Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 286

 

Ж.В-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор А.Ариунаа,

шүүгдэгч Ж.В, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэцэцэг,  

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/74 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Вгийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1906052682412 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ашбагад овогт Ж.В, 1995 оны 12 дугаар сарын 29-ний өдөр, Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Төмөр замын 6 дугаар гудамж, 4 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: СЖ95122919/;

Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 423 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 220 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 01 сарын хорих ялаар шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 01 сарын хорих ялын зарим болох 5 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 10 жил 6 сарын хорих ялаар тогтоож шийтгэсэн, Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 196 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 5 жил 11 сар 25 хоногийн хорих ялаас чөлөөлж, хуулийн тэгшитгэлээр суллагдсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1350 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 285 дугаартай тогтоолоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон,  

 

Ж.В нь үргэлжилсэн үйлдлээр 09-44 УБК улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж:

 - 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 486 байрны подволийн 7 тоотод байрлах иргэн Э.Мөнх-Оюугийн эзэмшлийн орон байранд нэвтэрч 49 инчийн самсунг брэндийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 779.940 төгрөгийн хохирол учруулсан,

- 09-44 УБК улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 47 дугаар байрны подволийн 1 тоотод байрлах иргэн Б.Дондовын эзэмшлийн орон байранд нэвтэрч 32 инчийн панасоник брэндийн зурагт, 4 ширхэг мөнгөн аяга зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад 672.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ж.Вгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ашбагад овгийн Ж.В-г үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.В-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т тус тус зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ж.В-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.В-ийн 2020 оны 01 дүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон нийт 8 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.  

 

Шүүгдэгч Ж.В нь заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Би гэмт хэрэг үйлдэж, бусдад хохирол учруулсандаа гэмшиж, буруугаа ойлгож байна. Миний ээж Д.Жаргалмаа нь 54 настай, 2017 онд харваж байсан. Бие муу эмнэлгээр үзүүлж явдаг, эмийн хамааралтай, хааяа бие нь өвдөж хэвтэр орчихдог, улсаас тэтгэвэр, тэтгэмж авдаггүй хүн юм аа.

Миний дүү Алтанцогт нь ерөнхий боловсролын 9 дүгээр ангид сурдаг, сагсан бөмбөг тоглож байгаад бэртэж, өвдөгний чагтан холбоос урагдсан, сэмэрсэн тул дурангийн хагалгаанд орох шаардлагатай байгаа. Миний бие эх, дүүгийн хамт амьдардаг. Ганцаараа ажил хийж өрхийн амьжиргаагаа залгуулдаг байсан. 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч Б.Эрдэнэцэцэг надад оногдуулсан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэнэ гэснийг үндэслээгүй болно. Иймд миний ар гэрийн аргагүй байдлыг харгалзан үзэж, хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Өмгөөлөгчийн зүгээс Ж.В-ийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Анхан шатны шүүхээс Ж.В-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. Шүүгдэгч Ж.В нь уг гэмт хэргийн улмаас хохирогч Б.Дондовт учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Хохирогч Э.Мөнх-Оюуд учруулсан хохирол болох 30.000 төгрөгийг хүлээлгэн өгч, эд зүйлийг нь буцаан өгсөн байх тул бусдад төлөх төлбөргүй байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд үндэслэж, шүүгдэгч Ж.В-ийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно.” гэж зааснаар шүүгдэгч Ж.В-ийн ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

  

Прокурор А.Ариунаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Шүүгдэгч Ж.В-г үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар, бусдын байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, машин, механизм ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд, шүүгдэгч Ж.В-г хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон гэж үзээд, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Прокурорын зүгээс мөн 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр санал гаргасан. Шүүгдэгч Ж.В нь давж заалдах гомдолдоо эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэж хүссэн байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.В-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглээгүй. Энэ нь шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Шүүгдэгч Ж.В нь үргэлжилсэн үйлдлээр 09-44 УБК улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 486 байрны подволийн 7 тоотод байрлах иргэн Э.Мөнх-Оюугийн эзэмшлийн орон байранд нэвтэрч 49 инчийн самсунг брэндийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 779.940 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 47 дугаар байрны подволийн 1 тоотод байрлах иргэн Б.Дондовын эзэмшлийн орон байранд нэвтэрч 32 инчийн панасоник брэндийн зурагт, 4 ширхэг мөнгөн аяга зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад 672.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Б.Дондовын “...2019 оны 9 дүгээр сарын 02-ны өглөө 08 цагийн үед гэрээс гарч явсан бөгөөд эргэж 13 цагийн үед ирэхэд гадна бүргэд хаалга онгорхой байсан бөгөөд цааш ороход хаалганы цоож эвдэрсэн байсан учраас цагдаад дуудлага өгсөн. Цагаан шургуулган дотор байсан 4 ширхэг мөнгөн аяга ба 32 инчийн хар өнгийн зурагт алдагдсан бөгөөд зурагтыг 600.000 төгрөгөөр Баялаг Ундраа худалдааны төвөөс авч байсан. Би хулгайд алдсан 32 инчийн фанасоник зурагт, 4 ширхэг мөнгөн аягаа хүлээж авсан. ...” /хх 11-12/,

 

хохирогч Э.Мөнх-Оюугийн “...2019 оны 8 дугаар сарын 20-ны өглөө 07 цагийн үед гэрээсээ гарсан. Орой 20 цаг өнгөрч байх үед гэртээ ирээд түлхүүрээр цоожоо нээсэн ба гэрт ороход эд зүйлс байрандаа харин самсунг брэндийн 49 инчийн зурагт удирдлагын хамтаар байхгүй байсан. Алдагдсан зурагтыг 2017 оны 9 дүгээр сард Сайн компьютер худалдааны төвөөс 1.900.000 төгрөгөөр худалдан авч байсан. Би хохирлоо бүрэн барагдуулж өөрийн зурагтыг хүлээж авсан байгаа. ...” /хх 71-72/,

 

гэрч Г.Батбаярын “...Би өөрийн эзэмшлийн 09-44 УБК улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг түрээслүүлнэ гэж Unegui.mn сайтад 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр зар тавьсан байсан. Тэгээд тухайн өдөр Володъя гэх залуу залгаад миний машиныг 1 өдрөөр түрээслэхээр болж бид 2 Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Шархадны эцэс гэх газар уулзаад тэндээс Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр 16 дугаар хороололд байх ТҮЦ машинаас иргэний үнэмлэхийн хуулбарыг аваад нэг өдрийн мөнгөний урьдчилгаа гэж 45.000 төгрөг өгсөн. 9 дүгээр сарын 8-ны өдөр машинаа найз Нэмэхжаргалаар авахуулсан. Би өөрөө тухайн үед Хөх хот руу явсан байсан. Би 09- 44 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2016 онд Да-Хүрээ захаас 9.700.000 төгрөгөөр авч байсан. Миний өөрийн эзэмшлийн машин, ямар ч банк бус дээр байхгүй. Би уг машиныг одоо унаж байгаа. ...” /хх 17-18/,

 

Ж.В-ийн яллагдагчаар өгсөн: “...Би отверкаар нь хаалгыг онгойлгож ороод мөнгө болон эд зүйл хайгаад 32 инчийн фанасоник зурагт болон түүний доор байсан 4 ширхэг мөнгөн аяыг аваад Дарь-Эхийн шинэ эцсийн тойргийн хойно байх Нандин ломбарданд тавьсан. Тэгээд цагдаад баригдаад уг ломбарданд тавьсан эд зүйлийн мөнгийг төлөөд хохирогчид буцааж өгсөн. 8 дугаар сарын 20-ны өдөр машинтай таксинд явж байгаад Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 486 байрны подвольд хүн буулгаад эд зүйлийг нь оруулж өгсөн. Тэгээд 00 орох гээд нэг хаалганд цоож зүүгээд орхисон цоожлоогүй онгорхой байхаар нь ортол айл байсан. Тэгэхээр нь би том 49 инчийн Самсунг маркийн хар өнгийн зурагт байхаар нь энийг ломбарданд тавиад машины эзэнд мөнгийг нь өгчихөж болох юм байна гээд авч Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Далай хүү” гэх төвийн ломбарданд 600.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Тэгээд цагдаад баригдаад уг зурагтыг ломбарднаас мөнгийг нь төлж аваад эзэнд нь өгсөн. ...” /хх 48, 112/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 20-21, 71-72/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

 

Шүүгдэгч Ж.В-ийн хохирогч Э.Мөнх-Оюу, Б.Дондов нарын гэрт хууль бусаар нэвтэрч, нууцаар бусдын эд хөрөнгийг авч, уг хулгайлан авсан эд зүйлүүдээ машин механизм ашиглаж зөөвөрлөсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн...” гэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.

 

Шүүгдэгч Ж.В нь “...миний ар гэрийн аргагүй байдлыг харгалзан үзэж, хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү....” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.  

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.В-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т “...хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж заасан ялын доод хэмжээгээр буюу 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн ба энэхүү оногдуулсан ялын хэмжээ нь Ж.В-ийн үйлдсэн гэмт хэргийн хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэрэгт анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна гэж давж заалдах шатны дүгнэв.

 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.В-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/74 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.В-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                                ШҮҮГЧ                                           Б.ЗОРИГ

 

                                                ШҮҮГЧ                                           Д.ОЧМАНДАХ