Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2022/00415

 

 

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2022/00415

 

 

Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2020/01637 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1917 дугаар магадлалтай,

Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ш.Отгонням, Ө.Сарангэрэл нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 8,470,213 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангэрэл, хариуцагч Ш.Отгонням, Ө.Сарангэрэл, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Төрийн банк ХХК нь хариуцагч Ш.Отгонням, Ө.Сарангэрэл нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,470,213 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

 

2. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2020/01637 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.Отгонням, Ө.Сарангэрэл нараас 3,053,633.18 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банк ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,419,580.30 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150,475 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Отгонням, Ө.Сарангэрэл нараас улсын тэмдэгтийн хураамжид 63,808 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Төрийн банк ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1917 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2020/01637 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 75 дугаар зүйлийн 75.2.1, гэснийг хасч, 3,053,633.18 төгрөгийг гэснийг 5,286,960 төгрөгийг гэж 5,419,580.30 төгрөгт гэснийг 3,183,253.48 төгрөгт гэж өөрчлөн, 2 дахь заалтын 63,808 төгрөгийг гэснийг 99,541 төгрөгийг гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.09-ний өдрийн 19/17 дугаартай магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1, 172.2.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж гомдол гаргаж байна. Ш.Отгонням, Ө.Сарангэрэл бид 2014.01.13-ны өдөр 14/12 дугаартай барьцаат зээлийн гэрээг Төрийн банк ХХК-тай байгуулсан. Барьцаат зээлийн гэрээний 2.1.1 банк зээлдэгчид 7,600,000 төгрөгийг зээлдүүлэх, 2.1.5 зээлийн гэрээний хугацаа 24 сар. Зээлийг олгосон өдрөөс эхлэн хугацааг тооцно. 2.1.2 зээлийн хүү жилийн 20.4 хувь байна гэж харилцан тохиролцсон. Гэрээний хугацаа 2016.01.13-ны өдөр дууссан. Талууд гэрээний хугацааг сунгаагүй. Иргэний хуулийн 75.2.1. гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан. Төрийн банк ХХК-тай байгуулсан дээрх гэрээний хөөн хэлэлцэх хугацаа 2019.01.13-ны өдөр дууссан. Төрийн банк ХХК-ийн ажилтан нь 2019.11.29-ний өдөр 200,000 төгрөг хий гэж бид нар руу утсаар ярьсан. Төрийн банк ХХК нь гэрээний хөөн хэлэлцэх хугацааг дууссан гэдгээ мэдэж байсан учраас дээрх үйлдлийг гаргасан. Хөөн хэлэлцэх хугацаа гэдэг нь зөрчигдсөн эрхийг хамгаалуулах эрхийг тодорхойлж буй хугацаа байдаг бөгөөд Төрийн банк ХХК нь Ш.Отгонням, Ө.Сарангэрэл бид нартай байгуулсан гэрээний хөөн хэлэлцэх хугацаанд буюу тодруулбал: 2016.01.13-ны өдрөөс 2019.01.13-ны өдрүүдэд шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой байсан. Төрийн банк ХХК нь зөрчигдсөн эрхээ хэрэгжүүлэх хугацаа хангалттай байсаар байтал ямар нэгэн арга хэмжээ авалгүй байж байгаад шүүхэд хандсан нэг ч баримт байхгүй учраас гэнэт 2019.11.29-ний өдөр Ш.Отгонням, Ө.Сарангэрэл бид нар руу утсаар залгаж 200,000 төгрөгийг хий гэсэн шахалт үзүүлж дансандаа мөнгө хийлгүүлсэн нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтыг зөрчсөн. Тайлбарлавал, эрхээ хэрэгжүүлж болох хугацааг Иргэний хуулиар зохицуулсан, уг хугацаандаа л шүүхэд хандана гэж заасан. Гэтэл Төрийн банк ХХК нь ямар нэгэн арга хэмжээ авахгүй явсаар өнгөрөөсөн, хугацаа нь дууссан гэдгээ мэдсэн учраас хууль бусаар хүчээр уг эрхээ хэрэгжүүлэх хугацааг тасалдсан болгож харагдуулах арга хэмжээг авснаараа Иргэний хуулийн 75.2.1 дэх заалтыг зөрчсөн. Үүнийг анхан шатны шүүх бодит байдлыг зөв харж дүгнэсэн байхад Давж заалдах шатны шүүх нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж дүгнэсэн нь Магадлалын ...Зээлдэгч нар нь 2016.06.30, 2017.12.05, 2017.12.27-ны өдрүүдэд зээлийг хэсэгчлэн төлөх талаар өргөдлийг нэхэмжлэгч байгууллагад гаргаж байсан. Өөрийн хүсэлтээр гэрээ сунгаад бичсэн хүсэлт байхгүй, ирж уулз, ингэж бич гэж шаардсан зүйл, 2019.11.29-ний өдөр 200,00 төгрөг төлсөн нь Иргэний хуулийн 79-р зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж дүгнэнэ гэжээ... бодит байдлыг хараагүй, хуулийг зөв хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарласан. Учир нь Иргэний хуулийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэдэг нь хугацааг тасалдуулахад хүргэсэн нөхцөл байдал болохоос өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүйгээр дахин шинээр тоолохыг хэлнэ. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэлд үүрэг хүлээсэн этгээдээс үүргээ хүлээн зөвшөөрсөн аливаа зан үйлийг ойлгодог. Үүргээ хүлээн зөвшөөрсөн бол Ш.Отгонням, Ө.Сарангэрэл бид нарын үүргийнхээ дагуу нөгөө талын ямар нэгэн шахалтгүйгээр Төрийн банк ХХК-д бичгээр хүсэлт гаргах, мэдэгдэл хүргүүлэх, өргөдөл, санал гаргах сайн дурын бодит үйлдэл байх ёстой. Гэрээний харилцаанд талууд эрх тэгш байх ёстой, эрх нь зөрчигдсөн бол эрхээ хамгаалуулах хугацааг хэн алинд нь хуулиар олгож өгсөн, уг хугацааг Төрийн банк ХХК нь өөрсдөө өнгөрөөсөн, өөрөөр хэлбэл Төрийн банк ХХК нь хуулиар олгогдсон хугацаандаа эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандах эрх нь нээлттэй байсан. Энэ эрхэд нь Ш.Отгонням, Ө.Сарангэрэл нар саад болж хаагаагүй. Гэтэл Төрийн банк ХХК нь өөрсдөө хуульд заасан хугацаандаа шүүхэд хандаагүй, Иргэний хуулийн 75.2.1-т заасан үүргээ биелүүлээгүй. Иргэний хуулийн 75.2.1-т гэрээний хугацаа 3 жил байна гэж зааж өгсөн, үүнийг уртасгах богиносгох боломжгүй учраас Иргэний хуулийн 79.1-т заасан ажиллагааг зориуд зохиомлоор бий болгосон. Бодит байдал дээр гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад анхан шатны шүүх үүнийг \бодит байдлыг\ зөв харж дүгнэж шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 79.1-т заасан арга хэмжээг Төрийн банк ХХК нь зориуд бий болгож, зохиомол байдлыг бий болгосон гэдэг нь дээрх үйлдлүүдээр тодорхой байна. Мөн зээлдэгчтэй уулзалт хийсэн тайлбар, холбоо барьсан тэмдэглэл нь Иргэний хуулийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдах нөхцөл болохгүй. Хэрвээ ийм л байсан бол олон мянган хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан болж хэргээ шийдвэрлүүлэх боломж иргэдэд байх байсан байх\ Мөн 200,000 төгрөг төлүүлсэн явдал бол зохиомол байдлыг зориуд бий болгосон, хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан болгож харагдуулах л арга үүнийг Төрийн банк ХХК нь овжиноор ашиглаж Иргэний хуулийн 79.1 дэх заалтыг зохиомлоор бий болгосон нь Иргэний хуулийн 79.1 дэх заалтыг ингэж хэрэглэж гэрээний аль нэг тал нь хууль бус арга хэрэглэж эсвэл өөрт ашигтай байдал үйлдлийг яаж л бол яаж л гаргаж болдог, бодит бус хууль бус үшдлийг нь шүүх нь дэмжиж хөөн хэлэлцэх хугацааг тасалдуулж болно гэсэн хуулийн заалт биш юм. Үүргээ хүлээн зөвшөөрсөн гэдэг нь өөрөөр хэлбэл энэ бол гэрээний харилцаа учраас талууд аль ч шатандаа адил тэгш эрхтэй оролцдог байхад нэг тал нь давуу эрхтэй оролцож болно гэсэн үг биш. Ш.Отгонням, Ө.Сарангэрэл нар нь Төрийн банк ХХК дээр очиж уулзаад үүргээ хүлээн зөвшөөрч өргөдөл бичиж өгсөн зүйл байхгүй, хүү төлөөгүй нь хавтаст хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбарт тодорхой баримттайгаа байна. Нэг ёсондоо Төрийн банк ХХК нь үүргээ хугацаандаа /75.2.1-т заасан хугацаандаа эрхээ хэрэгжүүлэх боломж нь байсаар байтал хуулиар олгосон хугацаагаа яагаад ч юм дуусгачхаад дараа нь үүнийгээ зориуд зохиомлоор хугацаа тасалдсан болгож харагдуулах үйлдэл гаргаж байгаа буруу жишгийг дээрх байдлаар практикт гаргаж үүнийг нь Давж заалдах шатны шүүх дэмжиж бодит байдлыг үнэн бодитоор харж дүгнээгүй магадлал гаргаж байгаад харамсаж байна. Иргэний хуулийн 82.1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасан байгаа бөгөөд харин ч Ш.Отгонням, Ө.Сарангэрэл нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 3,053,633.18 төгрөгийг зөвшөөрч байгаа бөгөөд үлдэх 5,419,580.30 төгрөгийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь гэрээний талуудын шударга, эрх тэгш байх зарчимд нийцсэн. Гэтэл Давж заалдах шатны шүүх Ш.Отгонням, Ө.Сарангэрэл нарын эрх зүйн байдлыг дээрх байдлаар дордуулж магадлал гаргаж байгаа нь Иргэний хуулийн 75.2.1, 79.1 дэх заалтад заасан бодит байдлыг бодитоор үнэлж дүгнээгүй, хуулийг зөрчсөн, практикт буруу жишгийг өөгшүүлж дэмжсэн, зөв шийдвэрлэсэн шийдвэрийг буруу болгосон. Мөн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ бодит байдлыг үнэн зөв, бодитоор харж шударга, хууль ёсны дагуу, хариуцагч бид нар огт нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй бус 3,053,633.18 төгрөгийг зөвшөөрсөн үүнийг анхан шатны шүүх хариуцагч нараас гаргуулж Төрийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэж байгаа нь хуулийн үндэслэлтэй шийдвэрлэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй зөв шийдвэр гаргасан. Давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлээр бодит нөхцөл байдлыг буруу дүгнэж хуулийг буруу хэрэглэж тайлбарлаж практикт буруу жишгийг өөгшүүлж байгаа үндэслэл муутай шийдвэрлэсэн учир 1917 дугаартай Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

6. Нэхэмжлэгч Төрийн банк ХХК нь хариуцагч Ш.Отгонням, Ө.Сарангэрэл нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,470,213 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар үндсэн зээл 3,053,633 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Ш.Отгонням, Ө.Сарангэрэл нараас 3,053,633.18 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,419,580.30 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 гэсэн хэсгийг хасч, хариуцагч нараас 5,286,960 төгрөгийг гаргуулсан өөрчлөлтийг оруулжээ.

 

8. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2014.01.13-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч Төрийн банк ХХК нь Ш.Отгонням, Ө.Сарангэрэл нарт 7,600,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлдүүлж, гэрээний зүйлийг шилжүүлсэн, зээлдэгч нар нь тогтоосон хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөх үүрэг хүлээж, мөнгийг хүлээн авсан үйл баримтад талууд маргаагүй, гэрээ хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Төрийн банк ХХК болон Ш.Отгонням, Ө.Сарангэрэл нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ.

 

9. Давж заалдах шатны шүүх ... Зээлийн хүүгийн төлбөрийг зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 4 жилээр тооцож гаргасан нь зээлдэгчийн нөхцөл байдлыг дордуулсан, Төрийн банк ХХК-ийг зээлийн гэрээний хугацаан дахь буюу 2 жилээр тооцож зээлийн хүүг шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

 

10. Ш.Отгонням, Ө.Сарангэрэл нар нь зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээл 7,600,000 төгрөг, зээлийн хүү 3,100,800 төгрөг, нийт 10,700,800 төгрөгийг төлөх үүрэгтэй ба тэдний төлсөн 5,413,840 төгрөгийг хасч тооцвол 5,286,960 төгрөгөөр зээлийн гэрээний үүргийг тооцож нэхэмжлэлийг хангах нь хуульд нийцнэ, шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар тооцож, хөөн хэлэлцэх хугацааг 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр дууссан гэж дүгнэсэн нь буруу, Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэлийг хуульд нийцсэн гэж үзнэ.

 

11. Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Ш.Отгонням, Ө.Сарангэрэл нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1917 дугаар дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч Ө.Сарангэрэлийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 99,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ

 

ШҮҮГЧИД Б.МӨНХТУЯА

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД