| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2020/01064/и |
| Дугаар | 184/ШШ2020/01576 |
| Огноо | 2020-05-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 184/ШШ2020/01576
| 2020 оны өдөр | 05 сар 11 р 184/ШШ2020/01576 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г овогт П.Н /РД:/. Хаяг: Хан-Уул дүүрэг, дугаар хороо, Яармаг, дугаар гудамж, тоот
Хариуцагч: Б овогт Т.А /РД: /. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, дүгээр гудамж, тоот
16,540,000 /арван зургаан сая таван зуун дөчин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.У, хариуагч Т.А, хариуцагчийн өмгөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маргад-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Тогоо гэдэг хүний зуучилснаар 2020 оны 1 дүгээр сард хариуцагч Т.А-тэй уулзаж танилцсан. Хариуцагч нь 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр гэхэд түрээсийн байранд намайг болон миний дүү н.Н, найз н.Ц, н.М нарыг түрээсийн орон сууцанд хамруулж өгнө гэж өөрийн эзэмшдэг Хаан банк дахь 51070 тоот дансанд 11,100,000 төгрөг, бэлнээр 3,300,00 төгрөг, бэлэн мөнгөний орлогын баримт үйлдэн П.Н, н.Ц нарын бүртгэлийн хураамж гэх агуулгаар хүн нэг бүрийн 1,070,000 төгрөг буюу 2,140,000 төгрөг, нийт 16,540,000 төгрөгийг авсан. Тэрээр надад би НОСК-д хүн таньдаг, түрээсийн байранд оруулж тусална гэж ойлгуулсан, би өөрийн дүү найз нараасаа мөнгийг нь авч түүнд дансаар болон бэлнээр аваачиж өгч байсан, тэд бие биенээ танихгүй. Надад мөнгөө өгсөн миний дүү, бас найз маань надаас л мөнгөө авахаас биш хариуцагчаас нэхэмжлэхгүй, түүнтэй уулзаагүй, ямар нэгэн хэлцэл хийгээгүй. Түүний яриад байгаа С.Б гэх хүнийг би танихгүй, энэ хүний талаар надад яриагүй, өөрөө чадна, өнөө маргааш бүтнэ гэж хуурсаар яваад 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр түрээсийн байранд оруулж чадахгүй боллоо, та нарын мөнгийг өөр хүнд өгч байсан, залилуулсан гэх асуудал ярьсан.
Иймд хариуцагч Т.А-аас 16,540,000 төгрөг нэхэмжилж байна.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаан гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. П.Н-ийн нэхэмжлэлдээ шаардсан мөнгийг миний бие аваагүй, орон сууцанд оруулж өгнө гэсэн иргэн С.Батхишиг гэгчид шилжүүлэн өгснөөс гадна би өөрөө бас түрээсийн орон сууцанд орохын тулд өөрийн 6,810,000 төгрөг, аав Б.Т-ийн 1,070,000 төгрөг, ах Т.Н-ийн 1,070,000 төгрөг, бэр дүү Б.Н-ийн 1,070,000 төгрөг, нийт 10,020,000 төгрөгийг С.Б өгсөн байсан.
Харин биднийг орон сууцанд оруулна хэмээн мөнгийг маань авсан, С.Б гэгч нь 2020 оны 2 дугаар сарын 14-нд гэнэт утсаа авахаа больж, алга болсон бөгөөд түүнээс хойш нэхэмжлэгч П.Н, намайг буруугаар ойлгох болж, улмаар энэхүү нэхэмжлэлийг гаргасан гэж үзэж байна. Миний бие П.Н-ийн орон сууцанд орох зорилгоор шилжүүлсэн мөнгийг ямар нэг байдлаар өөртөө ашигласан зүйлгүй. Миний гаргасан гомдлоор энэхүү хэргийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын 1-р хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд би хохирогчоор мэдүүлэг өгсөн болно. Иймд П.Н-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч П.Н-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Учир нь нэхэмжлэгчээс авсан мөнгийг хариуцагч ашиглаагүй, С.Б-т залилуулсан байдаг бөгөөд С.Б-т цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа болох нь Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас ирүүлсэн албан бичгээр нотлогддог. Мөн нэхэмжлэгч нь өөрийн мөнгийг бус өөр этгээдийн мөнгийг давхар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсгүүдэд зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Н нь хариуцагч Т.А-д холбогдуулан 16,540,000 төгрөг гаруулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ түрээсийн орон сууцанд оруулж өгнө хэмээн хариуцагчийн авсан 16,540,000 төгрөгийг буцаан гаргуулна гэж, хариуцагч нь нэхэмжлэгчээс 16,540,000 төгрөг /бэлнээр болон дансаар/ авсан тухайд маргахгүй, харин авсан мөнгийг өөрөө ашиглаагүй, С.Б гэгчид залилуулсан, түүний энэхүү үйлдлийг эрүүгийн журмаар шалгаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой гэж маргаж байна.
Хариуцагч Т.А нь Нийслэлийн орон сууцны корпорациас хэрэгжүүлж байгаа орон сууц түрээслэх хөтөлбөрт хамруулж өгнө хэмээн нэхэмжлэгчээс бэлнээр 5,440,000 төгрөг, дансаар 11,100,000 төгрөг, нийт 16,540,000 төгрөгийг авсан болох нь зохичдын тайлбар, Хаан банк дахь нэхэмжлэгчийн 5033197446, хариуцагчийн 5107011449 тоот дансны хуулгаар тогтоогдсон. /хх-ийн 3-10, 45/
Зохигчийн тайлбараас үзэхэд нэхэмжлэгч П.Н нь өөрийгөө болон дүү, найз нарыгаа түрээсийн орон сууцанд оруулах зорилгоор хариуцагч Т.А-тай харилцан тохиролцож мөнгийг шилжүүлэн өгсөн ба хариуцагчийг залилсан гэх С.Б гэгчтэй уулзаж байгаагүй, танихгүй болох нь тогтоогдож байна.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас тус шүүхэд ирүүлсэн 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 1/1924 тоот албан бичигт С.Б нь Нийслэлийн орон сууцны корпорацийн ажилтан гэж өөрийгөө танилцуулан, их хэмжээний хохирол учруулсан үйлдэлтэй хэрэг бүртгэлийн хэрэг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст шалгагдаж байгаа талаар дурджээ.
Хариуцагч Т.А нь нэхэмжлэгчээс авсан 16,540,000 төгрөгөө С.Б-т шилжүүлэн өгснөө нотлохоор гаргаж өгсөн дансны хуулгаас үзэхэд түүний данснаас 5079002284 тоот дансанд 7 удаагийн гүйлгээгээр, нийт 13,090,000 төгрөгийг шилжүүлсэн байна. /хх-ийн 45, 46/
Тухайн дансны 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 1,100,000 төгрөгийн гүйлгээний агуулга гэх хэсэгт нэхэмжлэгчийн 99818131 дугаар бичигдсэн бусад гүйлгээ нь дүү гэсэн агуулгатай байгаа бөгөөд хариуцагч өөрийн болон аав, дүүгийн нийт 10,020,000 төгрөгийг С.Б-т өгч залилуулсан гэж тайлбарласан.
Хариуцагч Т.А-ийн С.Б-д залилуулсан гэх үйлдлийг эрүүгийн журмаар шалгаж байгаа нь нэхэмжлэгчийн хариуцагчид холбогдуулан иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй гэж үзлээ.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1 дэх хэсэгт хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар заасан байх бөгөөд талууд Нийслэлийн орон сууцны корпорациас хэрэгжүүлж байгаа хөтөлбөрт нэг талаас бусдад мөнгө төлж хамрагдах, нөгөө талаас өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлэхээр тохиролцсон нь хууль зөрчсөн байна.
Хариуцагч Т.А нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн түрээсийн орон сууцанд хамруулах үүргээ биелүүлэх боломжгүй нь илэрхий болсон, мөн нэхэмжлэгч нь хариуцагчаас үүргээ биелүүлэхийг шаардаж болохооргүй нөхцөл байдал үүссэн байна .
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 492.1.2 дахь хэсэгт бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах буюу хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон, мөн үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохооргүй үлэмж маргаантай тохиолдолд буцаан шаардах эрхтэй байхаар заажээ.
Иймд хариуцагч бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэх үндэслэл тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Т.А-аас 16,540,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Н-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсгүүдэд нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгохоор заасан байх бөгөөд хэрэгт авагдсан баримтаар хуульд заасан энэхүү үндэслэл тогтоогдоогүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.А-аас 16,540,000 /арван зургаан сая таван зуун дөчин мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Н-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,650 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 240,650 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ