Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2020/00854

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: В.Ц-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Д.Б-д  холбогдох

 

            Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, бэлхийн 42 гудамж, 33 тоот хаягт байрлах Г-2203001138 дугаартай, 700 м.кв талбайтай газар, мөн тус хаягт байршилтай Ү-2203011680 дугаартай 60 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өсөхдэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунчимэг, А.Кадирбек, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхагвасүрэн, хариуцагчийн өмгөөлөгч И.Чимэдбадам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, бэлхийн 42 гудамж, 33 тоот хаягт байрлах, Г-2203001138 дугаартай, 700 м.кв талбайтай газар, Сүхбаатар дүүрэг 18 дугаар хороо, бэлхийн 42 гудамж, 33 тоот хаягт байршилтай Ү-2203011680 дугаартай 60 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөнүүдийг тус тус хариуцагч, Д.Б ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан.

Иргэн В.Ц  2005 онд нөхөр Гэндэн овогтой Баттөмөртэй танилцаж, 2008 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гэр бүл болж , 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. В.Ц , Г.Баттөмөр нар гэр бүл болсон хойно Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, тээвэрчид гудамж, 68 байр, 26 тоот хаягт байрлах орон сууцанд орж, гэр бүлийн хэрэгцээнд зориулж олгосон нөхрийнхөө нэр дээр байдаг Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, бэлхийн 42 гудамж, 33 тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай газарт 60 м.кв хувийн сууц барьж, уг хашаа байшинг бусдад түрээсэлж, заримдаа хашаа байшингаа харж ханддаг таньдаг ах дүү, хамаатан садангийн хүнийг суулгадаг байсан. Г.Баттөмөр 2012 онд хашаа байшингаа харж хандаж байхаар хариуцагч Д.Б ыг суулгасан.

Нөхөр Г.Баттөмөр 2016 оноос бие эрүүл мэндийн шалтгааны улмаас байнгын асаргаа сувилгаанд байсаар байгаад хашаа байшиндаа ч очиж чадаагүй нөхцөл байдал үүссэн. 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүнд өвчний улмаас барсан юм.

Ингээд нэхэмжлэгч нь нөхрийнхөө нэр дээр байгаа гэр бүлийн өмч хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, бэлхийн 42 гудамж. 33 тоот хаягт байрлах, 700 м.кв талбайтай газар, мөн тус газарт байрлах 60 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөнүүдийг, холбогдох байгууллагуудад нь хандсанаар В.Ц ийн эрхийн бүртгэлийн Г-2203001138 дугаарт бүртгэж 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хууль ёсны өвлөгчөөр бүртгэж, өмчлөлийн гэрчилгээ авсан.

Улмаар зун манай хашаа байшинд амьдарч байгаа иргэн Д.Б д нэхэмжлэгч В.Ц  хашаа, байшингаа цаашид харж хандаж чадахгүй, зарах гэж байгаа чи үнэ тохирч авах уу гэж хэлэхэд Д.Б  энэ газар минийх болно гэж хэлсэн байсан. Түүнээс хойш нэхэмжлэгч Д.Б д хэд хэдэн удаа хашаа байшингаа суллаж өгөх талаар сануулахад Д.Б  одоог хүртэл В.Ц ийн өмчлөлийн хашаа байшиндаа амьдарсаар байгаа тул нэхэмжлэгч өөрийн өмчлөлөө эд хөрөнгийг бүрэн ашиглаж, захиран зарцуулж чадахгүй нөхцөл байдал үүссэн.

Иймд дээрх хөрөнгөнүүдийг Д.Б аас хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо бэлхийн 42 дугаар гудамж 33 тоот хаягт байрлах 700 м.кв газар, мөн тус газар дээр байгаа 60 м.кв орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 1991 онд маргаан бүхий газар, орон сууц нь хариуцагчийн хойд эцэг Г.Баттөмөр, н.Мягмаржав гэх хүний өмчлөл, эзэмшил, газар объектууд байсан. 2011 оны 03 дугаар сарын 20-ны өдөр н.Мягмаржав гэх хүн нас барсны дараа Д.Б  ээжийнхээ өмчлөлд байгаа газар, хашаа байшингуудыг хүлээн авахаас татгалзаж байна гээд Монголын нотариатын танхимд татгалзсан хүсэлт өгсөн. Энэ нь хавтас хэрэгт авагдсан байгаа бөгөөд тус баримтад тодорхой байгаа. Нэгэнт өв хүлээн авахаас татгалзсан учраас дараагийн өвлүүлэгч болох В.Ц  2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нөхөр нь нас барсны дараа газар, хашаа байшинг хууль ёсны дагуу өмчилж авсан. Мөн өмчлөх эрхийн гэрчилгээ хавтаст хэрэгт авагдсан.

Өмчлөх эрхийн гэрчилгээ, газарт хариуцагч тал маргахгүй байгаа нь Иргэний хуулийн 183 дугаар сарын 183.1-т буруу ташаа болохыг мэдсээр байж эсэргүүцээгүй тохиолдолд улсын бүртгэл үнэн зөв гэж тооцно гэж заасан. Хавтас хэрэгт авагдсан хууль ёсны өмчлөлийн хоёр газрын гэрчилгээ, орон сууцны гэрчилгээ нь үнэн зөв юм.

Засаг даргын тодорхойлолт дээр Д.Б  нь Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо бэлхийн 42 дугаар гудамжны 34 тоот хаягт бүртгэлтэй боловч 33 тоот дээр амьдардаг гэж бичсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага маань Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар удирдлага болгож бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх хүсэлтэй байгаа тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Б  нь Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 42 гудамж 33 тоот хаягт байршилтай 60 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газарт 1991 оноос хойш хашаа байшин барьж тасралтгүй 29 жил амьдарч байна.

В.Ц  гуай нэхэмжлэлдээ Г.Баттөмөртэй 2008 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гэр бүл болж 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гэрлэлтээ батлуулсан гэсэн байна. Гэтэл Д.Б ын ээж Д.Мягмаржав 1987 онд хойд эцэг Г.Баттөмөртэй гэр бүл болж ээж Д.Мягмаржав нь 2009 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр нас барах хүртэл 22 жил хамт амьдарсан. Ээжийг нь нас барсны дараа хойд эцэг Г.Баттөмөр нь Д.Б  болон түүний гэр бүл хүүхдүүдийн хамт 2012 он хүртэл маргаан бүхий хашаа байшинд амьдарч байсан байна.

Мөн 2012 онд хашаа байшингаа харж хандаж байхаар Д.Б ыг оруулж, хашаа байшиндаа агаар салхинд гарч үе үе очдог байсан гэжээ. Гэтэл хойд эцэг Г.Баттөмөр нь В.Ц  гуайтай хамт тэрэлжид газар авч байшин барьж тэндээ салхинд гардаг байсан. Д.Б  нь 1991 онд энэ хашаа байшинг ээж н.Мягмаржав хойд эцэг Г.Баттөмөр нарын хамт барьж орсноос хойш одоо болтол амьдарч байгаа бөгөөд В.Ц  гуай тус байшинд нэг ч удаа амьдарч байгаагүй.

Харин В.Ц  гуайн охин Ц.Хишигжаргал гэх эмэгтэй түүний өмгөөлөгч н.Отгонбаяр нар 2019 оны 03 дугаар сард Д.Б ын гэрт ирж, гэр бүл үр хүүхдүүдийг нь айлган хашаа байшинг суллахыг шаардаж та нар 22 жил хамт амьдарсан хойд эцэг, ээжийнхээ гэрлэлтийг батлуулж байхгүй яасийн бэ. Энэ хашаа байшинд чинь бид нар нэг хадаас оруулаагүй ч хууль бидний талд байгаа, хашаа байшин хурдан суллаарай гэж хэлээд явжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2019/01115 дугаар шийдвэрээр Д.Мягмаржав Г.Баттөмөр нарыг хамтын амьдралтай байсныг тогтоолгосон болно.

Г.Баттөмөр гуай В.Ц тэй 2013 оноос 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 120 м.кв талбайтай 2 өрөө орон сууцанд нас барах хүртлээ хамт амьдарч байсан. Ямар нэгэн үнэ хөлс авахгүйгээр 5 жил тус байранд суулгасан байсан. Гэтэл В.Ц  нь Г.Баттөмөр гуайн бие өвдөж өөрийн нэр дээр байсан эд хөрөнгөө өөрт нь бичиж өвлүүлж үлдээсэн гэж бичсэн байна.

Г.Баттөмөр гуайн бие 2018 оны 03 дугаар сарын 02-ны гэнэт муудаад ухаан орохгүй 12 хоног болж нас барсан. Хэрэв өөрийнх нь нэр дээр байсан хөрөнгийг В.Ц  гуайд үлдээсэн гэж байгаа бол энэ талаарх баримтаа гаргаж өгөх ёстой. Г.Баттөмөр гуай бие нь муудахдаа хойно байгаа хашаа байшин Д.Б ынх гэж хэлж байсан. Үүнийг гэрчлэх хүмүүс болон нотлох баримт байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэний хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад ах дүү дөрөв 2011 онд өв залгамжлалаасаа татгалзсан хүсэлтээ гаргасан байна. Энэ газрыг Д.Б д өвлүүлнэ, нэг хүний нэр дээр өмчлөл байж байг гэж хэлсний дагуу хүсэлтийг гаргаж өгсөн. Нэхэмжлэгч тал Д.Б ыг түрээсэлсэн гэж тайлбарлаж байгаа бол үүнийгээ нотлох ёстой. Д.Б  тус газрыг 1991 онд авснаас хойш өнөөдрийг болтол эзэмшээд амьдарч байгаа.

Би тус газарт очиж үзэхэд 33 тоот гэх хашаа байхгүй байсан. Нэхэмжлэгч талын нэхэмжилж буй 700 м.кв талбай хаанаас аль хүртэл байгаа гэдэг нь тодорхойгүй байна. Байшингийн 60 м.кв талбай байгаа эсэх нь эргэлзээтэй байна.

2013 онд батлагдсан гэрлэлтийн гэрчилгээ хууль бус байх үндэслэлтэй. 2008 онд гэр бүл болсон гэж бичсэн байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч тал ямар газар өмчилж авсан гэдгээ тодорхойлоогүй мөн нэгж талбайн зураг нь хэрэгт хавсаргагдаагүй байна. Иймээс газартай холбоотой түүхчилсэн лавлагааг гаргуулж авах нь зүйтэй юм байна.

2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн В.Ц ийн гаргасан хүсэлт дээр байгаа гарын үсэг В.Ц ийн гарын үсэг биш байна. Нэхэмжлэгч тал хуурамч нотлох баримт бүрдүүлсэн байх магадлалтай. Газрын дэлгэрэнгүй лавлагааг гаргуулах, Ц.Болд, н.Шархүү нарыг гэрчээр асуулгах хүсэлтэй байна” гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч В.Ц  нь хариуцагч Д.Б д холбогдуулан Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, бэлхийн 42 гудамж, 33 тоот хаягт байрлах Г-2203001138 дугаартай, 700 м.кв талбайтай газар, мөн тус хаягт байршилтай Ү-2203011680 дугаартай 60 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь уг газар, байшинд 1991 оноос хойш амьдарсан, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, бэлхийн 42-33 тоот болон 34 тоот холилдсон, бодит байдал дээр 33 тоот гэж байхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч В.Ц  Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, бэлхийн 42-33 тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай, нэгж талбарын 18646319405769 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөгч болох нь 000530248 дугаартай Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр, мөн тус хаягт байрлах 60 м.кв талбайтай, Ү-2203011680 дугаатай бүртгэлтэй хувийн сууцны өмчлөгч болох нь 000698543 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тус тус нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч В.Ц  нь өөрийн өмчлөлийн газраа бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй.

 

Хариуцагч Д.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа “...Д.Б  нь Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, бэлхийн 42-33 тоот хаягт байрлах 60 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газарт 1991 оноос хойш хашаа байшин барьж тасралтгүй 29 жил амьдарч байна” гэж зөрүүтэй тайлбарласан. Мөн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, бэлхийн 42-33 тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай газар, 60 м.кв талбайтай хувийн сууцыг өв залгамжлах эрхээс 2011 оны 03 дугаар сарын 20-ны өдөр татгалзаж байсан болох нь баримтаар нотлогдов.

 

Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн тодорхойлолтод “Даваахүү овогтой Баяржаргал нь тус хорооны Бэлхийн 42 дугаар гудамжны 34 тоотод оршин суудаг, ...тус хаягт бүртгэлтэй боловч 42-33 тоотод амьдардаг” гэж дурьдсан байна.

 

Дээрхи бичгийн баримт болон талуудын тайбараар хариуцагч Д.Б ын 34 тоотод амьдарч байгаа, бодит байдал дээр 33-34 тоот холилдсон гэх тайлбар үгүйсгэгдэж байна.

 

Хариуцагч нь “...эх Д.Мягмаржав нь Г.Баттөмөртэй 1987 онд гэр бүл болж, 2009 он хүртэл 22 жил хамт амьдарсан” гэж тайлбарлах боловч уг үл хөдлөх эд хөрөнгийн өвлөх эрхээсээ өөрийн хүсэлтээр татгалзсан, мөн уг маргаан бүхий газар, хувийн сууцыг өмчлөгч, эзэмшигч болох нь баримтаар нотлогдохгүй байна.

 

Иймд хариуцагч Д.Б-ын хууль бус эзэмшлээс Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, бэлхийн 42 гудамж, 33 тоот хаягт байрлах Г-2203001138 дугаартай, 700 м.кв талбайтай газар, мөн тус хаягт байршилтай Ү-2203011680 дугаартай 60 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус чөлөөлөх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Б-ын хууль бус эзэмшлээс Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, бэлхийн 42 гудамж, 33 тоот хаягт байрлах Г-2203001138 дугаартай, 700 м.кв талбайтай газар, мөн тус хаягт байршилтай Ү-2203011680 дугаартай 60 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус чөлөөлсүгэй.  

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б аас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч В.Ц эд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй ба хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.ЭНХБАЯР