Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2020/00640

 

 

 

 

 

 

 

 

 2020        03          09                                      181/ШШ2020/00640

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

            Нэхэмжлэгч: “Ф” ХХК нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Т” ХХК -д холбогдох,

 

            Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг, хохирол 125 981 608 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дашдаваа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Халиун, Б.Номин, гуравдагч этгээд “Ф И К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Банзрагч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Я.Хандсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Ф” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дашдаваа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ф” ХХК нь Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Т” ХХК-ийн оффисийн барилгын гадна 6124 м2 талбайн шилэн фасад, цонхны угсралт, зосон өнгөт хавтангийн угсралт, хөнгөн цагаан хавтангийн төмөр хийцийн угсралт, дулаалга 4160,9 м2 ажлыг баталсан зургийн дагуу түлхүүр гардуулах нөхцөлтэй “Ажил гүйцэтгэх гэрээ”-г 2014 оны 07-р сарын 21-ний өдөр, түүнчлэн “Материал нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээг дуусгавар болгох тохиролцох нэмэлт гэрээ”-г 2016 оны 08-р сарын 05-ны өдөр тус тус “Т” ХХК-тай байгуулсан. Улмаар манай компани нь гэрээнд зааснаар гэрээт ажлыг бүрэн хийж дуусган Т ХХК-д хүлээлгэн өгч “2014 оны 7 сарын 21-ний өдрийн №02-07/21, №01-07/21 тоот 2016 оны 8 сарын 5-ны өдрийн №02-08/05 тоот материал нийлүүлэх, ажил гүйцэтгэх болон нэмэлт гэрээг дүгнэх, дуусгавар болгох акт”-ыг 2016 оны 10 сарын 26-ны өдөр тус компанийн эрх бүхий албан тушаалтнуудыг байлцуулан баталгаажуулсан байдаг.

Нэмэлт гэрээний 5-т зааснаар Т ХХК нь гүйцэтгэсэн ажлын нийт үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх барьцаа төлбөр болох 24 211 850 төгрөгийг актад заасны дагуу 2017 оны 10 сарын 27-нд манай компанийн Худалдаа хөгжлийн банк дахь 499226665 тоот харилцах дансанд шилжүүлэх үүрэг хүлээсэн. Нөгөөтэйгүүр компани нь гэрээний үлдэгдэл төлбөр болох 892,555 төгрөг болон барьцаа төлбөрийг Т ХХК-иас нэхэмжлэхээр нийт 25,104,405 төгрөгийн төлбөрийн даалгаварыг 2017 оны 10 сарын 24-нд явуулсан хэдий ч өнөөдрийг болтол дээрхи нэхэмжилсэн дүн нэр заасан дансанд хийгдээгүй даруй 615 хоногийн хугацаа өнгөрсөн байна.

Түүнчлэн барилгын 15 давхарын даацын төмөр бүтээцийн ажлыг Т ХХК-ийн хүсэлтээр манай компани өөрсдийн зардлаар хурдан шуурхай хийж гүйцэтгэсэн. Уг нэмэлт ажил буюу төмөр бүтээцийн ажилд зарцуулсан 56,390,000 төгрөгийг тус компаниас удаа дараа нэхэмжилсэн боловч өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй байгаа нь биднийг санхүүгийн хүнд байдалд оруулаад байна. Үлдэгдэл төлбөр, барьцаа болон даацын төмөр бүтээцийн ажлын санхүүжилтийг олгохыг хүсч “Т” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудтай удаа дараа уулзалт хийдэг байсан ч “удахгүй төлнө” гэх зэргээр хойшлуулсаар өнөөдрийг хүрсэн.

Иймээс барьцаа төлбөр болох 24,211,850 төгрөг гүйцэтгэсэн ажлын хөлс 892,555 төгрөг нэмэлт ажлын төлбөр 56,390,000 төгрөг буюу нийт 81,494,405 төгрөгийг манай компани нэхэмжилж байна.

Түүнчлэн Гэрээний 4.3-т “...заасан хугацаанд ажлын хөлсийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар тооцож гүйцэтгэгч талд алданги төлнө”, мөн Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.4-т “...анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасны дагуу 25,104,405 төгрөгийн нийт алданги 12,552,202.5 төгрөг, харин 56,390,000 төгрөгийн нийт алданги 28,195,000 төгрөг болсон. Мөн нэхэмжлэгч нь шүүхийн өмнөх шатанд тухайн маргааныг эвийн журмаар шийдвэрлэхийг эрмэлзэж, дээр дурдсанчлан удаа дараа уулзалт хийхийн сацуу үлдэгдэл төлбөрөө нэхэмжлэн шаардсан боловч хариуцагч болох тус Т ХХК нь өнөөдрийг хүртэл огт төлөхгүй, төлбөр төлөх үүргээ биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж, саад учруулан нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулаад байсан. Цаашид нэхэмжлэгч нь өөрийн хууль ёсны эрх, ашиг сонирхолоо хуулийн хүрээнд бүрэн дүүрэн хамгаалуулах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, хохирлоо барагдуулах үүднээс хууль, эрх зүйн туслалцаа авч байгаа болно.

Иймд хариуцагч “Т” ХХК-иас гэрээний үндсэн үүрэг, алдангийн нийлбэр болох 122 241 607.5 төгрөг, хуульчийн хөлс 3 740 000 төгрөг, нийт 125 981 608 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Номин, Э.Халиун нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай “Т” ХХК нь 2014 онд оффисын барилгын гадна фасадны ажлыг хийж гүйцэтгүүлэхээр болж, хэд хэдэн компаниас санал ирсэн бөгөөд тэр дундаас Ш.Батмөнх, Б.Номин нар нь олон  удаа бидэнтэй уулзаж гэрээт ажлыг хийж чадна, бид материалаа нийлүүлнэ бас угсарна маш их давуу талтай гэж бидэнд итгүүлж материал нийлүүлэх болон ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хамтран ажиллаж эхэлсэн. Үүний дагуу 2014.07.21-ний өдөр 02-07/21 дугаартай материал ханган нийлүүлэх гэрээг “Ф И К” ХХК-тай, 2014.07.21-ний өдөр 01-07/21 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг “Ф” ХХК-тай /нэг өдөр дээрх 2 гэрээг Ш.Батмөнхтэй байгуулсан/ тус тус байгуулсан бөгөөд дээрх хоёр компани нэг удирдлагатай, захирал нь Ш.Батмөнх байсан юм.

Ингээд Ш.Батмөнх нь гэрээний дагуу материал нийлүүлж, ажил гүйцэтгэх явцдаа угтаа бол нэг удирдлагатай байж мэдэн будилж, нийлүүлээгүй материалаа нийлүүлсэн болгож биднээс санхүүжилт нэхэмжилж, Солонгос захиралтайгаа муудалцсан гэх шалтгаанаар нийлүүлэгдсэн бараа материал дутуу байна, бараа материал хугацаандаа нийлүүлэгдэхгүй байна гэж ажлаа хийж гүйцэтгэхгүй удаашруулж /өөрөө нийлүүлэхээр гэрээ хийсэн байж Ф И К ХХК болон захиалагч хугацаандаа бараа материалаа нийлүүлээгүйгээс хугацаа хожимдсон мэт болгож харагдахаар албан бичгүүд өгч заль мэх гаргаж/, ажлын гүйцэтгэлийг дутуу гүйцэтгэсэн байж бүрэн гүйцэтгэсэн мэтээр биднийг удаа дараа хохироож ирсэн. Ш.Батмөнх нь “Ф И К” ХХК-тай муудалцаагүй болох нь “Ф И К” ХХК-ийн өмнөөс ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөн 2016.10.26-ны өдрийн гэрээг дүгнэх дуусгавар болгох актаас тодорхой харагдана. Материал ханган нийлүүлэх гэрээг 2015.02.15-ны өдөр дуусгаж, ажил гуйцэтгэх гэрээг 2015.05 сард дуусгаж хүлээлгэж өгөх ёстой байсан боловч дээрх хоёр компанийн дотоод маргаан гэхийн улмаас бид ажлын гүйцэтгэлийг 2016.10.26-ны өдөр хүлээж авсан. Манай компани гадна фасадны ажил дуусмагц улсын комисст барилгаа хүлээлгэн өгч, ашиглалтанд оруулах ёстой байсан боловч Ш.Батмөнх гэх хүнээс болж бүхэл бүтэн 1 жил гарангийн хугацаа алдаж, үйл ажиллагаа явуулах боломжгүй болж их хэмжээний хохирол амссан.

Нэхэмжлээд байгаа төмөр бүтээцийн ажилд зарцуулсан гэх 56,390,000 төгрөг болон алдангийн тухайд

   Манай компани нь “Ф” ХХК-иар даацын төмөр бүтээцийн ажлыг хийлгэхээр тохиролцоогүй, гэрээ байгуулаагүй тул дээрх мөнгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй. Уг даацын төмөр бүтээцийн ажлыг “Ф И К” ХХК нь хийж өгөхөөр амлаж, уг ажлын хөлс нь “Ф И К” ХХК-ийн гэрээний үнийн дүнд багтсан бөгөөд “Ф И К” ХХК-тай төлбөрийн асуудал арбитрын шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж дууссан. Даацын материалын зардал болох 28,920 доллар буюу 56,390,000 төгрөг нь “Ф И К” ХХК болон “Ф” ХХК хоёрын хоорондын асуудал бөгөөд манай “Т” ХХК-нд ямар ч хамааралгүй болох нь 2015.10.16-ны өдрийн уулзалтын протокол, 2015.10.27-ны өдрийн “Ф И К” ХХК-тай байгуулсан тохиролцох гэрээ, “Ф” ХХК-ийн 2015.10.05-ны өдрийн 151005/17 дугаартай болон 2015.10.28-ны өдрийн 151028/18 дугаартай албан бичгүүдээр тус тус нотлогдоно. Үнэхээр “Ф” ХХК нь манай компаниас даацын төмөр бүтээцийн ажлын хөлс 56,390,000 төгрөг авах ёстой байсан бол 2016.10.26-ны өдөр хийсэн материал нийлүүлэх болон ажил гүйцэтгэх гэрээг дүгнэж, төлбөр тооцоогоо нийлж, дуусгавар болгох үедээ уг асуудлыг тавих ёстой байсан. Гэтэл гэрээгээр дуусгавар болгоод дүгнээд бүх төлбөр мөнгийг төлсөн байхад одоо гэнэт энэ асуудлыг хөндөж, төлбөр авлагатай мэтээр харагдуулах гэж хичээж байгаа нь Ш.Батмөнхийн заль мэхийн нэг нь юм. “Ф И К” ХХК болон  “Ф” ХХК нь бие биерүүгээ энэ мэтээр чихэж, мэлзэж биднийг хохироосоор ирсэнийг нэг нотолгоо эндээс мөн харагдаж байна.

Нэхэмжлэлд байгаа барьцаа төлбөр болох 24 211 850 төгрөг, түүний алданигийг тухайд

2014.07.21-ний өдөр 02-07/21 дугаартай “Ф И К” ХХК-тай байгуулсан материал ханган нийлүүлэх гэрээ, 2014.07.21-ний өдөр 01-07/21 дугаартай “Ф” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, 2016.08.05-ны өдрийн 02-08/05 дугаартай материал нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээг дуусгавар болгох тохиролцох нэмэлт гэрээг талууд 2016.10.26-ны өдөр дүгнэж дуусгавар болгож акт үйлдсэн.

Уг актын 4-д гэрээний баталгаат хугацааны барьцаа төлбөр болох 24,211,850 төгрөгийг 2017.10.27-ны өдөр манай компани төлөхөөр заасан. Гэхдээ нийлүүлэгдсэн материал, гүйцэтгэсэн ажилд баталгаат хугацаанд ямар нэг эвдрэл гэмтэл, дулаалгын болон угсралтын ажлын үеийн алдаанаас гарсан доголдол гарахгүй мөн НӨАТ-ын падааныг гэрээний нийт үнийн дүнгээс захиалагчид бичиж өгснөөр барьцаа мөнгө болон үлдэгдэл мөнгийг өгөхөөр тохиролцсоныг шүүх анхаарч үзнэ үү.

Гэрээ дуусгавар болсноос хойш барилгын тухай хуулийн дагуу 3 жилийн баталгаат хугацаанд эвдрэл гэмтэл гарвал нийлүүлэгч, гүйцэтгэгч тал маргаангүй үнэ төлбөргүй засварлаж өгөхөөр баталгаат хугацаа өгсөн атлаа дуудлага өгөхөд 3 жилийн хугацаанд нэг ч удаа ирж засаж өгөөгүй, үүний улмаас зуны их бороотой өдрүүдээр фасадны завсраар ус гоожиж 14, 13, 12-р давхар руу дамжиж орсон. Энэ нь фасадны силикон муудсанаас болсон байдаг. Мөн зарим гадна фасад, цонх сул хөдөлгөөнтэй байгаа ба дуудахаар ирдэггүй учраас бид дээврээс ус алдахад өөр байгууллагаар засварлуулсан. “Ф И К” ХХК болон “Ф” ХХК-ийн хоёулангийнх нь гэрээний үнэд НӨАТ дүн багтсан бөгөөд НӨАТ-ын буцаан авалтын мөнгө 247,545,475 төгрөгийг бид өнөөдрийг хүртэл аваагүй хохирсоор ирсэн тул барьцаа мөнгийг буцаан өгөөгүй. Ш.Батмөнх нь би танай НӨАТ буцаалтын мөнгийг “Ф И К” ХХК-аас аваад өгчихнө асуудалгүй гэж хэлж гэрээг дүгнэж дуусгавар болгосон юм. “Ф И К” ХХК-ийг бид урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар татварын хэлтэст гомдол гаргаж шалгуулж байгаа.

Мөн 2014.07.21-ний өдөр 01-07/21 дугаартай “Ф” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ болон 2016.08.05-ны өдрийн 02-08/05 дугаартай материал нийлүүлэх нэмэлт гэрээг талууд 2016.10.26-ны өдөр дүгнэж, дуусгавар болсонд тооцсон байхад дуусгавар болсон гэрээний дагуу алданги нэхэж байгаа нь үндэслэлгүй байна. Анх дуусгавар болгох актанд бид үлдэгдэл төлбөрийг төлөхдөө алданги төлнө гэж тохиролцоогүй, гэрээгээ дүгнэж дуусгавар болгоё, бид үлдэгдэл төлбөрөө заасан хугацаандаа төлнө, барьцаа мөнгө болон үлдэгдэл мөнгийг НӨАТ-ын падаан бичиж өгсний дараа өгнө гэж тохиролцож байгуулсан хүсэл зоригийн илэрхийллийг шүүх харгалзаж үзнэ үү. Иргэний хуулийн 232.3-т анзыг бичгээр байгуулаагүй бол анз авах эрхээ алдана гэж заасан. Тэгээд ч бид гэрээ дүгнэж дуусгавар болгох актын 7,8-д заасан төлбөрийг төлж барагдуулсан. Угаас ажил гүйцэтгэх гэрээний 4.3-т захиалагч тал гэрээнд заасан хугацаанд ажлын хөлсийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар тооцож гүйцэтгэгч талд алданги төлнө гэж заасан болохоос барьцаа мөнгийг хугацаандаа төлөөгүй бол алданги төлнө гэж тохиролцоогүй. Барьцаа мөнгийг бид үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар авсан бөгөөд гэрээг дүгнэж дуусгавар болгох актанд заасан үүргээ Ш.Батмөнх нь өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Иймээс Ф ХХК-нд бидний зүгээс өгөх ямар нэг өр төлбөр байхгүй.

Хуульчийн зардалд 3,740,000 төгрөгийн тухайд:

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулсны хөлс нь нэхэмжлэгч тал шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхдээ хууль зүйн туслалцаа авч өөрийн хүсэл зоригийн дагуу эд хөрөнгөөсөө гаргаж буй зардал юм. Энэ нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасан “хохирол” гэдэгт хамаарахгүй болно. Өөрөөр хэлбэл гэрээний талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд эд хөрөнгөнд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлүүлэхээр заасан байх тул өмгөөллийн хөлсийг хохиролд тооцох хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээд “Ф И К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Банзрагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ф” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Т” ХХК-д холбогдох иргэний хэрэгт “Ф И К" ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татсан байна.

“Ф” ХХК болон “Т” ХХК нарын шүүхээр хянан шийдвэрлэгдэж буй маргаанд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаагийн хувьд “Ф И К” ХХК-ийг төлөөлж дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Манай “Ф И К” ХХК нь “Т” ХХК-тай 2014 оны 07 сарын 21 -ны өдөр “Материал ханган нийлүүлэх гэрээ”-г байгуулсан. Уг гэрээний дагуу үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн. Ийнхүү үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн тул гэрээний дагуу үлдэгдэл төлбөрөө шаардан 2017 оны 6 сарын 12-ны өдөр МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын олон улсын ба үндэсний арбитрт хандаж улмаар 2018 оны 12 дугаар сарын 19-ны өдөр тус арбитр маргааныг эцэслэн шийдвэрлэсэн.

Ер нь “Ф И К” ХХК болон “Т” ХХК нарын хооронд “Материал ханган нийлүүлэх гэрээ”-г байгуулж, “Ф” ХХК болон “Т” ХХК нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байдаг. Тус шүүхээр хянан шийдвэрлэгдэж буй “Ф” ХХК болон “Т” ХХК нарын хооронд үүсч буй маргаан нь эдгээр компанийн хооронд 2014 оны 07 сарын 21-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой байх тул манай компанид хамааралгүй болно. Өөрөөр хэлбэл манай компани ажил гүйцэтгэх гэрээний дагуу үүрэг хүлээгээгүй болно.

Тус маргаанд нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг үндэслэж, түүний үүргийн гүйцэтгэлийг шаардсан байна. Тус гэрээний харилцаанд “Ф И К” ХХК нь оролцоогүй болохыг дахин тэмдэглэмээр байна.

Нэхэмжлэлийн шаардлага тус бүр дээр тайлбарлавал,

1. Нэхэмжлэлд “Нэмэлт гэрээний 5 хувьтай тэнцэх барьцаа төлбөр болох 24,211,850 төгрөгийг актад заасны дагуу 2017 оны 10 сарын 27-ны өдөр шилжүүлэх үүрэг хүлээсэн” гэж “Ф” ХХК-аас барьцаанд шилжүүлсэн төгрөгөө буцаан шаардсан байна. Иймээс эдгээр барьцаа төлбөр нь манайд хамааралгүй болно.

2. Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр болох 892 555 төгрөгийг шаардсан байна. " Ф И К” ХХК нь “Т” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй болно.

3. Нэмэлт ажил буюу төмөр бүтээцийн ажилд зарцуулсан 56 390 000 төгрөгийг шаардсан байна. Төмөр бүтээцийн ажилд зарцуулсан 56 390 000 төгрөгийн тухайд талууд ажил гүйцэтгэх гэрээнээс гадна нэмэлт гэрээ байгуулж харилцан бие биенийхээ өмнө үүрэг хүлээсэн хоёр талын гэрээ болох нь тодорхой байна. Өөрөөр хэлбэл үндсэн ажил гүйцэтгэх гэрээнээс гадна тусад нь дахин гэрээ байгуужээ.

Ийнхүү нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулсан хоёр талын гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргаантай асуудлыг гуравдагч этгээдийн зүгээс ажил зохих ёсоор хийгдсэн болон хийгдээгүй гэж аль нэг талыг шууд дэмжин оролцох боломжгүй байна. Учир нь талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд хяналт тавих эрх, үүрэгтэй оролцоогүй болно.

Харин тус хэргийн гуравдагч этгээд болох “Ф И К” ХХК-ийн хувьд “Т” ХХК-тай маргаж байх явцад манай нийлүүлсэн материалууд тус барилгад ашиглагдсан эсэхийг барилга дээр нь очиж шалгах үед хариуцагчийн нийлүүлээгүй гэх бараа материал нь тус барилгад бүрэн орсон байсан боловч Арбитрын бүрэлдэхүүн “Ф И К” ХХК нь “Ф” ХХК-д шилжүүлсэн баримтууд байна. “Т” ХХК-д шууд шилжүүлсэн баримт байхгүй байх тул нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болголоо. Эдгээр баримтаараа “Ф” ХХК-аас нэхэмжлэх эрхтэй гэдгийг тайлбарласан төдийгүй, арбитрын шийдвэрийн 6 дахь талд энэ талаар дурьдсан байдаг. Учир нь манай компанийн зүгээс “Т” ХХК-д шилжүүлсэн бараа материалыг “Ф” ХХК хүлээн авдаг байсан тул арбитраас дээрхи шийдвэр гарсан.

Иймээс манай компани дээрхи маргаантай харилцаанд хамааралгүй болно гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Ф” ХХК нь хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэг, хохирол 125 981 608 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

2014 оны 07-р сарын 21-ний өдөр “Т” ХХК нь “Ф” ХХК-тай 01-07/21 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, “Ф” ХХК нь Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Т” ХХК-ийн оффисийн барилгын гадна 6124 м2 талбайн шилэн фасад, цонхны угсралт, зосон өнгөт хавтангийн угсралт, хөнгөн цагаан хавтангийн төмөр хийцийн угсралт, дулаалга 4160,9 м2 ажлыг баталсан зургийн дагуу түлхүүр хүлээлгэж өгөх нөхцөлтэйгээр хийж гүйцэтгэх, “Т” ХХК нь ажлын хөлс 519 000 000 төгрөг төлөхөөр тохиролцсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.

 

Мөн гэрээний дагуу “Ф” ХХК нь ажлыг гүйцэтгэж байх явцад талууд 2016 оны 08-р сарын 05-ны өдөр №02-08/05 тоот “Материал нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээг дуусгавар болгох тохиролцох нэмэлт гэрээ”-г байгуулж, гэрээний үүргийн гүйцэтгэлүүдийг дүгнэж, гүйцэтгэсэн ажлын нийт үнийн дүнгээс 5%-ийн барьцаа болох 24 211 850 төгрөгийг суутгуулж барьцаанд үлдээх, Барьцаа төлбөрийг талууд ажил хүлээлцэж гарын үсэг зурсан өдрөөс хойш 1 жилийн дараа “Т” ХХК нь гүйцэтгэгч компанийн дансанд шилжүүлэхээр тохиролцжээ. /хх-11-13х/

 

Гүйцэтгэгч “Ф” ХХК нь ажлыг бүрэн хийж дуусган “Т” ХХК-д хүлээлгэн өгч, талуудын “2014 оны 7 сарын 21-ний өдрийн №02-07/21, №01-07/21 тоот, 2016 оны 8 сарын 5-ны өдрийн №02-08/05 тоот материал нийлүүлэх, ажил гүйцэтгэх болон нэмэлт гэрээг дүгнэх, дуусгавар болгох акт”-аар гэрээгээр тохиролцсон ажлыг гүйцэтгэсэнд тооцож, барьцаа 24 211 850 төгрөгийг 2017.10.27-ны өдөр, 15 000 000 төгрөгийг 2016.10.29-ний дотор, 17 893 150 төгрөгийг 2016.12.23-ны дотор тус тус “Ф” ХХК-ийн дансанд шилжүүлэхээр тохиролцжээ. /хх-21х/

Уг актын дагуу шилжүүлэхээр тохиролцсон мөнгөнөөс “Т” ХХК нь гэрээний үлдэгдэл төлбөр 892 555 төгрөг, барьцаа 24 211 850 төгрөгийг шилжүүлээгүй талаар зохигч маргаагүй.

 

Хариуцагч “Т” ХХК нь Барилгын тухай хуульд заасны дагуу 3 жилийн баталгаат хугацаанд гүйцэтгэсэн ажилд нь доголдол гарсан боловч засварлаж өгөөгүй, “Ф И К” ХХК-иас НӨАТ-ын буцаалтын мөнгийг авч өгөөгүй гэх үндэслэлээр дээрхи төлбөрийг төлөхөөс татгалзаж байна.

 

“Т” ХХК нь 2014.07.21-ний өдөр 02-07/21 дугаартай “Материал ханган нийлүүлэх гэрээ” /хх-55-58х/-г “Ф И К” ХХК-тай, мөн 2014.07.21-ний өдөр 01-07/21 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээг” /хх-6-10х/-г “Ф” ХХК-тай тус тус байгуулсан бөгөөд эдгээр гэрээ нь хоёр өөр хуулийн этгээдтэй байгуулсан, гэрээний үүргүүд хоорондоо холбоогүй байна.

Иймээс “Ф И К” ХХК-иас гэрээний дагуу “Т” ХХК-д нийлүүлсэн бараа, материалынхаа НӨАТ-ын буцаалт /баримт, мөнгө/-ыг олгоогүй нь “Ф” ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүрэгт хамааралгүй тул хариуцагчийн “Ф И К” ХХК-иас НӨАТ-ын буцаалтын мөнгийг авч өгөөгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Хариуцагч “Т” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу “Ф” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлыг 2016.10.26-ны өдөр хүлээн авснаас хойш доголдол илэрсэн /фасадны завсараар ус гоожсон/, уг доголдлыг арилгуулахаар шаардсан, өөр байгууллагаар засварлуулсан гэдгийг баримтаар нотлоогүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25.2.2-д заасан үүргээ биелүүлээгүй.

“Ф” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлыг доголдолтой байсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, барьцааны гэрээгээр тохиролцсон 1 жилийн хугацаа болон актанд заасан 2017.10.27-ны өдөр өнгөрсөн тул “Т” ХХК-иас гэрээний үлдэгдэл төлбөр 892 555 төгрөг, барьцаа 24 211 850 төгрөгийг тус тус гаргуулж “Ф” ХХК-д олгох үндэслэлтэй байна.

 

Ажил гүйцэтгэх гэрээнд заагдаагүй нэмэлт ажил буюу “Т” ХХК-ийн барилгын 15-р давхрын даацын төмөр бүтээцийн ажлыг “Ф” ХХК гүйцэтгэсэн талаар зохигч маргаагүй.

 

“Ф” ХХК нь уг ажлын хөлс буюу ажил гүйцэтгэхтэй холбоотойгоор гарсан зардал болох 56 390 000 төгрөгийг “Т” ХХК-иас нэхэмжилсэн болох 2015.10.05-ны өдрийн 151005/14 албан бичиг, нэхэмжлэхээр тогтоогдож байна. /хх-23-25х/,

 

Хариуцагч “Т” ХХК нь уг ажлыг “Ф” ХХК-иар гүйцэтгүүлэхээр тохиролцоогүй, гэрээ байгуулаагүй, уг даацын төмөр бүтээцийн ажлыг “Ф И К” ХХК хийж өгөхөөр амлаж, ажлын хөлс нь “Ф И К” ХХК-ийн гэрээний дүнд багтсан гэх үндэслэлээр маргаж байна.

 

“Т” ХХК нь “Ф И К” ХХК-тай 2014.07.21-ний өдөр 02-07/21 дугаартай “Материал ханган нийлүүлэх гэрээ” /хх-55-58х/-г байгуулсан бөгөөд уг гэрээгээр “Ф И К” ХХК нь ажил гүйцэтгэхээр тохиролцоогүй, “Ф И К” ХХК нь “Т” ХХК-ийн барилгад ажил гүйцэтгээгүй болох нь гуравдагч этгээд “Ф И К” ХХК-ийн тайлбараар тогтоогдож байна.

Мөн Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын Олон улсын ба Үндэсний арбитрын 2018.12.19-ний өдрийн 356 дугаар шийдвэрээр “Т” ХХК болон “Ф И К” ХХК нарын хооронд байгуулагдсан 2014.07.21-ний өдөр 02-07/21 дугаартай “Материал ханган нийлүүлэх гэрээ”-ний дагуу нийлүүлсэн бараа, материалын үнэ, барьцаа төлбөрийн талаарх маргааныг шийдвэрлэсэн байна. /хх-146-153х/ 

 

“Т” ХХК-ийн “Ф И К” ХХК-тай 2015.10.27-ны өдөр байгуулсан “Тохиролцох гэрээ”-ний 4-д “Даацын материалын зардал болох $28 920 нь “Ф И К” ХХК болон “Ф” ХХК 2 компанийн хоорондоо зохицуулах асуудал бөгөөд “Т” ХХК-д хамааралгүй болно” гэж, 2015.10.16-ны өдрийн “Гэрээний гүйцэтгэлийн талаар уулзалт хийв” гэх тэмдэглэлд “-Даацын мат-д /МЖЛ-д/ 28 920$” гэж тус тус заасныг “Материал ханган нийлүүлэх гэрээ”-тэй харьцуулан дүгнэхэд “Т” ХХК-ийн барилгын 15-р давхрын даацын төмөр бүтээцийн материалын зардлыг “Ф И К” ХХК хариуцахаар тохиролцсон байхыг үгүйсгэхгүй боловч уг ажлыг гүйцэтгэсэн “Ф” ХХК-д ажлын хөлсийг нь төлсөн гэж үзэх үндэслэл болохгүй байна.

Өөрөөр хэлбэл, “Т” ХХК-ийн барилгын 15-р давхрын даацын төмөр бүтээцийн ажлыг “Ф” ХХК гүйцэтгэсэн тул “Т” ХХК нь уг ажлын материалын зардлаас гадна ажлыг гүйцэтгэсний хөлсийг төлөх үүрэгтэй бөгөөд ажлын хөлсийг төлсөн гэдгийг дээрхи баримтуудаар нотлогдоно гэж үзэх үндэслэлгүй байна.

 

“Ф” ХХК-ийн 2015.10.05-ны өдрийн 151005/17 дугаар, 2015.10.28-ны өдрийн 151028/18 дугаар албан бичгүүдээр “Ф И К” ХХК нь 15-р давхрын даацын төмөр бүтээцийн ажлыг гүйцэтгээгүй, уг ажлыг “Ф” ХХК гүйцэтгэсэн тул ажлын хөлс 56 390 000 төгрөгийг “Ф И К” ХХК-ийн материал нийлүүлэлтийн санхүүжилтээс суутгаж өгөхийг “Т” ХХК-иас хүссэн байна. /хх-51-53х/

“Ф И К” ХХК болон “Т” ХХК-иас барилгын 15-р давхрын даацын төмөр бүтээцийн ажлын хөлс 56 390 000 төгрөгийг “Ф” ХХК-д төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд уг ажлын хөлсөнд даацын төмөр бүтээцийн материалын үнэ ороогүй болох /хх-24х/-ыг дурдах үндэслэлтэй байна.

 

2016.10.26-ны өдрийн актаар гэрээний үүргийн гүйцэтгэлүүдийг дүгнэсэн байх бөгөөд нэмэлт ажлын гүйцэтгэл болон хөлсийн талаар дүгнээгүй нь уг ажлын хөлсийг төлөхгүй байх үндэслэл болохгүй юм.

 

Дээрхи үндэслэлээр “Т” ХХК-иас барилгын 15-р давхрын даацын төмөр бүтээцийн ажлын хөлс 56 390 000 төгрөгийг гаргуулж “Ф” ХХК-д олгох үндэслэлтэй байна.

 

Талууд нэмэлт ажлын хөлсийг төлөх хугацааг тохиролцоогүй, нэмэлт ажлын хөлс болон барьцааны мөнгөн төлбөрийн үүргийг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд алданги төлөхөөр тохиролцоогүй буюу анзын гэрээг байгуулаагүй байна.

2014.07.21-ний өдрийн 01-07/21 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ” /хх-6-10х/-гээр барилгын 15-р давхрын даацын төмөр бүтээцийн нэмэлт ажил болон барьцааны талаар тохиролцоогүй тул уг гэрээний алдангийн тохиролцоо эдгээрт хамааралгүй юм.

Иймд нэмэлт ажлын хөлс, барьцааны төлбөрөөс алданги тооцох хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэгч “Ф” ХХК-ийн алданги 40 747 202 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Мөн нэхэмжлэгч “Ф” ХХК-ийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу хуульчийн хөлсөнд төлсөн 3 740 000 төгрөгийг “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний үүргийн зөрчлийн улмаас үүрэг гүйцэтгүүлэгчээс “гарсан зардал” гэж үзэх үндэслэлгүй буюу гэрээний үүргүүд нь хоорондоо “шалтгаант холбоо”-гүй тул хуульчийн хөлс 3 740 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 160 дугаар зүйлийн 160.3, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Т” ХХК-иас 81 494 405 /наян нэгэн сая дөрвөн зуун ерэн дөрвөн мянга дөрвөн зуун тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ф” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 44 487 203 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Ф” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 787 860 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т” ХХК-иас 565 422 /таван зуун жаран таван мянга дөрвөн зуун хорин хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ф” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг хуульд заасан журмын дагуу гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Н. ОЮУНТУЯА