Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 182/ШШ2020/01637

 

    2020       07          22

               182/ШШ2020/01637

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, дүгээр хороо, хаягт байрлах, /улсын бүртгэлийн дугаар, регистрийн дугаар /, Т ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: дүүрэг, дүгээр хороо, гудамж  тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, овогт Ш.О,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 14 дүгээр хороо, Хайлааст 18 гудамж 402 тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар ХЙ86051461/, Боржигон овогт Өнөржаргалын Сарангэрэлд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 8,470,213.48 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Н, хариуцагч Ш.О, Ө.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золбоо нар оролцов.                                                              

 

                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т ХХК шүүхэд болон төлөөлөгч Э.Н шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ш.О, Ө.С нар Ттай  2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 14/12 дугаартай зээлийн гэрээ байгуулан автомашин худалдан авах зорилгоор 7,600,000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай олгосон. Зээлдэгч Ш.О, Ө.С нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 3,053,633.18 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 4,649,978.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 766,601.79 төгрөг нийт 8,470,213.48 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана, мөн хуулийн 79.7-д “хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно” гэж заасан бөгөөд банкны зүгээс зээл төлөхийг шаардаж байсан. 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 200,000 төгрөг төлсөн зэрэг нь  2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 14/12 дугаартай зээлийн гэрээний хугацаа тасалдаж шинээр тоологдож байгааг нотолно гэв.

 

Хариуцагч Ш.О, Ө.С нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тнаас 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 14/12 дугаартай зээлийн гэрээ байгуулан 7,600,000 төгрөгийн зээл авсан. Зээлийн гэрээний дагуу авсан зээлийнхээ тодорхой хэсгийг төлж барагдуулсан. Ттай 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 14/12 дугаартай зээлийн гэрээг 2 жилийн хугацаатай байгуулсан гэрээний хугацаа 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр дуусгавар болсон. Үүнээс хойш зээлийн гэрээний хугацааг сунгаагүй тул зээлийн хүү төлөх боломжгүй. Эдийн засагч Э.Нарангэрэл 200,000 төгрөг төлчих тэгээд л болно гэж утсаар ярихаар нь хуулийн ямар ч мэдлэггүй учир 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 200,000 төгрөг төлсөн. Авсан зээлийн үлдэгдэл 3,053,633.18 төгрөгийг төлөхөд татгалзахгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

  ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

  

Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Ш.О, Ө.С нарт холбогдуулан зээлийн үлдэгдэл 3,053,633.18 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 4,649,978.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 766,601.79 төгрөг нийт 8,470,213.48 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Ш.О, Ө.С нар Ттай 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 14/12 дугаартай зээлийн гэрээ байгуулан автомашин худалдан авах зорилгоор 7,600,000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Зээлдэгч Ш.О, Ө.С нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн  453 дугаар зүйлийн 453.1, 452 дугаар зүйлийн 452.2, зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дах хэсэгт зааснаар хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

 

Зээлдүүлэгч Т ХХК-иас зээлдэгч Ш.О, Ө.С нар 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 3,053,633.18 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 4,649,978.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 766,601.79 төгрөг нийт 8,470,213.48 төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн тооцоолол /хх-ийн 10-13 тал/ гарган нэхэмжилсэн байх ба зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал, зээл авсан эсэх, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол, төлбөрийн үлдэгдэл зэрэгт хариуцагч нар маргаагүй.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заажээ.

 

Талуудын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан 14/12 дугаартай, 24 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэй зээлийн гэрээний шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр дуусчээ.

 

Хариуцагч нар “нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Нарангэрэл 200,000 төгрөг төлчих гэж утсаар ярихаар нь хуулийн ямар ч мэдлэггүй учир 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 200,000 төгрөг төлсөн” гэх тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй.

 

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж зохицуулсан.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хариуцагч нарын оршин суух хаяг тодорхойгүй байсан тул шүүхэд хандаагүй гэж тайлбарлаж байгаа боловч эрэн сурвалжлуулах хүсэлт, нэхэмжлэл гаргасан гэх баримтыг шүүхэд ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хариуцагч Ш.О, Ө.С нараас 8,470,213.48 төгрөгийг гаргуулах тухай Т ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй үндэслэл тогтоогдож байна.

 

Гэвч хариуцагч Ш.О, Ө.С нар үндсэн зээлийн үлдэгдэл 3,053,633.18 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргаж байх тул хариуцагч нарын зөвшөөрсөн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,  нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,419,580.30 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

         ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.О, Ө.С нараас 3,053,633.18 /гурван сая тавин гурван мянга зургаан зуун гучин гурван мянга арван найм/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,419,580.30 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150,475 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.О, Ө.С нараас улсын тэмдэгтийн хураамжид 63,808 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Т ХХК-нд олгосугай.

 

3.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Н.НАРАНГЭРЭЛ