Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 112/2016/0039/з |
Дугаар | 309 |
Огноо | 2017-09-20 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 309
Р.С-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг шүүгч Ч.Тунгалаг даргалж, шүүгч Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгч Р.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2017/0376 дугаар магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор Р.С-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Бигэр сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 09 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Бигэр сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 22-ны А/90, 2016 оны 10 дугаар сарын 28-ний Б/01 дүгээр захирамжуудыг хүчингүй болгон, нэхэмжлэгч Р.С-г Бигэр сумын Сум дундын эмнэлгийн эрхлэгч эмчийн ажилд эгүүлэн тогтоож, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/96 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2017/0376 дугаар магадлалаар: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 131 дүгээр зүйлийн 131.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Р.С-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Говь-Алтай аймгийн Бигэр сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/90, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/01 дүгээр захирамжуудыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Р.С-г Говь-Алтай аймгийн Бигэр сумын Сум дундын эмнэлгийн эрхлэгч эмчийн ажилд эгүүлэн тогтоож, үлдэх “Говь-Алтай аймгийн Бигэр сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/96 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Р.С-ийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажилгүй байсан 94 хоногийн олговор 5280622 /таван сая хоёр зуун наян мянга зургаан зуун хорин хоёр/ төгрөгийг Говь-Алтай аймгийн Бигэр сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцож, үлдсэнийг нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгасугай” гэж, 3 дахь заалтад “хариуцагч Бигэр сумын Засаг даргаас” гэснийг “Говь-Алтай аймгийн Бигэр сумын Засаг даргын Тамгын газраас” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх хэргийн харьяалал зөрчиж хэргийг шийдсэн ажиллагааг зөв гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Хууль зүйн үндэслэл нь: Шүүх нэхэмжлэгч Р.С-г төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан гэдгийг хүлээн зөвшөөрсөн атлаа эмнэлгийн эрхлэгч нь хөдөлмөрийн гэрээгээр бус, Төсвийн тухай хуулиар үр дүнгийн гэрээгээр ажилладаг учраас захиргааны шүүхийн харьяаллын хэрэг гэж үзсэн нь буруу. Үр дүнгийн гэрээгээр тогтоосон шүүхийн болон хэргийн харьяаллын зохицуулалт үгүй болно.
Хэдийгээр сумын Засаг дарга Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан албан тушаалтан мөн боловч түүний гаргасан захирамж нь төрийн үйлчилгээний албан тушаалтантай холбоотой, хөдөлмөрлөх эрх хохирсон тухай, ганцаарчилсан маргаан, нийтийн эрх ашгийг хөндөөгүй акт учраас иргэний хэргийн шүүхэд харьяалагдах юм.
Монгол Улсын Дээд шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 32 дугаар тогтоолоор “Иргэний зарим хэргийн харьяаллыг захиргааны хэргийн харьяаллаас зааглан ялгах тухай” тайлбарт:
“Төрийн үйлчилгээний албан хаагчийг ажлаас халах шийдвэрийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан байгууллага, албан тушаалтан гаргасан хэдий ч хөдөлмөрийн эрхийн харилцаа хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүсдэг тул тухайн асуудлаарх маргааныг ерөнхий харьяаллын шүүх хянан шийдвэрлэнэ" гэсэн байхад уг хэргийг захиргааны хэргийн шүүх авч хэлэлцэж шийдсэн нь хэргийн харьяаллыг зөрчсөн. Энэ нь мөн тайлбарын “Хэргийн харьяаллын хувьд дагнасан эсхүл ерөнхий харьяаллын шүүхэд хамаарч байгаа тухайн нэхэмжлэлийг дагнасан буюу ерөнхий харьяаллын ямар шүүх хянан шийдвэрлэхийг шүүхийн харьяалал тодорхойлно. Тухайн нэхэмжлэлийг дагнасан эсхүл ерөнхий харьяаллын шүүх хянан шийдвэрлэх асуудал шүүхийн харьяаллаар бус харин хэргийн харьяаллаар тодорхойлогдоно” гэсэн заалтаар батлагдана.
Шүүх ерөнхий харьяаллын шүүхэд харьяалагдах нэхэмжлэлийг хүлээн авсан захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзалгүй захиргааны хэрэг үүсгэсэн бөгөөд хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ байдал илэрсэн бол:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан байгууллага, албан тушаалтанд холбогдолгүй асуудлаар гарсан нэхэмжлэл бол тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ. Харин шүүх шийдвэртээ нэхэмжлэлийг ямар шүүхэд хэрхэн мэдүүлэх талаар тусгасан байна" гэж заасны дагуу шийдвэрлэх ёстой байсан. Тухайн нэхэмжлэл ерөнхий харьяаллын шүүхээр шийдвэрлэгдэх ёстой бөгөөд хэргийн харьяалал зөрчигдсөн бол Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно" гэж заасан зохицуулалтыг анхаараагүй болно.
Хариуцагчаар одоогийн Засаг дарга өөрөө орох, эсхүл энэ хэрэгт ашиг сонирхлын зөрчилгүй, хөндлөнгийн этгээдийг төлөөлөн оролцуулбал зохистой байсан. Тухайн үеийн Засаг дарга Ж.Э-г гуравдагч этгээдээр, эсхүл гэрчээр татан оролцуулах ёстой байтал түүнийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулсан явдал хууль зөрчсөн байна. Мөн үүний нэгэн адил эмнэлгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч их эмч Т.Н-г гуравдагч этгээдээр татан оролцуулсныг мөн буруу гэж үзнэ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон сумын Засаг дарга байсан Ж.Э-г Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3-т заасны дагуу түүнийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр бус гуравдагч этгээдээр оролцуулах ёстой байсан. Учир нь шүүхээс гарах шийдвэр бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байсан.
Их эмч Р.С-г анх сумын эмнэлгийн эрхлэгчээр томилохдоо сонгон шалгаруулалт явуулаагүйгээр томилсон нь хууль зөрчсөн учраас тэрээр энэ албан тушаал дээр ажиллах эрхгүй юм. Сумын Засаг даргаар ажиллаж байхдаа эмнэлгийн эрхлэгчийн орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлалгүйгээр хууль бус тушаал гаргасан хариуцлагын асуудал бол өөр хэрэг юм.
Тэрээр үүрэгт ажилдаа удаа дараа хариуцлагагүй хандаж байсан баримтууд хэрэгт хангалттай байгаа. Иймд Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 09 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2017/0376 тоот магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг харьяаллын шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлж өгөхийг хүсье гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Р.С нь Говь-Алтай аймгийн Бигэр сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн А/90, 2016 оны 10 дугаар сарын 28-ний өдрийн Б/01 дүгээр захирамж, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/96 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах, эмнэлгийн эрхлэгч эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөх олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг зохих журмын дагуу суутган тооцуулах нэхэмжлэлийг гаргажээ.
-цалин бууруулах шийтгэлийн тухайд:
Маргаан бүхий А/90 дүгээр тушаалаар “ээлжийн амралтын захирамж гараагүй, мэдэгдэх хуудас олгоогүй байхад ажлын байраа дур мэдэн орхисон, ажиллаагүй хугацааны цалин авсан” гэх үндэслэлээр 1 сарын цалин бууруулах шийтгэлийг нэхэмжлэгчид оногдуулсан байна. Гэвч хэрэгт авагдсан Ээлжийн амралт олгох тухай мэдэгдэх хуудсаар Р.С нь 2015 оны 8 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн ээлжийн амралттай байсан, үүнээс өмнө 2016 оны 7 дугаар сарын 29-нөөс 2016 оны 8 дугаар сарын 8-н хүртэл эмнэлгийн чөлөөтэй байсан болох нь тогтоогдсон тул “ажлын байр дур мэдэн орхисон” гэх үндэслэл няцаагдаж байна.
Түүнчлэн хариуцагчаас уг захирамжийг нэхэмжлэгчид танилцуулаагүй, мэдэгдсэн баримт үйлдээгүй атлаа нэхэмжлэгчийн цалингаас хасалт хийсэн байгаа нь шийдвэр гаргах ажиллагааны журам буюу сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай зөрчил гаргагч этгээдэд урьдчилан танилцуулах зарчмыг зөрчжээ. Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.
-ажлаас чөлөөлсөн тухайд:
Маргаан бүхий Б/01 дүгээр захирамжаар “эрхэлсэн ажилдаа хангалтгүй ажилласан, төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг удаа дараа зөрчсөн” гэх үндэслэлээр албан тушаал бууруулан, эрхлэгч эмчийн албан үүргээс чөлөөлжээ.
Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх хэсэгт зааснаар захиргааны байгууллага нь “албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж албан тушаал бууруулах захирамж гаргахдаа нэхэмжлэгчийн ажил байдлыг тогтоосон хугацаанд, зохих журмын дагуу үнэлж, дүгнэх үүрэгтэй. Гэтэл захиргааны байгууллагаас энэхүү үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчийг чухам ямар үүргийг хэзээ, хэрхэн хангалтгүй хэрэгжүүлсэн талаар тодорхой нэрлэн заагаагүй, түүнд холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.
Мөн “ёс зүйн зөрчил гаргасан” гэж нэхэмжлэгчийг буруутгаж байгаа боловч ямар ёс зүйн зөрчил хэзээ, хэрхэн гаргасан болох нь тодорхойгүй, нөгөө талаар ёс зүйн зөрчлийг шалгаж тогтоох эрх зөвхөн Засаг даргад олгогдоогүй, тухайн байгууллагын ёс зүйн зөрчлийг шалган тогтоох эрх бүхий Ёс зүйн хорооны чиг үүрэгт хамааралтай юм.
Хариуцагчаас дээрх захирамжийг гаргахдаа ажлаас чөлөөлөх, албан тушаалаас бууруулах зохицуулалтыг буруу хэрэглэсэн, ажлаас чөлөөлөх үндэслэл нь албан тушаал бууруулах үндэслэлээс өөр байгааг, өөр өөр нөхцөлд хэрэглэхийг ялгаж, зааглаагүй, нэхэмжлэгчийг албан тушаал бууруулж, ямар ажилд томилсон тухай захирамжид тодорхой тусгаагүй зэргээр агуулгын хувьд алдаатай захирамж гаргасан байна.
Хяналтын шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс “хамт олноо цуглуулаад эмчлэгч эмчийн ажилд орох гэхэд оруулаагүй” гэж, хариуцагчаас “үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа эрхлэгч эмчийг томилсноор нэхэмжлэгчийг эмчлэгч эмчээр томилсон гэж ойлгогдоно” гэж тус тус тайлбарласнаас үзэхэд нэхэмжлэгч нь эмчээр ажиллах хүсэл зоригоо захиргааны байгууллагад илэрхийлсэн, захиргааны байгууллагын зүгээс татгалзаагүй байна. Эндээс хэргийн оролцогчид эмчийн орон тоонд ажиллах үйл баримттай холбогдуулан маргаагүй, эрхлэгч эмчийн албан тушаалаас бууруулан эмчийн ажилд томилсон гэж үзэхээр байна.
Хариуцагчаас нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө дээрх байдлаар хууль зөрчсөн болох нь тогтоогдсон тул захиргааны байгууллага нь өөрийн гаргасан шийдвэрийн хууль зүйн үр дагаврыг хүлээх зарчмын хүрээнд нэхэмжлэгчид учруулсан хохирлыг хариуцах, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нэхэмжлэгч зөрчил гаргасан болох нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр батлагдсан” гэх гомдол үндэслэлгүй бөгөөд хэрэгт авагдсан аймгийн Эрүүл мэндийн газрын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Илтгэх хуудас нь маргаан бүхий захирамжийн дараа гарсан буюу цаг хугацааны хувьд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх захирамжийн үндэслэл болоогүй тул хэрэгт ач холбогдолтой баримт биш тул шүүхээс маргааны үйл баримтад хамааруулан үнэлэх шаардлагагүй юм.
Дээрх үндэслэлүүдээр, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж, Б/01 дүгээр захирамжийг хүчингүй болгож, улмаар ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг зохих журмын дагуу суутган тооцуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр зөв болжээ.
-анх ажилд томилсон захирамжийг хүчингүй болгосон тухайд:
Нэхэмжлэгч Р.С-г 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар сум дундын эрхлэгч эмчийн ажилд томилсон байна. Гэвч хариуцагчаас “төрийн албаны шалгалт өгөөгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг ажилд томилсон тушаалаа хүчингүй болгосон байна. Шүүхүүд уг тушаалын хууль зүйн үндэслэлийг хянаж, “сонгон шалгаруулалт зарлахгүйгээр шууд томилсон нь буруу” гэх үндэслэлээр маргаан бүхий А/96 дугаар захирамжийг хэвээр үлдээн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, энэ шийдвэртэй холбогдуулан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргаагүй, хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар шүүх зөвхөн гомдлын хүрээнд хэргийг хянах тул нэхэмжлэгчийн гомдол гаргаагүй асуудлаар хяналтын шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх хууль зүйн боломжгүй юм.
-ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн тухайд:
Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.1, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах” журмын 1.4.1 дэх зааснаар байгууллагын төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх, удирдах албан тушаалтны хувьд эрхлэгч эмчийн албан тушаалд томилогдохдоо төрийн албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орж, тэнцсэн байх шаардлагыг хангасан байх ёстой. Энэ тохиолдолд нэхэмжлэгч уг шаардлагыг хангаагүй, удирдах ажилтны шалгалт өгөөгүй тул түүнийг эрхлэгч эмчийн ажилд эгүүлэн тогтоох нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй.
Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийг анх ажилд томилсон захирамжийг хүчингүй болгох зайлшгүй шаардлага захиргааны байгууллагад байсан эсэхэд дүгнэлт өгөөгүй, “сонгон шалгаруулалтын зарчмыг хэрэгжүүлээгүй” гэж захиргааны байгууллагыг буруутгасан атлаа нэхэмжлэгчийн маргаан бүхий албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь утга агуулгын зөрчилтэй болжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “иргэний шүүхийн маргаан шийдсэн” гэх гомдол үндэслэлгүй байна. Учир нь эрхлэгч эмчийн албан тушаал нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд хамаарч байх бөгөөд төрийн үйлчилгээний албан тушаалаас ялгаатай тал нь байгууллагын удирдлага хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байдаг, түүнчлэн Засаг даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй, Үр дүнгийн гэрээ байгуулж ажилладаг тул захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан мөн байх бөгөөд Засаг дарга болон эрхлэгч эмчийн хоорондын хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн хуулиар биш Төрийн албаны хууль, Төсвийн тухай хуулиар тус тус зохицуулах юм.
Хариуцагчийн “тухайн үеийн Засаг даргыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулсан нь буруу” гэх гомдлын тухайд хариуцагч сумын Засаг дарга Ш.Л-с Ж.Э-д итгэмжлэл олгосон, энэхүү итгэмжлэлийг цуцалсан, өөр этгээдээр төлөөлүүлэх талаар шүүхэд мэдэгдээгүй тул шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй болно.
Иймд, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын “эрхлэгч эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох” шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 09 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2017/0376 дугаар магадлалын “тогтоох” хэсгийн 1 дэх заалтын “нэхэмжлэгч Р.С-г Говь-Алтай аймгийн Бигэр сумын Сум дундын эмнэлгийн эрхлэгч эмчийн ажилд эгүүлэн тогтоож” гэснийг “эмнэлгийн эрхлэгч эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож” гэж өөрчилсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ