Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2017/0566

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийж,

Нэхэмжлэгч: Ц.А, /РД:ЧЗ/

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга;

Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ******* дүгээр тушаалын 1, 2 дугаар хавсралтын Ц.А-д холбогдох хэсгийг илт хууль бусад тооцуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.А, хариуцагчийн төлөөлөгч В.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дахь заалтыг баримтлан энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Миний бие Ц-ын А нь улсад 32 жил, түүнээс Төрийн албанд 29 жил, Сүхбаатар дүүрэгт 17 жил ажилласан. 2012 оноос Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст хэлтсийн даргаар ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа Монгол улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, бусад хууль тогтоомжийн хүрээнд төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг эрхэмлэн ажлаа үр бүтээмжтэй хийж ирсэн. Удаа дараагийн Аудитын дүгнэлтээр зөрчилгүй санал дүгнэлт авч, үр дүнгийн гэрээгээр А үнэлэгдсэн.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын Батлагдсан бүтэц, орон тооны дагуу ажилтан, албан хаагчдыг чөлөөлж, албан тушаалд томилох тухай 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/******* тоот тушаалаар Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын үүрэгт ажлаас Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн ямар ч үндэслэлгүйгээр захиргааны санаачлагаар албан тушаал бууруулан хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтнээр томилсон.

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 23-ний өдрийн А/******* захирамжаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны үлгэрчилсэн жагсаалтыг баталсан. Үүнтэй уялдуулан Сүхбаатар дүүргийн Засаг дарга 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр А/******* дүгээр захирамжаар Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталж, Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Батлагдсан бүтэц, орон тооны дагуу ажилчин албан хаагчдыг чөлөөлж, албан тушаалд томилох тухай Б/******* дүгээр тушаалаар миний ажлын байр хэвээр хадгалагдаж байхад намайг Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаар буцаан томилолгүй, тус хэлтсийн Хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтнээр тушаал бууруулж томилсон.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйл 27.2.3 д Төрийн байгууллагын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулахаар зохицуулсан байхад түр орлон гүйцэтгэгчээр төрийн албанд урьд өмнө ажиллаж байгаагүй Б.*******ыг томилон Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйл 17.1, 17.2, 17.3, 17.4, 27 дугаар зүйл 27.2.3-д заасныг зөрчсөн гэж үзэж байна. Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Э нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйл 26.1, 26.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2-т захиргааны байгууллага, албан тушаалтан захиргааны акт гэрээ батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд мэдэгдэж, тайлбар, сонсох ажиллагааг явуулахаар зохицуулсан байхад хариуцагч ...Нэхэмжлэгчид Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Хэлтсийн дарга нарын Шуурхай хуралдаанд Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/******* дугаар захирамж гарч, бүтэц, орон тооны байдал өөрчлөгдөж байгаа талаар Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл 27.4.3 дахь хэсэг биечлэн уулзах-т заасны дагуу үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх эсхүл, өөр ажил албан тушаалд ажиллах талаар санал болгосон... гэж тайлбарлаж байгаа нь сонсох ажиллагаа хийгдсэн гэж үзэх боломжгүй, дээрх хурлын тэмдэглэлээр нийслэлийн Засаг даргын 12 дугаар сарын 15-ны өдрийн А/******* дугаар захирамжийг танилцуулсан нь намайг чөлөөлж, томилохгүй байх, албан тушаал бууруулах талаар мэдэгдсэн баримт байхгүй байгаа нь хариуцагч дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн. Мөн нэхэмжлэгч миний зүгээс өөр ажилд очихоор гаргасан хүсэлт, албан тушаал бууруулсан томилгоог хүлээн зөвшөөрсөн ямар ч баримт гаргаагүй.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Э-д хандан би хэлэхдээ: ...Таны гаргасан захиргааны акт нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байхгүй мөн Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны тухай хуулиудыг зөрчиж байна. Захиргааны ерөнхий хууль 2016 оны 7 дугаар сарын 1-нээс хэрэгжиж байгаа үүгээр та сонсох ажиллагаа хийгээгүй, та эргээд миний хохирч байгаа цалин хөлсийг өөрөө төлнө... гэж хэлж байсан.

Мөн Нийслэлийн аудитын газраас миний хариуцаж байсан 2016 оны санхүүгийн жилд Аудитын шалгалт орсон байсан зэргээс шалтгаалан надад тодорхой хариулт өгөхгүй, илт хууль бус захиргааны актаа засч залруулахгүй, сонсох ажиллагаа хийнэ, хүлээж бай гэсээр хугацаа аваад байсан.

Миний 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлт, үйл ажиллагааны үр дүн мэргэшлийн түвшинг 92 оноо буюу Маш сайн үнэлсэн байхад Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-ийг зөрчиж, албан тушаал бууруулсан.

Иймд би Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтаар гомдол гаргаж, 47.4 дэх хэсгийг үндэслэн Нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлд 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хандсан. Нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөл миний гомдлыг хүлээн авч, ажлын хэсгийг томилж, 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлийн дугаар 105 тоот тогтоолоор миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөнийг тогтоосон. Иймд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ******* дүгээр тушаалын 1, 2 дугаар хавсралтын Ц.А-д холбогдох хэсгийг илт хууль бусад тооцож өгнө үү. гэжээ.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Тамгын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай А/******* дүгээр захирамжаар батлагдсан орон тоонд багтаан албан хаагч нарыг томилохыг Засаг даргын Тамгын газарт үүрэг болгосныг үндэслэн дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/******* дүгээр тушаалаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэг"... дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө-т заасныг баримтлан Б/******* дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар 77 албан хаагчийг чөлөөлж, хоёрдугаар хавсралтаар 83 албан хаагчийг үүрэгт ажилд нь томилж, нэхэмжлэгчийг Санхүү, төрийн сангийн хэлтсийн Хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтнээр томилсон.

Нэхэмжлэгчид дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Хэлтсийн дарга нарын Шуурхай хуралдаанд Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/******* дугаар захирамж гарч бүтэц, орон тооны байдал өөрчлөгдөж байгаа талаар Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3 дахь хэсэг биечлэн уулзах-т заасны дагуу үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх эсхүл, өөр ажил албан тушаалд ажиллах талаар санал болгосон Ц.А-ын хувьд тус бүтэц, орон тоотой холбоотой, томилогдсон албан тушаалын асуудлаар аливаа байдлаар өргөдөл, хүсэлт өгч байгаагүй бөгөөд 2017 оны 01 сард Хөрөнгө оруулалтын мэргэжилтнээр ажиллах болсон.

Үүнээс үзвэл нэхэмжлэгч Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4 дэх хэсэг ...холбогдсон гомдлоо төрийн албаны салбар зөвлөл болон төрийн албаны төв байгууллагад 1 сарын дотор гаргана, 39.7-д Төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөн тал уг шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно.-т хуульчилсан байх бөгөөд тус асуудлаар төрийн албаны зөвлөлд 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр, шүүхэд ТАЗ-ийн шийдвэрийг хүлээн авсан эсхүл, гомдлыг гаргасан 30 хоног дуусмагц гаргах буюу сүүлийн хугацаа 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гомдол гаргахаар хуульчилсан.

Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр

үйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар төрийн албаны зөвлөлд тус гомдол, шүүхэд гаргах нэхэмжлэлийн 30 хоногийн дотор гаргаагүй /2017.01.28./ нь тус хуулийн 54.1.8-д зааснаар хүлээн авахаас татгалзах хуулийн зохицуулалттай. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гомдол гаргах хугацаа сэргээлгэсэн талаарх нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байна.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасанчлан гомдлоо хуулийн хугацаанд гаргаагүй нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ тус захиргааны актыг илт хууль бусад тооцуулах шаардлага гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд ямар тохиолдолд илт хууль бус акт /утга агуулгын илэрхий алдаатай, бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй, тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны гаргасан, захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус, хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй/ болохыг хуульчилсан. Гэтэл Б/******* дүгээр тушаал нь дээр дурдсан 7 нөхцөлийн алийг зөрчсөн талаарх үндэслэлээ заагаагүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, тус хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг үндэслэн гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн, хугацаа сэргээлгэсэн баримт байхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Ц.А-с Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ******* дүгээр тушаалын 1, 2 дугаар хавсралтын Ц.А-д холбогдох хэсгийг илт хууль бусад тооцуулах[1] тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/******* дугаар тушаалаар батлагдсан дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны үлгэрчилсэн жагсаалтын дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/******* дүгээр захирамжаар дүүргийн Тамгын газрын бүтэц орон тоог шинэчлэн баталсан байна.

Батлагдсан бүтэц, орон тооны дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/******* дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар Засаг даргын Тамгын газрын даргын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ц.А-г хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлж, 2 дугаар хавсралтаар тус хэлтсийн Хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтний ажилд томилжээ.

Нэхэмжлэгч ...тушаал гаргаж албан тушаал бууруулахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулаагүй, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг зөрчсөн... гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж зааснаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2016 оны Б/******* дүгээр тушаалын 1, 2 дугаар хавсралтын Ц.А-д холбогдох хэсгийг илт хууль бусад тооцуулах нэхэмжлэл гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлд 30 хоногийн хугацаа хамаарахгүй байхаар заасан тул иргэн Ц.А-н нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй байна.

Захиргааны ерөнхий хуульд захиргааны актыг хүчингүй болгох, цуцлах, илт хууль бусад тооцох зэргээр захиргааны актын үйлчлэлийг дуусгавар болгох талаар зохицуулжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно. гэж заасан бөгөөд хууль бус захиргааны актыг хүчингүй болгох талаар мөн хуулийн 48 дугаар зүйлд заажээ.

Харин ямар тохиолдолд захиргааны актыг илт хууль бусад тооцох талаар тус хуулийн 47 дугаар зүйлд заасан бөгөөд захиргааны актыг илт хууль бусад тооцсоны үр дагаврыг мөн хуульчилсан байна.

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж ,түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө. гэж дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын ажилтныг томилж, чөлөөлөх эрхийг хуулиар олгосон байна.

Хариуцагч дээрх хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд Тамгын газрын ажилтан, албан хаагчдыг чөлөөлж, томилсон тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзэх боломжгүй юм. Учир нь эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэдэг нь захиргааны байгууллагаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн аливаа захиргааны акт гаргах эрхийг хуулиар олгоогүй байхыг ойлгоно.

Гэтэл хуульд дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан ажилтнуудыг томилж, чөлөөлөхийг эрхийг олгосон байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга ажилтан, албан хаагчийг чөлөөлж, томилохдоо Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулаагүй, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг зөрчсөн гэх үндэслэл нь хууль бус захиргааны актын шинжид хамаарах юм.

Нэхэмжлэгч захиргааны актыг илт хууль бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул эдгээр үндэслэлд эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6, 47 дугаар зүйлийн 47.1.6, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж ,түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.А-ын Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ******* дүгээр тушаалын 1, 2 дугаар хавсралтын Ц.А-д холбогдох хэсгийг илт хууль бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН