Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2018/00814

 

М ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/00110 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: М ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б ХХК-д холбогдох

 

Гэрээний үүргийн биелэлтэд 121 903 885 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ХХК нь  Б ХХК-тай/ хуучнаар Алтан дорнод майнинг сервис ХХК-тай/ 2014 оны 06 сарын 02-ны өдрийн МЕ- БОО /14/32 тоот өндөр даралтын гидр шланг, холбох хэрэгслүүд нийлүүлэх гэрээ-г байгуулан барааг нийлүүлсэн. М ХХК нь гэрээгээр бараануудыг 2015 оны 06 сарын 22-ны өдөр, 2016 оны 05 сарын 10-ны өдөр, 2017 оны 08 сарын 15-ны өдрийн бараа хүлээн авсан баримтуудаар хариуцагчид хүлээлгэн өгч, тооцоо нийлсэн. Тооцоо нийлсэн баталгааг 2017 оны 06 сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 сарын 02-ны өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллага нэг бүрчлэн нийлэхэд хариуцагч 121 903 885 төгрөгийн өглөг, авлагатайг харилцан баталсан. Хариуцагч барааны үнийг төлөөгүй, нэхэмжлэгч барааг баримтаар нийлүүлж, тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан, барааны үнэ 121 903 885 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б ХХК шүүхэд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Б ХХК нь нэхэмжлэгчтэй 2014 оны 06-р сарын 02-ны өдөр МЕ-БОО/14/32 дугаартай гэрээ байгуулсан. Гэрээг үндэслэн гэрээний үүргийн гүйцэтгэлд 380 285 515 төгрөгийг нэхэмжилж, дээрх маргааныг 2016 оны 7-р сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11-р сарын 17-ны өдрийн 181/ШШ2016/01272 дугаартай шийдвэрээр 330 285 515 төгрөгийг манайхаас гаргуулж М ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Энэ хэрэг маргаанаас хойш буюу 2017 оны 8-р сарын 15-ны өдөр бичигдсэн зарлагын падаанаар Б ХХК нь 114 нэр төрлийн бараа, ажил үйлчилгээг хүлээж аваагүй байхад М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тооцоо нийлсэн актад хүчээр гарын үсэг зуруулан авч явсан байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс 114 нэр төрлийн сэлбэгийг албан ёсоор хүлээн аваагүй, хэзээ, хаана, хэн, хэнд хүлээлгэн өгсөн гэх ямар ч анхан шатны баримтгүй байхад, мөн нэгэнт шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа явдал нь үндэслэлгүй байна. Талуудын  МЕ-БОО/14/32 дугаартай гэрээ-ний 1.2-т гэрээ нь 24 сарын хугацаанд хүчинтэй  гэж заасан. Энэ гэрээний хугацаа 2016 оны 6-р сарын 02-ны өдрөөр дуусгавар болсон.  Гэрээний хүчин төгөлдөр хугацаанд нийлүүлсэн бараа материалын  үнийг  2016 оны 7-р сард нэхэмжлэл гарган шүүхээр шийдвэрлүүлсэн. Гэрээний хугацаа дууссан, сунгах талаар ямар нэгэн гэрээ, хэлцэл хийгээгүй байхад гэрээ хэлцэлгүйгээр дур мэдэн сэлбэг хэрэгсэл нийлүүлсэн мэтээр баримт бичиг үйлдэж шүүхээр нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Манай компаний хувьд 2014 онд 5 147 040.87 төгрөгийн, 2015 онд 33 448 253.84 төгрөгийн, 2016 онд 12 757 646.19 төгрөгийн, нийт 51 352 940.90 төгрөгийн холбох хэрэгсэл, шлангийг хэрэглэсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч 2017 оны 6-р сарын 1-ний өдрөөс 2017 оны 10-р сарын 02-ны өдрийг хүртэлх 4 сарын хугацаанд 121 сая төгрөгийн холбох хэрэгсэл, шлангийг хэрэглэсэн гэж нэхэмжлэх нь илтэд үндэслэлгүй байна.  Гэрээний 2 дугаар зүйл буюу 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар бараа материалыг хүлээлгэн өгөх, хүлээн авах, хүлээлцэх талаар  акт үйлдэж, техникийн нарийн үзлэг хийн биет байдлын доголдол илрээгүй нөхцөлд хүлээлгэн өгнө гэжээ. Акт үйлдэгдээгүй буюу нэхэмжлэгчээс хариуцагч бараа материал хүлээж аваагүй.  Гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.2 дахь хэсэгт нийлүүлэгчид барааны захиалга гаргахдаа тодорхой мэдээллээр захиалга гаргана гэж зохицуулсан байдаг. Гэвч 2017 оны 06 дугаар сараас 10 дугаар сарын хооронд Б ХХК-ийн зүгээс М ХХК-д хандан захиалга өгөөгүй. Нэхэмжлэгчийн шүүхэд гарган өгсөн гэх сэлбэг бараа материал нь ямар нэртэй ямар зориулалттай, ямар маркын, аль улсад үйлдвэрлэгдсэн гэсэн ямар ч мэдээлэл, баримтгүй байна. Нягтлан бодогч гэж гарын үсэг зурсан А.М нь айсандаа юу авсан болохыг нь ч сайн ойлголгүй гарын үсгээ зурсан байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б ХХК-иас бүгд 121 903 885/нэг зуун хорин нэгэн сая есөн зуун гурван мянга найман зуун наян тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 767 470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 767 470 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дах хэсэгт зааснаар хариуцагч “Б” ХХК энэхүү шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан дараалал, журмын дагуу төлбөр гаргуулах ажиллагааг гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс шүүхээр нэгэнт эцэслэн шийдвэрлэгдсэн үйл баримт буюу талуудын хооронд байгуулсан байсан гэрээний хугацаа дууссан, төлбөр тооцоо нь барагдуулаагүй байхад 2017 оны 8-р сарын 15-ны өдөр дахин шланг, холбох хэрэгсэл нийлүүлсэн гэх нь эргэлзээтэй, зөвхөн зарлагын баримт үндэслэн шийдвэрлэсэн нь нотлох баримтыг эргэлзээгүй, тал бүрээс нь бүрэн, бодитой үнэлсэн гэх үндэслэлгүй байна. Мөн тооцоо нийлсэн акт нь 2017 оны 6-р сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хооронд өгч авалцсан зүйлээ тооцон тооцоо нийлсэн байгаа нь илт бодит байдалд нийцээгүй, дүр үзүүлэн үйлдсэн акт болох нь илэрхий байна. Гэрээний хугацааг сунгагдсан гэж дүгнэсэн нь буруу. Учир нь гэрээний дагуу үүрэг гүйцэтгэгч нь "Б" ХХК, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь гүйцэтгэх удирдлага  Э.Б байна.Хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр гэрээг шүүхээс хүчээр сунгах нь илтэд хууль зөрчсөн явдал. Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь монгол хэл дээр үйлдэгдээгүй, яг ямар бараа материал нь тодорхойгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй байхад ИХШХШТХ-ийн 7 дугаар зүйлиин 7.4, 40 дүгээр зүйлд заасныг тус тус зөрчин. Анхан шатны шүүх зөвхөн хэрэгт авагдсан 114 нэр төрлийн бараа материал бүхий зарлагын баримтыг үндэслэн худалдаа хийсэн, бараа материал хүлээлгэн өгсөн гэдгийг тогтоож байгаа нь үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч нь 2017 онд бараа материал нийлүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн, зарлагын баримтын хажуугаар орлогын баримт, бараа материал хүлээлцсэн акт, захиалгын хуудас байхгүй гэдэг нь хэргийн үйл баримт, зохигчдын тайлбараар илэрхий байхад 2017 онд өгч авалцаагүй зүйлийг өгч авалцсан мэтээр дүгнэн шийдвэрлэсэн нь илэрхий алдаатай шийдвэр болжээ. Иймд шүүхийн шийдвэрийг өөрчлөх, эсхүл хүчингүй болгон дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн МЕ-БОО/14/32 тоот өндөр даралтын гидр шланг, холбох хэрэгслүүд нийлүүлэх гэрээгээр 2015 оны 06 дугаар сарын 22-нд, 2016 оны 05 дугаар сарын 10-нд , 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрүүдэд тус тус хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн гэх барааны үнэ 121 903 885 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. / хх- ийн 1, 24 дүгээр хуудас/

 

Талуудын хооронд 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн МЕ-БОО/14/32 тоот 24 сарын хугацаатай гэрээ үйлчилж байсан, 2016 оны 11 дүгээр сарын 17-нд уг гэрээний үүргийн гүйцэтгэлд буюу барааны үнэд 380 285 515 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосон Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон үйл баримт тогтоогджээ. Уг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй хэрэгт нэхэмжлэгч нь 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тооцоо нийлсэн акт үйлдэж баталгаажуулахад 380 285 515 төгрөгийн үлдэгдэлтэй байсныг нэхэмжлэн шийдвэрлүүлжээ. / хх 26-30 дугаар хуудас/

 

Гэтэл нэхэмжлэгч энэ хэрэгт 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн бараа хүлээлцсэн гэх баримтыг үндэслэн нэхэмжлэл гаргасан нь цаг хугацааны хувьд өмнө гарсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт хамаарах эсэх нь тодорхойгүй, талууд нэхэмжлэгчийн нийлүүлсэн гэх барааг хүлээн авсан эсэх асуудлаар маргаж байна.

 

Нотлох үүргийн хувиарлалтын хувьд барааг нийлүүлсэн гэж үзэж байгаа тал барааг нийлүүлсэн, үнийг төлүүлж аваагүй байгаа байдлаа нотлох үүрэгтэй юм.

 

Нэхэмжлэгчийн тооцоо нийлсэн баримт, бараа нийлүүлсэн гэх баримтуудтай холбоотойгоор хариуцагч талаас захиалгын хуудас, бараа материал хүлээлгэн өгсөн, шалгасан гэх мэт баримтыг нэхэмжлэгчээс гаргуулахыг хүссэн хүсэлтийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай болжээ. Хэнд хүлээлгэн өгсөн, хичнээн тооны, ямар нэр төрлийн бараа хүлээлцсэн зэрэг хоорондын тооцооны асуудлыг магадлуулах нь тухайн хэрэгт ач холбогдолтой байсан.

 

Анхан шатны шүүх нь хариуцагчийн өөрт байхгүйн улмаас нэхэмжлэгчээс нотлох баримт гаргуулахаар шаардсан хүсэлтийг хангахгүйгээр мэтгэлцэх эрх, боломжийг хязгаарласан, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн, нэхэмжлэгчийн “бараа хүлээлгэж өгсөн талаар баримт гаргуулъя гэвэл манай талаас санхүү болон худалдаа үйлчилгээний хэлтсээс асуугаад гаргуулж өгч болно, зарлагын падаан өмнөх шүүхийн шийдвэр дээр орсон” гэх тайлбарыг анхааран дүгнэж үзээгүй зэрэг нь учир дутагдалтай болсон. / хх 41 /

 

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/00110 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

             2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 767 470 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

             3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     М.НАРАНЦЭЦЭГ

 

                               ШҮҮГЧИД                                                      Э.ЗОЛЗАЯА

 

                                                                          Ш.ОЮУНХАНД