Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 49

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, Жуков оффист байрлах, “ХААН банк” ХХК /РД:/

 

Хариуцагч: Налайх дүүргийн *******,*******од оршин суух, *******ынхан Х.Т /РД: /,

Хариуцагч: Налайх дүүргийн *******,*******од оршин суух,******* Г.Э /РД: / нарт холбогдуулан

 

            Зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 65.242.805 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

                                                         

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунсувд, хариуцагч Х.Т, Г.Э, хариуцагч нарын өмгөөлөгч О.Гантулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сонинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “ХААН банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунсувд тайлбарлахдаа: Хариуцагч Х.Т, Г.Э нар “ХААН банк” ХХК-ийн Налайх тооцооны төвтэй 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр ЗГ/7321 дугаар зээлийн гэрээ, №БПҮ/7321 дугаар Баталгаат ипотекийн гэрээ, №БГХ/7321 дугаар эд хөрөнгө барьцаалах гэрээ тус тус байгуулж, эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар 70.000.000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан.

Хариуцагч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл 33.093.861 төгрөг, хүү 21.928.402 төгрөг, хугацаа хэтрүүлснээс нэмэгдүүлсэн хүү 7.247 төгрөг, нийт 55.029.510 төгрөг төлсөн.

Гэхдээ үүргээ 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс хойш бүрэн биелүүлээгүй тул банкны зээлийн эдийн засагч тэдэнтэй уулзаж зөрчлөө арилгах талаар удаа дараа мэдэгдэж, уулзаж, мэдэгдэл хүргүүлэхэд байраа зараад зээлийн төлбөрийг бүхэлд нь төлнө гэж байсан ч төлөлгүй өнөөдрийг хүрсэн.

Иймд шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан. Харин хариуцагч нар зээлийн хүүг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Банк зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А-236 тоот тушаалаар баталсан хавсралтын “Банкны хүү бодох аргачлал, хүү бодох ил тод журам”-д заасны дагуу баталгаажуулсан программаас тооцоолон гаргахад үндсэн зээлийн үлдэгдэл 36.906.139 төгрөг, хүү 24.511.991 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.824.675 төгрөг, нийт 65.242.805 төгрөг болсон. Үүнд алдаатай буруу тооцсон зүйл байхгүй.

Харин хариуцагч нар зээлээ хуваарийн дагуу буцаан төлсөн бол 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр дуусах байсан. Гэтэл хугацаандаа төлбөрөө төлөөгүй. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл хасагдахгүй тул хүү тэр хэрээр өндөр бодогдсон. Зээлийн хүүгийн хугацааг шүүхэд нэхэмжлэл гаргах өдрөөр тооцсон. Ингэхдээ нэг жилийн хүүг 365 хоногт хувааж 1 өдрийн хүүг 46.027 төгрөгөөр гаргасан. Зөрчил үүссэн үеийн хүүг хасагдсан зээлийн үлдэгдлээс тооцож хуримтлагдсан хоногт үржүүлээд төлөгдсөн хүүг хасахад 24.511.991 төгрөг гаргасан.

Иймд хариуцагч нар үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар маргахгүй байгаа тохиолдолд 12 сарын хугацааны дотор төлбөрийн график гарган эвлэрэх боломжтой.

Хариуцагч Х.Т, Г.Э нар шүүх хуралдааны шатанд зээлийн хүүг тооцоолж үзээд нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар бүхэлд нь маргахгүй зөвшөөрсөн ч буцаан төлөх хугацааны талаар тохирохгүй байгаа тул эвлэрэх боломжгүй гэж үзэж байна.

Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 36.906.139 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 24.511.991 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3.824.675 төгрөг, нийт 65.242.805 төгрөг гаргуулж, үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Үл хөдлөх хөрөнгийн Ү-2207004130 дугаарт бүртгэлтэй, 000376162 дугаар гэрчилгээтэй, Налайх дүүргийн *******, Жаргалант гудамж, 13 дугаар байрны 19 тоотод байрлах 72,2 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилж байна. Харин бусад барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзаж байна гэв.

 

Хариуцагч Х.Т, Г.Э нар шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр “ХААН банк” ХХК-тай №ЗГ/7321 дугаар зээлийн гэрээг байгуулан 36 сарын хугацаатай, 70.000.000 төгрөг зээлж авсан. Дээрх зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 56.000.000 төгрөг төлсөн. Төлөгдсөн мөнгөн дүн дээр маргах зүйлгүй. Бид зээл авснаас хойш 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хуваарийн дагуу зээлээ төлж байсан. Гэтэл бидний явуулж байсан үйл ажиллагаа доголдож 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүртэл зээлээ төлөөгүй.

            Иймд банк гэрээний дагуу 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүртэл тооцоолж гаргасан хүү 28.411.736 төгрөгөөс төлсөн хүүг хасч тооцоход 6.483.361 төгрөг гарч байсан тул хүүг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Харин шүүх хуралдааны шатанд хүүний хугацааг буруу тооцон маргасан болохоо ойлгосон. Гэхдээ энэ хугацаанаас хойшхи хүүг тооцож үзэхэд төлөгдөөгүй үлдсэн зээлийн нэг сарын хүү 738.000 төгрөг болж байх ба 17 сард үржүүлэхэд 12.548.000 төгрөг, нийт хүү 19.031.361 төгрөг болж байна. Мөн бид 12 сарын хугацаанд 65.242.805 төгрөг төлж чадахгүй. Иймд эвлэрэх боломжгүй тул шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэв.

 

            Хариуцагч нарын өмгөөлөгч О.Гантулга шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Зохигчид шүүх хуралдааны шатанд эвлэрээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч өмгөөлөлийн үгээ явуулж байна.

Хариуцагч нар 2015 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээгээр “ХААН банк” ХХК-иас 70.000.000 төгрөг зээлж авсан. Зээлийн эргэн төлөлтөө сар бүр хийж байсан. Үндсэн зээлийн төлбөрт 33.093.861 төгрөг, хүү 21.928.402 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7.247 төгрөг, нийт 55.029.510 төгрөг төлсөн.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагаас 24.511.991 төгрөгийн хүүг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Учир нь: Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр дууссан. Энэ өдөр хүртэл бодогдсон хүү 28.411.763 төгрөг байна. Үүнээс төлсөн хүү 21.928.402 төгрөгийг хасахад 6.483.361 төгрөг болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн үлдэгдэл 39.906.000 төгрөг, зээлийн хүү 6.986.361 төгрөг, нийт 43.344.500 төгрөг төлөхөд татгалзахгүй.

Харин зээлийн барьцаа хөрөнгө нь ганцхан Х.Тийн хөрөнгө биш. Түүний гэр бүлийн гишүүдийн хөрөнгө. Иймээс зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангах юм бол бусад гишүүдийн эрх ашиг хөндөгдөх тул зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “ХААН банк” ХХК хариуцагч Х.Т, Г.Э нараас 36.906.139 төгрөг, хүү 24.511.991 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.824.675 төгрөг, нийт 65.242.805 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг хөдлөх болон үл хөдлөх барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасан.

Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунсувд нэхэмжлэгч “ХААН банк” ХХК-иас 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр олгосон эрхийн хүрээнд хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзсан болно.

 

Шүүх зохигчдыг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг авсан боловч хариуцагч Х.Т, Г.Э нар шүүх хуралдааны шатанд үндсэн зээлийн үлдэгдэл 36.906.139 төгрөг, зээлийн хүү 24.511.991 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.824.675 төгрөг нийт 65.242.805 төгрөгийг 12 сарын хугацаанд төлж чадахгүй тул эвлэрэх боломжгүй. Бидний тооцоолж байгаагаар зээлийн хүү 19.031.361 төгрөг болж байна. Мөн барьцаа хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгө тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаас татгалзаж байна гэж маргасан.

 

Харин зохигчид үндсэн зээлээс 33.093.861 төгрөг, хүүгээс 21.928.402 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгээс 7.247 төгрөг, нийт 55.029.510 төгрөг төлсөн. Одоо зээлийн үлдэгдэл 36.906.139 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.824.675 төгрөг гэсэн төлбөрийн талаар маргаагүй.

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтад тулгуурлан дараах хууль зүйн дүгнэлтийг хийлээ.

 

Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эрх бүхий хуулийн этгээд нь тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд зээлдүүлэх эрхтэй байхаар хуульчилсан.

 

Нэхэмжлэгч “ХААН банк” ХХК-ийн 2005 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 0000121512 дугаар улсын бүргтггэлийн гэрчилгээн дээр үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг Мөнгөн хадгаламж, гадаад валют худалдах, худалдан авах гэж заан тусгай зөвшөөрлийн кодууд бичигдсэн байх тул Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд зээл олгох үйл ажиллагааг явуулсан байна.

 

Нэхэмжлэгч “ХААН банк” ХХК нь хариуцагч Х.Т, Г.Э нартай 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр ЗГ/7321 дугаар зээлийн гэрээг бичгээр байгуулахдаа 70.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 2 хувь, жилийн 24 хувийн хүүтэй, эргэн төлөлтийн хуваарийг 2015 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд зээл, зээлийн хүү нийт 2.746.000 төгрөгийг сар бүрийн 05-ны өдөр төлөхөөр, уг хуваарийг зөрчсөн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү тооцохоор гэрээний 2.1.5-д “Нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байна. Нэмэгдүүлсэн хүүг “Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь”-ийн дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс тооцно” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч “ХААН банк” ХХК гэрээнд заасан хугацаанд 70.000.000 төгрөгийг хариуцагч Х.Т, Г.Э нарт 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 5017080302 тоот дансаар шилжүүлэн өгч үүргээ биелүүлсэн байх тул талуудын хооронд харилцан үүрэг хүлээсэн зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Иймд хариуцагч Х.Т, Г.Э нар зээлийн гэрээнд заасан хугацаанд зээл, зээлийн хүү төлөх үндсэн үүрэг, зээлийн гэрээний хугацаанд зээлээ бүрэн төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх нэмэлт үүргийг гэрээний 2.4.3-т болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар хүлээж байна.

 

Гэхдээ нэхэмжлэгч “ХААН банк” ХХК нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг Монгол банкнаас баталсан аргачлалын дагуу тооцоолон гаргасан болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д заасны дагуу баримтаар нотлох ёстой.

 

Монгол банкны Ерөнхийлөгчийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн А-203 дугаар “Журам шинэчлэн батлах тухай” тушаалын хавсралтаар баталсан “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-ын 2 дугаар зүйлийн 2.2.-т “хүү бодох давтамж нь хагас жилээр бол жилийн хүүг 2-т, улирлаар бол жилийн хүүг 4-т, сараар бол жилийн хүүг 12-т, өдрөөр бол жилийн хүүг 365-т хувааж хуанлийн хуваарийн дагуу ашигласан хоногоор тооцно”, 5 дугаар зүйлийн 5.2-т “нэмэгдүүлсэн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу гүйцэтгээгүй үүргийн дүнгээс тооцно”, 5.3-т “зээлийн хүүгийн төлбөрт нэмэгдүүлсэн хүү бодохгүй”, 6 дугаар зүйлийн 6.1.-д “энэхүү журмын хэрэгжилтэд Монгол банк хяналт тавьж, жилд 1-ээс доошгүй удаа газар дээрх шалгалт хийх, шалгалтын үр дүнгийн дагуу банкинд холбогдох үүрэг, даалгавар, зөвлөмж өгөх, шаардлагатай тохиолдолд банкны тухай хууль, тогтоомжийн дагуу бусад арга хэмжээг авч ажиллана” гэж заажээ.

 

Шүүх Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4.-т “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж заасан үүрэг гүйцэтгэх дарааллыг баримтлан дээрх аргачлалаар зээлийн хүүг тооцоход хариуцагч Х.Т, Г.Э нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүртэл биелүүлж, үндсэн зээлийн төлбөр 37.007.635 төгрөг үлдсэн байна.

Харин 2017 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн байх тул 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацааны

өдрийн хүү /үлдэгдэл зээл 37.007.635 төгрөг х жилийн хүү 24 хувь : 365 хоног/=24.334 төгрөгийг хугацаа хэтэрсэн 686 хоногт үржүүлэхэд 16.693.124 төгрөгийн хүү гарснаас 767 төгрөгийн хүү төлж 16.692.357 төгрөгийн хүү үлдсэн,

2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 39.950 төгрөгийг үндсэн зээлээс хасч, 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх өдрийн хүү /үндсэн зээлийн үлдэгдэл 36.967.685 төгрөг х жилийн хүү 24 хувь : 365 хоног/=24.307 төгрөгийг хугацаа хэтэрсэн 38 хоногт үржүүлэхэд 923.666 төгрөгийн хүү,

2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр төлсөн 550 төгрөгийг үндсэн зээлээс хасч, 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх өдрийн хүү /үндсэн зээлийн үлдэгдэл 36.967.135 төгрөг х жилийн хүү 24 хувь : 365 хоног/=24.307,2 төгрөгийг хугацаа хэтэрсэн 26 хоногоор үржүүлэхэд 631.987,2 төгрөгийн хүү,

2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 40.494 төгрөгийг үндсэн зээлээс хасч, 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх өдрийн хүү /үндсэн зээлийн үлдэгдэл 36.926.641 төгрөг х жилийн хүү 24 хувь : 365 хоног/=24.280 төгрөгийг хугацаа хэтэрсэн 238 хоногт үржүүлэхэд 5.778.640 төгрөгийн хүү,

2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 20.502 төгрөгийг үндсэн зээлээс хасч, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүртэлх өдрийн хүү /үндсэн зээлийн үлдэгдэл 36.906.139 төгрөг х жилийн хүү 24 хувь : 365 хоног/=24.267 төгрөгийг хугацаа хэтэрсэн 20 хоногт үржүүлэхэд 485.340 төгрөгийн хүү, нийт 24.511.991 төгрөгийн хүү гарч байна.

Мөн нэмэгдүүлсэн хүүг тооцоход /төлөгдөөгүй үлдсэн зээлийн дүнг зарласан жилийн хүүд, нэмэгдүүлсэн хүүгийн хувьд, хугацаа хэтэрсэн хоногт үржүүлэн 365 хоногт хуваахад/ төлөгдөөгүй байгаа зээлд ногдох үндсэн хүүгийн 20 хувиас хэтрээгүй болно.

 

Иймд хариуцагч Х.Т, Г.Э нараас үндсэн зээлийн үлдэгдэл 36.906.139 төгрөг, зээлийн хүү 24.511.991 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.824.675 төгрөг, нийт 65.242.805 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ХААН банк” ХХК-д олгож шийдвэрлэлээ.

 

Мөн нэхэмжлэгч “ХААН банк” ХХК хариуцагч Х.Т, Г.Э нартай зээлийн гэрээ байгуулахдаа гүйцэтгээгүй үүргийг тэргүүн ээлжинд хангуулах зорилгоор Х.Тийн өмчлөл /нэг иргэний өмч/-ийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2207004130 дугаарт бүртгэлтэй, Үл хөдлөх эд хөрөнгийн 000376162 дугаар гэрчилгээтэй, Налайх дүүргийн *******, Жаргалант гудамж, 13 дугаар байрны 19 тоотод байрлах 72.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалж, БПҮ/7321 дугаартай баталгаат ипотекийн гэрээ байгуулан, нотариатаар гэрчлүүлэн, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн нь хуулиар тавьсан хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ болсон байна.

 

Харин хариуцагч Х.Т, Г.Э нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээнд заасан хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй тул нэхэмжлэгч “ХААН банк” ХХК үүргийн гүйцэтгэлийг зээл төлөгдөх баталгаа болгож барьцаалсан үл хөдлөх хөрөнгө /Налайх дүүргийн *******, Жаргалант гудамж, 13 дугаар байрны 19 тоотод байрлах 72.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууц/-өөс хангуулахаар худалдан борлуулахыг шаардах эрх үүсч байна. /Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2./

 

Иймд хариуцагч Х.Т, Г.Э нар уг шийдвэрт заасан үүргийг гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд ипотекийн зүйл болох үл хөдлөх хөрөнгийг  албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг харьяаллын дагуу Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Зохигчид 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр барьцааны гэрээ байгуулахдаа зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг бүхэлд нь болон хэсэгчлэн үл маргах журмаар барьцаалагчид шилжүүлж, түүнийг барьцаалагч захиран зарцуулах эрхтэй байхаар заажээ.

 

Нэхэмжлэгч “ХААН банк” ХХК зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй тохиолдолд гэрээний хугацаа дуусмагц Барьцааны гэрээний 5.2.1, 5.2.2-т болон Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2.-т заасны дагуу хөдлөх эд хөрөнгө /Самсунг маркийн 43 инчийн зурагт, Самсунг маркийн 2 хаалгатай хөргөгч, арьс, шир, нэхий, ноос, ноолуур зэрэг түүхий эд/-ийг гэрээнд заасан үнээр захиран зарцуулж, үүргийн гүйцэтгэлийг хангах эрхтэй ч барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэхдээ шүүх хуралдааны шатанд уг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тул барьцааны эрх дуусгавар болж байна гэж үзэн нэхэмжлэлээс холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 624.565 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Х.Т, Г.Э нараас 624.565 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ХААН банк” ХХК-д олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118, 119 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.2., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг баримтлан хариуцагч *******ынхан Х.Т,******* Г.Э нараас зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 65.242.805 /жаран таван сая хоёр зуун дөчин хоёр мянга найман зуун тав/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ХААН банк” ХХК-д олгосугай.

2.Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2., 175 дугаар зүйлийн 175.1.-д заасныг баримтлан хариуцагч Х.Т, Г.Э нар шүүхийн шийдвэрт заасан үүргийг гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд ипотекийн зүйл болох үл хөдлөх хөрөнгө /Эрхийн улсын бүртгэлийн Ү-2207004130 дугаарт бүртгэлтэй, Үл хөдлөх эд хөрөнгийн 000376162 дугаар гэрчилгээтэй, нэг иргэний өмч, Налайх дүүргийн *******, Жаргалант гудамж, 13 дугаар байрны 19 тоотод байрлах 72.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууц/-ийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж, нэхэмжлэлээс хөдлөх хөрөнгө /Самсунг маркийн 43 инчийн зурагт, Самсунг маркийн 2 хаалгатай хөргөгч, арьс, шир, нэхий, ноос, ноолуур зэрэг түүхий эд/-өөс үүргийн гүйцэтгэлийг хангах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч ХААН банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 624.565 /зургаан зуун хорин дөрвөн мянга таван зуун жаран тав/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Х.Т, Г.Э нараас 624.565 /зургаан зуун хорин дөрвөн мянга таван зуун жаран тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХААН банк ХХК-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

ДАРГАЛАГЧ                                     З.ТҮВШИНТӨГС