Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилсүрэнгийн Оюунтуяа |
Хэргийн индекс | 181/2020/00015/и |
Дугаар | 181/ШШ2020/00722 |
Огноо | 2020-03-25 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 181/ШШ2020/00722
2020 03 25 | 181/ШШ2020/00722 |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Л.Б-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э.Б-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэг 3 400 000 төгрөг, алданги 1 700 000 төгрөг, нийт 5 100 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир, хариуцагчийн өмгөөлөгч О.Алтанчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Байгалмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Б нь Э.Б тэй 2019.07.10-ны өдөр 4 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, зээлийн гэрээнд гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Зээлдэгч Э.Б нь гэрээний хугацаандаа зээлийн хүү болох 400 000 төгрөгийг төлж үндсэн зээл болох 4 000 000 төгрөгийг өнөө маргаашгүй төлнө, санхүүжилт орохыг хүлээж байна гэсээр явж сүүлд 400 000 төгрөг, дахин 200 000 төгрөгийг хүү гэж төлсөн боловч би үндсэн зээлээс нь хасаж тооцоод одоогийн байдлаар үндсэн зээл болох 3 400 000 төгрөгийг хэзээ яаж төлөх тухай уулзаж ярилцахыг хүссэн боловч утсаа аваагүй, мессэж бичсэн ч хариу өгөхгүй огт сураггүй байгаа тул шүүхэд хандаж байна. Зээлийн гэрээнд зааснаар хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,5%-ийн алданги тооцож, 130 хоногийн буюу Иргэний хуулийн 232.4-д заасны дагуу 1 700 000 төгрөгийн алданги, үндсэн зээл 3 400 000 төгрөг нийт 5 100 000 төгрөгийг Э.Бээс гаргуулж өгнө үү.
Хариуцагч Э.Б ээс нэхэмжилсэн 5 100 000 төгрөгөөс 2019.12.03-ны өдрөөс 2019.12.29-ний өдрийн хооронд 1 350 000 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл 3 750 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Э.Б болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Алтанчулуун шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Э.Б нь 2019 оны 07 сарын 10-ны өдөр Л.Б тай Зээлийн гэрээ байгуулж, 4.000.000 төгрөгийг зээлдүүлсэн. Зээлийн хугацаа 2019 ны 07 сарын 10-ны өдрөөс 2019 оны 08 сарын 10-ны өдөр хүртэл 1 сарын хугацаатайгаар 10%-ийн хүүтэй байсан. Зээлийн гэрээний дагуу 08 сарын 10-ны өдөр 400 000 төгрөг, 10 сард 400.000 төгрөг, 11 сард 200.000, 12 сарын 02-ны өдөр 150.000 төгрөг, 12 сарын 29-ний өдөр 500.000 төгрөг, сүүлд 12 сарын 06-ны 1.350.000 төгрөгийг төлсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1.250.000 төгрөг төлөгдсөн гэж үзэж байна. Нийт 4.400.000 төгрөгийг гэрээний дагуу төлөх ёстой байснаас 3.000.000 төгрөг төлөгдсөн. 1.400.000 төгрөг үлдэж байгаа. Үүн дээр маргахгүй байгаа. Алданги төлөхгүй гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч Э.Б д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 3 400 000 төгрөг, алданги 1 700 000 төгрөг, нийт 5 100 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зээлдүүлэгч Л.Б нь 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 4 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн, зээлдэгч Э.Б нь зээл 4 000 000 төгрөг, зээлийн хүү 400 000 төгрөгийн хамт 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцож, “Зээлийн гэрээ” бичгээр байгуулан гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн байна.
Талууд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан Зээлийн гэрээ байгуулсан бөгөөд мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж заасны дагуу сарын 10 хувийн хүү төлөхөөр талууд тохиролцсон байна.
Зээлдүүлэгч Л.Б нь 2019.07.10-ны өдөр зээлдэгч Э.Б д 4 000 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн /хх-5х/ байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д зааснаар зээлийн гэрээг байгуулсанд тооцох үндэслэлтэй байна.
Зээлдэгч Э.Б нь зээлийн хүү 400 000 төгрөгийг 2019.08.09-ны өдөр, үндсэн зээлд 2019.11.01-ны өдөр 400 000 төгрөг, 2019.11.17-ны өдөр 200 000 төгрөг, 2019.12.03-ны өдөр 150 000 төгрөг, 2019.12.27-ны өдөр 500 000 төгрөг, 2019.12.06-ны өдөр 1 350 000 төгрөг, нийт 3 000 000 төгрөгийг зээлийн төлбөрт төлсөн болох нь Ц.Нарантуяа, Л.Б нарын ХААН банкны дансны хуулга /хх-16-21х/-аар тогтоогдож байх бөгөөд зохигч энэ талаар маргаагүй.
Иймээс хариуцагч Э.Б нь зээлийн төлбөрөөс 1 400 000 төгрөгийг төлөөгүй байна.
“Зээлийн гэрээ”-ний 2.7-д “Зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ.” гэж талууд үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангийн талаар тохиролцжээ.
Зээлдэгч Э.Б нь зээлийн төлбөр 4 400 000 төгрөгийг 2019.08.10-ны өдрийн дотор буцаан төлөх үүрэгтэй байсан боловч зээлийн хүү 400 000 төгрөгийг төлж, үндсэн зээл 4 000 000 төгрөгийг төлөөгүй Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д заасны дагуу хугацааг хэтрүүлсэн байна.
Иймээс хугацаа хэтрүүлэн төлбөр төлсөн өдрийг хүртэл гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алдангийг тооцоход зээлдэгч Э.Б нь 2019.11.01-ны өдөр 400 000 төгрөг төлсөн тул 2019.08.11-ний өдрөөс 2019.11.01-ны өдрийг хүртэлх 80 хоногийг гүйцэтгээгүй үүрэг 4 000 000 төгрөгийн 0,5 хувь /4 000 000 х 0,5% = 20 000 төгрөг/ болох 20 000 төгрөгөөр үржүүлэхэд алданги 1 600 000 төгрөг, 2019.11.02-ны өдрөөс 2019.11.17-ны өдрийг хүртэлх 15 хоногийг гүйцэтгээгүй үүрэг болох 3 600 000 төгрөгийн 0,5 хувь /3 600 000 х 0,5% = 18 000 төгрөг/ болох 18 000 төгрөгөөр үржүүлэхэд алданги 270 000 төгрөг, нийт алданги 1 870 000 төгрөг болж байх тул алдангийг нэхэмжлэлийн шаардлага болох 1 700 000 төгрөгийн хэмжээгээр хангах хууль зүйн үндэслэлтэй байна.
Дээрхи үндэслэлээр хариуцагч Э.Б-ээс үндсэн зээлийн үлдэгдэл 1 400 000 төгрөг, алданги 1 700 000 төгрөг нийт 3 100 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Б д олгох хууль зүйн үндэслэлтэй байна. нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.Б ээс 3 100 000 /гурван сая нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Б д олгож, нэхэмжлэлээс 2 000 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Л.Б гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Бээс 64 550 /жаран дөрвөн мянга таван зуун тавин/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Б д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг хуульд заасан журмын дагуу гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА