Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 1718

 

 

 

 

 

                     2020        05          14

                            101/ШШ2020/01718

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Т.Болормаа, Л.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Т-гийн гаргасан,

 

Хариуцагч: Т-т холбогдох,

 

Гэм хорын хохиролд 7,309,404.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т, өмгөөлөгч Н, хариуцагч Төмгөөлөгч О, нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

 

            “Миний бие А ХХК -нд ахлах эдийн засагчаар ажиллаж байсан, манай компаниас 2017 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр 300 гаруй харилцагчийн дунд хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулсан. Уг арга хэмжээнд хариуцагч Тнь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ намайг зодсон бөгөөд түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон.

 

Тухайн үед хариуцагч тал надад 352,970.00 төгрөгийн хохирлыг барагдуулахаар болсон юм. Гэвч би одоо эмчилгээний зардалтай холбоотой 2,417,360.00 төгрөг, уг эрүүгийн хэргийн улмаас ажилгүй болсон тул 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл “А” ХХК-тай 3 сарын гэрээтэй байсан хэдий ч цалин хөлс авах боломжоо алдсан тул 36 хоногийн цалин 3,834,544.00 төгрөгийг мөн нэхэмжилж байна. Түүнчлэн эрүүгийн хэргийг 1 жил гаруй хугацаанд шалгасан ба иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа авахад өмгөөлөгчид 1,000,000.00 төгрөг, эрүүгийн хэргээс материал авахад 57,500.00 төгрөгийн зардлыг тус тус төлж, нийт 7,309,400.00 төгрөгийн бодит хохирол учраад байна.

 

Нэгдүгээрт, Натур эмнэлэг, Гурван гал эмнэлгээс эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан зардал 2,417,360.00 төгрөг, хоёрдугаарт, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр өдөр хүртэлх хугацааны 36 өдрийн цалин 3,834,544.00 төгрөг болсон. А ХХК -ийн захирлын тушаалаар нэхэмжлэгчийг ахлах эдийн засагчаар 3 сарын туршилтын хугацаатай томилсон боловч гэрээний хугацаа дуусаагүй байхад хариуцагчтай маргаан үүсгэсэн гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Өөрөөр хэлбэл, хариуцагчийг гэм буруутай үйлдлээс болж нэхэмжлэгч нь 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон.

 

Гуравдугаарт, хууль зүйн туслалцаа авахад төлсөн 1,000,000.00 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагчийг 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр шийтгэх тогтоолоор хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн боловч гэм буруутай гэж үзсэн. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 352,000.00 төгрөгийн хохирлыг барагдуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон. Гэвч Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар хохирлыг жич нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэсэн тул эдгээр зардлыг давхцуулаагүй, хариуцагчаас авсан хэсгийг тод өнгөөр тэмдэглэсэн.

 

Биднийг Гурван гал эмнэлгээс 1,500,000.00 төгрөгөөс 1,350,000.00 төгрөгийг буцааж өгсөн баримтыг өг гэж шаардахад байхгүй гэсэн хариу өгсөн, харин гэрч ******* гэх хүн зориудаар худал мэдүүлэг өгч, хэргийг төөрөгдүүлсэн. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Гурван гал эмнэлгийг том эмнэлэг тул баримт хуурамчаар үйлдэх ёсгүй гэж дүгнэсэн. Бид нар тус эмнэлэгтэй адил бусад эмнэлгүүдийг хэдэн төгрөгөөр мэс засал хийдэг болохыг судлахад 1,200,000-1,800,000 төгрөгийн хооронд мэс засал хийнэ гэсэн.

 

Эмнэлэгт хэвтэх, ямар эмчилгээ хийлгэх нь хувь хүний өөрийн сонголт, хагалгаа хийлгэсэн эмнэлэгтээ 5 хоногийн үйлчилгээ авсан. Иймд, хариуцагчаас 7,309,404.00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

 

“Би, А ХХК -нд 10 жил ажилласан, манай компаниас 300 гаруй харилцагчийнхаа дунд хүндэтгэлийн арга хэмжээ зохиоход нэхэмжлэгч Т нь ахлах эдийн засагч Г-тай зодолдож байхад нь намайг салгах гэж очиход цохисон учраас хэрүүл маргаан үүсэх шалтгаан болсон. Миний бие энэ асуудлаар 2017 оноос хойш Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаад шүүхээс гэм буруутай болохыг минь тогтоож, 352,000.00 төгрөгийг хариуцагчид төл гэсэн, харин бусад зардлыг хэрэгсэхгүй болгосон.

 

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэм бурууг хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тогтоосон ба тухайн үед нэхэмжилсэн өнөөдрийн зардлуудыг үндэслэлгүй гэж дүгнэсэн юм. Гэтэл нэхэмжлэгч нь өнөөдрийн шүүх хуралдаан дээр өмнөх эрүүгийн журмаар шийдвэрлэхэд өгч байсан баримтыг дахин өгч, шинээр гэм хорын хохирол учирсан, эмчилгээ хийлгэсэн гэж худал нэхэмжлэл гаргаж байгаа, зөвшөөрөхгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.6, 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл бүрдэж байна.

 

Нэхэмжлэгч нь Гурван гал эмнэлэг дээр 150,000.00 төгрөгийн төлбөртэй хамрын мэс ажилбар хийлгээд 1,500,000.00 төгрөг шилжүүлж, андуурсан гэж хэлээд буцааж авсан байж эрүүгийн хэрэгт 1,500,000.00 төгрөгийн баримт гаргаж өгсөн. Гэмтлийн зэрэг нь хамрын ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт хүзүүнд булгаралт үүссэн гэж тогтоогдсон байхад эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, мэс засал хийлгэсэн гэж худал тайлбар өгсөн байна, гэвч эдгээр баримтыг харахад учирсан гэм хороос өөр асуудлууд байх шиг.

 

Би, эрүүгийн хэрэг гарснаас хойш гэм хортой холбоотой нэмэлт зардал гарсан бол хүлээн зөвшөөрнө, гэтэл эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтаар дахин нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэгч Т нь хариуцагч Т-ын үйлдлээс болж ажлаас чөлөөлөгдсөн гэж тайлбарладаг боловч тийм биш, нэхэмжлэгчийг ажил мэргэжлийн хувьд ажилдаа тэнцэхгүй, зөрчил гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлсөн. Иргэн, хуулийн этгээд хууль зүйн туслалцаа авах нь тэдгээрийн эрх тул зайлшгүй зардалд тооцогдохгүй. Иймд, дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын гаргасан тайлбарыг шинжлэн судлаад   

ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Тгээс хариуцагч Т-т холбогдуулан гэм хорын хохиролд 7,309,404.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т зааснаар учруулсан хохирлыг арилгуулахыг хүсчээ. Гэвч шүүх, хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 07 тоот шийтгэх тогтоолоор хариуцагч Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоожээ /х.х-ийн 4-8 хуудас/.

 

Тодруулбал, хариуцагч Т-ыг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр А ХХК -ийн харилцагчийн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцохдоо нэхэмжлэгч Ттэй маргалдаж, түүний нүүр рүү цохин хөнгөн зэргийн гэмт учруулсан гэмт хэрэг үйлдсэнийг тогтоосон боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн ба хохирогч буюу нэхэмжлэгчийн хариуцагчаас нэхэмжилсэн 7,251,874.00 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.

 

Гэтэл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ий өдрийн 221 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 4 дэх заалтыг “нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, .............. хохирогч Т нь гэмт хэргийн улмаас ажилгүй болсон хугацааны цалинтай холбоотой зардал болон 6,251,874.00 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй” гэж өөрчилжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг хэлэлцэх үед иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бол нэхэмжлэгч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлийг дахин гаргах эрхээ алдана” гэж, мөн 2 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй” гэж тус тус заажээ.

 

Тайлбарлавал, нэхэмжлэгч Т нь эрүүгийн гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хариуцагч Т-с нийт 7,604,844.00 төгрөгийг нэхэмжилсэн боловч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор хариуцагчаас 352,970.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,251,874.00 төгрөгт холбогдох хэсгийг “нотлогдоогүй, гэмт хэрэгтэй шалтгаант холбоогүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүхийн магадлалаар 6,251,874.00 төгрөгт холбогдох хэсгийг нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэй гэж өөрчилсөн байна.

 

Иймд, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 221 тоот магадлалаар нэхэмжлэгч Тгийн эрүүгийн гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хариуцагч Т-с нэхэмжилсэн 6,251,874.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгоогүй, харин хэлэлцэхгүй орхисон байх тул нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дээр дурдсан шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хуулийн хүчин төгөлдөр болсон эсэх талаар маргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан.

 

Нэгэнт хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолоор хариуцагч Т-г нэхэмжлэгч Тд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болохыг тогтоосон байгаа тул зохигчид гэм буруугийн талаар маргах эрхгүй болно.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...................бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй” гэж, мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус заасан.

 

Тодруулбал, нэхэмжлэгч Т эрүүгийн гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг гэм буруутай болох нь тогтоогдсон хариуцагч Т-с нэхэмжлэх эрхтэй ба тэрээр хариуцагчид холбогдуулан эм, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахад төлсөн 2,417,360.00 төгрөг, хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас ажлаас чөлөөлөгдөж, хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн гэж 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлс 3,834,544.00 төгрөг, хууль зүйн туслалцаа авахад төлсөн 1,000,000.00 төгрөг болон нотлох баримт бүрдүүлэхэд төлсөн 57,500.00 төгрөг, нийт 7,309,404.00 төгрөгийг нэхэмжилсэн.

 

 Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, аливаа этгээд хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээр хэн нэгэн этгээдэд гэм хор учруулсан тохиолдолд хохирогчид учирсан хохирлыг зайлшгүй нөхөн төлөх үүрэг хуульд зааснаар үүсэх ба хохирлын хэмжээ нь гэм хор учруулсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой бодит хохирлоор хязгаарлагддаг байна.

 

Үүнийг тус хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, мөн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус тухайлан зохицуулжээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2018/02639 тоот шийдвэрээр Тгийн нэхэмжлэлтэй А ХХК -нд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2177 тоот магадлал болон Улсын Дээд Шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 001/ХТ2019/00288 тоот тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна /х.х-ийн 125-139 хуудас/.

 

Уг шийдвэр, магадлал, тогтоолд тус тус дурдсанаар нэхэмжлэгч Тгийн ажлаас чөлөөлөгдөх болсон үндэслэлийг зөвхөн Хөдөлмөрийн тухай хуулийн 231 дугаар зүйлийн 231.1-д заасан туршилтын хугацаа дууссан гэдгээс гадна мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ноцтой зөрчил гаргасан учраас ажлаас чөлөөлсөн гэж дүгнэжээ.

 

Тодруулан хэлбэл, хариуцагч Тнь нэхэмжлэгч Тгийн биед хууль бус үйлдлээр хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэдгийг шүүхээс тогтоосон боловч тэдгээрийн хооронд болсон зөрчилтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн гаргасан үйлдэл нь гэмт хэрэг, зөрчлийн бүрэлдэхүүнгүй хэдий ч хөдөлмөрийн харилцаанд ажилтны баримталбал зохих ёс зүйн хэм хэмжээг зөрчиж, сахилгын зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

 

Энэ тохиолдолд нэхэмжлэгчийг гагцхүү хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэх боломжгүй ба нэхэмжлэгч нь сахилгын зөрчил гаргасан тул хариуцагчаас хөдөлмөрлөх эрх зөрчсөн гэсэн үндэслэлээр 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан цалин хөлсөнд 3,834,544.00 төгрөгийг нэхэмжлэх эрхгүй байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 07 тоот шийтгэх тогтоолд дурдсанаар Гурван гал эмнэлгийн эмч болох гэрч Д.Батчулуун “нэхэмжлэгч Тгийн хамарт мэс засал хийгээгүй, харин жижиг мэс ажилбар хийж, эмчилгээний зардалд 150,000.00 төгрөг, үзлэгийн төлбөрт 35,000.00 төгрөгийг авсан ба тус эмнэлэгт 1,500,000.00 төгрөгийн төлбөртэй чих, хамар, хоолойн мэс заслын үйлчилгээ байхгүй, хохирогч буюу нэхэмжлэгчийг андуурч 1,500,000.00 төгрөгийг төлснөөс манай эмнэлэг 150,000.00 төгрөгийг суутгаж, зөрүү 1,350,000.00 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан өгсөн” гэж мэдүүлжээ /х.х-ийн 4-8 хуудас/.

 

Гэтэл нэхэмжлэгч тал гэрчийн мэдүүлгийг худал байсан, би 1,500,000.00 төгрөгийн төлбөртэй мэс засалд орсон гэж тайлбарласан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэж, мөн 4-т “Гэрч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, эсхүл худал мэдүүлэг өгсөн бол түүнд Зөрчлийн тухай хууль, эсхүл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасан.

 

Тайлбарлавал, гэрч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй бөгөөд Гурван гал эмнэлгийн эмч Б-г зориуд худал мэдүүлэг өгсөн гэдгийг төрийн эрх бүхий байгууллагаас тогтоосон баримт байхгүй тул түүний мэдүүлгийг худал гэж шууд дүгнэхгүй.

 

Нөгөө талаар нэхэмжлэгч Т өөрийн гэмтсэн хамарт уг эмнэлгээс 1,500,000.00 төгрөгийн төлбөртэй мэс заслын тусламж үйлчилгээ авсан бол энэ талаарх холбогдох тодорхойлолт, эмчилгээний түүх /карт/-ийг өгөх боломжтой ба тэрээр шүүхэд энэ тухай үндэслэл бүхий тайлбарыг нотлох баримтын хамт өгөөгүй, хэрэв нэхэмжлэгч нь тус эмнэлэгт 1,500,000.00 төгрөгийг төлсөн боловч хамрын мэс засал хийлгээгүй бол төлсөн төлбөрийг буцаан төлөх үүргийг эмнэлгийн өмнөөс хариуцагч Тнь хүлээх учиргүй.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Гурван гал нэгдсэн эмнэлгээс нэхэмжлэгч Тд хэвтэх бичиг олгожээ. Гэтэл хэрэгт авагдсан эмчлүүлэгчийн ерөнхий үзлэгийн тэмдэглэл, өвчтөний биеийн байдлыг үнэлэх хуудаст тус тус дурдсанаар нэхэмжлэгчийг хамрын мэс засал хийлгэх гэсэн оноштойгоор бус, харин “К-22” буюу ходоодны шарх болон цагаан мах эргэхэд хийдэг эмчилгээ хийлгэхээр тийнхүү хэвтсэн гэж үзэхээр байна /х.х-ийн 50-63 хуудас/.

 

Түүнээс гадна нэхэмжлэгчийг эмчилж байсан Гурван гал эмнэлгийн эмч Д.Батчулууны “...................Мэс засал, мэс ажилбар хоёр нь тус тусдаа ойлголт, мэс ажилбарыг амбулаторийн нөхцөлд хэсгийн мэдээ алдуулалттай хийдэг, хамрын шинэ хугарлын мэс ажилбар хийлгэсэн хүн хэвтэж эмчлүүлэх шаардлагагүй, Тгийн хамар шинэ хугарал байсан учир мэс ажилбар хийгдсэн,................би хамранд хийсэн мэс ажилбараас болж эмнэлэгт хэвтсэн талаар өмнө нь сонсож байгаагүй, ................шинэ хугарал 150,000.00 төгрөгийн мэс ажилбар амбулаториор хийгддэг бөгөөд бүрэн эдгэрсэн” гэсэн мэдүүлгээс тус тус үзвэл нэхэмжлэгч Тгийн Гурван гал нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний төлбөр болох 732,960.00 төгрөгийг хариуцагч *******ын гэм хор учруулсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэх боломжгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно” гэж, мөн 44.4-т “Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна” гэж тус тус заажээ.

 

Гэтэл хариуцагчийн нэхэмжлэгчид төлөөгүй гэх эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авсан бусад баримтууд нь нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй, нэхэмжлэгчийн эрүүгийн хэргийн архиваас авч шүүхэд өгсөн баримтад архивын ажилтан “хуулбар үнэн” тэмдэг дарсан боловч гарын үсэг зурж баталгаажуулаагүй, хэрэглэсэн эм болон холбогдох шинжилгээг эмчлэгч эмчийн заавар, зөвшөөрлөөр авч, хийлгэсэн эсэх нь тодорхойгүй байна. Хэдийгээр тус хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар шүүх шаардлагатай гэж үзвэл нотлох баримтыг бүрдүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулах зохицуулалттай ч талуудын тэгш байдлын зарчмыг зөрчихгүй байх учиртай /х.х-ийн 34-37, 38-41 хуудас/.

 

Гэвч нэхэмжлэгч нь өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцсон бөгөөд шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргаагүй тул нэхэмжлэгчид давуу байдал олгох зорилгоор холбогдох баримтыг шүүхээс бүрдүүлэх нь дээр дурдсан зарчимд нийцэхгүй.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Т нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн архиваас нотлох баримт хуулбарлахад 22,500.00 төгрөг, мөн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нотлох баримт хуулбарлан авахад 35,000.00 төгрөг, бусад баримтуудыг нотариатаар гэрчлүүлэхэд 7,800 төгрөгийг тус тус төлжээ /х.х-ийн 68, 69 хуудас/.

 

Гэтэл Шүүхийн ерөнхий зөвлөлийн архиваас авсан нотлох баримтууд нь дээр дурдсанаар хуульд заасан шаардлагыг хангаагүйгээс гадна хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн хамарт учирсан гэм хортой шууд шалтгаант холбоотой баримтууд биш байна.

Мөн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд төлсөн 22,500.00 төгрөгийн баримт нь тэмдэггүй, хэрэгт авагдсан 7,800 төгрөгийн нотариатын зардлыг уг нэхэмжлэлийг гаргахтай холбоотойгоор нотариатаар гэрчлүүлсэн гэсэн баримт хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь нэхэмжлэл дэх баримтуудыг нотариатаар гэрчлүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан боловч тухайн нотариатын төлбөр төлсөн баримт нь эдгээр нотлох баримтыг гэрчлэхэд төлсөн зардал гэдгийг шууд нотлохгүй байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-т зааснаар аливаа иргэн хууль зүйн туслалцаа авах, шүүх ажиллагаанд өөрийн биеэр оролцох эрхтэй. Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, мөн 67 дугаар зүйлийн 67.1.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т тус тус зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хариу татгалзал, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох, холбогдох баримтыг гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор иргэн, хуулийн этгээд эрх зүйн маргаанд хууль зүйн туслалцаа авах, аль эсхүл авахгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй /х.х-ийн 70, 71 хуудас/.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс энэхүү нэхэмжлэлийг шүүхэд гаргахад хууль зүйн туслалцаа авахад зарцуулсан гэх 1,000,000.00 төгрөгийн зардал нь хариуцагчийн гэм хор учруулсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор зайлшгүй төлөх ёстой байсан зардал биш байна. Ингээд шүүхээс дээр дурдсаныг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                          ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Тгийн гаргасан хариуцагч Т-т холбогдох 7,309,404.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг үүгээр дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.                   

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                                     Б.МАНДАЛБАЯР

 

                                         ШҮҮГЧИД                                    Т.БОЛОРМАА

 

                                                                                                Л.ЭНХЖАРГАЛ