Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2020/00510

 

 

 

 

 

 

 

 

  2020        02        18                                            181/ШШ2020/00510         

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б - холбогдох,

Ажлын хөлсний үлдэгдэл, нэмэлт ажлын зардал, алданги, барьцаа, магадлашгүй ажлын зардал нийт 1 549 904 110 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Гүйцэтгээгүй ажлын зардал, ажлын доголдлыг арилгах зардал, алданги, хохирол нийт 2 089 696 091 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэцогт, түүний өмгөөлөгч Ж.Батзоригт, Б.Баатарсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганзориг, түүний өмгөөлөгч Л.Отгондорж, Г.Сумъяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Сандаг нар оролцов.

       ТОДОРХОЙЛОХ нь:

                       

Нэхэмжлэгч И ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэцогт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “И” ХХК нь иргэн Б тай 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт оффис, үйлчилгээний зориулалттай барилга угсралтын ажлыг 2015 оны 09 дүгээр сарын 10-ны дотор хийж гүйцэтгэхээр тохиролцсон.

Иргэн Б гаас гэрээнд заасан өөрийн эрх үүрэг, түүнтэй холбогдох төлбөр тооцоотой холбоотой асуудлыг итгэмжлэгдсэн байгууллагын эрхийн үндсэн дээр хэрэгжүүлэх “Бишрэлт Инженеринг Энд Констракшн” ХХК-д шилжүүлсэн бөгөөд “И” ХХК нь “Бишрэлт Инженеринг Энд Констракшн” ХХК-тай дээрх хугацаанд хамтран ажилласан. “И” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ирсэн бөгөөд гэрээний дагуу барилгын ажлын гүйцэтгэлийг тухай бүр акт үйлдэж, нэхэмжлэлийн хамт хүлээлгэн өгч ирсэн. Гүйцэтгэгч компани нь гэрээний 2.2, 2.4-т заасан ажлуудыг барилга угсралтын ажлын гэрээнд заасан хугацаанаас 44 хоногийн өмнө буюу 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр гүйцэтгэж дууссан ба “Бишрэлт Инженеринг Энд Констракшн” ХХК-д ажлын гүйцэтгэлийн акт, нэхэмжлэлийг хүргүүлсэн боловч захиалагчаас хийж гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийг гэрээний 3.2-т заасан хугацаанд шилжүүлэх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрсэн.

Гэрээний 3.1-д гүйцэтгэх ажлын нийт дүн 3.6 тэрбум төгрөг бөгөөд энэхүү төлбөрийг бартер болон дансаар гүйцэтгэхээр заасан боловч захиалагчаас барилгын зураг төслийг өөрсдийн санаачлагчаар өөрчилж, үүнээс шалтгаалан нэмэлт зардал гүйцэтгэгчээс гарч энэ тухай захиалагчид мэдэгдэж, нэмэлт ажлын төлбөрийг нэхэмжилсэн өнөөдрийг хүртэл нэмэлт төлбөрийг төлөхөөс зайлсхийсээр байна.

Мөн захиалагч төлбөрийг бартераар буюу тодорхой хөрөнгө, эд зүйлээр төлөхөөр санал ирүүлдэг боловч тэдгээрийн үнийг зах зээлийн үнээс өндөр үнээр тус компанид санал болгох зэргээр гэрээний үүргээ удаа дараа зөрчиж төлбөр төлөхөөс зайлсхийсэн. Энэ талаар гүйцэтгэгч тухай бүр албан бичгээр болон албан уулзалтаар нөхцөл байдлыг тайлбарлаж, зөвшилцөлд хүрэхээр чармайлт гаргасан боловч өнөөдрийг хүртэл үр дүнд хүрсэнгүй.

Захиалагчийн зүгээс өрлөгийн ажлыг зураг болон гадна дулаан, цахилгаан, цэвэр бохир усны шугамын зөвшөөрлийг шийдвэрлээгүйгээс өрлөг болон гадна дэд бүтцийн ажил хугацаандаа хийгдэлгүй хүлээгдсэн бөгөөд яаралтай шийдвэрлэх талаар удаа дараа албан бичиг хүргүүлж мэдэгдсэн боловч холбогдох арга хэмжээг аваагүйгээс тус компанийн ажилчид болон мэргэжлийн ажилчид сул зогсолт хийж их хэмжээний алдагдалд ороод байна.

Захиалагчаас гэрээнд заасан санхүүжилтийн үндсэн төлбөрөөс 978 302 183 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй, гэрээний нийт алданги 1 076 655 604 төгрөг болж тус компанид их хэмжээний хохирол учирсан бөгөөд үйл ажиллагаа хэвийн явагдах боломжгүй байдалд хүргээд байна.

Иймд иргэн Б гаас гэрээний дагуу үндсэн ажлын төлбөр 978 302 183 төгрөг, Иргэний хуулийг үндэслэн гэрээний 10.2-т заасны дагуу төлбөрөө хугацаандаа төлөөгүйн алданги 489 151 092 төгрөг, нийт 1 467 453 275 төгрөгийг гаргуулахаар анх шүүхэд нэхэмжлэлээ гаргасан.

Барилгын төсөв зохиох дүрмийн 8.1 дэх хэсэгт “...Магадалшгүй ажлын зардлыг барилга угсралтын ажлын төсөвт өртгөөс орон сууц, иргэний зориулалттай объектод 2%, үйлдвэрийн зориулалттай объектод 3%-иар тус тус тооцно." гэж заасны дагуу талууд гэрээний дагуу хийгдэх ажлын төсөвт өртөгт магадалшгүй ажлын зардлыг 2% байхаар төсөвлөн тохиролцсон.

Барилга угсралтын ажлын явцад дараах магадалшгүй ажлын зардал гарсан.

Үүнд: - Хариуцагч Б гийн барилгын орц гарцын асуудлыг шийдэх зорилгоор Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар Төмөр Зам нийгэмлэгийн Замын 2-р ангийн хашаанд хийгдсэн Бетонон зам талбайн төсөвт өртөг болох 47 699 445 төгрөг, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар Төмөр Зам нийгэмлэгийн төлөөлөгч Дохиолол холбооны 2-р ангитай хийсэн 500 метр кабелийн сувагчлал хийх ажлын өртөг болох 11 984 115 төгрөг, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар Төмөр Зам нийгэмлэгийн Замын 2-р ангийн хашаанд хийгдсэн 500 метр сувгийн газар шороо, худаг сувагчлалын ажлын төсөвт өртөг болох 38 542 275 төгрөг, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар Төмөр Зам нийгэмлэгийн төлөөлөгч Замын 2-р ангитай хийсэн гэрээний дагуу талбай ашигласан төлбөр болох 2 000 000 төгрөг, нийт 100 225 836 төгрөгийг хариуцагч Б гаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Дээрхи нэхэмжлэлийн шаардлагаа тодруулбал гэрээний ажлын хөлс 3 600 000 000 төгрөгнөөс гэрээний 12.5-д заасны дагуу барьцаа 180 000 000 төгрөгийг суутгаад Б  нь нийт 3 420 000 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан. Үүнээс Б  2 463 327 810 төгрөг төлсөн, төсвийн дагуу өрлөгийн дутуу хийсэн ажлын хөлс 300 327 544 төгрөгийг хасаад үлдэгдэл төлбөр 656 344 646 төгрөгийг төлөөгүй. Мөн 10 давхарын зургийг өөрчилж, 10 давхарын цутгалтын ажил хийсэн. Сэндвичэн хийцийг бетон арматур болгосон хийцийн зөрүү нэмэлт ажлын хөлс 96 000 000 төгрөг болсон. Мөн дотор гэрэлтүүлэгийн ажлын хөлс 13 757 537 төгрөг, харуул хамгаалалтын 2015 оны 07 сараас 2016 оны 07 сар хүртэл хугацааны зардал 20 350 000 төгрөг болж нийт 786 452 183 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан боловч төлөөгүй. Үүнээс алданги 393 226 091 төгрөг, барьцааны 180 000 000 төгрөгнөөс алданги 90 000 000 төгрөг тус тус тооцон нэмж нийт 1 449 678 274 төгрөг болсон бөгөөд магадлашгүй ажлын зардал 100 225 836 төгрөгийг нэмж нийт 1 549 904 110 төгрөгийг Б гаас гаргуулахаар нэхэмжилсэн байгаа.

Иймд Б гаас 1 549 904 110 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б  нь шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “И” ХХК болон Б  нарын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 3,6 тэрбум төгрөгийн үнэ бүхий барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгч нийт 1 549 904 110 төгрөгийг нэхэмжилсэн байх ба дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Талуудын хооронд байгуулсан гэрээнд хийгдэх нийт ажлын үнийн дүн 3.6 тэрбум төгрөг байна. Төлбөрийг бартер болон дансаар гүйцэтгэхийг талууд зөвшөөрсөн бөгөөд энэ дүнд гэрээний 2-д заасан ажлыг бүрэн хийж дуусгахад шаардлагатай материал, хэв хашмал, тоног төхөөрөмж, машин техник, ажиллах хүчний хөлс бүхий л зардал багтсан байдаг. Гэрээний 9.1.1-т 2.2-т заасан графикийн дагуу дараагийн санхүүжилт олгохоос өмнө барилга угсралт, өрлөгийн гүйцэтгэлийн болон холбогдох бусад ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэсэн тухай акт үйлдэж талууд баталгаажуулахаар заасан.

Гэрээний 2.1-д гүйцэтгэгч И ХХК нь энэхүү гэрээнд заасан нөхцөл болон барилгын зураг төслийн дагуу Монгол улсад мөрдөгдөж байгаа барилгын норм дүрэмд зааснаар төмөр бетон карказан, доороо зоорийн давхартай, 11 давхар нийт 8736.64 м.кв талбайтай барилгын ажлыг гүйцэтгэх үндсэн нөхцөлтэйгээр барилга барих ажлыг эхлүүлсэн боловч гэрээний 1.5, 2.4-т заасан дуусах хугацаа 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн дотор байхаар талууд тохиролцсоныг зөрчиж, гэрээний үүргээ биелүүлэлгүй барилга угсралтын ажлыг бүрэн хэмжээгээр гүйцэтгэлгүй орхиж явсан. Гэтэл И ХХК нь нэхэмжлэлийн шаардлагадаа гэрээний 2.2, 2.4-т ажлуудыг барилга угсралтын ажлыг гэрээнд заасан хугацаанаас 44 хоногийн өмнө буюу 2015 оны 07 сарын 29-ний өдөр гүйцэтгэж дууссан гэж бодит байдлаас өөрөөр дүгнэсэн байна.

Гэрээний 2.3-т “...0-10 давхрын өрлөгийн ажил”, 11.1-д “Цэвэр, бохир, дулаан, цахилгааны шугам сүлжээ болон гадна бүхий л дэд бүтцийг хийх ... гүйцэтгэгч өөрийн зардлаар хийнэ” гэсэн үүргээ биелүүлэх арга хэмжээ аваагүй атлаа гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгэсэн гэснийг зөвшөөрөхгүй. Мөн гэрээний 12.1-д Барилгын ажилтай холбоотой хууль ёсны бүх төрлийн зөвшөөрлийг гүйцэтгэгч тал хариуцна гэсэн үүрэг хүлээсэн байтлаа захиалагч талаас шалтгаалан “өрлөгийн ажлын зураг болон гадна дулаан, цахилгаан, цэвэр, бохир усны шугамын зөвшөөрлийг шийдвэрлээгүйгээс өрлөг болон гадна дэд бүтцийн ажил хугацаандаа хийгдэлгүй хүлээгдсэн гэж байгаа нь огт үндэслэлгүй.

Гэрээний 6, 7-д Барилгын материалын шинжилгээ, шалгалт гэсэн заалтыг санаатайгаар зөрчиж барилгын үндсэн хийцэд цутгалтын ажилд ашигласан арматур төмөр нь Монгол Улсын барилгын стандарт, чанарын шаардлага хангаагүй байсан нь хяналт шалгалтын явцад илэрсэн бөгөөд уг аюултай зөрчлийг бүрэн арилгаагүй.

Иймд гэрээний 8.2-т гүйцэтгэгч ажлыг чанартай гүйцэтгээгүй тохиолдолд ажлын хөлс төлөхийг хойшлуулж, тухайн дутагдлыг засаж сайжруулсны дараа зохих төлбөрийг төлнө гэснийг И ХХК-д удаа дараа мэдэгдэж гомдлын шаардлага хүргүүлж байсан боловч хариуг өнөөдрийг хүртэл аваагүй байна.

1. Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.4-д ажил гүйцэтгэгч төсөв зохиохдоо үндэслэлгүй өндөр үнэлгээ тогтоосон бол захиалагч хөлс төлөхөөс татгалзах эрхтэй гэж заасан. Барилгын төсөвчдийн холбоо 3 102 739 119 төгрөг, Төсөвчин Пээлээсүрэн 2 665 332 146 төгрөг гэж барилгын гүйцэтгэлийн нийт төсвийг гаргасан.

2. Барьцаа 180 000 000 төгрөгийн тухайд, Барилгын тухай хуулийн 3.1.6-д “барилгын чанарын баталгаат хугацаа гэж ...ашиглалтад хүлээн авснаас хойш түүний чанар, аюулгүй байдлыг барилгын гүйцэтгэгч хариуцах хугацааг гэж тодорхойлсон, мөн хуулийн 12.4-д барилгын чанарын баталгаат хугацаа 3 жил байна гэж тодорхойсон. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д “Барилга байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно гэж тус тус заасан.

Иймээс Төсөвчин Г.Пэлээсүрэнгийн гаргасан төсвийн дүнгээс 5 хувийг тооцоход барьцаа 133 266 607 төгрөг болж байгаа бөгөөд 46 733 392,7 төгрөгийг үндэслэлгүйгээр нэхэмжилж байна гэж үзэж байна. нөгөө талаар барилгын ажлыг албан ёсоор хүлээн авсан өдрөөс эхлэн уг хугацааг тоолох тул барьцааны мөнгийг хүлээлгэн өгөх хугацаа болоогүй.

3. Иргэн Б  нь гэрээгээр хүлээсэн хөлс төлөх үүргээ биелүүлсэн. Б гийн зүгээс 2 463 327 810 төгрөг төлсөн талаар талууд маргадаггүй бөгөөд үүн дээр нэмж Б  нь нийт 333 860 000 төгрөгийг төлсөн. Үүнд: И ХХК, иргэн Бүд нарын хооронд 2014 онд байгуулагдсан “Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэлт гүйцэтгэлийн гэрээ”-ний Тооцоо хийх журамд Зөрүү төлбөр болох 95 860 000 төгрөгийг Баянгол дүүрэг Барс захын зүүн талд баригдаж буй иргэн Б гийн барилгын ажлын гүйцэтгэлээс хасаж тооцно гэж тодорхой заасан байгаа тул 95 860 000 төгрөгийг төлсөн. Мөн И ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын тооцоо гэх 2-р хавтаст хэргийн 98 талд авагдсан баримтын 3 мөрт Иргэн Б  үерийн усны далангийн ажил олгосон санхүүжилт 158 000 000 гэсэн, мөн 2-р хавтаст хэргийн 165 хуудсанд 2014.05.26-ны өдрийн Кассын орлогын ордер авагдсан бөгөөд үерийн усны далан гэсэн утгаар 80 000 000 төгрөгийг олгосон байгаа.

Ингээд Б  нь нийт 2 797 187 810 төгрөгийн төлбөрийн үүргээ биелүүлсэн.

4. Хийгдээгүй өрлөгийн тухайд, Гэрээний 2.3, 3.2.5-д 0-10 давхарын өрлөг /1100м3/ 520 000 000 төгрөг гэсэн байгаа. И ХХК нь хийгдээгүй өрлөгийн дүн 300 327 544 төгрөг гэсэн тул гүйцэтгэсэн өрлөгийн өртөг нь 219 672 456 төгрөг гэж үзэхээр байна. Гэтэл нийт 101 м3 өрлөгийн ажил хийсэн буюу 47 745 454.5 төгрөгийн өрлөгийн ажлыг хийсэн нь Дамно ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул 219 672 456 – 47 745 454,5 = 171 927 001.5 төгрөгийг илүү нэхэмжилсэн. Өрлөгийн ажлын гүйцэтгэлийн акт ирүүлээгүй тул төлбөр шаардах эрхгүй.

5. үлдэгдэл төлбөр 656 344 646 төгрөгийн тухайд, 7-10 давхарын цутгалтын ажлын акт ирүүлээгүй, захиалагч ажлыг хүлээж аваагүй тул гэрээний 9.1, 9.2-д заасны дагуу төлбөр төлөх үүрэг үүсээгүй.

6. 10 давхарын цутгалтын ажлын нэмэгдэл зардал 96 000 000 төгрөгийн тухайд, Барилгын тухай хуулийн 16.2 дахь хэсэгт Барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийг хориглоно гэж заасан бөгөөд 10 давхарын цутгалтын ажлыг зураг зөрчиж хийсэн. 10-р давхрын хучилт металл, дам нуруутай, сендвич хучилттай байсныг зургаас өөрчилж төмөр бетон болгосон. Захиалагч өөрчлөлтийг баталгаажуулаагүй байсан нь Дамно ХХК-ийн дүгнэлтээр тогтоогдсон. Иймээс Иргэний хуулийн 213.2-д зааснаар гүйцэтгэлийг хүлээн авахаас татгалзах эрхтэй байдаг тул төмөр бетон болгосон гүйцэтгэлийг хүлээн авахаас татгалзаж хүлээн аваагүй байгаа.

7. Харуул хамгаалалтын зардлын тухайд, Гэрээний 3.1-д ...бүхий л зардал багтсан гэж, мөн 5.2-д гүйцэтгэгч нь хамгаалалтын алба, ...аюулгүй байдал зэргийг хариуцан ажиллах ...үүрэгтэй гэж заасан. И ХХК нь харуул хамгаалалтын зардал төлсөн баримт, зардлын задаргаа байхгүй. Бодитоор төлөгдсөн, харуул хамгаалалт ажилласан эсэх нь тодорхойгүй байгаа.

8. Дотор гэрэлтүүлгийн ажлын зардал 13 757 537 төгрөгийн тухайд, Гэрээнд заагдсан ажил биш тул захиалагч төлбөр төлөх үүрэг хүлээхгүй. Дотор гэрэлтүүлгийн ажил хийгдээгүй.

9. Алданги 3 93 226 091.5 төгрөгийн тухайд, Үүрэг гүйцэтгүүлэгч өөрийн буруутай үйлдлээс шалтгаалан үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлээгүй.

10. Барьцаа хөрөнгийн алданги 90 000 000 төгрөгийн тухайд, Барьцаа хөрөнгийг 180 000 000 төгрөг гэж дүгнэх боломжгүй. Алданги тооцсон хугацаа тодорхойгүй. Шууд 50% тооцсон нь үндэслэлгүй. Барьцаа хөрөнгийг буцаан өгөх үүрэг үүсээгүй буюу барилга ашиглалтад оруулаагүй. Гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас ажил зогссон тул алданги төлөх үндэслэлгүй.

11. Магадлашгүй ажлын зардал 100 225 836 төгрөгийн тухайд, Магадлашгүй ажлын зардал тус бүрт нь гэрээ байгуулсан хэдий ч сар бүр 500 000 төгрөгийн түрээс төлөхөөс гадна нэмэлт төлбөр төлөх, ажил үйлчилгээ үзүүлэх замаар магадлашгүй ажлын зардлыг нэмэгдүүлсэн нь үндэслэлгүй. Тухайн ажлууд бодитоор хийгдсэн эсэх, төлбөр төлсөн эсэх нь тодорхойгүй, захиалагчид мэдэгдээгүй. Магадлашгүй ажлын зардлыг Захиалагчтай тохиролцож шийдвэрлээгүй.

Дээрхи үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 Хариуцагч Б.Боломаа нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэн Б д холбогдох болон иргэн Б гийн сөрөг нэхэмжлэлтэй “И” ХХК-д холбогдох “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний үүрэг биелүүлэх шаардлага бүхий маргаанд Б гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганзоригийн зүгээс дараах байдлаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж байна.

Нэг. Иргэн Б гийн зүгээс “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-г цуцалсантай холбогдуулан И ХХК-иас 2 089 696 091 төгрөгийн хохирлыг дараах байдлаар нэхэмжилж байна. Үүнд:

1. Гэрээний 11.1 болон 2017.03.22-ны өдрийн 10 тоот шинжээчийн дүгнэлтэд “Цэвэр бохир, дулаан, цахилгаан шугам сүлжээ болон гадна бүхий л дэд бүтцийг 100 метрт доторх ажлын зардлаар... хариуцаж хийнэ” гэж заасны дагуу уг ажлыг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэхэд гарах зардлыг гаргуулах буюу ажлын гүйцэтгэлийн дүнгээс хасуулах, Үүнд:

a. Гадна дулааны ажлын зардалд 152 615 194 төгрөг

b. Цахилгааны ажлын зардалд 134 911 700 төгрөг

c. Гадны бохирын ажилд 47 469 750 төгрөг

d. Гадна цэвэр усны ажилд 47 469 750 төгрөг буюу нийт 382 466 444 төгрөг

2. Гэрээний 6 зүйл “Хяналт”, 7 зүйл “Барилгын материалын шинжилгээ, шалгалт”-д зааснаар “Шинжилгээгээр шаардлага хангахгүй гэж дүгнэлт гарсан материалыг барилгад ашиглахыг хориглоно” гэсэн ноцтой зөрчлийг арилгах зорилгоор 1-6 давхрын цутгалтын ажилд ашигласан хувийн үйлдвэрийн арматур төмрийг барилгын зураг төсөлд заасан шаардлагад нийцүүлэхэд нийт 406 800 000 төгрөг, /Үүнийг 1-6 давхрын арматурын үнийн дүнгээр тооцов/

3. Шинжээчийн дүгнэлтээр тогтоосон “10-р давхрын хучилтыг зураг зөрчиж хийсэн учир тухайн ажлыг дахин гүйцэтгэхэд гарах зардалд 192 000 000 төгрөг,

4. Шинжээчийн дүгнэлт болон гэрээний 2.3, 3.2.5, 2.3-т заасан 1-10 давхрын өрлөгийн ажлыг бусдаар хийж гүйцэтгүүлэхэд гарах зардалд 468 000 000 төгрөг,

Хоёр. “И” ХХК нь 2015 оны 4 сарын 3-ны өдрийн “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний 1.5-д “Дуусах: 2015.9.10”, 2.4-д “Барилгын техникийн давхрыг 2015.9.10-нд дуусгана. Ийнхүү барилга угсралтын нийт ажлуудыг 2015.09.10-ны өдрийн дотор дараах үе шатаар хийж гүйцэтгэн дуусгасан байхаар талууд тохиролцов” гэж заасныг тус тус зөрчиж гэрээний үүргээ биелүүлэлгүй барилга угсралтын ажлын гүйцэтгэлийг зогсоосон тул уг гэрээний 10.1 болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.4, 232.6 дахь хэсгүүдэд заасны дагуу үлдэгдэл төлбөрт ногдох үүргийн гүйцэтгэлийн алдангид 610 000 000 төгрөгийг гаргуулах,

Гурав. Б  нь уг барилгын ажлыг эхлүүлэхтэй холбогдуулан 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Капитал банктай 555 тоот зээлийн гэрээ байгуулан 119,000 ам.долларын зээл авсан. Иргэн Б гийн зүгээс тухайн зээлийг “И” ХХК-иар захиалан бариулж буй барилгын зардлын тодорхой хувийг санхүүжүүлэх зорилгоор авсан бөгөөд уг барилга ашиглалтад орсны дараа худалдан борлуулсны орлогоос зээлээ эргэн төлөхөөр төлөвлөсөн болно. Гэвч И ХХК нь иргэн Б тай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, барилгын ажлыг дуусгалгүй саатуулсны улмаас Капитал банкнаас авсан зээлээ төлж барагдуулах боломжгүй болоод байна. Иргэн Б гийн зүгээс Капитал банканд хугацаа хэтэрсэн зээлийн төлбөртэй байгаа бөгөөд одоогийн байдлаар үндсэн зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлж чадахгүй хэмжээнд хүрээд байна. Иймд “И” ХХК-ийн гэрээний үүргийн зөрчлийн улмаас иргэн Б д учирсан хохирол болох 12,726 (512 ам доллар төлөгдсөн, 12,214 ам доллар хугацаа хэтэрсэн төлбөр) ам.доллар буюу 30 429 647 төгрөг /2018 оны 04 сарын 04-ний өдрийн Монгол банкны ханш/-ийн хохирлыг гаргуулах,

Дээрх үндэслэлийн дагуу нийт 2 089 696 091 төгрөгийг И ХХК-иас гаргуулан өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч И ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэцогт, өмгөөлөгч Ж.Батзоригт, Б.Баатарсайхан нар сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: И ХХК-иас иргэн Б гийн оффис үйлчилгээний зориулалттай барилга угсралтын ажлыг анх 3 934 110 473 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр үнийн санал гаргасан. Талууд энэхүү төсвийн дүнгийн талаар ярилцаж санал бодлоо солилцсоны дагуу бид төсөвт өртгийг дахин хянаж үзээд шууд зардлыг хасах боломжгүй харин ашгийн зардлыг бууруулж түүнээс тооцогдох байсан шууд бус зардлууд /ХАБЭА, цахилгаан, хоол г.м/-ыг хасч, барилга угсралтын ажлын төсөвт өртгийг 3 600 000 000 төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцсон юм. Иргэн Б гийн төлөөлөгч Г.Ганзоригийн сөрөг нэхэмжлэлд 3 307 819 085 төгрөгийн төсөвт өртөгтэй байхаар боловсруулсан төсөв гаргаж өгсөн гэдэг нь зориудын төөрөгдүүлсэн мушгин гуйвуулсан тайлбар байна.

Манай компани нь ажил гүйцэтгэх явцдаа гэрээний гүйцэтгэл болон санхүүжилтийг үе шат бүрд гүйцэтгэлийн төсөв гаргаж өгч байсан. Үүнд 4 удаагийн гүйцэтгэл хийж захиалагч талд хүргүүлсэн.

1. 2015.05.11-ний өдөр Газар шорооны ажил, суурь ба зоорийн давхар, гараашийн суурийн цутгалтын ажлуудыг хийж гүйцэтгээд 941 387 765 төгрөгийн 1-р гүйцэтгэл,

2. 2015.06.04-ний өдөр 1, 2, 3-р давхрын цутгалтын ажлыг хийж гүйцэтгээд 794 658 680 төгрөгийн 2-р гүйцэтгэл,

3. 2015.06.19-ний өдөр 4, 5, 6-р давхарын цутгалтын ажлыг хийж гүйцэтгээд 744 949 317 төгрөгийн 3-р гүйцэтгэл,

4. 2015.07.31-ний 7,8,9,10 давхарын цутгалтын ажлыг хийж гүйцэтгээд 826 823 3213 төгрөгийн 4-р гүйцэтгэл тус тус гаргасан.

Дээрх 4 гүйцэтгэлийн нийлбэр дүн нь 3 307 819 085 төгрөг болсон, үүнээс захиалагч талаас нэхэмжилснийг дахин шинээр төсөв зохиож өгсөн мэтээр шаардлага гаргаж байгаа нь үнэнд үл нийцэх, хууль бус шаардлага гэж үзэж байна.

Иргэн Б, И ХХК нарын хооронд байгуулагдсан барилга угсралтын ажлын гүйцэтгэлийг нэхэмжлэгч 90 хувь гүйцэтгээд хүлээлгэн өгчихсөн. Одоо гэрээг цуцлах шаардлага гаргаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй юм. Хуульд зааснаар ажлыг гүйцэтгэсэн бол захиалагч нь ажлыг хүлээн авч хөлсийг төлөх үүрэгтэй. Тийм учраас нэхэмжлэгч гүйцэтгэсэн ажлынхаа үлдэгдэл хөлсийг авахаар нэхэж байхад хариуцагч гэрээний дагуу ажлын хөлсийг бүрэн төлөөгүй байж, алданги гэж нэхэж байгаа нь үндэсгүй байна.

Капитал банк болон Б  нарын хооронд 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан 555 дугаар зээлийн гэрээний 3.5 дахь заалтад “Зээлийн зориулалт: орон сууцны зээлд зориулагдана” гэж, мөн гэрээний 4.2.3 дахь заалтад "Зээлийг зээлийн гэрээний 3.5 дахь заалтад заасан зориулалтын дагуу ашиглах ба бусдад дамжуулан зээлдэхгүй байх” гэж зээлдүүлэгчийн үүргийг тусгасан байна.

Б гаас И ХХК-д орж ирсэн санхүүжилтийн тооцооноос үзвэл 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд шилжүүлж байсан санхүүжилттэй огт холбогдолгүй байна.

Б гийн Капитал банкнаас авсан гэх 119 000 ам.долларын зээл нь сөрөг нэхэмжлэлд дурдсан шиг И ХХК-иар гүйцэтгүүлэх барилгын ажилд зориулагдсан санхүүжилтийн зээл бус харин орон сууцны зээл байх тул Б гийн Капитал банкны зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй нь И ХХК-д хамааралгүй болох нь харагдаж байна.

Хариуцагч Б  нь 2016 оны 5 дугаар сарын 04-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс/16010/, Нарны зам гудамж, 36 дугаар барилга тоот хаягт байршилтай, 8539.2 м.кв талбайтай, Үйлчилгээ, оффисын зориулалттай, 75 хувийн гүйцэтгэлтэй, улсын бүртгэлийн Ү-2205062966 дугаар бүхий үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр эрх бүхий байгууллагад бүртгүүлэн өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байна. /5хх-160х/.

Тэрээр 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр дээрх үл хөдлөх хөрөнгийг “Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ”-ээр “Монгол таг” ХХК-д шилжүүлсэн байна. /5хх-161 х/, “Монгол таг” ХХК нь 2016 оны 9 дүгээр сарын 12-ний өдөр улсын бүртгэлийн Ү-2205062966 үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэн гэрчилгээ авсан байна. /5хх-164х/, “Монгол таг” ХХК нь 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр “Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ”-ээр “Капитал банк” ХХК-д шилжүүлсэн байна. /5хх-172х/, “Капитал банк” ХХК нь 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр улсын бүртгэлийн Ү-2205062966 үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэн гэрчилгээ авсан байна. /5хх-198х/, Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс/16010/, Нарны зам гудамж, 36 дугаар барилга тоот хаягт байршилтай, 8539.2 м.кв талбайтай, Үйлчилгээ, оффисын зориулалттай, 75 хувийн гүйцэтгэлтэй, улсын бүртгэлийн Ү-2205062966 дугаар бүхий үл хөдлөх хөрөнгийг Нийслэлийн прокурорын газрын 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” 1707 дугаар тогтоолын 15 дугаарт заасны дагуу үл хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тавьсан байна. /5хх-199-201х/

Дээрх нөхцөл байдлаас авч үзвэл иргэн Б гийн өмчлөх эрх нь эдийн засгийн эргэлтэд орж гуравдагч этгээдүүдэд шилжсэнээр үл хөдлөх өмчлөх Б гийн эрх 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр дуусгавар болсон байна.

Иймд хариуцагч Б  болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “И” ХХК нь хариуцагч Б д холбогдуулан ажлын хөлсний үлдэгдэл 656 344 646 төгрөг, нэмэлт ажлын хөлс 130 107 537 төгрөг, барьцаа 180 000 000 төгрөг, ажлын хөлсний болон барьцааны алданги 483 226 091 төгрөг, магадлашгүй ажлын зардал 100 225 836 төгрөг, нийт 1 549 904 110 төгрөг гаргуулахаар үндсэн нэхэмжлэлийн шаардлага,

хариуцагч Б  нь “И” ХХК-д холбогдуулан гүйцэтгээгүй ажлын зардал 850 466 444 төгрөг, ажлын доголдлыг арилгах зардал 598 800 000 төгрөг, алданги 610 000 000 төгрөг, хохирол 30 429 647 төгрөг, нийт 2 089 696 091 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

 

Хариуцагч Б  нь Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах газарт оффис, үйлчилгээний зориулалттай 10 давхар барилга угсралтын ажлыг нэхэмжлэгч “И” ХХК-иар гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцож, 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, уг гэрээний 1.5-д зааснаар ажлыг 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр эхэлж, гэрээний 2.1-т ...төмөр бетон карказан, хавтгай дээвэртэй, доороо зоорийн давхартай, 11 давхар, нийт 8736.64 м.кв талбай бүхий барилгыг барьж гүйцэтгэх, 2.2-т ...Суурийн газар шорооны ажил, суурийн бетон цутгалтын ажил, зоорийн давхрын цутгалтын ажил, ус тусгаарлагч, тэгшилгээ, газар шорооны ажлыг 5 сарын 13-ны дотор, 1, 2, 3-р давхрын цутгалтыг 6 сарын 17-ны дотор, 4, 5, 6-р давхрын цутгалтыг 7 сарын 17-ны дотор, 7, 8, 9, 10-р давхрын цутгалтыг 8 сарын 31-ний өдрийн дотор 100 хувь дуусгасан байх, барилгын 0-3 давхрын өрлөгийн ажлыг 7 сарын 01-ний дотор, 4-6 давхрын өрлөгийн ажлыг 7 сарын 15-ны дотор, 6-10 давхрын өрлөгийн ажлыг 8 сарын 31-ний дотор хийж дуусгах, Барилгын техникийн давхрыг 2015 оны 9 сарын 10-ны өдрийн дотор дээрх үе шатаар хийж гүйцэтгэн дуусгасан байх, гэрээний 3.1-т Гэрээгээр хийгдэх нийт ажлын хөлс 3 600 000 000 төгрөгийн төлбөрийг бартер болон дансаар гүйцэтгэхийг талууд зөвшөөрч, энэ дүнд гэрээний 2-т заасан ажлыг бүрэн хийж дуусгахад шаардлагатай материал, хэв хашмал, тоног төхөөрөмж, машин техник, ажиллах хүчний хөлс зэрэг бүхий л зардал багтаж, 3.2-т Захиалагч төлбөрийг гэрээний 2.2-д заасан графикийн дагуу талууд хүлээлцсэн акт, нэхэмжлэлийг ирүүлснээс хойш 5 хоногийн дотор шилжүүлэх ба 2.2.1-т заасан ажлыг гүйцэтгэн акт, нэхэмжлэлийг ирүүлснээс хойш 5 хоногийн дотор 800,0 сая төгрөгийг, 700,0 сая төгрөгийг, 700,0 сая төгрөгийг, 700,0 сая төгрөгийг, 520,0 сая төгрөг гэсэн дарааллаар захиалагч гүйцэтгэгчийн дансанд шилжүүлэхээр тус тус тохиролцжээ. /хх-4-10х/

Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй бөгөөд гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Талууд энэхүү гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлж байгаад 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс хойш гэрээний үүргийг хэрэгжүүлээгүй, ажлын чанар байдал, үлдэгдэл хөлсний хэмжээтэй холбоотой маргаан үүсгэж, гэрээ үргэлжлэх боломжгүй болсон нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Талууд гэрээгээр ажлын хэмжээ /төмөр бетон карказан, хавтгай дээвэртэй, доороо зоорийн давхартай, 11 давхар, нийт 8736.64 м.кв талбай бүхий/, ажлыг хөлс /3 600 000 000 төгрөг/-ийг тохиролцсон боловч гэрээний 3.2-д гүйцэтгэсэн ажлын хэмжээний хөлсийг хэсэгчлэн төлөхөөр бус, 2.2-д заасан тодорхой ажлыг гүйцэтгэх дараалал, хугацаанд тохируулан хөлсийг хуваан төлөхөөр тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Ажлыг хөлс 3 600 000 000 төгрөг байх тохиролцоог үгүйсгэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй талууд үүнийг үгүйсгэж маргаагүй.

Харин нэхэмжлэгч “Их  модун” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын төсөв, хэмжээний талаар талууд маргаж нэхэмжлэгч тал төсөвчин Э.Энхболор, А.Энхжаргал нарын гаргасан 3 934 110 473 төгрөг /1-р хх-36-45х/-ийн төсөв болон Э.Энхболорын 3 307 819 085 төгрөг /1-р хх 200-201х/-ийн гүйцэтгэлийн нэгдсэн төсөвт өртөгийг үндэслэн, хариуцагч тал шүүхийн журмаар томилогдсон шинжээч “Барилгын төсөвчдийн холбоо” ТББ-ын гаргасан 3 102 739 119 төгрөг /2-р хх-124 127х/-ийн болон Төсөвчин Пээлээсүрэнгийн 2 665 332 146 төгрөг /6-р хх-69-77х/-ийн гүйцэтгэлийн төсөвт өртөгийг үндэслэн тус тус маргаж байна.

Шүүгчийн 2016.12.16-ны өдрийн захирамж /2-р хх-102-107х/-аар шинжээчээр томилогдсон  “Барилгын төсөвчдийн холбоо” ТББ нь “Бэсгэ” ХХК-ийг томилж /2-р хх-122х/, дүгнэлт гаргуулсан /2-р хх-124-138х/ байна. “Бэсгэ” ХХК буюу Д.Чимэддорж, Б.Доолья, Д.Санж нар нь шүүгчийн захирамжаар шинжээчээр томилогдоогүй тул эдгээрийн гаргасан дүгнэлт /2-р хх-124-138х/-ийг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.3-д заасныг зөрчсөн, хууль бус аргаар бүрдүүлсэн нотлох баримт гэж үзэж, үнэлэхгүй орхих хууль зүйн үндэслэлтэй байна.

Төсөвчин Э.Энхболор, А.Энхжаргал нарын гаргасан 3 934 110 473 төгрөг /1-р хх-36-45х/-ийн төсөв болон Э.Энхболорын 3 307 819 085 төгрөг /1-р хх 200-201х/-ийн гүйцэтгэлийн нэгдсэн төсөвт өртөг, Төсөвчин Пээлээсүрэнгийн 2 665 332 146 төгрөг /6-р хх-69-77х/-ийн гүйцэтгэлийн төсөвт өртөг зэрэг нь 3 600 000 000 төгрөгийн хөлс бүхий ажлын гүйцэтгэлийг тооцохдоо ямар аргачлал, ажлыг гүйцэтгэсэн ямар баримт, материалыг үндэслэж гаргасан нь тодорхойгүй байх тул “И” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын хэмжээ, зардлыг эдгээр баримтаар тогтоох боломжгүй байна.

Иймээс гэрээгээр тохиролцсон /төмөр бетон карказан, хавтгай дээвэртэй, доороо зоорийн давхартай, 11 давхар, нийт 8736.64 м.кв талбай бүхий/ ажлын гүйцэтгэсэн болон гүйцэтгээгүй ажлын хэмжээ, зардал, хөлсийг хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоох үндэслэлтэй байна.

 

1. Нэхэмжлэлийн ажлын хөлсний үлдэгдэл 656 344 646 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд,

Хариуцагч Б  нь ажлын хөлс 2 463 327 810 төгрөгийг нэхэмжлэгч “И” ХХК-д төлсөн талаар зохигч маргаагүй. /1-р хх-164х/

Харин хариуцагч тал 333 860 000 төгрөгийг нэмж ажлын хөлсөнд төлсөн гэж тайлбарлаж байгааг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

И ХХК, иргэн  Б.Бүд нарын хооронд хийгдсэн 2014 оны “Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэлт гүйцэтгэлийн гэрээ” /2-р хх-99-101х/-нд 95 860 000 төгрөгийг иргэн Б гийн барилгын ажлын гүйцэтгэлээс хасаж тооцно гэж бичигдсэн байдал болон иргэн Б.Бүдтэй тооцоо нийлсэн баримт /2-р хх-98х/-д “Иргэн Б  үерийн усны далангийн ажил” нэртэй гэрээт ажлын олгосон санхүүжилт 158 000 000 төгрөг гэж бичигдсэн байдал, 2014.05.26-ны өдрийн Кассын орлогын ордер /2-р хх-165х/-оор Б гаас үерийн усны далан гэсэн утгаар 80 000 000 төгрөгийг олгосон байдал зэргийг 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу төлөгдсөн төлбөр гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь: “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдахаас өмнө Б.Бүдтэй гэрээ байгуулсан, тооцоо нийлсэн акт үйлдсэн, иргэн Б гаас үерийн усны далангийн ажлын мөнгө төлсөн бөгөөд иргэн Б.Бүд мэдүүлэг /2-р хх-221-222х/-тээ дээрхи гэрээнээс тусдаан ажлууд байсан болохыг тайлбарласан тул Б гийн “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний ажлын хөлсөнд хамааралгүй төлбөрүүд байна.

 

Хариуцагч Б  нь ажлын гүйцэтгэлийг доголдолтой, 10 давхарын хучилтын ажлыг зураг зөрчиж хийсэн, 3 давхараас дээш өрлөгийн ажил хийгдээгүй, 100 м доторх ажлыг хийгээгүй гэх үндэслэлээр үлдэгдэл төлбөрийг төлөхгүй гэж маргаж байна.

Хариуцагч тал “ажлын үр дүн доголдолтой” гэдгийг ямар арматур төмөр ашигласан нь тодорхойгүй, гэрчилгээг нь өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй гэж тайлбарлаж байна.

 

Барилгын тухай хууль /2008 он/-ийн 15 дугаар зүйлийн 15.1-д Барилгын хөрөнгө оруулагч, захиалагчийн эрх, үүргийг тодорхойлсон бөгөөд үүнд: барилгын зураг төслийг захиалах, барилгын ажлын явц, чанарт хяналт тавих, фото зургаар баримтжуулсан ил, далд ажлын акт, барилгын ажлын гүйцэтгэлийг баталгаажуулах, барилгын зураг төсөл, барилгын ажилд хөндлөнгийн хяналт хийлгэх гэж заасан.

Б  нь “Би И Эс Ай Жи Эн” ХХК-иар барилгын эскиз, ажлын зураг төсөл /1-р хх-173-187х/-ийг хийлгэсэн. Мөн Барилгын тухай хууль /2008 он/-ийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг болон “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний 6-д заасны дагуу бие төлөөлөгчөөр “Бишрэлт инженеринг энд констракшн” ХХК /Г.Ганзориг/-ийг томилж, барилгын ажлын явц, чанарт хяналт тавих үүргийг гүйцэтгүүлсэн байх бөгөөд “И” ХХК-ийн барилгын өдөр тутмын ажлын гүйцэтгэлд зохиогчийн хяналтыг барилгын эскиз, ажлын зураг төслийг боловсруулсан Ц.Насанхутуг, захиалагчийн төлөөлөгчийн хяналтыг инженер Б.Бат-Амгалан нар биечлэн тавьж ажилласан байна.

 

“И” ХХК нь барилгын ажлыг зураг төслийн дагуу гүйцэтгэсэн, зурагт заагдсан чанарын шаардлагыг хангасан арматур төмрийг зохих ёсоор байршуулан цутгалтын ажлыг гүйцэтгэсэн болох нь барилгын ил, далд ажлын акт /1-р хх-54-121х/, Барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл /3-р хх-12-97х/, гэрч Б.Бат-Амгалангийн мэдүүлэг /2-р хх-160-162х/, шүүгчийн 2017.07.21-ны өдрийн 10135 дугаар захирамж /2-р хх-224-230х/-аар томилогдсон шинжээч Барилгын төсөвчдийн холбооны МУ-ын зөвлөх инженер, Тэргүүлэх төсөвчин Ж.Гомбын шинжээчийн дүгнэлт /3-р хх-129-134, 153-155х/ зэргээр тогтоогдож байна.

Мөн Б  нь “И ХХК-ийн гүйцэтгэсэн барилгын ажлын үр дүнг буюу барилгыг хүлээн авч, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2016 оны 05 сарын 04-ны өдөр авсан /5-р хх-160х/ боловч арматур төмрийн чанартай холбоотой доголдол илэрсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

“И ХХК нь арматур төмрийн чанарын сертификат /3-р хх-98-116, 158-173х/-ийг гаргаж өгсөн бөгөөд үүнийг гүйцэтгэсэн ажлын хугацаатай тохирохгүй байгаа гэдгээр барилгын ажлын арматур төмрийг доголдолтой байсан гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Гүйцэтгэгч “И” ХХК-ийг барилгын зураг зөрчиж, 10 давхарын хучилтыг хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Учир нь: Захиалагчийн бие төлөөлөгч Г.Ганзориг 10 дугаар давхарын зургийг өөрчлөх шаардлага тавьсны дагуу Барилгын эскиз, ажлын зураг төслийг боловсруулсан Ц.Насанхутуг барилгын 10 дугаар давхарын зургийг өөрчилсөн болох нь “Би И Эс Ай Жи Эн” ХХК-ийн тус шүүхэд гаргасан мэдэгдэл /1-р хх-173-174х/, гэрч Б.Бат-Амгалангийн мэдүүлэг /2-р хх-161-162х/, барилгын 10 давхар болон бусад зураг /1-р хх-177-187х/ зэргээр тогтоогдож байна.

“И” ХХК нь 10 давхарын хучилтыг захиалагчийн өөрчилсөн зургийн дагуу гүйцэтгэсэн тул зургийн дагуу хийсэн гэж үзнэ.

 

Дээрхи үндэслэлүүдээр “И ХХК-ийн гүйцэтгэсэн барилгын ажлыг доголдолтой гэж үзэх үндэслэлгүй байна.

 

“Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний 2.3-д “0-10 давхарын өрлөгийн ажил”-ыг гүйцэтгэхээр, мөн гэрээний 11.1-д “Цэвэр, бохир, дулаан, цахилгаан шугам сүлжээ болон гаднах бүхий л дэд бүтцийг хийх 100 метр доторх ажлын зардал гэрээний үнийн дүнд орсон тул гүйцэтгэгч өөрийн зардлаар, 100 метрээс хэтэрсэн зардлыг захиалагч хариуцаж хийнэ” гэж тус тус тохиролцжээ.

 

Гэрээний дагуу хийгдэх ажлаас өрлөгийн ажил 3 давхараас дээш хийгдээгүй талаар зохигч маргаагүй. Харин гүйцэтгээгүй өрлөгын ажлын төсвийн талаар маргасан. Нэхэмжлэгч өрлөгын ажлын зардалд 300 327 544 төгрөгийг ажлын хөлснөөс хасч тооцсон. Хариуцагч тал гэрээний 2.3, 3.2.5-д зааснаар өрлөгийн ажлын хөлс 520 000 000 төгрөг гэж үзэн “Бэсгэ” ХХК-ийн дүгнэлтээр нийт өрлөг 1100 м3 үүнээс гүйцэтгэсэн өрлөг 101 м3 гэж үзэн нийт 47 745 454 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн, өрлөгийн ажлын гүйцэтгэлийн акт ирүүлээгүй гэж маргаж байна.

 

Гэрээний 3.2 дахь заалтыг 2.2, 2.3, 2.4 дэх заалтуудтай харьцуулан Иргэний хуулийн 41.2-д заасны дагуу тайлбарлахад талууд гэрээний 2.2, 2.3, 2.4-д ажлыг гүйцэтгэх дараалал болон хугацааг тохиролцсон бөгөөд харин 3.2-д төлбөрийг ажлыг гүйцэтгэх дараалал болон хугацаанд тохируулан 5 хуваан төлөхөөр л тохиролцсон гэж үзэхээр байна. Мөн талуудын маргаантай холбоотойгоор гэрээ үргэлжлэх боломжгүй болсон тул “И” ХХК нь өрлөгийн ажлын гүйцэтгэж, гүйцэтгэлийн актыг Б д хүлээлгэн өгөх боломжгүй юм.

Иймд гэрээний 3.2.5-д заасан 520,0 сая төгрөгийг зөвхөн өрлөгийн ажлын хөлс гэж үзэх үндэслэлгүй, “Бэсгэ” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /2-р хх-124-138х/ ийг үнэлэх боломжгүй, гэрээ үргэлжлэх боломжгүй болсон тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

Иймээс нэхэмжлэгчийн өрлөгын ажлын зардалд 300 327 544 төгрөгийг ажлын хөлснөөс хасч тооцсоныг үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Гэрээний 11.1-д “Цэвэр, бохир, дулаан, цахилгаан шугам сүлжээ болон гаднах бүхий л дэд бүтцийг хийх 100 метр доторх ажлын зардал гэрээний үнийн дүнд орсон тул гүйцэтгэгч өөрийн зардлаар, 100 метрээс хэтэрсэн зардлыг захиалагч хариуцаж хийнэ” гэж талууд тохиролцсон тул “И” ХХК-ийн 100 метр доторх ажлыг хөлсгүйгээр хийж өгөхөөр тохиролцсон гэх тайлбар үндэслэлгүй байна. Мөн “И” ХХК нь 100м доторхи дэд бүтцийн ажлыг гүйцэтгэхэд ямар байгууллагуудаас ямар, ямар зөвшөөрөл авах шаардлагатай байсныг болон уг ажлыг хийсэн гэдгээ баримтаар нотлоогүй.

Б  нь барилгын Гадна инженерийн хангамжийн техникийн нөхцлүүдийг 2013-2014 онд авсан болох нь Цэвэр бохир усны холболт хийх, цахилгаан, дулаанаар хангах “Техникийн нөхцөл” /4-р хх-9-11х/-өөр болон Магадлалын ерөнхий дүгнэлт  “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэжлүүлэх зөвшөөрөл” зэрэг /1-р хх-196-198х/-ээр тогтоогдож байна. 

Хариуцагч Б  нь сөрөг нэхэмжлэлээр уг ажлыг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэхэд гарах зардлыг гаргуулах буюу ажлын гүйцэтгэлийн дүнгээс хасуулах шаардлага гаргаж, гадна дулааны ажлын зардалд 152 615 194 төгрөг, цахилгааны ажлын зардалд 134 911 700 төгрөг, гадна бохирын ажилд 47 469 750 төгрөг, гадна цэвэр усны ажилд 47 469 750 төгрөг, нийт 382 466 444 төгрөг гаргуулах шаардлагыг гаргасан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганзоригийн хүсэлтийн дагуу “Дамно” ХХК-ийн гаргасан дүгнэлт /6-р хх-44-65х/-ээр “барилгын гадна цэвэр, бохир ус, гадна цахилгаан хангамж, халаалт”-ын ажил хийгдээгүй болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч “И” ХХК нь барилгын гаднах бүхий л дэд бүтцийг хийх 100 метр доторх ажлын зардлыг гаргаагүй, энэхүү сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх баримтыг шүүхэд ирүүлээгүй.

Хариуцагч талаас дээрх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нотлох зорилгоор гаргасан төсөвчин Б.Норовсүрэнгийн “Иргэн Б гийн үйлчилгээний барилгын гадна дулаан узелийн ажлын төсөв” /4-р хх-161-173х/-т “шугамын нүх, шуудуу механизмаар ухах, хэмжээг 794,4 м3” гэж тодорхойлсон, мөн “Суут инженеринг” ХХК-ийн “иргэн Б гийн барилгын гадна дулаан, цэвэр усны шугамын угсралтын ажлын төсөвт өртөгийн нэгдсэн товчоо” /4-р хх-177-180х/-нд “кабелийн трасс ухах – 550 м, Кабельд элсэн тоосгон хучилт хийх – 550 м” гэж тодорхойлсон зэргийг барилгаас гарах газар шорооны ажлын уртын хэмжээг тодорхойлсон гэж үзэхээр байна. Мөн энэ 2 төсвийг “Цэвэр, бохир, дулаан, цахилгаан шугам сүлжээ болон гаднах бүхий л дэд бүтэц”-ийн ажлын төсөв гэж үзэх боломжгүй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганзориг нь шүүх хуралдаанд “нэхэмжлэгчийн гүйцэтгээгүй 100м доторхи ажлыг 382 466 444 төгрөгийн 3/1-ээр тооцох саналыг тавьж байсан” гэж тайлбарласан.

Шүүх эдгээр баримт, нөхцөл байдлыг үндэслэн гэрээний 11.1-д заасан цэвэр, бохир, дулаан, цахилгаан шугам сүлжээ болон гаднах бүхий л дэд бүтцийг хийх 100 метр доторх ажлын зардлыг сөрөг нэхэмжлэлийн 382 466 444 төгрөгийн 3/1-ээр тооцож, 127 488 814 төгрөгийн ажлыг “И” ХХК гүйцэтгээгүй байна гэж үзлээ.

 

Дээрхи үндэслэлээр гэрээний 3.2-д заасан шилжүүлэх ажлын хөлс 3 420 000 000 төгрөгнөөс гүйцэтгээгүй ажлын хөлс /дутуу өрлөгын ажлын зардал 300 327 544 төгрөг + гэрээний 11.1-д заасан гаднах бүхий л дэд бүтцийг хийх 100 метр доторх ажлын зардал 127 488 814 төгрөг/ нийт 427 816 358 төгрөгийг болон Б гийн төлсөн 2 463 327 810 төгрөгийг хасаж, Б гаас ажлын хөлсний үлдэгдэл 528 855 832 төгрөгийг гаргуулж “И” ХХК-д олгох үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэлийн барьцаа 180 000 000 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд,

 

Талууд “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний 12.5-д “Захиалагч Барилгын тухай хуулийн дагуу нийт үнийн дүнгийн 5 хувийг /180,0 сая төгрөг/ 1 жилээс 6 сар хүртэл хугацаанд барьцаа болгон авч үлдэх бөгөөд баталгаат хугацаа дуусахад гүйцэтгэгчид саадгүй шилжүүлж өгнө” гэж тохиролцон Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 156 дугаар зүйлийн 156.1-д зааснаар барьцааны гэрээ байгуулж, ажлын хөлснөөс барьцааны 180 000 000 төгрөгийг суутган авч, гэрээний 3.2-д ажлын хөлс 3 420 000 000 төгрөгийг төлөхөөр тогтоосон байна.

 

“И” ХХК-ийн гүйцэтгэсэн барилгын ажлын үр дүнг Б  нь хүлээн авч, 2016 оны 05 сарын 04-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг авсан /5-р хх-160х/ байна.

2016 оны 05 сарын 04-ны өдрөөс хойш гэрээний 12.2-д заасан барилгын чанарын баталгаат 3 жилийн хугацаа болон гэрээний 12.5-д заасан 180 000 000 төгрөгийг 1 жилээс 6 сар хүртэл хугацаанд барьцаа болгон авч үлдэх хугацаанууд өнгөрсөн, мөн барьцааны хөрөнгөөр гүйцэтгүүлэх зөрчил дутагдал барилгад илэрсэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасны дагуу барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон байх тул мөн зүйлийн 160.3-д зааснаар Б  нь барьцааны 180 000 000 төгрөгийг “И” ХХК-д буцаан өгөх үүрэгтэй байна.

 

3. Нэхэмжлэлийн нэмэлт ажлын хөлс 130 107 537 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд,

 

“И” ХХК нь 10 давхарын хучилтыг захиалагчийн өөрчилсөн зургийн дагуу гүйцэтгэсэн бөгөөд сэндвичэн хийцийг цутгамал төмөр бетон бүтээцтэй болгосонтой холбоотойгоор 96 000 000 төгрөгийн нэмэлт зардал, мөн дотор гэрэлтүүлгийн ажлын 13 757 537 төгрөгийн нэмэлт зардал гаргасан гэж тайлбарлан төсөвчин А.Энхжаргалын гаргасан “Иргэн Б гийн оффис үйлчилгээний зориулалттай барилгын 10 давхрын цутгалтын ажлын төсөвт өртөг” /1-р хх-31-35х/, “Иргэн Б гийн контор үйлчилгээний зориулалттай барилгын дотор гэрэлтүүлгийн ажил”-ын төсөвт өртөг 13 757 537 төгрөг /1-р хх-46-49х/ гэсэн төсвүүдийг нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн.

Талууд барилгын 10-р давхар металл дам нуруутай сэндвич хучилттай байсныг цутгамал төмөр бетон хучилттай гүйцэтгэсэн талаар маргаагүй.

Хариуцагч талын 10-р давхрын хучилтыг зураг зөрчиж хийсэн, захиалагч өөрчлөлтийг баталгаажуулаагүй, хучилтын ажлыг өөрчлөх талаар мэдэгдэл өгөөгүй гэх тайлбар үндэслэлгүй байна. Захиалагч болон түүний бие төлөөлөгч “Бишрэлт инженеринг энд констракшн” ХХК /Г.Ганзориг/ нь “И” ХХК-ийн барилгын өдөр тутмын ажлын гүйцэтгэлд зохиогчийн хяналтыг Ц.Насанхутугаар, захиалагчийн төлөөлөгчийн хяналтыг инженер Б.Бат-Амгалан нараар биечлэн тавиулсан бөгөөд гэрч Б.Бат-Амгалангийн мэдүүлэг, барилгын эскиз, ажлын зураг төслийг боловсруулсан Ц.Насанхутугийн 10-р давхрын зургийг өөрчилсөн байдал зэргийг гэрч Н.Адъяахүүгийн мэдүүлэг /2-р хх-220х/-ээр үгүйсгэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн барилгын 10-р давхрын металл дам нуруутай сэндвич хучилттай байсныг цутгамал төмөр бетон хучилттай гүйцэтгэсний улмаас 96 000 000 төгрөгийн нэмэлт зардал гаргасан гэдгийг хариуцагч нь үгүйсгэж нотлох баримт гаргаагүй тул шүүх уг нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ. 

 

Төсөвчин А.Энхжаргалын гаргасан “Иргэн Б гийн контор үйлчилгээний зориулалттай барилгын дотор гэрэлтүүлгийн ажил”-ын төсөвт өртөг /13 757 537 төгрөг/-т “хуванцар хоолойг далд угсрах, розетка, унтраалгын салбарлах төмөр хайрцаг угсрах” ажлууд багтсан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганзоригийн хүсэлтийн дагуу “Дамно” ХХК-ийн гаргасан дүгнэлт /6-р хх-44-65х/-д “2-оос дээш давхарт хананд цахилгааны гуурс хоолойг суулгасан” гэж дүгнэсэн байх тул “И” ХХК-ийг дотор гэрэлтүүлгийн ажлыг гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймээс хариуцагчийн “дотор гэрэлтүүлгийн ажил хийгдээгүй” гэх тайлбар үндэслэлгүйгээс гадна гэрээнд заагдсан ажил биш тул захиалагч төлбөр төлөх үүрэг хүлээхгүй гэх тайлбар үндэслэлгүй байна. Учир нь Б  нь “И” ХХК-ийн гүйцэтгэсэн дотор гэрэлтүүлгийн ажлын үр дүнг хүлээн авсан болно.

 

Нэхэмжлэгч “И” ХХК нь 2015 оны 07 сараас 2016 оны 07 сар хүртэл хугацаанд барилгын харуул хамгаалалтын ажлыг гүйцэтгэж 20 350 000 төгрөгийн зардал гаргасан болохоо баримтаар нотлоогүй тул уг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

 

Дээрхи үндэслэлээр хариуцагч Б гаас нэмэлт ажлын зардал 109 757 537 төгрөгийг гаргуулж “И” ХХК-д олгож, нэхэмжлэлээс харуул хамгаалалтын зардал 20 350 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

4. Нэхэмжлэлийн гэрээний үүргийн болон барьцаа хөрөнгийн алданги 483 226 091 төгрөг гаргуулах шаардлагын тухайд,

 

Нэхэмжлэгч “И” ХХК нь захиалагч хөлс төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээ 2016 оны 07 сард цуцлагдсан гэж тайлбарлаж байгааг хариуцагч тал эс зөвшөөрч, 2015 оны 07 сард барилгад чанарын шаардлага хангаагүй арматур төмөр ашигласны улмаас барилгын ажлыг зогсоож, доголдлыг арилгахыг шаардсан гэж тайлбарлаж байна.

Талууд 2015 оны 07 сарын 29-ний өдрөөс хойш гэрээгээр хүлээсэн үүргээ аль аль нь гүйцэтгээгүй болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул хариуцагч Б гийн барилгад чанарын шаардлага хангаагүй арматур төмөр ашигласан гэх үндэслэлээр барилгын ажлыг зогсоож, доголдлыг арилгахыг шаардаж, хөлс төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээ цуцлагдсан гэж үзэх үндэслэлтэй байна. 

Барилгад чанарын шаардлага хангаагүй арматур төмөр ашигласан буюу ажлын үр дүнг доголдолтой гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул Б г гэрээгээр хүлээсэн хөлс төлөх үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлд Ажил гүйцэтгэх гэрээг цуцлах үндэслэлүүдийг заасан бөгөөд мөн зүйлийн 355.1-д “Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж хохирол шаардах үр дагаварыг үүсгэхээр зохицуулсан байна.

Иймд гэрээний дагуу алданги шаардах эрхгүй байна. Мөн гэрээнд барьцаа хөрөнгө болох 180 000 000 төгрөгийг төлөөгүй тохиолдолд алданги тооцохоор тохиролцоогүй тул барьцааны 180 000 000 төгрөгнөөс алданги шаардах эрхгүй байна.

 

5. Нэхэмжлэлийн магадлашгүй ажлын зардал нийт 100 225 836 төгрөг гаргуулах шаардлагын тухайд,

 

Зам,тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 181 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралт “Барилгын төсөв зохиох дүрэм”-ийн 8.1 дэх хэсэгт “...Магадалшгүй ажлын зардлыг барилга угсралтын ажлын төсөвт өртгөөс орон сууц, иргэний зориулалттай объектод 2%, үйлдвэрийн зориулалттай объектод 3%-иар тус тус тооцно” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч “И” ХХК нь барилга угсралтын ажлын явцад Б гийн барилгын орц гарцын асуудлыг шийдэх зорилгоор Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар Төмөр Зам нийгэмлэгийн Замын 2-р ангийн хашаанд хийгдсэн Бетонон зам талбайн төсөвт өртөг болох 47 699 445 төгрөг, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар Төмөр Зам нийгэмлэгийн төлөөлөгч Дохиолол холбооны 2-р ангитай хийсэн 500 метр кабелийн сувагчлал хийх ажлын өртөг болох 11 984 115 төгрөг, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар Төмөр Зам нийгэмлэгийн Замын 2-р ангийн хашаанд хийгдсэн 500 метр сувгийн газар шороо, худаг сувагчлалын ажлын төсөвт өртөг болох 38 542 275 төгрөг, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар Төмөр Зам нийгэмлэгийн төлөөлөгч Замын 2-р ангитай хийсэн гэрээний дагуу талбай ашигласан төлбөр болох 2 000 000 төгрөг, нийт 100 225 836 төгрөгийн зардлыг хариуцагч Б гаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч тал магадлашгүй ажлын зардал тус бүрд нь гэрээ байгуулсан хэдий ч сар бүр 500 000 төгрөгийн түрээс төлөхөөс гадна нэмэлт төлбөр төлөх, ажил үйлчилгээ үзүүлэх замаар магадлашгүй ажлын зардлыг нэмэгдүүлсэн нь үндэслэлгүй, тухайн ажлууд бодитойгоор хийгдсэн эсэх, төлбөрийг төлсөн эсэх нь тодорхойгүй, захиалагчид мэдэгдээгүй гэж маргаж байна.

 

Хэрэгт авагдсан “Иргэн Б гийн барилгын Замын 2-р ангийн хашаанд хийгдсэн зам талбайн төсөвт өртөг” болон оффис үйлчилгээний зориулалттай барилгын нэмэлт ажлын фото зураг, УБТЗ ХНН-ийг төлөөлөгч Дохиолол холбооны 2-р ангитай хийсэн “Ажил гүйцэтгэх гэрээ”, “Холбооны кабель шугам шилжүүлэх төсөв”, “Б гийн барилгын холбооны шилэн кабель шугам шилжүүлэх ажлын төсөвт өртөг” болон Замын 2-р ангийн хашаанд хийгдсэн 500м олон улсын шилэн кабелийн сувагчлалын ажил, кабелийн худаг хийгдсэн байдал фото зургууд, УБТЗ ХНН-ийг төлөөлөгч Замын 2-р ангитай байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”, “И” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлуудын тооцоо, бетон зуурмагийн төлбөрийн тооцоо зэрэг баримтууд /2-р хх-202-213, 243-250, 3-р хх-1-11х/-аар “И” ХХК нь 100 225 836 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн, төлбөрийг төлсөн болох нь тогтоогдож байна.

Иймд Б гаас магадлашгүй ажлын зардал 100 225 836 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “И” ХХК-д олгох үндэслэлтэй байна.

 

Хариуцагч Б гаас “И” ХХК-ийн нэхэмжилсэн ажлын хөлсний үлдэгдэл 528 855 832 төгрөг, барьцаа 180 000 000 төгрөг, нэмэлт ажлын зардал 109 757 537 төгрөг, магадлашгүй ажлын зардал 100 225 836 төгрөг нийт 918 839 205 төгрөгийг гаргуулж, “И” ХХК-ийн нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 631 064 905 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд,

 

1. Сөрөг нэхэмжлэлийн алданги 610 000 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд,

Талуудын хооронд байгуулагдсан 2015.04.03-ны өдрийн “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний хөлс төлөх үүргээ Б  биелүүлээгүйн улмаас гэрээ цуцлагдсан талаар дээр дүгнэсэн. Тодруулбал, гэрээний 2.2.4, 2.4-д заасан цутгалтын ажлыг “И” ХХК нь 2015.07.29-ний өдөр хийж дуусган /1-р хх-54-121/, 2015.08.01-ний өдөр 900 000 000 төгрөгийн нэхэмжлэх /1-р хх-131х/-ийг захиалагч Б д хүргүүлсэн боловч Б  нь гэрээний 3.2.4-д заасны дагуу 700,0 сая төгрөгийг төлөх үүргээ гүйцэтгээгүй байна.

Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.2 дахь хэсэгт заасны дагуу талууд гэрээний 3.2-д хөлс төлөх арга журмыг тогтоосон бөгөөд “И” ХХК нь гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардсан боловч захиалагч Б  нь гэрээгээр тохиролцсон хөлс төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээ цуцлагдсан тул “И” ХХК-ийг гэрээний дагуу ажлыг гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймээс Б д гэрээний 10.1-д заасны дагуу алданги шаардах эрх үүсээгүй тул алданги 610 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

2. Сөрөг нэхэмжлэлийн гэрээний 11.1-д заасан ажлыг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэхэд гарах зардал 382 466 444 төгрөг болон өрлөгийн ажлыг бусдаар гүйцэтгүүлэхэд гарах зардал 468 000 000 төгрөгийг тус тус гаргуулах шаардлагын тухайд,

 

Б  нь гэрээний 11.1-д заасан ажлыг болон өрлөгийн ажлыг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлээгүй тул дээрхи зардлуудыг бодитойгоор гаргаагүй байна.

            Гэрээний 11.1-д заасан ажил болон өрлөгийн ажлыг гүйцэтгэх зардал ажлын хөлсөнд орсон тул “И” ХХК-ийн ажлын хөлснөөс уг ажлыг гүйцэтгэх хөлсийг хасаж тооцсон.

Захиалагч Б гийн хөлс төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээ цуцлагдсан тул Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасны дагуу Б д хохирол шаардах эрх үүсээгүй.

Иймд Б гийн гэрээний 11.1-д заасан гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэхэд гарах зардал 382 466 444 төгрөг болон өрлөгийн ажлыг бусдаар гүйцэтгүүлэхэд гарах зардал 468 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

3. Сөрөг нэхэмжлэлийн 1-6 давхрын цутгалтын ажилд чанарын шаардлага хангаагүй арматур төмөр ашигласан доголдлыг арилгахад гарах зардал 406 800 000 төгрөг, 10-р давхрын хучилтын ажлыг зураг зөрчсөн доголдлыг арилгахад гарах зардал 192 000 000 төгрөгийг тус тус гаргуулах шаардлагын тухайд,

 

“И” ХХК-ийг цутгалтын ажилд чанарын шаардлага хангаагүй арматур төмөр ашигласан гэж үзэх үндэслэлгүйг болон 10-р давхрын хучилтын ажлыг зураг зөрчиж гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлгүй болохыг үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор дүгнэсэн.

 

Б  нь 2015.04.03-ны өдрийн “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний ажлын үр дүн болох барилгын өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэн 2016 оны 05 сарын 04-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /5-р хх-160х/ авч, уг барилгыг 2016.09.12-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ”-гээр “Монгол таг” ХХК-ын өмчлөлд шилжүүлсэн, “Монгол таг” ХХК нь өөрийн өмчлөлийн барилгыг 2017.03.07-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ”-гээр “Капитал банк” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн байна. /5-р хх-157-206х/

Бэлэглэлийн гэрээ нь бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний үүрэгт хамаардаг бөгөөд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д заасны дагуу Б гийн барилгын өмчлөх эрх дуусгавар болсон тул 2015.04.03-ны өдрийн “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу  барилгын доголдлыг арилгуулахаар шаардах эрхгүй. Уг шаардах эрхийг бусдаас /6-р хх-78-81х/ гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан гэж үзэх ч хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд Б гийн барилгын 1-6 давхрын цутгалтын ажилд чанарын шаардлага хангаагүй арматур төмөр ашигласан доголдлыг арилгахад гарах зардал 406 800 000 төгрөг, 10-р давхрын хучилтын ажлыг зураг зөрчиж гүйцэтгэсэн доголдлыг арилгахад гарах зардал 192 000 000 төгрөгийг тус тус гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

4. Сөрөг нэхэмжлэлийн хохирол 30 429 647 төгрөг гаргуулах шаардлагын тухайд,

 

Б  нь 2015.05.13-ны өдөр Капитал банктай 555 тоот Зээлийн гэрээ байгуулан 119 000 ам.долларын зээл авч барилгын ажлыг санхүүжүүлж, барилга ашиглалтад орсны дараа худалдан борлуулсан орлогоос зээлээ төлөхөөр төлөвлөсөн боловч барилгын ажил дуусаагүйн улмаас зээлээ төлөх боломжгүй болсон гэх үндэслэлээр “И” ХХК-иас 12 726 ам.доллар буюу 30 429 647 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан.

Б гийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээ цуцлагдсан тул гэрээний үүргийн гүйцэтгэлийн зөрчилтэй холбоотой хохирол шаардах эрх Б д үүсээгүй.

Мөн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж хохирол арилгах хэмжээг тогтоосон.

Б гийн Капитал банктай байгуулсан Зээлийн гэрээний дагуу төлөх үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг И ХХК-тай байгуулсан 2015.04.03-ны өдрийн “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний үүргийн зөрчлийн улмаас Б д учирсан хохирол буюу “гарсан зардал” гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд Б гийн хохирол 30 429 647 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрхи үндэслэлүүдээр Б гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзлээ. 

 

Хариуцагч Б  нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага нотлох зорилгоор шинжээч томилуулах хүсэлт /2-р хх-85-87, 182-1185х/-үүд гаргасны дагуу шүүх хүсэлтийг хангаж, шинжээчийг томилсон /2-р хх-102-107, 224-230х/ бөгөөд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул шинжээчийн ажлын хөлсийг Б д хариуцуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                                                                        ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 355 дугаар зүйлийн 355.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан хариуцагч Б 918 839 205 /есөн зуун арван найман сая найман зуун гучин есөн мянга хоёр зуун таван/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И ХХК-д олгож, И ХХК-ийн нэхэмжлэлээс 631 064 905 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 355 дугаар зүйлийн 355.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан хариуцагч Б-гийн “И” ХХК-д холбогдуулан гаргасан гүйцэтгээгүй ажлын зардал 850 466 444 төгрөг, ажлын доголдлыг арилгах зардал 598 800 000 төгрөг, алданги 610 000 000 төгрөг, хохирол 30 429 647 төгрөг, нийт 2 089 696 091 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “И” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 154 316 төгрөгийг, Б гийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11 025 233 төгрөгийг тус тус Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б гаас 4 752 146 төгрөгийг гаргуулж “И” ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б гаас шинжээчийн ажлын хөлс 5 430 000 төгрөгийг гаргуулж, 3 080 000 /гурван сая наян мянга/ төгрөгийг Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар /РД:5318521/-ын 100900005409 тоот дансанд, 2 350 000 /хоёр сая гурван зуун тавин мянга/ төгрөгийг Барилгын төсөвчдийн холбооны “Бэсгэ” ХХК /РД:2581078/-ийн Улаанбаатар хотын банкны 2611037182 дансанд оруулсугай.   

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н. ОЮУНТУЯА