Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2020/01682

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т. Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ө.Б нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: "А Д С Р С" ХХКхолбогдох

 

          12,687,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын      08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ө.Б-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямдорж, өмгөөлөгч Г.Ичинхорол, нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Ө.Б- миний бие 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр “А Д С Р С” ХХК-тай гэрээ байгуулж Баянзүрх дүүрэг ******* хорооны нутаг дэвсгэрт байрлалтай ******* Апартмэнт хотхоны 140 айлын орон сууцаас 73,45 м.кв талбайтай 3 өрөөг 1 м.кв-ыг 1,750,000 төгрөгт бодон худалдан авахаар орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Би 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 128,537,500 төгрөгийг төлж байрныхаа түлхүүрийг гардан авч тухайн өдрөө байрандаа нүүн орсон. Би орон сууцын ашиглалтад орохоос өмнө очиж үзэхэд нүдэн баримжаагаар арай жижигхэн каталог болон гэрээнд заасан метр кв-тай хүрэхгүй санагдаад байсан.

Байрандаа орохын өмнө 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр “*******” ХХК-иар худалдан авч байгаа орон сууцын талбайг хэмжүүлэхэд 7.25 м.кв дутсан. Энэ тухайгаа борлуулалтын менежерт 3-4 удаа хэлж бидний дунд нэлээн маргаан үүссэн. Компанийн борлуулалтын менежер нь гэрээг цуцлах тухай санал тавьсан гэхдээ тушаасан мөнгийн 20 хувийг өгөхгүй гэж хэлсэн. Би өөрийнхөө болон аав, ээжийнхээ насаараа хөдөлмөрлөж олж авсан мөнгийг энэ компанид тушаачхаад 20 хувийг авахгүй гэхээр надад хохиролтой, түүнээс гадна 1-2 м.кв дутсан бол би зарга үүсгэхгүй бүхэл бүтэн 7 м.кв дутахад хэн ч байсан заргалдах л байсан. Шүүхээс манай байрны м2 шинжээч томилоход нийт талбайн хэмжээг 66,54 м.кв гэж дүгнэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад дутуу м.кв-ийн 12,092,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч “А Д С Р С” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Баярхүү шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Ө.Б- нэхэмжлэгч манай компанийн “******* Апартмэнт”-ын 8 давхрын 73.45 м.кв талбай бүхий 3 өрөө байрыг захиалсан одоогоор тус байранд амьдарч байгаа юм. Иргэн Ө.Б- нь худалдаж авсан байрны талбайн хэмжээг дутсан талаар манай компанид мэдэгдээгүй бөгөөд бид тус иргэний гомдлын дагуу мэргэжлийн компаниар тус орон сууцанд хэмжилт хийлгэх хүсэлтэй байна. Иймд албан ёсны хэмжилтийн хариу гарах хүртэл манай талаас нэхэмжлэлийн шаардлагыг шууд хүлээж авах боломжгүй юм гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэгдүгээрт нэхэмжлэгч нь анхнаас м.кв-ын зөрүүтэй гэдгийг мэдэж байсан. Хоёрдугаарт Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар эд хөрөнгийг хүлээн авах үедээ энэ доголдлыг мэдсэн буюу мэдэх боломжтой байсан гэж заадаг. Иргэний хуулийн 251 дүгээр 251.3-т зүйлийн үүргийн гүйцэтгэлд ноцтой нөлөө үзүүлэхээргүй бол эд хөрөнгийн зарим хэсгийг дутуу буюу гэрээнд зааснаас өөр барааг бага хэмжээгээр шилжүүлсэн, эсхүл эд хөрөнгийн нэг хэсэг нь доголдолтой байсан ч түүнийг бүхэлд нь доголдолтой гэж үзэхгүй гэж заасан байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ө.Б- нь хариуцагч “А Д С Р С” ХХК-с орон сууц захиалгын гэрээнд заасан хэмжээнээс 7.25 м.кв талбай бүхий орон сууцыг дутуу шилжүүлсэн тул илүү төлсөн төлбөр 12,687,500 төгрөгийг шаардаж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад нэхэмжлэлийн шаардлагаа 12,092,500 төгрөгийг гаргуулна багасгасан.

 

Хариуцагч худалдах худалдан авах гэрээ байгуулсан, орон сууцыг хүлээлгэн өгсөн, талбайн хэмжээ дутуу гэдгийг өөрөө мэдсээр байж орон сууцыг хүлээн авсан тул шаардлага гаргах эрхээ алдсан гэж маргаж байна.

 

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар дараах нөхцөл байдал тогтоогдов.

 

 Зохигчдын хооронд  байгуулагдсан 2018 оны 8 дугаар сарын 16-ний өдөр №Т2-Д8-Б2 тоот Орон сууц захиалгын гэрээгээр хариуцагч нь Баянзүрх дүүргийн ******* хороонд байрлах “******* Апартмэнт” хотхоны 140 айлын орон сууц, 2 дугаар орцын 8 давхарт 73.45 м.кв талбай бүхий 3 өрөө байрыг 2019 оны 3 дугаар сарын    30-ны өдрийн дотор гүйцэтгэж хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь 128,537,500 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, улмаар орон сууцны үнийг бүрэн төлжээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар “Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцсэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар хариуцагч баригдаж буй орон сууцыг санал болгож, нэхэмжлэгч тохирсон үнийг төлсөн зэргээс дүгнэхэд талуудын хооронд Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж үзэх үндэслэлтэй.

 

Орон сууц биет байдлын доголдолтой эсэх, нэхэмжлэгч шаардлага гаргах эрхтэй эсэх талаар талууд маргасан.

 

Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1-д “Худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол уг доголдлыг арилгах, хэрэв эд хөрөнгө нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал тухайн төрлийн ижил эд хөрөнгөөр буюу тухайн цаг үед худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй.” Энэ хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4-т “худалдан авагч энэ хуулийн 254.3-т заасан эд хөрөнгийг хүлээн авсан бол худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлөх үүрэгтэй”, 255 дугаар зүйлийн 255.2-т “Хариуцагч эд хөрөнгийг шилжүүлэх үед түүний доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан бол энэ хуулийн 255.1 хамаарахгүй” гэжээ.

 

Нэхэмжлэгч нь 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр орон сууцны түлхүүрийг хүлээн авч, тухайн өдрөө байрандаа нүүж орсон талаар талууд маргаагүй.

 

Нэхэмжлэгч нь 2019 оны 7 дугаар сард “*******” ХХК-иар гэрээнд заасан 73.45 м.кв талбайн хэмжээг хэмжүүлэхэд, 7.25 м.кв зөрүүтэй болохыг мэджээ. Энэ талаар хариуцагчид эд хөрөнгийн доголдлын талаар удаа дараа гомдол гаргаж байсан нь шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Л.М мэдүүлэг, зохигчдын тайлбараар нотлогдож байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээнд талбайн хэмжээг 73.45 м.кв тусгасан атлаа гэрээнд заагдсан хэмжээ дутуу байсныг нэхэмжлэгч  орон сууцыг хүлээж авахаас өмнө мэдсэн, энэ тухай гомдлыг удаа дараа хариуцагч талд гаргаж  байсан талаар маргаагүй.

 

Өөрөөр хэлбэл хариуцагчийн төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт захиалагчийн орон сууцын талбайн хэмжээг зөрүүтэй гэдгийг мэдсээр байж орон сууцыг хүлээн авч шаардлага гаргах эрхээ алдсан гэх тайлбар үндэслэлгүй байна.  

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр шүүхээс Баянзүрх дүүргийн ******* хороонд байрлах ******* Апартмэнт хотхоны 140 айлын орон сууц, 2 дугаар  орцын 8 давхарт 73.45 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг талбайг хэмжүүлэхээр “*******” ХХК-ийг шинжээчээр томилсон. Шинжээчийн дүгнэлтээр уг орон сууцын талбайн хэмжээг 66.54 м.кв талбайтай болохыг тодорхойлсон. Зохигчид шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтэд маргаагүй.  

 

Иймд хариуцагч “А Д С Р С” ХХК-иас орон сууц захиалгын гэрээний үүрэгт 6.91 м.кв талбайн зөрүүд илүү төлсөн 12,092,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан “А Д С Р С” ХХК-иас 12,092,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 595,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 217,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 208,430 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д заасныг баримтлан шинжээч “*******” ХХК-ийн ажлын хөлс 110,000  төгрөгийг банкны Голомт банкны 1410000699 тоот дансанд төлөхийг хариуцагч “А Д С Р С” ХХК-д үүрэг болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.ГАНЧИМЭГ