Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2022/00606

 

 

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2022/00606

 

 

Эс Ти Экс ситинет ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/00581 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 934 дүгээр магадлалтай,

Эс Ти Экс ситинет ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Жемнэт ХХК-д холбогдох

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1871 дугаар магадлалын дагуу Эс Ти Экс ситинет ХХК нь Жемнэт ХХК-д төлөх 937,695,315 төгрөгийн төлбөрийн үүргээс 448,782,800 төгрөгийг төлж, 448,782,800 төгрөг төлөх үүрэг дуусгавар болсон болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнтуяа, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Эс Ти Экс ситинет ХХК нь хариуцагч Жемнэт ХХК-д холбогдуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1871 дугаар магадлалын дагуу Эс Ти Экс ситинет ХХК нь Жемнэт ХХК-д төлөх 937,695,315 төгрөгийн төлбөрийн үүргээс 448,782,800 төгрөгийг төлж, 448,782,800 төгрөг төлөх үүрэг дуусгавар болсон болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/00581 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.10-т заасны дагуу нэхэмжлэгч Эс Ти Экс ситинет ХХК нь хариуцагч Жемнэт ХХК-д Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1871 дугаар магадлалын дагуу төлөх 937,695,315 төгрөгөөс 403,926,001 төгрөгийг төлж, 403,926,001 төгрөгийн төлбөрийн үүрэг дуусгавар болсон болохыг тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгч Эс Ти Экс ситинет ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Жемнэт ХХК-иас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 934 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/00581 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.18-ны өдрийн 102/ШШ2020/00581 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.27-ны өдрийн 934 дугаар магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж ИХШХШТХ-ийн 172-р зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1,9.2, 9.4-р зүйлийн 9.4.10-т заасныг тус тус хэрэглэсэн. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд заасан Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгоор хэрэглэгддэг. Өөрөөр хэлбэл, эрх нь зөрчигдсөн этгээд болон бусад субьектийн зүгээс эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, аюулыг зайлуулах арга хэмжээг аваад зогсохгүй үндсэн зорилго нь эрхийг зөрчигдөхөөс өмнөх байдалд эргүүлэн сэргээх явдал гэж тайлбарладаг. Шүүх дээрх хуулийн зохицуулалтыг БНСУ-ын иргэн Бе Хёг Хунь нь компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд мөн болохыг тогтоохдоо хэрэглэсэн нь үндэслэлгүй, хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Шүүх нэхэмжлэгч "Эс Ти Экс Ситинет" ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Бе Хёг Хунь болох нь улсын бүртгэлийн гэрчилгээ, лавлагаа, дүрэм зэргээр тогтоогдож байна гэжээ. "Эс Ти Экс Ситинет" ХХК нь 2018.10.26-ны өдөр 2 хувьцаа эзэмшигчтэй болсон байх бөгөөд УБЕГ-т компанийн дүрэм шинэчлэгдэж бүртгэгдсэн байх ёстой. Гэтэл УБЕГ-аас шүүхэд 2014 оны дүрэм ирүүлсэн, үүнээс үзвэл Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 59.6-д зааснаар Бе Хёг Хунь нь "Эс Ти Экс Ситинет" ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй буюу хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад бүрэн эрх нь дуусгавар болсон болох нь тогтоогдож байна. Хэрэг хянан хэлэлцэх явцад "Эс Ти Экс Ситинет ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Пүрэвжаргал нь шүүхэд хүсэлт гаргахдаа энэ талаар тайлбарласан байдаг ба түүний тайлбараар мөн тогтоогдож байгаа. Гэвч Ц.Пүрэвжаргалын шүүхэд гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасныг шүүх хүлээж аваагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Эс Ти Экс Ситинет" ХХК нь 2015 оны 5-8 дугаар сарын хооронд интернетийн үйлчилгээ авсны төлбөр болох 528,792,000 төгрөгийг сар бүр боломжоороо төлж байхаар тохиролцсоны дагуу 2015.10.28-ны өдрөөс төлөлт хийж байсан. Гэтэл шүүх өмнө шийдвэрлэгдсэн шүүхийн шийдвэрээр "Эс Ти Экс Ситинет" ХХК-ийн 338,198,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байсан нь шийдвэр, магадлалд бичигдсэн тайлбар, баримт зэргээр нотлогдож байна гэсэн нь ИХШХШТХ-ийн 40-р зүйлд заасан хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байна. Шүүх дээрх 4 сарын төлбөрийг хийж байсан шилжүүлгийн утгыг анхаарч үзээгүй нь алдаа гаргахад хүргэсэн гэж үзэж байна. Шилжүүлэг бүр интернетийн төлбөр гэж бичигдсэн, шүүхийн шийдвэрийн дагуу төлсөн төлбөр гэж нэг ч үг өгүүлбэр байхгүй. Гараагүй байгаа шүүхийн шийдвэрийн дагуу өмнө нь төлбөр төлөх гэсэн ойлголт байхгүй юм. Шүүхийн шийдвэр гарсны дараа ч төлөлтөө хийж байснаас үзвэл хоорондоо харилцан тохиролцсоны дагуу төлөлт хийж байсан нь тодорхой болно. Тиймээс дээрх үйл баримт, нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзэж үнэлэх хуулийн шаардлагыг хангаагүйгээс болж шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа тул хэргийг бүхэлд нь хянан үзэж Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.18-ны өдрийн 102/ШШ2020/00581 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.27-ны өдрийн 934 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

6. Эс Ти Экс ситинет ХХК нь Жемнэт ХХК-д холбогдуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.08.18-ны өдрийн 1871 дугаар магадлалын дагуу Эс Ти Экс ситинет ХХК нь Жемнэт ХХК-д төлөх 937,695,315 төгрөгөөс 448,782,800 төгрөгийг төлж, 448,782,800 төгрөгийн төлбөрийн үүрэг дуусгавар болсон болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 

7. Эс Ти Экс ситинет ХХК нь 2012.10.23-ны өдөр Жемнэт ХХК-тай Интернетийн бөөний үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.08.18-ны өдрийн 1871 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.04.14-ний өдрийн 182/ШШ2017/00793 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Эс ти Экс ситинет ХХК-аас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 932,873,000 гаргуулж Жемнэт ХХК-д олгохоор шийдвэрлэсэн үйл баримт тогтоогджээ. Нэхэмжлэгч Эс Ти Экс ситинет ХХК нь хариуцагч Жемнет ХХК-д Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.08.18-ны өдрийн 1871 дугаар магадлалын дагуу төлөх 937,695,315 төгрөгөөс 403,926,001 төгрөгийг төлсөн тухай хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

 

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Бе Хёг Хунь нь "Эс Ти Экс Ситинет" ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй..., ...Ц.Пүрэвжаргалын шүүхэд гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасныг шүүх хүлээж аваагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн..., ...Шүүх 4 сарын төлбөрийг хийж байсан шилжүүлгийн утгыг анхаарч үзээгүй нь алдаа гаргахад хүргэсэн, шилжүүлэг бүр интернетийн төлбөр гэж бичигдсэн, шүүхийн шийдвэрийн дагуу төлсөн төлбөр гэж нэг ч үг өгүүлбэр байхгүй. Гараагүй байгаа шүүхийн шийдвэрийн дагуу өмнө нь төлбөр төлөх гэсэн ойлголт байхгүй. гэжээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, "Эс Ти Экс Ситинет" ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирсэн Эс Ти Экс ситинет ХХК-ийн лавлагаа, дүрэмд БНСУ-ын иргэн Бэ Хёг хунь /BAE HYEOK HOON/ нь Эс Ти Экс ситинет ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох нь тогтоогдож байна.

 

Мөн шүүх 2020.01.23-ны өдрийн 102/ШЗ2020/01516 дугаар шүүгчийн захирамжаар Ц.Пүрэвжаргалыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах тухай хүсэлт гаргасныг хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

 

Түүнчлэн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.08.18-ны өдрийн 1871 дүгээр магадлалд дүгнэснээр ...Нэхэмжлэгч компани нь хариуцагч талд худалдах-худалдан авах гэрээний дагуу үйлчилгээний төлбөрөө төлөхийг албан бичгээр мэдэгдэж, төлбөрийн тооцоогоо хүргүүлсэн байхаас гадна хоёр компанийн нягтлан бодогч нар тооцоо нийлж, 2014.03.31-ний өдрөөс 2016.09.30-ны өдрийг хүртэл хугацааны төлбөрийн үлдэгдлийг 338,198,000 төгрөгөөр тооцон баталгаажуулсан болох нь баримтаар тогтоогдож байна... гэжээ.

 

Нэхэмжлэгч Эс Ти Экс ситинет ХХК нь хариуцагч Жемнэт ХХК-д 2016.09.23-ны өдрөөс 2019.06.27-ны өдөр хүртэлх хугацаанд 2,730,402,001 төгрөг төлсөн болох нь Худалдаа хөгжлийн банк ХХК, Голомт банк ХХК, Төрийн банк ХХК-ийн мемориалын баримтууд, нэхэмжлэгч Эс Ти Экс ситинет ХХК болон хариуцагч Жемнэт ХХК-ийн хооронд хийсэн тооцооны тулган баталгаажуулалт, Жемнэт ХХК-ийн харилцагчийн гүйлгээний хуулга зэрэг баримтаар тогтоогдсон, дээрх хугацаанд Эс Ти Экс ситинет ХХК хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу 403,926,001 төгрөгийг төлж, уг төлбөрийн үүрэг дуусгавар болсныг тогтоож шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул хоёр шатны шүүх хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн байна.

 

9. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангахдаа Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна, 9.2-т Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч эрхээ хамгаалуулах этгээдийг хуульд заасны дагуу сонгох эрхтэй, 9.4-т Иргэний эрхийг дараах аргаар хамгаална, 9.4.10-т хуулиар тогтоосон бусад арга гэж тус тус заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

 

10. Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/00581 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 934 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

П.ЗОЛЗАЯА

 

Д.ЦОЛМОН