Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2022/00803

 

****ийн нэхэмжлэлтэй

                                                         иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/00854 дүгээр шийдвэр, 

НийслэлийнИргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1059 дүгээр магадлалтай, 

****ийн нэхэмжлэлтэй,

****д холбогдох 

Үл хөдлөх эд хөрөнгүүдийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Хариуцагчийн өмгөөлөгч И.Чимэдбадамын гаргасан гомдлоор   

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрайоролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. ****нь ****д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгүүдийг хууль бус эзэмшлээсчөлөөлүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрчмаргажээ. 

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/00854 дүгээршийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан хариуцагч ****ын хууль бус эзэмшлээс Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн 42 гудамж, 33 тоот хаягт байрлах Г-2203001138 дугаартай, 700 м.кв талбайтай газар, мөн тус хаягт байршилтай Ү-2203011680 дугаартай 60 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ****аас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ****эд олгон шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1059 дүгээр магадлалаарСүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/00854 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. 

4. Хариуцагчийн өмгөөлөгч И.Чимэдбадам хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлсэн гэснийг зөвшөөрөхгүй байна. СБД-ийн 18-р хороо, Бэлхийн 42 гудамж, 33 тоот хаягт байршилтай 60 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг ****ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Анхан болон давж заалдах шатны шүүх **** маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдэд 1991 оноос хойш хашаа байшин барьж тасралтгүй 29 жил амьдарч байгаа бөгөөд иргэний хэрэгт хариуцагчийн болон ****ийн нэхэмжлэл, тодорхойлолт зэрэг нотлох баримтыг үнэлэхдээ хариуцагч талын нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг хангаагүй нь энэ хэргийг бодитойгоор үнэлэх боломжийг алдсан. Анхан шатны шүүх “өмчлөх эрхийн гэрчилгээ, газарт хариуцагч тал маргахгүй байгаа” гэж дүгнэж шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч талаас газрын талаар үндсэн баримтыг авах талаар хүсэлт гаргасан боловч шүүх хүлээн аваагүй. Энэ газрын түүхчилсэн лавлагааг авснаар ****ийн нөхөр болох талийгаач Г.Баттөмөр тухайн газрыг хууль ёсны дагуу өмчилсөн эсэхийг тогтоох байсан. Хэрэгт авагдсан 2011 онд Г.Баттөмөрийн хамтран амьдарч байсан Д.Мягмаржавын /2009.11.17 өдөр нас барсан/ өв хүлээн авахаас түүний хууль ёсны өвлөгч нар болох **** нарын татгалзал нь хууль бус байхад түүнийг нэхэмжлэгч талд ашигтайгаар тайлбарлаж шийдвэрлэсэн. Хэрэгт нэхэмжлэгч тал удаа дараа худал мэдүүлэг өгсөн байгаа. Тухайлбал 2008 онд гэр бүл болсон гэсэн тайлбар, мөн ****д газар болон сууцыг түрээсэлж байсан гэсэн тайлбар мэдүүлэг өгдөг. Мөн Г.Баттөмөртэй хамтран амьдарч байсан Д.Мягмаржавын өвөөс түүний 4 хүүхэд татгалзсан нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2, 531 дүгээр зүйлийн 531.2-т заасныг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн. Г.Баттөмөр нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлд заасан өвлөгч биш бөгөөд хууль ёсоор Д.Мягмаржавтай гэр бүлийн баталгаа байхгүй учраас хууль ёсны өвлөгч нар өвөөс татгалзсаныг Г.Баттөмөр хүлээн авах эрхгүй байсныг шүүх эрхтэй мэтээр буруу тайлбарлан хэрэглэсэн. Г.Баттөмөр нь тухайн газар болон сууцыг хууль бусаар хуурамч бичиг баримт бүрдүүлэн хууль бусаар авсан байх үндэслэл бүхий нөхцөл байдал байхад үүнийг нотлох үндсэн нотлох баримтыг гаргуулах хүсэлтийг хангаагүй шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.6-д заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

4.1. Үзлэг хийлгэх, гэрч асуулгах тухай хүсэлтийг хүлээн авалгүй шүүх хурлыг хийсэнд гомдолтой байна. Учир нь бодит байдал дээр 33 тоот хашаа байхгүй, 34 тоот хашаатай холилдсон байгаа. Г.Баттөмөр нь хууль бусаар СБД-ийн 18-р хороо, Бэлхийн 42-р гудамж, 33 тоот хаягт байршилтай 60 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар дээр **** амьдарч байгаа бөгөөд Г.Баттөмөр нь ****ын өмчлөлд үлдээнэ гэж хүмүүст ярьдаг байсан. Д.Мягмаржавын өвөөс татгалзахад ч тийм амлалт өгч байсан байдаг. 34 тоот газар бол өргөтгөж ногоо тарьж байсан газар байдаг. **** нь 34 тоот газрыг өөрөө хүсэлт гаргаж аваагүй. Бүх бичиг баримтыг нь Г.Баттөмөр бүрдүүлэн авсан. Г.Баттөмөр нь ****ийн өмчлөлд хууль ёсны өвлөгчийн хувиар шилжсэн газар, сууц нь өвлүүлэгч Г.Баттөмөр 2011 онд хуурамч баримт бүрдүүлэн Д.Мягмаржавын өвлөх эрхийн гэрчилгээ авсан байдаг. Энэ талаар иргэний шүүхэд Сүхбаатар дүүргийн нотариатч Т.Оюунбаярын 2011.03.23-ны өдрийн 31 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байгаа. Энэ нэхэмжлэлийн хүрээнд 2011.03.23-ны өдрийн Д.Мягмаржавын хүлээн авахаас татгалзсаныг гэрчилсэн нотариатын үйлдэл шийдвэрлүүлэх болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасны дагуу иргэний хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоолгүй хэт нэг талыг барьж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн учир шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ. 

ХЯНАВАЛ: 

5. Хариуцагчийн өмгөөлөгч И.Чимэдбадамын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв. 

6. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад хэвээр үлдээжээ. 

7. **** ньСүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн 42 гудамж, 33 тоот хаягт байрлах Г-2203001138 дугаартай, 700 м.кв талбайтай газар, мөн тус хаягт байршилтай Ү-2203011680 дугаартай 60 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг шаардсаныг **** ...уг эд хөрөнгүүдийг 1991 оноос эхлэн эзэмшиж байгаа, миний эхийн өмч байсан, төөрөгдсөний улмаас өвөөсөө татгалзсан, хойд эцэг Г.Баттөмөр нас барахдаа хашаа, хувийн сууцыг надад үлдээнэ гэж хэлж байсан...гэсэн агуулга бүхий тайлбарыг гарган мэтгэлцжээ. 

8. 2 шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг ****одоог хүртэл эзэмшиж байгаа нөхцөл байдал, хариуцагчийн тайлбарын үндэслэл, шалтгаан, тэдгээрийн агуулгыг тодруулаагүй, уг үл хөдлөх эд хөрөнгийн түүхчилсэн буюу ****ийн өмчлөлд хэрхэн шилжсэн, өмнөх өмчлөгчийн талаарх лавлагааг холбогдох эрх бүхий байгууллагаас гаргуулах, үзлэг хийлгэх, гэрч асуулгах хариуцагчийн хүсэлтийг шийдвэрлэлгүй зөвхөн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэн хэргийн үйл баримтын талаар дүгнэлт хийсэн байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Учир нь: 

9. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д зааснаар хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүсдэг бөгөөд мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэдэг. 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэсэн зохицуулалтын агуулгаас дүгнэвэл нэхэмжлэгч  Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн 42 гудамж, 33 тоот хаягт байрлах Г-2203001138 дугаартай, 700 м.кв талбайтай газар, мөн тус хаягт байршилтай Ү-2203011680 дугаартай 60 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгч байхаас гадна хариуцагчийн эзэмшил хууль бус байхыг шаардана. 

10. Анхан шатны шүүх хариуцагчийн Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн 42 гудамж, 33 тоот хаягт байрлах Г-2203001138 дугаартай, 700 м.кв талбайтай газар, мөн тус хаягт байршилтай Ү-2203011680 дугаартай 60 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн түүхчилсэн лавлагааг холбогдох эрх бүхий байгууллагаас гаргуулах, 33, 34 тоот газар давхацсан тул үзлэг хийлгэх, гэрчээс мэдүүлэг авах гэсэн хүсэлтийг хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг зөрчжээ. 

10.1. Хэрэгт Нотариатын 2011.03.20-ны өдрийн ****ын эх Д.Мягмаржавын өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн 42 гудамж, 33 тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай газар, мөн тус хаягт байршилтай 60 м.кв талбайтайхувийн сууцыг өвлөх эрхээсээ татгалзсан өв хүлээн авахаас татгалзах тухай гэрчилгээ авагдсан байх тул шүүх хариуцагчийг өвлөх эрхээсээ татгалзсан шалтгааныг тодруулах нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна. 

Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байхад давж заалдах шатны шүүх залруулалгүй шийдвэрийг хэвээр үлдээсэн нь хэргийг бүхэлд нь хянах үүргээ биелүүлээгүй, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4, 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасантай нийцээгүй гэж үзнэ. 

11. Иймд хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ. 

12. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ дээр дурдсан нөхцөл байдлуудыг гүйцэт тодруулж, хууль зүйн дүгнэлт хийсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/00854 дүгээр шийдвэрНийслэлийнИргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1059 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаасхяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

  

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.БАНЗРАГЧ 

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ    

                                            ШҮҮГЧИД                                      Б.МӨНХТУЯА 

                                                                                                   П.ЗОЛЗАЯА

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ