Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2020/ДШМ/10

 

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Э холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ж даргалж, шүүгч Ч.Э, Ш.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Х.Г

Шүүгдэгч Т.Э

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Э, Б.О

Хохирогч О.У

Хохирогчийн өмгөөлөгч Б.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н нарыг оролцуулан

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Э давж заалдах гомдлоор Т.Э холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Б илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1981 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Говь-Алтай аймгийн Хөхморьт сумд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн 9-4 тоотод оршин суух, төрөөс авсан гавьяа шагнал байхгүй, урьд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 217 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, ДЛ81051111 регистрийн дугаартай, Б овогт Т.Э

Шүүгдэгч Т.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд байрлах “Аялгуу” караоке дотор хохирогч О.У толгойн тус газар 0.75 граммын “Ерөөл” нэртэй шилтэй архиар 1 удаа цохиж, мөн караокены гадаа “Ерөөл” нэртэй 0.75 граммын шилтэй архиар толгойн тус газар дахин  нэг удаа цохиж тархины хүнд гэмтэл, зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан бүлэн, тархины зулай хэсгийн цусархаг няцрал, баруун гарын саажилт гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Т.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Э оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Т.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Т.Э хохиролд 3.263.658 төгрөгийг гаргуулж, хохирогч О.У олгож, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, хохиролтой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх хохирогчийн эрхийг нээлттэй үлдээж, энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг дурдаж, хохирогч О.У эмчлүүлэгчийн картыг хувилан хэрэгт хавсаргаж, эх хувийг өөрт нь буцаан олгож, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн CD-г хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Т.Э өмгөөлөгч Х.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Т.Э өмгөөлөгч Х.Э миний бие Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/10 дугаар шийтгэх тогтоолын эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 3 жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Т.Э хийсэн үйлдэлээ ухамсарлан ойлгож, мөрдөн шалгах ажиллагаанаас гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа төдийгүй хохирол эмчилгээ сувилгааны зардалаас 512422 төгрөгийн хохирол төлсөн, бусад хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн санкц нь 2-8 жилийн хорих ял оногдуулахаар заасан байдаг. Иймд Т.Э хувийн байдал зэргийг харгалзан үзэж, хуульд заасан доод хэмжээгээр хорих ялыг оногдуулж, ял шийтгэлийг хөнгөрүүлж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогддог бөгөөд хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны шатанд өөрийн үйлдсэн гэмт хэргийн талаар үнэн, зөв мэдүүлэг өгч, сайн дураараа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирогч О.У эмчилгээ, сувилгаатай холбоотой гарсан зардал болон хөдөлмөрийн чадвараа 70 хүртэл хувиар алдсаны тэтгэмж нийт 3.263.000 төгрөгийг шүүх гаргуулахаар шийдвэрлэснийг шүүгдэгч Т.Э бүрэн төлж барагдуулсан. Хохирогч хохирлын талаар нотариатаар батлуулсан бөгөөд өөрөө шүүх хуралдаанд оролцож байна. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд ордог. Гэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэж зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож ял оногдуулсан. Гэвч Т.Э нь 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар ял шийтгэл эдэлж байсан. Тухайн ял шийтгэлээ эдлээд сүүлд 2019 оны 11 дүгээр сард гэмт хэрэг үйлдэхэд ялтай байдал нь дууссан байсан. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү? Т.Э нь анхнаасаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгчид хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн саналыг оруулж байна гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурорын дүгнэлт: Т.Э нь анхан шатны шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “...хохирлоо нөхөн төлсөн бол...” гэж заасан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдсон хохирол болон хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэмж болох 3.263.658 төгрөгийг бүрэн төлсөн. Хохирогчийн цаашид гарах эмчилгээ, сувилгааны зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн боловч хохирол, хор уршиг бүрэн арилсан байх нөхцлийг давж заалдах шатны шүүхээс харгалзан үзнэ үү. Т.Э эрүүл, саруул явж байсан хүний тархинд нь 2 удаа архины шилээр цохиж, хүнд зэргийн гэмтэл учруулсан. Үүний улмаас хохирогчид баруун гарын саажилт үүссэн. Одоо ч унаж татах өвчин үлдэц хэлбэрээр үлдсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа юм. Анхан шатны шүүхийн 2, 3 цагийн шүүх хуралдаанд сууж чадахгүй, дахин дахин гарч, бөөлжсөн, дотор нь муухайрсан, уналт, таталт өгсөн зэрэг байдалтай байсан. Хор уршгийг бүрэн арилсан гэж үзэх боломжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэжээ.

 

Хохирогч О.У түүний өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надад гомдол санал байхгүй. Оногдуулах ялыг нь хөнгөрүүлж өгнө үү? Би гадаад руу явж эмчилгээнд явж ирсэн. Одоо ч эмнэлгээр явж байна. Унаж, татдаг болсон гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч: Миний үйлчлүүлэгч О.У нь шүүгдэгч Т.Э зодуулж хүнд гэмтэл авсан. Анхан шатны шүүхээс тогтоосон 3.263.658 төгрөгийг бүрэн төлсөн гэжээ.

 

Шүүгдэгч Т.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Цаашид гарах зардлыг төлөх талаар анхаарал тавина гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Т.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд байрлах “Аялгуу” нэртэй караокед хохирогч О.У толгойн тус газар 0.75 граммын “Ерөөл” архиар 1 удаа цохиж, мөн караокены гадаа  “Ерөөл” нэртэй 0.75 граммын шилтэй архиар толгойн тус газарт нь дахин нэг удаа цохиж тархины хүнд гэмтэл, зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан бүлэн, тархины зулай хэсгийн цусархаг няцрал, баруун гарын саажилт гэмтэл учруулжээ.

Энэ үйл баримт нь хохирогч О.У “...2019 оны 11 дүгээр сарын 14-ний орой 22 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Аялгуу нэртэй караокед ороход зүс таних Т.Э гэгч нь намайг дуудаж мухарын ширээнд суулгасан. Уг ширээнд Т.Э найз гэх зүс таних хоёр залуу цуг сууж байгаад намайг ширээнд суухад босоод гараад явсан. Т.Э ширээн дээр байсан шилтэй 0.75 граммтай Ерөөл нэртэй архинаас надад нэг хийж өгөхөөр нь би тэр өгсөн хундагатай архийг уугаад ширээн дээр тавихад ширээн дээр байсан 0.75 граммтай Ерөөл нэртэй архиараа миний толгой руу шууд цохисон. Цохисон архитай шил нь хагараад толгой цээж нороод нойтон болсон. Толгой норсон байсан болохоор үс нүүрээ шавхраад гарч ирэхэд нүд рүү архи ороод хоёр нүд хорсоод нүдээ нухаад зогсож байхад Т.Э араас гарч ирээд 0.75 литрийн Ерөөл архиараа ахиад миний толгойн орой дээр цохиод архины шил хагараад толгойноос цус гарсан. Т.Э цуг явсан хоёр залуу гадаа үүдэн дээр Т.Э надаас салгаж авсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 20-24 хуудас/

 

Гэрч Д.М: “...гадаа тамхи татаад зогсож байхад Аялгуу караокены эгч гарч ирээд цуг явсан хүн чинь хүний толгой руу архины шилээр цохичихлоо гэж З бид хоёрт хэлсэн. Буцаад орох гэж байхад Т.Э, О.У хоёр өмнөөс гарч ирсэн. Тухайн үед Аялгуу караокены эгч Т.Э чи хүний толгой руу ингэж цохиж болохгүй шүү гэж хэлээд зүүн гараараа цээж хэсэг рүү нь нударч байсан. Би О.У мэнд мэдээд гараад явсан. Гадаа зогсож байхад Т.Э О.У архины шилээр цохисон...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 27-28 хуудас/

 

Шинжээч Д.Д 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хүний биед шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт №338 дугаарт “...О.У биед тархины хүнд гэмтэл, зүүн тал бөмбөлөгийн хатуу хальсан доорхи цусан бүлэн, тархины зулай хэсгийн цусархаг няцрал, баруун гарын саа гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонго алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон байна.

Шүүгдэгч Т.Э үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн шинжийг  агуулж байгаа бөгөөд шүүгдэгч Т.Э нь тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.  

 

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

 Шүүхээс шүүгдэгч Т.Э Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял нь гэмт хэргийн шинж, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохирчээ.

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасан зүйл заалтыг /гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх/ хэрэглэх тухай өмгөөлөгчийн Х.Э, Б.О нарын хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх ялаас чөлөөлөх буюу хөнгөрүүлэх, албадлагын арга хэмжээ хэрэглэж болохоор заажээ.

 Уг гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг бүрэн гүйцэт арилаагүй, шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан  Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялыг хөнгөрүүлэх боломжгүй тул өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/10 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Э өмгөөлөгч Х.Э давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э цагдан хоригдсон 55 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Т.Ж

                 ШҮҮГЧИД                              Ч.Э

                                                                 Ш.Б