ сэргээлгэсэн.

Ингээд шүүхээс сэргээгдсэн газар эзэмших эрхээ баталгаажуулахын тулд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хүсэлтээ өгсөн. Улмаар Нийслэлийн Засаг даргын дэргэдэх газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгох 22 гишүүнтэй зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж зөвшөөрөгдсөн бөгөөд “хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөнд харшлах үндэслэл байхгүй” гэж үзсэний үндсэн дээр 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Нийслэлийн Засаг даргын А/263 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг сэргээж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр газар эзэмших гэрчилгээ олгосон. Гэтэл 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр буюу гэрчилгээгээ хүлээн авахын өмнөх өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас “Газар эзэмших эрхийг минь хүчингүй болгох тухай” 02-06/4417 тоот мэдэгдэл ирж, 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн Засаг дарга А/607 дугаар захирамжийг гаргаж, газар эзэмших эрхийг минь хүчингүй болгосон. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 3-т “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, эрхтэй...” гэж заасны дагуу бид хууль ёсны дагуу газар эзэмшсэн байтал эрхэнд минь удаа дараа халдаж байгаад гомдолтой байна. Иймд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/607 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, зөрчигдсөн эрх ашгийг сэргээж өгнө үү” гэжээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ... Нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгож Нийслэлийн Засаг даргын А/263 дугаар захирамж гарсан. Уг захирамж нь хууль дүрмийн дагуу зөвлөл хуралдаад, төлөвлөгөөгөө гаргаад, шүүхийн шийдвэр заавал биелэгдэх ёстой гэдгийг биелүүлж энэ захирамж гарсан. Хуультай яг адилхан заавал биелэгдэх ёстой акт юм. Энэ агуулгаараа А/263 дугаар захирамжийн эрх үүсэж байгаа. Гэрчилгээ олгох өдрөө мэдэгдээд цуцалж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Бид өмнөх А/263 дугаар захирамжаа алдаатай гаргасан, шугам сүлжээ дайрсан байна, замыг харах ёстой гэсэн тайлбарууд хэлж байна. Гэтэл энэ нь шийдвэр гаргахдаа нөлөөлөл бүхий бодит нөхцөл байдлыг Захиргааны ерөнхий хуулиар тогтоох ёстой. Сонсох ажиллагаа хууль ёсоор хийгдэх ёстой. Яг яаж зөрчөөд байгаа нь тодорхойгүй буюу албан бичиг байхгүй. Захиргааны акт хууль ёсны байхын тулд заавал нөхцөл байдлыг тогтоох ёстой. Ингээд А/607 гэсэн шууд сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг нэхэмжлэгчид гаргасан. Шууд сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргаж байгаа бол сонсох ажиллагааг бүхэлд нь хууль журмын дагуу явуулах ёстой. Гэтэл өнөөдөр шүүхийн танхимд мэдэгдэх хуудас явуулсан ингээд сонсох ажиллагаа дууссан гээд байна. А/607 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/263 дугаар  захирамжаар Хан-уул дүүрэгт 600 м.кв газрыг амины сууцны зориулалттай 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрхийг олгож шийдвэрлэсэн. Үүний дараа Нийслэлийн Засаг даргын маргаан бүхий газрын Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 61 дүгээр зүйлийн 61.1, 56 дугаар зүйлийн 56.1, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т заасныг үндэслэж хүчингүй болгож шийдвэрлэсэн. Хүчингүй болгосон үндэслэл нь маргаан бүхий газар нь эрчим хүчний хамгаалалтын бүсэд орсон мөн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй. Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг зөрчиж байна. Эрчим хүчний тухай хуулиараа эрчим хүчний шугам сүлжээ хамгаалалтын зурваст газар эзэмшихийг хориглосон. Мөн тухайн жилд 2021 онд газар эзэмших эрх олгохдоо тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, маргаан бүхий Хан-Уул дүүрэгт газар эзэмших эрх олгоно гэж төлөвлөгдсөний дагуу газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг дарга тухайн төлөвлөгөөнийхөө хүрээнд олгодог. Энэхүү заалтаа зөрчсөн учраас Нийслэлийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 61.1-т зааснаар хууль бус шийдвэрээ хүчингүй болгож шийдвэрлэсэн. Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 буюу эрчим хүчний хамгаалалтын бүсэд орсон, мөн тухайн жилийн төлөвлөгөөндөө олгогдохоор тусгагдаагүй учраас шийдвэрээ хүчингүй болгож шийдвэрлэсэн. Нийслэлийн Засаг даргын захирамж нь хуулийн хүрээнд гарсан хүчин төгөлдөр захиргааны акт байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн маргаан бүхий актыг гаргасан үндэслэл нь Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 гэж байгаа. Энэ нь бусад суурин газарт иргэн, аж ахуй нэгж байгууллага болон газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагаа тухайн хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө буюу газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө тусгагдсан байх ёстой. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 198 дугаар тогтоолоор батлагдсан Нисэх, Яармаг орчмын маргаан бүхий газар нь өөрөө авто зам, инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвас байхаар тухайн газрын 90 хувь нь хамгаалалтын зурваст орсон байгаа. Иймд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-ийг баримтлаад шийдвэрээ хүчингүй болгосон.

Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т заасны дагуу тухайн захиргааны актыг гаргахдаа Улаанбаатар нийслэл хотын 1,700,000 иргэний, яармагийн хурдны зам буюу хороолол уруу ордог зам тавигдах гээд олон айлуудын газрын эрхийг шалгах асуудал зайлшгүй гарсан. Хэсэгчилсэн иргэний төлөвлөгөөг хөгжүүлэхийн төлөө нисэх, яармаг орчмын шинэ барилгын төлөвлөлтийг нийцсэн байлгах гээд барилга баригдаагүй байгаа газруудыг хууль ёсны эрх ашгийн үүднээс энэ шийдвэрийг гаргасан. Шүүгч шийдвэрээ гаргахдаа Улаанбаатар хотын нийтийн эрх ашиг, нийслэлчүүдийнхээ төлөө шийдвэр гаргаасай гэж хүсэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

8. Иргэн П.Эрдэнэбатаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

9. Нэхэмжлэгч П.Э нь анх Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/203 дугаар захирамжаар тус дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 600 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болсон ба Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 40.2-т заасныг үндэслэн мөн дүүргийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/235 дугаар захирамжаар түүний /нэхэмжлэгчийн/ газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгон шийдвэрлэсэн.

10. Нэхэмжлэгч болон нэр бүхий таван иргэн дээрх Хан-Уул дүүргийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/235 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 133 дугаар шийдвэрээр Газрын тухайн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 257 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 242 дугаар тогтоолоор тус тус анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн, хариуцагчаас гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

11. Улмаар хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/338 дугаар захирамжаар шүүхийн шийдвэрийг биелүүлж,  2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/235 дугаар захирамжийг хүчингүй болгосноор 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/203 дугаар захирамжаар олгосон газар эзэмших эрх сэргэсэн, үүний дараа нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн 2020 оны 04 дүгээр сарын 03, 2020 оны 05 дугаар сарын 22, 08 дугаар сарын 11-ний өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/263 дугаар захирамжаар 8 иргэн аж ахуй нэгж, байгууллагад газар эзэмших эрх олгосны дотор нэхэмжлэгч П.Э багтсан, түүнд энэ шийдвэрийг үндэслэн нэгж талбарын 1781101499 дугаараар 600 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн Э-220600** дугаарт бүртгэж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 0001489**  дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.

12. Энэ үйл баримтад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн зүгээс “маргаан бүхий газарт нэхэмжлэгчид газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргахдаа шугам сүлжээний аюулгүй байдлыг хангах, хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу газар эзэмших эрх олгоно гэж заасныг зөрчсөн учраас газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон” хэмээн нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан бол, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс  “2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр газар эзэмших гэрчилгээгээ хүлээн авахын өмнөх өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай 02-06/4420 тоот мэдэгдлийг ирүүлж, улмаар Нийслэлийн Засаг дарга 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр А/607 дугаар захирамжаараа газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль бус, шүүхээр сэргээсэн эрхэд халдсан” хэмээжээ.

13. Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/607 дугаар захирамж нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2. “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”,  Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4. “Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон”, 56 дугаар зүйлийн 56.1. “Хот, тосгон бусад суурины газарт иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагааг зөвхөн тухайн хот, тосгон, бусад суурины харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн боловсрогдож батлагдсан хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнд тулгуурласан үе шатны болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу энэ хуульд заасан журмаар хэрэгжүүлнэ”, 61 дүгээр зүйлийн 61.1. “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно”, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1. “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж  заасныг тус тус үндэслэн гарчээ.

14. Шүүх, маргаан бүхий захирамж нь шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээсэн /шүүхээр шийдвэрлэгдсэн/ үйл баримтыг шууд үгүйсгэж, тэрчлэн өөрийн харьяа агентлагуудын хамтарсан зөвлөлөөс гаргасан дүгнэлтийг үнэлж шийдвэрлэсэн асуудлыг үгүйсгэж, маргаан бүхий газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2. “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж заасныг зөрчсөн гэж үзсэнээс гадна, шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх зарчмыг үл хангаж гарсан гэж үзэв.

15. Яагаад гэвэл, маргаан бүхий газар дээрх нэхэмжлэгчийн газар эзэмших эрх бодитой хэрэгжих боломж шүүхийн шийдвэрийн дагуу бий болсон үйл баримттай зэрэгцэн хариуцагчаас газрын тухай хууль тогтоомж буюу Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-ийг зөрчсөн үйлдлийг таслан зогсоохоор маргаан бүхий А/607 дугаар захирамжийг гаргах боломжгүй, Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн дүгнэлттэй агуулгын хувьд зөрчилтэй, зорилго нь зөв байж болох авч шийдвэр нь үндэслэл бүхий биш байна.

16. Үүнээс гадна хэрэгт нотлох баримтаар авагдсан, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдааны 08 дугаар тогтоолоор батлагдсан Хан-Уул дүүргийн 2021 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 16/1804 дүгээр албан бичгээр ирүүлсэн, энэ тохиолдолд 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлагдсаны дараа буюу цаг хугацааны хувьд нэхэмжлэгчид 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр газар эзэмших эрх олгосон тул Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. “Хот, тосгон бусад суурины газарт иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагааг зөвхөн тухайн хот, тосгон, бусад суурины харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн боловсрогдож батлагдсан хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнд тулгуурласан үе шатны болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу энэ хуульд заасан журмаар хэрэгжүүлнэ” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

17. Тодруулбал, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2. “Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.2.3. “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна”, 21.2.4. “Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.3-т заасан газар эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг зохион байгуулах” гэж тус тус зааснаас үзвэл Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдсаны дараа нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосноос үзэхэд уг төлөвлөгөөг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

18. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1. “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2. “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасныг хариуцагч захиргааны байгууллага хэрэгжүүлж ажиллаагүй, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар хамгаалалтын зурвас зөрчсөн эсэхийг захиргааны байгууллага өөрөө тогтоогоогүй, өөр өөр агуулгатай албан бичиг буюу нотлох баримт цугларсныг маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/607 дугаар захирамжийг зөв болохыг нотлохгүй, маргаан бүхий бодит нөхцөл байдлыг тогтоохын тулд оролцогчийг сонсох, тайлбар, санал гаргах боломжийг бүрэн дүүрэн хангаж ажиллаагүй, өөрөөр хэлбэл, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Нотлох баримт хүргүүлэх тухай” 03-06/6854 албан бичигт: “...2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 02-06/4420 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай мэдэгдлийг 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр иргэн П.Э-н гэрийн хаягаар, гар утасны дугаараар хүргүүлсэн, мэдэгдлийн эх хувийг 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр авсан” гэж ирүүлсэн, харин 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр тайлбар саналаа ирүүлэхийг шаардсан нь Захиргааны ерөнхий 26 дугаар зүйлд зааснаар захиргааны акт гаргахын өмнө сонсох ажиллагааг явуулах, мөн хуулийн 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагааг ямар арга хэлбэрээр, хэзээ явуулах талаар мэдэгдэл хүргүүлж, хэрэв сонсох ажиллагааг явуулсан бол түүний явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг баримтжуулах гэхчлэн нарийн дэс дараатай, үргэлжилсэн шинжтэй үйл ажиллагааг бүрэн дүүрэн хэрэгжүүлээгүй, хуулийн агуулга, зорилгод нийцэхгүй байна.

19. Хариуцагч нь Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах талаарх Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1. “гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших” нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээрх байдлаар зөрчсөн, үүгээрээ маргаан бүхий захиргааны акт хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж шүүх дүгнэлээ.

20. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д: “улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно” гэснийг хэрэглэн улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 21 дүгээр зүйлийн 21.2.3, 35 дугаар зүйлийн 35.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасныг тус тус баримтлан иргэн П.Э-с Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/607 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг төлбөрийг гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   У.Б