Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 275

 

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын

Ардчилсан намын хорооны нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 18-ний өдрийн 221/МА2017/0356 дугаар магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Ардчилсан намын хорооны нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 28 дугаар шийдвэрээр: Сонгуулийн тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2, 163 дугаар зүйлийн 163.1, 163.1.1, 163.2, 163.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Ардчилсан намын хорооны тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Цэнгэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 8 дугаар тойргийн дүнг гаргасан сумын сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн 193 дугаар тойрогт нэр дэвшигчдийн төлөө өгсөн саналын нэгтгэл” бүхий шийдвэрийг хүчингүй болгож, сонгуулийн тус тойрогт Цэнгэл сумын Хурлын төлөөлөгчийг сонгох дахин сонгууль явуулахыг Цэнгэл сумын сонгуулийн даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гуравдагч этгээдүүдийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 5 дугаар сарын 18-ний өдрийн 221/МА2017/0356 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 28 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-д заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Ардчилсан намын хорооны нэхэмжлэлтэй "Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 8 дугаар тойргийн дүнг гаргасан сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны сонгуулийн 193 дугаар тойрогт нэр дэвшигчдийн төлөө өгсөн саналын нэгтгэл” бүхий шийдвэрийг хүчингүй болгож, сонгуулийн тус тойрогт Цэнгэл сумын Хурлын төлөөлөгчийг сонгох дахин сонгууль явуулахыг Цэнгэл сумын Сонгуулийн хороонд даалгах" шаардлага бүхий Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Ардчилсан намын хорооны дарга Т.Айтуган хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх Сонгуулийн тухай хуулийн 162.2, 163.1.1 дэх заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэх үндэслэлгүй дүгнэлтийг хийх үндэслэл болсон байна.

Бидний зүгээс маргаан бүхий сонгуулийн тойрогт дахин сонгууль явуулахыг хариуцагчид даалгахыг хүсч нэхэмжлэл гаргаж байгаа тул "хариуцагчид дахин сонгууль явуулах үүрэг хэзээнээс эхэлж үүссэн буюу хэзээнээс эхэлж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй хууль бус эс үйлдэхүй гаргаж эхэлсэн вэ?" гэдгийг тогтоох нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн эсэхийг дүгнэхэд чухал шаардлагатай. Хариуцагч хууль бус эс үйлдэхүй гаргасан хугацаанаас эхлэн эс үйлдэхүйд гомдол, нэхэмжлэл гаргах хугацаа тоологдох юм. Ардчилсан намын нэр дэвшигчдийг нэрсийн жагсаалтаас хассантай холбоотой маргааныг шүүх эцэслэн шийдвэрлэснээр хариуцагчид дахин сонгууль явуулах үүрэг үүссэн гэж үзэж байна. Учир нь, Сонгуулийн тухай хуулийн 162 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн нэр дэвшигчдийг хасах тухай шийдвэрийг хүчингүй болгох тухай шүүхийн эцсийн шийдвэр гарснаар маргаан бүхий сонгуулийн тойргийн дүн гаргасан шийдвэр хүчингүй болсон. Сонгуулийн тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.1.1 дэх заалтад сонгуулийн дүн гарсан шийдвэр хүчингүй болсноор дахин сонгууль явагдах тухай заасны дагуу дээрх маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор хариуцагчид дахин сонгууль явуулах үүрэг үүссэн юм. Иймд хуулиар хүлээсэн тус үүргээ биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйтэй бид хуульд заасан хугацаанд нь маргасан.

Давж заалдах шатны шүүхээс “тухайн үед нэхэмжлэл гаргах байжээ” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй дүгнэлт юм. Бид тухайн үед буюу сонгуулийн дүн гарсны дараа, өмнөх маргаан шийдвэрлэгдэхээс өмнө дахин сонгууль явуулахыг хариуцагчаас шаардах боломжгүй, эрхгүй байсан. Учир нь, Сонгуулийн тухай хуулийн 163.1.1 дэх заалтад сонгуулийн дүн гаргасан шийдвэр хүчингүй болсноор дахин сонгууль явагдах тухай заасан бөгөөд тухайн үед сонгуулийн дүн гарсан шийдвэр хүчингүй болоогүй, хариуцагчийн нэр дэвшигчээс хасах тухай шийдвэр нь хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдоогүй байсан.

Хуулийн 163.1.1 дэх хэсэгт заасан дахин сонгууль явуулах үндэслэл болох “сонгуулийн дүн гаргасан шийдвэр хүчингүй болсон” нөхцөл байдал бүрдээгүй байхад бид хариуцагч болон шүүхээс дахин сонгууль явуулахыг шаардах эрхгүй юм. Сонгуулийн тухай хуулийн 162.2 дахь заалтын дагуу сонгуулийн хууль тогтоомж зөрчигдсөнийг шүүхийн шийдвэрээр тогтоогдсоноор сонгуулийн дүн гаргасан шийдвэр хүчингүй болж байгаа билээ.

Түүнчлэн, хариуцагчийн 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн “Нэр дэвшигчдийг нэрийн жагсаалтаас хасах тухай” 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулахтай холбоотой нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр шийдвэрлэсэн бөгөөд энэ үед сонгуулийн дүн гараагүй байсан. Иймд бид нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэн сонгуулийн дүнтэй давхар маргах боломжгүй байсныг анхаарах нь зүйтэй. Иймд “тухайн үед үүссэн захиргааны хэрэгтэй цуг шийдвэрлүүлэх байсан" гэж шаардах боломжгүй юм. Хэрэв давж заалдах шатны шүүх тийнхүү агуулгаар дүгнэлт хийж байгаа бол мөн адил үндэслэлгүй дүгнэлт юм. Дахин сонгууль явуулахыг шаардах асуудлаар хөөн хэлэлцэх хугацааг өмнөх маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш тоолох үндэслэлтэй гэж үзэж байна.

Сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “сонгуулийг ... хүчингүйд тооцсоны дараа тухайн тойрогт явагдах сонгуулийг" дахин сонгууль гэж ойлгох тухай заасны дагуу “дахин сонгууль” гэдэг бол өмнөх сонгууль хуулийн дагуу хүчингүйд тооцогдсоны дараа явагдах сонгууль юм. Иймд дахин сонгууль явуулахыг хариуцагчаас шаардах эрх өмнөх сонгууль хүчингүй болсон буюу маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гарснаар үүссэн юм.

Түүнчлэн, сонгуулийн дүн гаргасан шийдвэр нь бид нэхэмжлэл гаргасан эсэхээс үл хамааран хүчингүй болох байна. Сонгуулийн тухай хуулийн 162 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчигдсөн, үүний улмаас хүний эрх зөрчигдсөн болохыг шүүх тогтоосноор сонгуулийн дүн шууд хүчингүй болохоор хуульд заасан байна. Өөрөөр хэлбэл хууль тогтоомж зөрчсөнийг тогтоосон шүүхийн шийдвэр гарснаар дахин ямар нэгэн байгууллага, шүүхээс шийдвэр гаргахыг шаардахгүйгээр сонгуулийн дүн хүчингүй болж байгаа юм байна. Тухайлбал, Сонгуулийн тухай хуулийн 135 дугаар зүйл, 148.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлүүдэд сонгуулийн дүн гаргасан шийдвэр 2 хэлбэрээр хүчингүй болохоор заасан байх бөгөөд нэг бол сонгуулийн байгууллага шийдвэр гаргаж хүчингүй болгох талаар заасан бол бидний маргаж буй тохиолдолд сонгуулийн дүн гаргасан шийдвэр шууд хүчингүй болохоор заасан байна.

“Хөөн хэлэлцэх хугацааг сонгуулийн дүн гарсан үеэс эхлэн тоолно" гэж үзвэл давж заалдах шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 15 дахь хэсгийг хэрэглэх ёстой байсан гэж үзэж байна. Учир нь, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх нь маргаан бүхий захиргааны актын талаар иргэн, хуулийн этгээд маргахгүй хугацааг хэтрүүлэх тухай ойлголт. Иймд захиргааны байгууллагад гомдол гаргаж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан бол хугацааг хэтрүүлээгүй гэж үзэх юм. Бидний хувьд анх намын нэр дэвшигчдийг нэрсийн жагсаалтаас хассан шийдвэртэй маргаж байсан нь бид тухайн асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй маргах сонирхолтой болохоо илэрхийлж байсан хэрэг юм. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 33.15 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэлд хамааруулж ойлгох нь зүйтэй гэж үзэж байна.

Түүнчлэн, хэрэв хөөн хэлэлцэх хугацаа сонгуулийн дүн гарсан үеэс эхлэн тоолно гэж үзвэл захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.8 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэлээ. Хуулийн тус заалтад заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахын тулд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх, тийнхүү хугацаа хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байх учиртай. Хэрэв: бид хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзвэл үүнийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэх үндэслэлтэй.

Хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзвэл тэр нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх дараах үндэслэл байна. Хэрэв бид сонгуулийн дүн гарах үед шүүхэд нэхэмжлэл гаргасан бол Сонгуулийн тухай хуулийн 163.1.1 дэх хэсэгт заасан дахин сонгууль явуулах үндэслэл болох "сонгуулийн дүн гарсан шийдвэр хүчингүй болох” нөхцөл байдал бүрдсэн эсэх маргаан захиргааны хэргийн давж заалдах шүүхэд шийдвэрлэгдэж байсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт “захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ...журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэхээр заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзэж, ялгаагүй өмнөх маргаан эцэслэн шийдвэрлэгдсэнээр энэхүү маргаан шийдвэрлэгдэх байсан.

Гэвч, бидний гол үндэслэл болгож байгаа зүйл бол Сонгуулийн тухай хуулийн 163.1.1, 162.2 дахь заалтуудын дагуу сонгуулийн хууль тогтоомж зөрчигдсөнийг эрх бүхий байгууллага тогтоосноор сонгуулийн дүн гаргасан шийдвэр хүчингүй болж, энэ үеэс эхлэн хариуцагчид дахин сонгууль явуулах үүрэг үүссэн тул тус үүргээ биелүүлээгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан үеэс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолох үндэслэлтэй гэж үзэж байна.

 Иймд дээрх үндэслэлүүдээр захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэхийг хүсч байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Ардчилсан намын хорооноос тус сумын Сонгуулийн хороонд холбогдуулан 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 8 дугаар тойрогт нэр дэвшигчдийн төлөө өгсөн саналын нэгтгэл бүхий шийдвэрийг хүчингүй болгуулах, тус тойрогт дахин сонгууль явуулахыг даалгах нэхэмжлэлийг гаргажээ.

2016 оны Орон нутгийн хурлын сонгуулиар Цэнгэл сумын 8 дугаар тойрог нь 4 мандаттай байсан бөгөөд нэхэмжлэгч Намын хорооноос нэр дэвшсэн 2 нэр дэвшигчийг “цэргийн алба хаасан байх үүргээ биелүүлээгүй, нэг намын гишүүнийг өөр намаас нэр дэвшүүлэхгүй” гэсэн үндэслэлээр нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хассан байна. Улмаар энэхүү тогтоолын хууль зүйн үндэслэлийг шүүхээс хянаж, нэхэмжлэлийг хангаж, Сонгуулийн хорооны шийдвэр хууль зөрчсөн болохыг тогтоосон шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Сонгуулийн хороо нь аливаа гомдол, мэдээллийг үндэслэлтэй, хуулийн хүрээнд шийдвэрлэх үүрэгтэй атал нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хасах хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад хоёр нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хассанаас шалтгаалан нэхэмжлэгч намаас нэр дэвшсэн иргэд сонгогдох эрхээ эдэлж чадаагүй, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарласан, Монгол Улсын Үндсэн Хуулийн Арван зургаадугаар зүйлийн 9 дэх хэсэг, Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн, энэ талаар анхан шатны шүүхээс зөв дүгнэсэн байна.

Сонгуулийн тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2 дахь хэсэгт сонгуулийн хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн нь маргаан хянан шийдвэрлэх эрх бүхий этгээдийн шийдвэрээр тогтоогдсон хэмжээгээр аймаг, нийслэл, сум, дүүргийн дүн гаргасан шийдвэр хүчингүй болохоор заажээ. Өөрөөр хэлбэл сонгуулийн дүн гаргасан шийдвэр хууль зүйн хувьд үр дагаваргүй, түүнд ямар нэгэн байдлаар өөрчлөлт орох нь тодорхой болох юм.

Сонгуулийн хуулийн 163 дугаар зүйлийн 163.1.1 дэх хэсэгт зааснаар сонгуулийн дүн гаргасан шийдвэр хүчингүй болсон бол дахин сонгууль явагдах зохицуулалттай, мөн хуулийн 163 дугаар зүйлийн 163.2 дахь хэсэгт зааснаар дахин сонгууль явуулах шийдвэрийг тухайн шатны Сонгуулийн хороо гарган, хуульд заасан ерөнхий журмын дагуу зохион байгуулж явуулах ёстой.

Гэтэл хариуцагч нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу түүний гаргасан шийдвэр хууль бус байсан болохыг шүүхээс нэгэнт тогтоосон байхад хууль бус шийдвэрийн улмаас үүсэх үр дагаврыг арилгахгүй, дахин сонгууль зохион байгуулахгүй хууль бус эс үйлдэхүй гаргажээ.

Давж заалдах шатны шүүхээс “Сонгуулийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.3 дахь хэсгийг хэрэглэж, нэхэмжлэл гаргах хугацааг шинээр тооцох үндэслэл болохгүй, нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн” гэх дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь буруу байна.

Учир нь хуульд заасан дээрх нөхцөл байдал бүрдсэн буюу сонгуулийн дүнгийн холбогдох хэсгийг шүүхээс хүчингүй болгосон тул шүүхээс хүчингүй болгосон хэмжээгээр дахин сонгууль зарлах нь хариуцагчийн хуулиар хүлээсэн үүрэг болно. Эндээс “сонгууль дахин явуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага нь Сонгуулийн хорооны “сонгуулийн дүн гаргасан” шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянаж тогтоосны эцэст, дараа нь үүсэх бөгөөд нэхэмжлэгчийг хүчингүй болгуулах болон даалгах нэхэмжлэлийг нэгтгэж болон тус тусад нь гаргах эрхийг хуулиар хориглоогүй байна.

Захиргааны байгууллагын зүгээс нэхэмжлэгчээс дахин сонгууль явуулахыг даалгах нэхэмжлэл гаргасан эсэхээс үл хамааран, өөрийн гаргасан шийдвэрийн хууль зүйн үр дагаврыг бүрэн хариуцаж, хууль зөрчсөн шийдвэрийнхээ үр дагаврыг өөрөө арилгаж, холбогдох хуулийн дагуу сонгох, сонгогдох эрхийг зөрчихгүйгээр дахин сонгууль явуулах үүрэг нь хуулиар хариуцагчид үүссэн байх тул нэхэмжлэгчийг заавал “дахин сонгууль явуулахыг” даалгах нэхэмжлэлийг өмнөх нэхэмжлэлтэй хамт гаргах байсан гэж буруутгах нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болно.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллагаас хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан байх тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Сонгуулийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.3 дахь хэсэгт Сонгуулийн байгууллагын шийдвэр нээлттэй ил тол байх бөгөөд гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор нэхэмжлэл гаргах зохицуулалтад энэхүү маргааны үйл баримт хамааралгүй буюу Сонгуулийн хорооноос дахин сонгууль явуулахтай холбоотой ямар нэгэн шийдвэр гаргаагүй, нээлттэй, ил тод мэдэгдээгүй байна.

Түүнчлэн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 8 дугаар тойрогт нэр дэвшигчдийн төлөө өгсөн саналын нэгтгэлтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагын тухайд захиргааны байгууллагын дахин сонгууль зарлахгүй байгаа эс үйлдэхүйтэй уялдан үүссэн, шүүхийн шийдвэрээр хууль зүйн үр дагаваргүй болсон байхад захиргааны байгууллагаас холбогдох өөрчлөлтийг хийгээгүйгээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул шүүхээс даалгах нэхэмжлэлийн хамт нэг мөр шийдвэрлэх бүрэн боломжтой байжээ.

Дээрх үндэслэлүүдээр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 18-ний өдрийн 221/МА2017/0356 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 28 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                М.БАТСУУРЬ  

ШҮҮГЧ                                                                                       П.СОЁЛ-ЭРДЭНЭ