Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар  001/ХТ2022/00685

 

 

“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг  даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2020/00907 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 1466 дугаар магадлалтай,

“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-ын нэхэмжлэлтэй,

“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдох,

28,445,684 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Д.Мөнхжаргалын гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч С.Одгариг, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-аас   хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдуулан 28,445,684 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2020/00907 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2, 227 дугаар зүйлийн 227.3-т заасны дагуу хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас 15,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13,445,684 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-аасулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300,178 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас 232,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 1466 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2020/00907 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгч Д.Мөнхжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.27-ны өдрийн 907 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.03-ны өдрийн 1466 дугаар магадлалыг тус тус эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Шийдвэр, магадлалд “...Хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн эзэмшлээс ногоон зоорийг чөлөөлөх тухай шүүхийн шийдвэр 2018.06.19-ний өдөр хүчин төгөлдөр болсон боловч хариуцагч нь 2018.10.02-ны өдрийг хүртэл хугацаанд ногоон зоорийг чөлөөлж өгөөгүй, шүүхийн шийдвэрээр ногоон зоорины сарын түрээсийн төлбөрийг 5,000,000 төгрөгөөр тохиролцсон нь тогтоогдсон тул нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2-т “Түрээслүүлэгч өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардаж болно.”, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж тус тус зааснаар өөрт учирсан хохирол болон хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрт 15,000,000 төгрөгийг нөхөн төлөхийг шаардах эрхтэй...” гэж дурдан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг нь хэрэгсэхгүй болгожээ.

4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.”, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т “нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримтыг нэхэмжлэлд тусгана.”, 116 дугаар зүйлийн 116.3-т “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана.” гэж тус тус заасан. Гэтэл нэхэмжлэгч тал шүүхийн шийдвэр гарснаас хойш ногоон зоорь объектыг ашигласны төлбөр гэж 15,000,000 төгрөгийг нэхэмжлэхдээ манайхыг яаж ашигласан, ашигласнаас олсон орлого нь энэ гэх баримт хавсаргаж өгөөгүй байхад шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын түрээсийн төлбөр гаргуулах хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэлийн хугацаа дууссан тул шүүх хуралдаанд оролцуулаагүй болно.

ХЯНАВАЛ:

6. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

7. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-аас хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдуулан 28,445,684 төгрөг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн.

8. Нэхэмжлэгчээс “...өмнө нь шүүхийн шийдвэрээр “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-ын нэхэмжлэлтэй, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хариуцагчид хэд хэдэн удаа түрээсийн зүйлийг чөлөөлөх мэдэгдэл гардуулсан боловч чөлөөлөөгүй тул 2018.10.02-ны өдөр “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-ийн хамтаар албадан чөлөөлөх ажиллагааг явуулсан. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш түрээсийн зүйлийг чөлөөлөх хүртэлх хугацаанд “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь түрээсийн байранд давхар түрээслэгчдээсээ түрээсийн төлбөр авч, үйл ажиллагаагаа явуулж байсан тул Ногоон зоорины 2018 оны 7-10 сар хүртэл 3 сар ашигласны төлбөр 15,000,000 төгрөг, 33 дугаар байрны дэлгүүрийн 7 дугаар сарын төлбөр 4,940,000 төгрөг, Ногоон зоорийг чөлөөлөхөд гаргасан баримтаар нотлогдох зардал 8,470,684 төгрөг, нийт 28,445,684 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэснийг,

хариуцагч эс зөвшөөрч, “... Манай компани шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байснаар ийм хохирол учирсан гэх баримт хэрэгт байхгүй. Нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гарснаас хойш ногоон зоорь объектыг яаж ашигласан талаарх баримтыг гаргаж өгөөгүй, үүргээ биелүүлээгүй. 33 дугаар дэлгүүрийн байрыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 7 дугаар сарын 04-ний өдөр очиж чөлөөлж авсан байтал 7 сарын төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргажээ.

9. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ, “... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасны дагуу өмнөх шүүхийн шийдвэрт дурдсан үйл баримт буюу түрээсийн гэрээний хүчин төгөлдөр байдал, түрээсийн төлбөрийн талаар шүүх дахин нотлохгүй, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн эзэмшлээс ногоон зоорийг чөлөөлөх тухай шүүхийн шийдвэр 2018.06.19-ний өдөр хүчин төгөлдөр болсон боловч хариуцагч нь 2018.10.02-ны өдрийг хүртэл хугацаанд ногоон зоорийг чөлөөлж өгөөгүй, шүүхийн шийдвэрээр ногоон зоорины сарын түрээсийн төлбөрийг 5,000,000 төгрөгөөр тохиролцсон нь тогтоогдсон тул нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т тус тус зааснаар өөрт учирсан хохирол болон хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрт 15,000,000 төгрөгийг нөхөн төлөхийг шаардах эрхтэй, харин хариуцагч “33 дугаар байрны дэлгүүрийг 2018.07.04-нд нэхэмжлэгч өөрөө чөлөөлж авсан” гэсэн тайлбар, татгалзлыг нэхэмжлэгч үгүйсгээгүй, хариуцагч эзэмшилдээ байлгасан гэх үйл баримт баримтаар тогтоогдоогүй тул 7 сарын төлбөр гэх 4,940,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй, мөн нэхэмжлэгч нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар шийдвэрлүүлэх, гарсан зардлаа гаргуулах зохицуулалттай...” гэсэн дүгнэлтийг хийж нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй гэж үзжээ.

10. Хоёр шатны шүүх ийнхүү хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг бүрэн тодруулаагүйгээс талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ хангалттай хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл муутай болсон байна.

11. Тодруулбал, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “... хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр түрээсийн зүйлийг чөлөөлөхийг хариуцагчид даалгасан байхад биелүүлэлгүйгээр үргэлжлүүлэн ашигласан, хэрэв чөлөөлсөн бол бусад этгээдэд түрээсэлж ашиг орлого олох боломжтой байсан...” гэх зэргээр тайлбарласнаас үзвэл, тэрээр хариуцагчийн гэм буруутай эс үйлдэхүйн улмаас өөрт учирсан хохирлыг шаардсан эсэхийг тодруулах нь зүйтэй байна. Гэтэл шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2 буюу түрээсийн эрх зүйн харилцааны талаарх зохицуулалтыг хэрэглэсэн нь оновчгүй. Түүнээс гадна түрээсийн маргаан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр шийдвэрлэгдсэн эсэх талаар шүүх зайлшгүй хийвэл зохих дүгнэлтийг хийгээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан зохицуулалтыг анхаарах нь зүйтэй.

12. Иймээс шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг бүрэн тодруулсны үндсэн дээр маргааны зүйл болох эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, тухайн үндэслэлээр талуудыг бүрэн мэтгэлцүүлж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй эсэхийг шийдвэрлэх нь зүйтэй.

13. Ийнхүү хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хяналтын шатны шүүхээс зөвхөн хууль хэрэглээг зөвтгөн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах”-аар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй юм.

14. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2020/00907 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 1466 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 232,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

                                 ШҮҮГЧИД                                                      Г.БАНЗРАГЧ 

                                                                                                          П.ЗОЛЗАЯА

                                                                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                       Х.ЭРДЭНЭСУВД