Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2022/00376

 

 

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2022/00376

 

 

 

Микро кредит ББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/02944 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 00174 дүгээр магадлалтай,

Микро кредит ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ц.*******т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 51,610,466.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Микро кредит ББСБ ХХК нь хариуцагч Ц.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 51,610,466.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

2. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/02944 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 225 дугаар зүйлийн 225.1-т заасныг тус тус баримтлан зохигчийн хоорондын 2019 оны 06 сарын 28-ны өдрийн 1100005057 дугаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хариуцагч Ц.*******аас 51,577,934 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Микро кредит ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 32,533 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 416,002 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 415,839 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 00174 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/02944 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Миний бие Хан-уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.30-ны өдрийн 183/ШШ2020/02944 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.01.15-ны өдрийн 00174 дугаартай магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Ц.******* нь Микро кредит ББСБ ХХК-аас зээл авахдаа уг зээлийн барьцаанд ээж С.Долсүрэнгийн 2 өрөө орон сууцыг барьцаалж зээл авсан. Гэтэл С.Долсүрэнгээс орон сууцаа барьцаалах эрх олгосон итгэмжлэл нь зээл авснаас хойш 3 хоногийн дараа буюу 2019.07.01-ний өдөр олгогдсон байгааг анхан болон давах шатны шүүх анхаарч үзсэнгүй. Зээлийн гэрээний 7.2.2-т зээлдэгч худал мэдээлэл өгсөн хуурамч баримт бүрдүүлэн зээл авсан гэж заасныг үндэслэн Микро кредит ББСБ ХХК-иас уг гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар заасныг ч шүүх ойшоож үзээгүй. Мөн барьцааны гэрээг үндэслээд зээлийн гэрээ байгуулсан нь хавсралтаараа хүчин төгөлдөр байна гэж гэрээн дээрээ тодорхой тусгасан, гэрээний 7.2.2-т талууд гэрээг дуусгавар болгох, цуцлах заалт байгаа учраас гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзээд байгааг анхаарна уу. Гэрээний 7.2.3-т ... эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөл нь түдгэлзсэн, хүчингүй болсон, хугацаа нь дууссан бол гэрээг дуусгавар болгох, цуцлахаар 7-р бүлэгт тодорхой дурдсаныг 2 шүүх анхаараагүй. Учир нь Микро кредит ББСБ ХХК-ийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийнх нь хугацаа дууссан байсныг хэлэхэд анхан шатны шүүх хурал дээр итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үүнийг зөвшөөрч байсныг шүүх анхаарна уу. Микро кредит ББСБ ХХК-ийн төлөөлж буй ажилтнууд нь Ц.*******аас удаа дараа барьцааны эд зүйл болох байраа чөлөөлж өгөхийг шаардаад байгаа талаар шүүхэд мэдэгдээд байхад ч үүнийг анхаарч үзээгүй юм. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

6. Нэхэмжлэгч Микро кредит ББСБ ХХК хариуцагч Ц.*******т холбогдуулж, зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 51,610,466.42 төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ... ямар ч банк бус санхүүгийн байгууллага барьцаа хөрөнгөгүйгээр зээл олгодоггүй, барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус тул зээлийн гэрээ ч хүчин төгөлдөр бус... гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх хариуцагч Ц.*******аас 51,577,934 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Микро кредит ББСБ ХХК-д олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисон байна.

 

7. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын хүрээнд дүгнэлт хийж, зохигчийн хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцаанд хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

8. Хэргийн баримтаас үзэхэд талууд 2019.06.28-ны өдрийн 1100005057 дугаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Микро кредит ББСБ ХХК нь 38,915,000 төгрөгийг өрхийн хэрэглээний зориулалтаар сарын 3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлтэйгөөр зээлдэгч Ц.*******тай харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан байна.

 

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т ...банк бус санхүүгийн үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу эрхэлнэ... гэж зааснаар нэхэмжлэгч Микро кредит ББСБ ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд болох талаар хэрэгт баримт авагдаагүй байх бөгөөд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар Микро кредит ББСБ ХХК зээлдэгчээс хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлэх хүү шаардах эрхгүй талаарх шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

9. Зохигч 2019.06.28-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан, тэдгээрийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т нийцжээ.

 

10. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх ба хариуцагч үндсэн зээл болон зээлийн хүүг 2020.07.20-ны өдрөөс хойш буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлснээ нотолж чадаагүй байна.

 

11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Ц.******* нь Микро кредит ББСБ ХХК-аас зээл авахдаа уг зээлийн барьцаанд ээж С.Долсүрэнгийн 2 өрөө орон сууцыг барьцаалж зээл авсан. Гэтэл С.Долсүрэнгээс орон сууцаа барьцаалах эрх олгосон итгэмжлэл нь зээл авснаас хойш 3 хоногийн дараа буюу 2019.07.01-ний өдөр олгогдсон байгааг анхан болон давах шатны шүүх анхаарч үзсэнгүй..., Мөн барьцааны гэрээг үндэслээд зээлийн гэрээ байгуулсан нь хавсралтаараа хүчин төгөлдөр байна гэж гэрээнд тусгасан, гэрээний 7.2.2-т талууд гэрээг дуусгавар болгох, цуцлах заалт байгаа учраас гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзээд байгааг анхаарна уу... гэсэн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй.

 

Учир нь нэхэмжлэгч Микро кредит ББСБ ХХК барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг 2020.10.23-ны өдрийн 183/ШЗ2020/14891 дүгээр шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүх энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй, хоёр шатны шүүх хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн байна.

 

11. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/02944 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 00174 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 416,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

П.ЗОЛЗАЯА

 

Д.ЦОЛМОН