Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 196

 

Г.Д-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 787 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 173 дугаар магадлалтай, 1706001980266 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1992 онд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, морин хуурч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, М овогт Г-ийн Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Д-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг баримтлан Г.Д-д оногдуулсан 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлж шийдвэрлэжээ.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн шүүгдэгч Г.Д-д оногдуулсан торгох ялыг чөлөөлсөн 3 дахь заалтыг хүчингүй болгож,

тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Г.Д-д оногдуулсан 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай”,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Г.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэсэн нэмэлт заалтуудыг оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээн прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “2015 оны Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно”, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж тус тус заасны дагуу 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1, 1201 дугаар зүйлийн 1201.1-д зааснаар гэм буруутайд тооцож, улмаар мөн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр чөлөөлөх байсан.

Г.Д анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирогчтой сайн дураар эвлэрсэн, одоо хамтын амьдрал хэвийн байгаа, гэм хорыг арилгасан зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч байна. Гэмт хэрэг 2017 оны 06 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө гарсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн дээрх 2 зүйл хэсгээр зүйлчлэгдсэн ч хоёулаа хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарагдах учраас хөөн хэлэлцэх өнгөрсөн байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, Г.Д-г холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Х.Батчимэг гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Энэ гэмт хэрэгт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжүүд алга байна. Өөрөөр хэлбэл прокурор нэг удаагийн үйлдэлд нь яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд хэргээс харахад хохирогч байнгын айдас түгшүүрт байсан, байнга зодуулсан, байнга гэр бүлийн хүчирхийлэлтэй орчин нөхцөлд байсан баримт байхгүй байна. Харин хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнийн гаргасан гомдлыг үндэслэн Г.Д-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Г.Д нь 2017 оны 06 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 62 дугаар байрны 168 тоотод эхнэр Б.Т-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Д-гийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулжээ.

2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль нь оногдуулах ялыг хөнгөрүүлж, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн тул хуулийг буцаан хэрэглэж Г.Д-д холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар зүйлчилж хуулийг жинхэнэ агуулгаар нь зөв ойлгож хэрэглэсэн байна.

Учир нь шүүгдэгч Г.Д нь 2017 оны 06 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө буюу шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль мөрдөгдөж эхлэхээс өмнө хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн бөгөөд хэдийгээр гэмт хэрэг үйлдэгдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх ёстой байсан боловч торгох ялын хэмжээг багасгаж, баривчлах ялыг хассан, өөрөөр хэлбэл ял шийтгэлийг хөнгөрүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэл бий болсон байжээ.

Харин Г.Д-д холбогдох хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх үед анхан шатны шүүх тогтоох боломжгүй байсан шүүгдэгчид ашигтай өөр нөхцөл байдал бий болсон байтал давж заалдах шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж дүгнэлээ.

Тодруулбал, 2002 оны Эрүүгийн хуулиар хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрвөл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалт үйлчилж байсан бол шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд зааснаар дээрх хугацаа 1 жил болж нэмэгдсэн бөгөөд хэргийг хяналтын шатны шүүх хянан хэлэлцэх явцад 2002 оны Эрүүгийн хуулиар тогтоосон хөнгөн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул гэмт хэрэг үйлдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хуулийг хэрэглэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байна.

Иймд шүүгдэгч Г.Д-г гэмт хэрэг үйлдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнийн гаргасан “эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх” тухай гомдол болон прокурорын гаргасан Г.Д-д холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хамтад нь хүлээн авч, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 787 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 173 дугаар магадлалд:

“Шүүгдэгч Г.Д-д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасныг баримтлан түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

                       

                      ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          С.БАТДЭЛГЭР

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН