Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2020/00018

 

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 23 өдөр                                        

     Дугаар 101/ШШ2020/00018

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн ЧЕ000 регистрийн дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар байр, 0 тоотод оршин суух Б- овогт М-ийн Пгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, Улаанхуаран гудамж, өөрийн байранд байрлах 0 Ү Б Х-ьд холбогдох,

2,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч М.П, хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Пүрэвсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  М.Дорждэрэм нар оролцов.                                      

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн М.П миний бие 2011 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн “Үндэсний Батлах хамгаалах их сургууль"-д хөдөлмөрийн гэрээгээр Цэргийн командын сургуулийн агаарын довтолгооноос хамгаалах цэргийн тэнхимд багшаар ажиллаж эхэлсэн. 2015 оны 9 дүгээр сарын 1 өдөр сургуулийн бүтцэд бүтцийн өөрчлөлт орж ,Үндэсний Батлах хамгаалах их сургууль"-ийн Аюулгүй байдлын сургуулийн электроникийн тэнхимд багшаар ажиллаж байсан. Монгол Улсын Үндэсний Батлах хамгаалах их сургуулийн Захирлын 2019 оны 2 сap сарын 4 өдрийн Б/43 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас намайг чөлөөлсөн. Миний бие энэ сургуульд 7 жил тасралтгүй, үр бүтээлтэй ажилласан. Би мэргэжлээрээ 27 жил ажилласан хүн. Үүнээс 20 жилийг нь хувийн хэвшилд ажилласан. Миний бага охин П.Саран Америкийн Нэгдсэн Улс /АНУ/-Д 2007 оноос амьдарч байгаа бөгөөд 2018 оны 07 дугаар сард 2 дахь хүүхдээ төрүүлэх болсон тул би 2018 оны хичээлийн жилийн амралтаар эхнэр Я.Энхтайвангийн хамтаар 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр АНУ руу зорчсон. Намайг гэргийн хамт бага охиноо төрүүлэхээр гадаад улс руу явсныг сургуулийн удирдлага, бие бүрэлдэхүүн ихэнх нь мэдэж байсан. Охин П.Саран маань хүүхдээ төрүүлсний дараа биеийн байдал нь маш тогтворгүйжиж, төрөлтийн дараах хүндрэлтэй байснаас эх, хүүхдийн тэнхрэлт удаан нэлээд асаргаа, сувилгаа шаардагдах болсон. Охин минь төрөөд 1 cap гаруй хугацаа болж байхад охин болон зээ хүү Т.Бумбардай нарын биеийн байдал олигтой дээрдэхгүй, цаашид үргэлжлүүлэн асарч сувилах шаардлагатай болж миний бие Монголд байгаа том охин П.Нарангаар дамжуулан “Ү Б Хсургууль”-ийн захиргаанд 2018-2019 оны хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө 3 сарын цалингүй чөлөөг 2019 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 1 дүгээр сарын 2-ны өдөр хүртэлх хугацаанд олгож өгөхийг хүссэн өргөдлөө хүргүүлсэн. Өргөдөлдөө ар гэрт үүссэн дээрх гачигдал, нөхцөл байдлаа дэлгэрэнгүй бичиж хүргүүлсэн. Сургуулийн захиргаа миний гаргасан өргөдлийг бичгээр хүлээн авч, холбогдох шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг танилцуулах болно гэж том охин П.Наранд тайлбарлан явуулсан. Өргөдлийг шийдвэрлэсэн хариуг надад и-мэйл болон охин П.Наранд мэдэгдээгүй учир би өргөдлийг маань нааштай шийдвэрлэсэн юм байна гэж ойлгон 2018 оны 12 сарын 08-ны өдөр Монголд ирсэн. Намайг Монголд ирснийг салбар сургуулийн захиргаа мэдэж байсан Манай сургуулийн нэгдүгээр семестрийн өвлийн амралт 12 дугаар болоод 2019 оны 1 дүгээр сарын эхээр хоёрдугаар семестрийн хичээл эхэлдэг. Би 2019 оны 1 дүгээр сарын 2 өдөр ажилдаа ирж, цагаа бүртгүүлэн хичээл, сургуулийн бэлтгэл ажилдаа орсон бөгөөд миний оронд түр багш авсан. Салбар сургуулиас хичээлийн хуваарь гарчихсан, 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн Ф-310 бүлэгт “Хэт өндөр давтамжийн техник” хичээл заах хуваарьтай байсан боловч түр ажиллаж байсан багш Б.Буян-Өлзий "би энэ хичээлийг өөрөө орох ёстой, та даргатай уулзаж заах хичээлийн учраа ол” хэмээн цааргалсан. Иймд би тэнхимийн дарга Б.Лхагвадоржтой уулзахад “ ...цалингүй чөлөө хүссэн таны өргөдөлд чөлөө олгох боломжгүй цохолтыг хийсэн, тийм болохоор та хичээл заах боломжгүй” гэсэн. Би Хүний нөөцийн албаны ажилтан н.Уранчимэгтэй уулзахад “Танай сургуулийн захиралтай би ярьсан таныг Аюулгүй байдлын сургуулийн шилдэг тэргүүний багш нарын нэг, ажилдаа чармайлттай хүн, чөлөө хүссэн өргөдлийг нь би журмын дагуу цохоод дээш нь уламжилсан гэж” хэлсэн. Та захиралтайгаа дахин уулз гэсэн. Аюулгүй байдлын сургуулийн захирал, хурандаа Д.Ванятай уулзахад “П багш аа, ар гэрийн гачигдлаар цалингүй чөлөө хүссэн таны охины бичсэн өргөдлийг миний бие цаг хугацаанд нь нааштай цохоод дээш нь уламжилсан" гэсэн. Сургуулийн удирдлагууд өргөдөл шийдвэрлэсэн байдлыг өөр өөрийн өнцгөөр тайлбарлан намайг нааш цааш нь гүйлгэж байсан тул би шантарсандаа ажлаас өөрөө чөлөөлөгдөх тухай өргөдлөө бичиж өгсөн юм. Хөдөлмөрийн хуульд ажилтан чөлөө авах эрхтэй бөгөөд чөлөөг шийдвэрлэх эрх нь ажил олгогчид байдаг. Миний гаргасан өргөдлийг хэрхэн зааж шийдвэрлэсэн талаар надад мэдээгүй. Иймд Монголын Улсын Үндэсний их сургуулийн захирлын 2019 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн Б/43 дугаар тушаалыг хүчингүйд тооцож, 2019 оны 2 дугаар сарын 4-ний өдрөөс 5 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж өгөхийг даалгаж өгнө үү гэсэн шаардлагыг гаргасан.

Миний бие Монголын Улсын Үндэсний их сургуулийн захирлын 2019 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн Б/43 дугаар тушаалыг хүлээн зөвшөөрч байгаа юм. Нийгмийн даатгалын сангаас олгогддог гэнэт халагдсаны тэтгэмжээ авах боломжийг алдагдуулсан, 3 сарын цалингүй чөлөө олгохыг хүссэн өргөдөлд минь хайхрамжгүй үндэслэлгүй хандсантай холбоотой 3 сарын цалинтай дүйцэх 2,250,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж шаардлагаа өөрчилж байна гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М.П нь Батлан хамгаалахын их сургуулийн захирлын 2011 оны 10 сарын 05-ны өдрийн Б/563 дугаар тушаал /хуудас 1/-аар Батлан хамгаалахын их сургуулийн харьяа Цэргийн командлалын сургуулийн, Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн тэнхимд багшаар /энгийн/ томилогдон ажиллаж байгаад, 2015 оны 08 сарын 01-ний өдрөөс эхлэн, БХИС-ийн захирлын 2015 оны Б/236 дугаар тушаал /хуудас 2/-аар Сургуулийн бүтэц, орон тоо шинэчлэгдсэнтэй холбогдуулан/ Батлан хамгаалахын их сургуулийн харьяа Аюулгүй байдлын сургуулийн Электроникийн тэнхимд багшаар томилогдож, 2019 оны 08 сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд албан ёсоор ажилласан.

М.Птай Ажил олгогчийн зүгээс 2015 онд “Хөдөлмөрийн гэрээ" байгуулахдаа “Хөдөлмөрийн гэрээ" болон “Хөдөлмөрийн дотоод журам”, “Ажлын байрны тодорхойлолт", “БХИС-ийн багшийн сургалт эрдэм шинжилгээний ажлыг төлөвлөх, гүйцэтгэлийг үнэлж тооцох журам”, “ёс зүйн дүрэм”, “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны заавар” зэрэг дотооддоо мөрдөгдөж буй эрх зүйн баримт бичгүүдийг нэг бүрчлэн танилцуулж, гарын үсэг зуруулсан байдаг.

 М.П нь 2018 оныг хүртэл ажиллаж байгаад, 2018 оны ээлжийн амралтаа, 2018 оны 06 дугаар сарын 15-наас /Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2-т зааснаар ажлын 48 хоног/ авсан /хуудас 6/ ба 08 сарын 27-ны өдөр ажилдаа орж, “Багш нарын заах арга зүйн цугларалт”-д хамрагдах ёстой байтал, ямар ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, олон хоног ажилдаа ирэлгүй, “Хөдөлмөрийн гэрээ"-ний /хуудас 3-5/ 4.2.3 “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан, эсвэл хуанлийн нэг сарын хугацаанд тасалсан цагийг нэгтгэн бодоход ажлын 3 өдөртэй тэнцэж байвал ноцтой зөрчил гэж ойлгоно”-т заасан зөрчил гаргаж. “Хөдөлмөрийн тухай” хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасны дагуу Ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан “Ноцтой зөрчил” гаргасан ч энэ хүний цаашдын ажил, амьдралыг харгалзан үзэж, Ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн гэрээг цуцлалгүй орхиж, Төрийн албаны үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулахын тулд түүний оронд иргэн Д Буян-Өлзийг түр багшаар авч ажиллуулсан. М.П нь 2011-2018 онд Үндэсний батлан хамгаалахын их сургуульд ажиллаж байх хугацаандаа БХИС-ийм захирлын 2012 оны Б/220 дугаартай •Сахилгын шийтгэл ногдуулах тухай’ тушаалаар үндсэн цалинг 1 cap 20 хувиар бууРУУлах- мөн захиРлын 2012 оны Б/560 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай’ тушаалаар үндсэн цалинг 1 cap 20 хувиар бууруулах, мөн захирлын 2013 оны Б/127 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай" тушаалаар үндсэн цалинг 1 cap 20 хувиар бууруулах, мөн захирлын 2014 оны Б/89 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар үндсэн цалинг 1 cap 10 хувиар бууруулах шийтгэлээр тус тус шийтгэгдсэн байдаг.

Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн захирлын 2017 оны А/196 дугаар тушаалаар батлагдсан ‘Хөдөлмөрийн дотоод журам”-ын 6.3.5 “Ажилтан, албан хаагчийн өргөдөл түүнд дурдсан шалтгаан, гачигдлыг нотлох баримт, удирдлагын үйл ажиллагааны нэгжийн даргын тодорхойлолтыг үндэслэн ажлын өдрөөр чөлөө олгож болно. Чөлөөг их сургуулийн захирлын баталсан “Чөлөө олгох хуудас”-ны дагуу эрх бүхий албан тушаалтан олгоно” гэсэн зохицуулалттай. Гэтэл М.П нь “Чөлөө хүссэн” өргөдлөө гаргахдаа өөрийн биеэр гаргалгүй, итгэмжлэл олгогдоогүй охин П.Нарангаар бичүүлж, чөлөө хүсэх болсон шалтгаан, нөхцөл байдлаа нотолсон, нотлох баримтыг өргөдөлдөө хавсаргалгүй, 2018 оны 09 сарын 06-ны өдөр удирдлагад ирүүлсэн хэдий ч, сургуулийн захирал өргөдлийг зохих журмын дагуу хүлээн авч, Захиргаа удирдлагын хэлтсийн даргад “1 багшийн цагийг бусад багш нар хариуцан заах боломжтой тохиолдолд шийдвэрлэх” гэж цохолт хийсний дагуу Захиргаа удирдлагын хэлтсийн дарга М.П багшийг хариуцсан сургуулийн захирал Хурандаа Д.Ваняд байдлыг танилцуулахад, “Тэнхимийн даргад нь танилцуул” гэсэн хариуг хэлсэн байна. Ингээд тэнхимийн даргад нь танилцуулахад “Манай багш нар цагийг нь хувааж авах ямар ч боломжгүй” гэсэн хариуг өгсөн. Өргөдлийн хариуг П.Наранд мэдэгдэхээр өргөдөлд дурдсан утсаар залгахад холбогдох боломжгүй, тухайн үед М.Птай холбоо барих ямар ч мэдээлэл байхгүй байсан байна. 2019 оны 01 сарын 21-ний өдөр М.П сургууль дээр ирж, ҮБХИС-ийн Захиргаа удирдлагын хэлтсийн дарга хурандаа Ц.Буянжаргалд “Ар гэрийн гачигдал, эрүүл мэндийн байдлаас шалтгаалан цаашид ажиллах боломжгүй тул багшийн үүрэгт ажлаас чөлөөлж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг үндэслэн ажилтны санаачилгаар “Хөдөлмөрийн тухай” хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-т зааснаар Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ҮБХИС-ийн захирлын 2019 оны Б/43 дугаар тушаал гарч, М.Пд тэр даруй мэдэгдсэн. “Хөдөлмөрийн тухай" хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд гаргана гэх эрх зүйн зохицуулалттай Гэтэл нэхэмжлэгч М П нь нэхэмжлэлээ шүүхэд 2019 оны 05 сарын 14-ний өдөр гаргасан. “Ар гэрийн гачигдал, эрүүл мэндийн байдлаас шалтгаалан цаашид ажиллах боломжгүй тул багшийн үүрэгт ажлаас чөлөөлж өгнө үү” гэсэн өөрийнх нь хүсэлтийг үндэслэн, ажилтны санаачилгаар “Хөдөлмөрийн тухай” хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-т  зааснаар Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ҮБХИС-ийн захирал 2019 оны Б/43 дугаар тушаал гарсан.

2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийг хүртэлх хугацаанд ямар ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр олон хоног ажилдаа ирэлгүй, /цагийн бүртгэлээр баталгаажсан/ “Хөдөлмөрийн гэрээ”-ний 4.2.3 “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан, эсвэл хуанлийн нэг сарын хугацаанд тасалсан цагийн нэгтгэн бодох ажлын 3 өдөртэй тэнцэж байвал ноцтой зөрчил гэж ойлгон”-т заасан зөрчил гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээ зүйлийн 40.1.4-т заасны дагуу Ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан “Ноцтой зөрчил” гаргасан зэрэг нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хэд  хэдэн үндэслэл байх тул шүүх харгалзан үзэж, нэхэмжлэгч М.Пгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

     Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

      ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.П нь хариуцагч Монгол Улсын Ү Б Хсургуульд холбогдуулан 2019 оны 02 дугаар сарын 4-ний өдрөөс 5 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай гомдлын шаардлага гаргаснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2,250,000 төгрөг гаргуулах гэж өөрчилсөн.

Тус 2,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Америкийн нэгдсэн улсад амьдардаг охин П.Саран хоёр дахь хүүхдээ төрүүлэх болсон тул 2018 оны 6 дугаар сард ээлжийн амралтаа аваад охин дээрээ очсон бөгөөд охин хүндрэлтэй төрсний улмаас асарч сувилах шаардлагатай болж, ажил олгогчоос цалингүй 3 сарын чөлөө авах хүсэлтээ охин П.Нарангаар дамжуулан өгсөн боловч ямар нэг хариу өгөөгүй тул чөлөө олгогдсон гэж ойлгоод 2018 оны 12 дугаар сард буцаж ирэн, 2019 оны 01 дүгээр сард ажилдаа орохоор очсон боловч ажлын байраар хангахгүй байсаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гарган шийдвэрлүүлж, ажилгүйдлийн тэтгэмжийг гаргуулахаар Нийгмийн даатгалын байгууллагад хандахад сүүлийн 9 сар нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй гээд тэтгэмж олгогдоогүй нь хариуцагч миний цалингүй чөлөө хүссэн өргөдлийг зохих ёсоор шийдвэрлээгүйгээс шалтгаалсан” гэж тайлбарласан.

Хариуцагч “... татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч өөрөө цалингүй чөлөө олгохыг хүссэн өргөдлөө гаргаагүй, өргөдөл гаргасан охинд нь чөлөө олгох боломжгүй талаар мэдэгдсэн ...” гэж тайлбарласан.

Ажил олгогч нь ажилтан М.Пг тус сургуулийн Цэргийн инженерийн сургуулийн Цэргийн удирдлага, холбоо мэдээллийн тэнхимд багшаар томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн хөлс төлж байсан байна. /х.х-ийн 35-38 дахь талд/

Монгол Улсын Ү Б Хсургуулийн 2018 оны 6 дугаар сарын 22-ний өдрийн Б/133 дугаар тушаалаар 2018 оны ээлжийн амралтыг Аюулгүй байдлын сургуулийн Электроникийн тэнхимийн багш М.Пд 6 дугаар сарын 15-ны өдрөөс ажлын 45 өдрөөр олгож, биеэр эдлүүлэхээр шийдвэрлэсэн болох нь зохигчдын тайлбар хэрэгт авагдсан уг тушаалын хуулбараар тогтоогдсон. /х.х-ийн 39 дэх талд/

Нэхэмжлэгч М.П нь ээлжийн амралтаа авч, 2018 оны 6 дугаар сарын 20-ний өдөр Америкийн нэгдсэн улсад хувиараа зорчсон байх ба нэхэмжлэгчийн охин П.Саран түүнийг тус улсад байх хугацаанд буюу 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр амаржсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн гадаад паспортын хуулбар, хүү Б.Бумбардайн төрсний гэрчилгээ зэргээр тогтоогдож байна. /х.х-ийн 19, 149 дэх талд/

Хэрэгт П.Нарангийн Ү Б Хсургуулийн захиралд гаргасан өргөдөл авагдсан байх ба тус өргөдөлд “ ... П.Саран нь АНУ-д 8 жил гаруй амьдарч байгаа юм. П.Саран нь төрөхийн хүндрэл үүсэж, 2018 оны 5 дугаар сард М.П буюу аавыгаа АНУ-д дуудан асарч хандахыг хүссэн юм. Одоогоор аав маань дүү П.Саранг харж асран төлөвлөсөн хугацаандаа ирэх боломжгүй байгаа тул 2018.01.06-ны хүртэл цалингүй чөлөө олгоно уу” гэж чөлөө хүссэн болох нь хэрэгт авагдсан тус өргөдөл, мөн өргөдөл, гомдол шийдвэрлэх хуудас зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байхаас гадна энэ үйл баримтын талаар хариуцагч маргахгүй байна. /х.х-ийн 65-65 дахь талд/

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт “Ажил олгогч нь ажилтанд түүний хүсэлтээр чөлөө олгож болно” гэж зохицуулсан.

Ажилтан буюу нэхэмжлэгч М.П нь хүндэтгэн үзэх шалтгаанаар буюу гадаад улсад байгаа улмаас өөрийн охин П.Нарангаар ажил олгогч байгууллагад хандан бичгээр өргөдөл гаргасныг өөрөө гаргаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Тодруулбал, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас бусдаар чөлөө хүссэн өргөдлийг гаргуулсан нь  түүний хүсэл зоригийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн зорилт нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүссэн хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан, ажил олгогчийн эрх, үүргийг зохицуулах бөгөөд ажилтны ажил үүрэг болон бусад асуудалтай холбоотойгоор гаргасан өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэсэн талаарх тушаал шийдвэрээ мэдэгдэж, танилцуулах үүргийг ажил олгогч тал хүлээнэ.

Хариуцагч нь нэхэмжлэгч М.Пгийн охин П.Нарангийн өргөдөл гомдлыг хүлээн авах боломжгүй талаар амаар хариу өгсөн гэж татгалзаж байх боловч тус татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгч М.Пг ээлжийн амралтаа авч, гадаад улсад явсан нөхцөл байдал болон хугацаандаа ирэх боломжгүй талаарх нөхцөл байдлыг мэдсэн боловч чөлөө олгосон эсхүл олгоогүй талаарх шийдвэрээ ажилтан болон түүний өмнөөс өргөдөл гаргасан этгээдэд мэдэгдээгүйн улмаас ийнхүү ажилтан 2018 оны 12 дугаар сарын 08-ний өдөр буцаж ирснийг буруутгах үндэслэлгүй байна.

Монгол Улсын Ү Б Хсургуулийн  захирлын 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/43 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ цуцлах” тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, Батлан хамгаалахын сайдын 2017 оны А/178 дугаар тушаалаар батлагдсан “Ү Б Хсургуулийн дүрэм”-ийн 11.7.1, 11.7.5 дахь заалтыг тус тус үндэслэн М.Пг өөрийнх нь хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байх ба энэхүү үйл баримтын талаар талууд маргахгүй байна. /х.х-ийн 148 дахь дахь талд/

Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрх анх үүснэ” гэж заасан байна.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч М.П 2018 оны 01 дүгээр сараас 8 дугаар сарыг дуустал хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан байна. /х.х-ийн 20 дахь талд/

Дурдсан үндэслэлүүдээс үзэхэд ажил олгогч нь 2018 оны 9 дүгээр сард ажилтны чөлөө хүссэн өргөдлийг шийдвэрлээгүй буруутай улмаас ажилтны нийгмийн даатгалын шимтгэл төлөлт тасалдаж, ажилтан ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүй болох нь тогтоогдож байна гэж шүүх үзэв.

Иймд, нэхэмжлэгчийн 2018 оны 9, 10, 11 дүгээр сарын цалин хөлстэй тэнцэх олговорт 2,250,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчид олгох цалин хөлсний олговрыг тооцохдоо түүний нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн 3 сарын дунджаар тооцоход 1 сард 1,056,281 төгрөг /1,056,281х3=3,168,844/ төгрөг гарч байх боловч шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 2,250,000 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “Хөдөлмөрийн гэрээ цуцлах” тухай тушаалыг хүлээн авч, Төрийн албан зөвлөл болон Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд хандаж байсан үйл баримтаас үзэхэд түүнийг нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаандаа нэхэмжлэлээ гаргасан гэж үзэхээр байна. /х.х-ийн 128-134 дэх талд

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлээгүй байна.

Нэхэмжлэгч нь Монгол Улсын Ү Б Хсургуулийн  захирлын 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/43 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ цуцлах” тухай тушаалын талаар маргаагүй тул тушаалын хууль зүйн үндэслэлд шүүх тусгайлан эрх зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                                                                                           ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Монгол улсын Ү Б Хсургуулиас 2,250,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Пд олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч  М.Пгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261,550 төгрөгийн 50,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Монгол улсын Ү Б Хсургуулиас 50,950 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч М.Пд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа  өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Л.ЭНХЖАРГАЛ