Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2020/02944

 


2020 10 30 183/ШШ2020/02944

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, тоотод байрлах, М.ББСБ ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа наадамчдын зам гудамж хаягт оршин суух,  Ц.ын Б. /РД:/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 51 610 466,42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буян-Аривжих нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Ц.Б. нь 2019 оны 06 сарын 28-ны өдөр №ЗГ1100005057 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 38 915 000 төгрөгийн зээлийг жилийн 36 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай хэрэглээний зээл авсан. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн зээл, зээлийн хүүг тодорхой хуваарийн дагуу сар бүр эргүүлэн төлөх үүргээ зөрчин, зээлийн төлбөрөө төлөхгүй манай байгууллагыг хохироож байгаа тул зээлдэгчтэй байгуулсан гэрээг хугацаанаас өмнө цуцалж, 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 38 915 000 төгрөг, зээлийн хүү 12 638 743.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26 718.31 төгрөг, нийт 51 610 466.42 төгрөгийг Ц.Б.аас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Ямар ч банк бус санхүүгийн байгууллага барьцаа хөрөнгөгүйгээр зээл олгодоггүй, барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус тул зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус. Барьцааны байрны өмчлөгч Ц.Б.ын ээж 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдөр итгэмжлэл олгосон, барьцааны гэрээг үндэслээд зээлийн гэрээ байгуулсан нь хавсралтаараа хүчин төгөлдөр байна гэж гэрээн дээрээ заасан, уг гэрээ нь 2019 оны 6 дугаар сарын 28-ний өдөр байгуулагдсан. Гэрээний 7.2.2-т талууд гэрээг дуусгавар болгох цуцлах гэсэн заалт байгаа учраас гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.ББСБ ХХК нь хариуцагч Ц.Б.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 51 610 466,42 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргав.

 

Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Талууд 2019 оны 06 сарын 28-ны өдөр 1100005057 дугаар зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч М.ББСБ ХХК нь 38 915 000 төгрөгийг өрхийн хэрэглээний зориулалтаар сарын 3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлөөр шилжүүлэх, зээлдэгч Ц.Б. нь зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хүү, үндсэн зээлийн төлбөрийг сар бүр төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч М.ББСБ ХХК-ийг зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.

 

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т ...банк бус санхүүгийн үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу эрхэлнэ..., 9 дүгээр зүйлийн 9.3-т ...тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд банк бус санхүүгийн үйл ажиллагааны төрөл, эрхлэх хугацааг тодорхой заана. гэж тус тус заасан.

 

Нэхэмжлэгч нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд болохоо нотлоогүй тохиолдолд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар зээлдэгчээс хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлэх хүү шаардах эрхгүй болно.

 

Иймд талуудын хооронд байгуулсан гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаанд хамаарах ба гэрээ хүчин төгөлдөр байна. Нэхэмжлэгч барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар шаардлага гаргаагүй тул талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв. Өөрөөр хэлбэл хариуцагчийн ...барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус тул зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус... гэх татгалзал үндэслэлгүй болно.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Хариуцагч зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг хүлээн авсан эсэх талаар маргаагүй ба нэхэмжлэгч М.ББСБ ХХК нь зээлийн мөнгө хөрөнгө 38 915 000 төгрөгийн шилжүүлсэн болох нь хариуцагчийн дансны хуулгаар тогтоогдож байх тул шүүх нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

 

Зээлийн эргэн төлөлтийн хуваариас үзэхэд зээлдэгч нь эхний 12 сарын турш зөвхөн хүүгийн төлөлт төлөхөөр тохирсон ба зээлдэгч буюу хариуцагч нь гэрээний хугацаанд 3 605 185 төгрөгийн хүү, 5 814 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүгийн төлөлт хийсэн болох нь хариуцагчийн дансны хуулга болон хүү тооцооллын хүснэгтээр нотлогдож байна.

 

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2021 оны 06 сарын 15-ны өдөр дуусахаар байгаа хэдий ч хариуцагч нь зээл, түүний хүүг сар бүр буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй зөрчиж, тодруулбал 2020 оны 07 сарын 20-ны өдрөөс огт төлөлт хийгээгүй байгааг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасан ялимгүй зөрчил гэж үзэх боломжгүй юм.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар шаардах эрхтэй ба гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй, гэрээний 7.2.1-т зааснаар нэхэмжлэгч өөрийн санаачилгаар тухайн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах нөхцөл үүссэн байна.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар үндсэн зээл 38 915 000 төгрөг, зээлийн хүүнд 12 662 934 төгрөг нийт 51 577 934 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 32 533 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, хангагдсан шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хариуцуулж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шаардлагад ногдох тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 225 дугаар зүйлийн 225.1-т заасныг тус тус баримтлан зохигчийн хоорондын 2019 оны 06 сарын 28-ны өдрийн 1100005057 дугаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хариуцагч Ц.Б.аас 51 577 934 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.ББСБ ХХК олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 32 533 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 416 002 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 415 839 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан иргэнээс төлбөр гаргуулах журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ