Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 907

 

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2020/00907

Улаанбаатар хот

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,           

Нэхэмжлэгч: МОХНН УБТЗ нэхэмжлэлтэй, 

Хариуцагч:Р Ш ХХК-д холбогдох,  

28,445,684 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Шинэхүү, Г.Энхмаа, хариуцагчийн төлөөлөгч Д.Мөнхжаргал, хариуцагчийн өмгөөлөгч С.Одгариг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч МОХНН УБТЗын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюунмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Шинэхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүх, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын нэхэмжлэлтэй, Р Ш ХХК-д холбогдох иргэний хэргийг тус тус хянан хэлэлцээд Улсын дээд шүүхийн 2018 оны 06 сарын 19-ний өдрийн 001/ХТ2018/01010 дугаартай тогтоол гаргаснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Хариуцагч Р Ш ХХКшүүхийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзаж байсан тул нэхэмжлэгч УБТЗ ХННийгэмлэг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсан юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хариуцагчид хэд хэдэн удаа түрээсийн зүйлийг чөлөөлөх тухай мэдэгдэл гардуулж байсан боловч чөлөөлөхгүй байсан тул 2018 оны 10 сарын 02-ны өдөр УБТЗ ХНН-ийн хамтаар албадан чөлөөлөх ажиллагааг явуулсан. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш түрээсийн зүйлийг чөлөөлөх хүртэл хугацаанд Р Ш ХХКтүрээсийн байранд давхар түрээслэгчдээсээ түрээсийн төлбөр авч, үйл ажиллагаагаа явуулж байсан тул Ногоон зоорины 2018 оны 7-10 сар хүртэл 3 сар ашигласны төлбөр 15,000,000 төгрөг, 33-р байрны дэлгүүрийн 7-р сарын төлбөр 4,940,000 төгрөг, Ногоон зоорийг чөлөөлөхөд гаргасан баримтаар нотлогдох зардал 8,470,684 төгрөг, нийт 28,445,684 төгрөгийг Р Ш ХХК-аас гаргуулж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Р Ш ХХК-ийн төлөөлөгч Д.Мөнхжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улаанбаатар төмөр зам бол шийдвэр гүйцэтгэх байгууллага биш. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхийн шийдвэрийг яаж биелүүлэх үү, ямар байдлаар биелүүлэх үү, түүнтэй холбоотой зардлыг яаж гаргах уу, төлбөр авагч тал нь шийдвэр биелүүлж байгаа субъекттэйгээ яаж харилцах вэ гэдийг зохицуулсан. Манайх шүүхийн шийдвэрийг биелүүлснээр ийм хохирол учирсан гэх баримт хэрэгт байхгүй байна. Хавтаст хэрэгт шүүхийн шийдвэртэй холбоотой ганц мэдэгдэл байгаа. Тэр мэдэгдлээс өөр төлбөр авагч талтай ямар ажиллагаа яаж хийсэн талаар баримт байхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан ажиллагаа байхгүй. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Нотлох баримтаар өгсөн гээд хүмүүстэйгээ хийсэн гэрээ байгаа, зардал гээд баримт хавсаргаад иргэний үнэмлэх канондсон байсан. Гэтэл энэ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасан ажиллагаатай яаж нийцэж байгаа нь тогтоогдохгүй байна. Хуулиар заасан үйл ажиллагааг шийдвэр гүйцэтгэх байгууллага л гүйцэтгэх ёстой. Шүүхийн шийдвэр гарснаас хойш ногоон зоорь объектыг ашигласны төлбөр болох 15,000,000 төгрөгийг манайхаас нэхэмжилж байгаа. Шийдвэр гарснаас хойш яаж ашигласан талаарх баримт хавсаргаж өгөөгүй. Нэхэмжлэгч талаас манайхыг ашигласан баримт, ашигласнаас олсон орлого нь энэ байна гээд баримтаа өөрсдөө гаргах ёстой байтал үүнийгээ нотлоогүй. 33 дугаар байрны дэлгүүрийн байрыг 2018 оны 8 дугаар сарын төлбөр нэхэмжилж байгаа. Энэ 33 дугаар дэлгүүрийн байрыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлээс өмнө өөрсдөө 07 дугаар сарын 04-нд очиж чөлөөлж авсан. Тэрийгээ яагаад баримтаар гаргаж өгөөгүй байгаа юм бэ?. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:       

Нэхэмжлэгч МОХНН УБТЗ нь хариуцагч Р Ш ХХК-д холбогдуулан УБТЗ ХНН-ийн тээш худалдааны төвийн ногоон зоорийг 2018 оны 7-10 сар хүртэл 3 сар ашигласны төлбөр 15,000,000 төгрөг, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 33 дугаар байрны нэгдүгээр давхарт байрлах 380 м.кв талбай бүхий дэлгүүрийн байрыг 2018 оны 07 дугаар сарын төлбөр 4,940,000 төгрөг, Ногоон зоорийг чөлөөлөхөд гарсан зардал 8,470,684 төгрөг, нийт 28,445,684 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.  

            Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2018/00011 дугаар шийдвэр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 221 дүгээр зүйлийн 221.1, 320 дугаар зүйлийн 320.3, 320.4 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 24 дүгээр байрны 1 дүгээр давхарт байрлах 19 дүгээр дэлгүүр, УБТЗ ХНН-ийн тээш худалдааны төвийн ногоон зоорийг хариуцагч Р Ш ХХК-ийн эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 33 дугаар байрны нэгдүгээр давхарт байрлах 380 м.кв талбай бүхий дэлгүүрийн байрыг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлүүлэх болон хариуцагчаас 25,999,541 төгрөгийг гаргуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 588 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 001/ХТ2018/01010 дугаар тогтоолоор хэвээр үлдээж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж, мөн зүйлийн 11.2-т Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж заасан. 

Дээрх шүүхийн шийдвэрээр Р Ш ХХК-д УБТЗ ХНН-ийн тээш худалдааны төвийн ногоон зоорийг чөлөөлөхийг даалгасан ч сайн дураар биелүүлээгүй тул 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэж, албадан чөлөөлөх ажиллагаагаар ногоон зоорийг чөлөөлсөн болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Р Ш ХХКХХК-д 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 4/12676 дагаар албан бичгээр өгсөн мэдэгдэл /хх-ийн 78 дугаар тал/, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна.  

Шүүхийн шийдвэрт МОХНН УБТЗ, Р Ш ХХК нь 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр түрээсийн гэрээгээр Баянгол дүүрэг, Тээвэрчдийн гудамж, Улаанбаатар дахь Худалдаа үйлдвэр үйлчилгээний төвийн ногооны зоорийг төмс, хүнсний ногоо хадгалах, хашаанд түрээслэгчийн контейнерыг тавиулж барилгын материал хадгалах, худалдаа явуулах зориулалтаар 3 жилийн хугацаатай, сарын 7,000,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон, улмаар 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гэрээнд өөрчлөлт оруулахдаа хугацааг 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 5 жил, түрээсийн төлбөрийг сар бүр 5,000,000 төгрөг гэж тохиролцсон, мөн 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 15/2-35 тоот гэрээгээр Баянгол дүүрэг 33 дугаар байрны 1 дүгээр давхарт 380 м.кв талбайтай дэлгүүрийн барилгыг 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сард 4,940,000 төгрөгөөр түрээслүүлэхээр талууд тохиролцсон талаар дүгнэсэн байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ...үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасны дагуу дээрх шүүхийн шийдвэрт дурдсан үйл баримт буюу түрээсийн гэрээний хүчин төгөлдөр байдал, түрээсийн төлбөрийн талаар шүүх дахин нотлохгүй.  

Хариуцагч Р Ш ХХК-ийн эзэмшлээс ногоон зоорийг чөлөөлөх тухай шүүхийн шийдвэр 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүчин төгөлдөр болсон боловч хариуцагч нь 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд ногоон зоорийг чөлөөлж өгөөгүй, шүүхийн шийдвэрээр ногоон зоорийн сарын түрээсийн төлбөрийг 5,000,000 төгрөгөөр тохиролцсон нь тогтоогдсон тул нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2-т Түрээслүүлэгч өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардаж болно гэж мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно. гэж тус тус зааснаар өөрт учирсан хохирол болон хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрт 15,000,000 төгрөгийг нөхөн төлөхийг шаардах эрхтэй.  

Харин талууд 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 15/2-35 тоот гэрээгээр Баянгол дүүрэг 33 дугаар байрны 1 дүгээр давхарт 380 м.кв талбайтай дэлгүүрийн барилгыг 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сард 4,940,000 төгрөгөөр түрээслүүлэхээр тохиролцсон байна. Түрээсийн гэрээний хугацаа 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон байх боловч нэхэмжлэгч 2018 оны 07 дугаар сарын түрээсийн төлбөрт 4,940,000 төгрөг гаргуулахаар шаардсан. Хариуцагч ...33 дугаар байрны дэлгүүрийг 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгч өөрсдөө чөлөөлж авсан гэх тайлбар, татгалзал гаргасныг нэхэмжлэгч үгүйсгээгүй. Хэрэгт энэ талаар авагдсан нотлох баримгүй, талууд тайлбараараа үгүйсгээгүй тул хариуцагч 33 дугаар байрны дэлгүүрийг 2018 оны 07 дугаар сард эзэмшилдээ байлгасан, чөлөөлж өгөөгүй гэх үйл барамт тогтоогдохгүй байна гэж үзэв.  

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүйтэй холбоотойгоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар УБТЗ ХНН-ийн тээш худалдааны төвийн ногоон зоорийг хариуцагч Р Ш ХХК-ийн эзэмшлээс чөлөөлөх ажиллагааг явуулсан болох нь зохигчийн тайлбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Р Ш ХХК-д 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 4/12676 дагаар албан бичиг зэргээр тогтоогдсон талаар дээр дүгнэсэн.  

Нэхэмжлэгч МОХНН УБТЗ нь хариуцагч Р Ш ХХК-ийн эзэмшлээс Баянгол дүүрэг, Тээвэрчдийн гудамж, Улаанбаатар дахь Худалдаа үйлдвэр үйлчилгээний төвийн ногооны зоорийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан албадан чөлөөлөх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс ус, бээлий, шуудай, хамгаалах хэрэгсэл, ачигчийн ажлын хөлс, ногоо тээвэрлэх тээврийн хэрэгслийн зардал зэрэгт нийт 8,470,684 төгрөгийн зарцуулсан гэж үзэж хариуцагчаас гаргуулахаар шаардсан.  

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1-т Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдон зайлшгүй гарах энэ хуульд заасан зардлыг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гэнэ, мөн зүйлийн 118.3-т Шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг төлбөр авагчаас гаргуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд төвлөрүүлнэ, 118.10-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг нөхөн төлүүлэх шийдвэрийг ахлах шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн гаргана гэж тус тус заасан байна. 

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгч нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар шийдвэрлүүлэх, ажиллагаатай холбоотой гарсан зардлаа гаргуулах зохицуулалттай байна.  

Иймд хариуцагч Р Ш ХХК-иас 15,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч МОХНН УБТЗд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13,445,684 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1.Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2, 227 дугаар зүйлийн 227.3-т заасны дагуу хариуцагч Р Ш ХХК-иас 15,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч МОХНН УБТЗ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13,445,684 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасны дагуу нэхэмжлэгч МОХНН УБТЗ-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300,178 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р Ш ХХК-иас 232,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.            

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.АЗБАЯР