Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2020/01268

 

 

 

 

                                                          2020         04         13

        101/ШШ2020/01268

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН  НЭРИЙН ӨМНӨӨС

                                                

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: М.П нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Г холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 3,488,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.П, хариуцагч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билэгт нар оролцов.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч М.П шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Б.Г нь надтай зээлийн гэрээ байгуулж 4,500,000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 4 сарын хугацаатайгаар нэг сарын 10 хувийн хүүтэй зээлсэн. 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл үндсэн зээлсэн мөнгөнөөс 2,320,000 төгрөг, хүүд 1,330,000 төгрөг нийт 3,650,000 төгрөг төлсөн бөгөөд 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 2,180,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болсон. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу хууль буюу гэрээндээ заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөхөөр тохиролцсон. Тухайн үед холбогдохоор удахгүй төлнөө гэдэг байсан бөгөөд 2017 оны 11 дүгээр сараас хойш утас нь холбогдохгүй, холбоо барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн. Иймээс үндсэн зээл 2,180,000 төгрөг, хүү 218,000 төгрөг, алданги 34 cap 20 хоног, 1 өдрийн алданги 11,990 төгрөг болж байна. Нийт 1,055 хоногт алданги 12,649,450 төгрөг болж байна.

Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 2,180,000 төгрөг, хүү 218,000 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу алданги 1,090,000 төгрөгийг нэхэмжилж байна. Б.Г нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул нийт 3,488,000 төгрөгийг Б.Ггаас гаргуулж өгнө үү гэв.

                       

Хариуцагч Б.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Г миний бие М.Пгээс 4,500,000 төгрөгийг 118 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй зээлж авсан нь үнэн. Би зээлийн гэрээний дагуу одоогийн байдлаар 118 хоногийн хүү болох 450,000 төгрөг, үндсэн зээлийн 3,200,000 төгрөг төлсөн. Одоо үндсэн зээлээс 1,300,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Хүү тооцох 118 хоног дууссан тул хүү төлөх боломжгүй. Гэрээ ёсоор 1,300,000 төгрөг алданги төлөх боломж болон чадваргүй байна.

Иймд үлдэгдэл 1,300,000 төгрөгийг төлнө. Нэхэмжлэлийн шаардлагаас 2,188,000 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.П нь хариуцагч Б.Гд холбогдуулан зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрт 2,180,000 төгрөг, хүү 218,000 төгрөг, алданги 1,090,000 төгрөг, нийт 3,488,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь зээлийн гэрээний дагуу хүүгээ төлөөд дууссан, алданги төлөх боломж болон чадваргүй байна, үндсэн зээлийн үлдэгдэлээс 1,300,000 төгрөг үлдсэнийг төлөхийг зөвшөөрч байна гэж маргаж байна.

 

М.П болон Б.Г нар нь 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, М.П нь 4,500,000 төгрөгийг Б.Гд зээлдүүлсэн, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 118 хоногийн хугацаатайгаар, хүүд 1,175,000 төгрөгийг төлөхөөр, хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5 хувиар алданги тооцохоор харилцан тохирсон байна.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар зээлийн гэрээ байгуулагдаж, хүү, алданги тооцохор тохирсон, хуульд нийцсэн байна.

 

Зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш гэрээний үндсэн хугацаанд буюу 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл Б.Г нь үндсэн зээлд 2,320,000 төгрөг, хүүд 1,330,000 төгрөг, нийт 3,650,000 төгрөгийг М.Пд төлсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож, ийнхүү эргэн төлөлтийн үнийн дүнгийн хувьд хэн алин нь маргаагүй болно.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 4,500,000 төгрөг, 118 хоногийн хүү 1,175,000 төгрөг, нийт 5,675,000 төгрөгийн зээлийг эргэн төлөх үүргийг Б.Г хүлээсэн байх ба дээрх зохигчдын тайлбараас үзэхэд хүү болох 1,175,000 төгрөгийг бүрэн төлсөн байх бөгөөд хүүд төлсөн 1,330,000 төгрөгөөс хасч тооцоход 155,000 төгрөгийн хүү илүү төлөгдсөн тул уг төлөлтийг үндсэн зээлд оруулж тооцох нь зүйтэй юм.

 

Үндсэн зээлд төлсөн 2,320,000 төгрөг дээр хүүд илүү төлсөн 155,000 төгрөгийг нэмж тооцоход 2,475,000 төгрөгийг төлж, үндсэн зээлийн үлдэгдэл 2,025,000 /4,500,000-2,475,000/ төгрөг болж байна.

 

Алдангийг гэрээний хугацаа дууссан өдөр болох 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс тооцвол нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байгаа тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 2,025,000 төгрөгийн 50 хувь 1,012,500 төгрөгийн алданги тооцох үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нь алданги төлөх боломж болон чадваргүй гэх үндэслэлээр алдангийг төлөхгүй гэж маргаж байгаа боловч энэхүү үндэслэл нь зохигчдын хооронд байгуулсан гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй, нөгөөтэйгүүр алдангийг төлөхгүй гэсэн үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн тайлбар, татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 3,037,500 /2,025,000+1,012,500/ төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 450,500 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                              

ТОГТООХ нь:

    

                1. Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4-т тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Ггаас зээлийн гэрээний үүрэгт 3,037,500 /гурван сая гучин долоон мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Пд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 450,500 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,758 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ггаас улсын тэмдэгтийн хураамжид 63,550 /жаран гурван мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Пд олгосугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ЭНХЖАРГАЛ