Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2016/0697

 

“Капитал банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантөгс нарыг оролцуулан, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, “Капитал банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Засаг дарга, аймгийн Засаг даргын орлогч нарт холбогдох захиргааны хэргийг Г.Билгүүн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх шийдвэртээ: “Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 33 дугаар зүйлийн 33.1, 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалтуудыг баримтлан “Капитал банк” ХХК-ийн Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/47 дугаар “Газар эзэмшүүлэх шийдвэр хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Ариунболд давж заалдах гомдолдоо: “Капитал банкны зүгээс Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

  1. Шийдвэрийн Үндэслэх хэсэгт Архивын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, Архивын ерөнхий газрын даргын 2009 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 68 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар”-ын хавсралтын 2 дугаар зүйлийн 2.4.1.14-д “Байгууллагын даргын эзгүйд тушаалд үүрэг гүйцэтгэгч, эсвэл байгууллагын даргыг албан ёсоор орлож буй албан тушаалтан гарын үсэг зурж болно” гэж заасныг дурджээ.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Хуульд өөрөө заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийн үүргийг түр орлон гүйцэтгэх журмыг Засгийн газар тогтооно” гэж заасныг дурджээ. Үүний дагуу Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ыг төсөөтэй тайлбарлан авч үзжээ.

Уг журмын 3 дугаар зүйлийн 3.1-д “Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан эзгүй байгаа албан хаагчийн ... албан үүргийг түр орлон гүйцэтгүүлнэ” гэж заасан байдаг.

Мөн энэхүү журмын 3 дугаар зүйлийн 3.2.2-т “Эзгүй байгаа албан хаагч гэдэгт дараах тохиолдлыг тооцно: Эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар чөлөөтэй” гэж тодотгон заажээ.

Гэвч Засаг даргын А/74 дүгээр захирамж гарах үед буюу 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймгийн Засаг дарга Г.Зоригт нь эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар чөлөөтэй байсныг нотлох аливаа үйл баримт хэргийн материалд огт байхгүй. Иймд түүнийг эзгүй байсан гэж үзэх үндэслэлгүй ба ажил үүргийг  нь Засаг даргын орлогч Д.Энхбат орлон гүйцэтгэх нөхцөл байдал эрх зүйн хувьд бүрдээгүй байсан, тиймээс 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/74 дүгээр захирамжид эрх олгогдоогүй албан тушаалтан гаын үсэг зурсан нь тодорхой байна.

  1. Шийдвэрийн Үндэслэх хэсэгт Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг талсан зогсооно” гэж заасныг дурджээ.

Хэрэв Орхон аймгийн Засаг даргын 502 дугаар захирамжийг хууль зөрчсөн гэж үзсэн бол орлогч нь бус, харин дээрх хуулийн заалтын дагуу зөвхөн албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан уг шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй юм.

3. Шийдвэрийн Үндэслэх хэсэгт Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, ...аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд ...өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж заасныг дурджээ.

Хуулийн дээрх хэсгээс харахад ч аймгийн Засаг даргын захирамжийг гагцхүү Засаг дарга өөрөө, эсхүл Ерөнхий сайд хүчингүй болгох эрхтэй, өөр бусад этгээд эрхгүй болох нь тов тодорхой байна.

  1. Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 02-р сарын 12-ны өдрийн А/74 дүгээр захирамжийг анх иргэдийн санал хүсэлтийн дагуу буюу иргэн Ж.Оюуны хүсэлтийн дагуу гаргасан байдаг. Иргэн Ж.Оюун нь уг хүсэлтдээ “Капитал банкны барьж буй барилга нь манай балконы цонхыг хааж магадгүй тул 4-20-р байрны 2  давхрын балконы шалнаас дээш гаргахгүйгээр барилга барих шаардлага тавих”-ыг хүссэн байдаг. Өөрөөр хэлбэл барилгын өндрийн талаар гомдол гаргасан ба барилгын урт, өргөний талаар огт хөндөөгүй юм.

Гэтэл Засаг даргын орлогч Д.Энхбат нь эрх олгогдоогүй атлаа иргэн Ж.Оюуны хүсэлтээр шалтаглан манай эзэмшлийн газрын хэмжээг багасгах шийдвэр гаргасан нь хууль журамд огт нийцэхгүй байна.

Иймд Орхон аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

Орхон аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Д.Энхбат нь 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр А/74 дугаартай “Газар эзэмшүүлэх шийдвэр хүчингүй болгох тухай” захирамж гаргаж, “Капитал банк” ХХК-ийн эзэмшиж буй 200 м.кв газрын хэмжээг 257 м.кв болгон нэмэгдүүлсэн аймгийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн нь Газрын тухай хууль болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөрчөөгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс Д.Энхбат нь тус аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан бөгөөд Засаг даргын бүрэн эрхэд хамаарах асуудлаар, өөрт нь эрх олгогдоогүй байхад Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон гэж маргасан нь үндэслэлгүй байх бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. Тодруулбал,

Орхон аймгийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4-д заасныг зөрчиж, аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор заагаагүй газарт, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын журмаар бус нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн “Капитал банк” ХХК-д 57 м.кв газрыг эзэмшүүлсэн болох нь Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 03 тоот “Бодлого, төлөвлөгөө батлах тухай” тогтоол, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдсон байна.

Үүнээс үзвэл нэхэмжлэгчийн маргаан бүхий актын улмаас зөрчигдсөн гэх  газар эзэмших эрх нь хууль ёсоор үүсээгүй байх тул Орхон аймгийн Засаг даргын 2014 оны А/74 тоот захирамж нь нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчөөгүй гэж үзэхээр байна.

Нөгөөтэйгүүр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7-д “Засаг даргыг чөлөөлсөн, огцруулсан бол Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг нь Засаг даргын орлогч хэрэгжүүлж хариуцлагыг нь бүрэн хүлээнэ” гэж зааснаас үзвэл, Засаг даргын орлогч нь түүний эзгүйд түүний бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр байх ба ийнхүү хэрэгжүүлсэн нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёсыг хангах зарчимд нийцжээ.

Маргаан бүхий захиргааны акт гарах үед Орхон аймгийн Засаг дарга эзгүй, түүний бүрэн эрхийг Засаг даргын орлогч хэрэгжүүлж байсан болох нь хариуцагчийн тайлбар, 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдрүүдэд гарсан Засаг даргын захирамжид Засаг даргын орлогч гарын үсэг зурсан байдал зэргээс харагдаж байна.

Иймд Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/74 дүгээр захирамж Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д заасныг тус тус зөрчөөгүй гэж үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.       

ШҮҮГЧ                                                                                   Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                                                   Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                                   Г.БИЛГҮҮН