Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 1192

 

 

 

 

 

 

 

 

 

 

М.П-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2020/01268 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.П-гийн хариуцагч Б.Г-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 3 488 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч Б.Г-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч М.П- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Б.Г- нь надтай зээлийн гэрээ байгуулж 4 500 000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 4 сарын хугацаатайгаар нэг сарын 10 хувийн хүүтэй зээлсэн. 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл үндсэн зээлээс 2 320 000 төгрөг, хүүд 1 330 000 төгрөг нийт 3 650 000 төгрөг төлсөн бөгөөд 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 2 180 000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болсон. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу хууль буюу гэрээндээ заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөхөөр тохиролцсон. Тухайн үед холбогдохоор удахгүй төлнөө гэдэг байсан бөгөөд 2017 оны 11 дүгээр сараас хойш утас нь холбогдохгүй, холбоо барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн. Иймээс үндсэн зээл 2 180 000 төгрөг, хүү 218 000 төгрөг, алданги 34 cap 20 хоног, 1 өдрийн алданги 11 990 төгрөг болж байна. Нийт 1 055 хоногт алданги 12 649 450 төгрөг болж байна. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 2 180 000 төгрөг, хүү 218 000 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу алданги 1 090 000 төгрөгийг нэхэмжилж байна. Б.Г- нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул нийт 3 488 000 төгрөгийг Б.Г-гаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Г- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Г- миний бие М.П-гээс 4 500 000 төгрөгийг 118 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй зээлж авсан нь үнэн. Би зээлийн гэрээний дагуу одоогийн байдлаар 118 хоногийн хүү болох 450 000 төгрөг, үндсэн зээлийн 3 200 000 төгрөг төлсөн. Одоо үндсэн зээлээс 1 300 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Хүү тооцох 118 хоног дууссан тул хүү төлөх боломжгүй. Гэрээ ёсоор 1 300 000 төгрөг алданги төлөх боломж болон чадваргүй байна. Иймд үлдэгдэл 1 300 000 төгрөгийг төлнө. Нэхэмжлэлийн шаардлагаас 2 188 000 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4-т тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Г-гаас зээлийн гэрээний үүрэгт 3 037 500 /гурван сая гучин долоон мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.П-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 450 500 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 758 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Г-гаас улсын тэмдэгтийн хураамжид 63 550 /жаран гурван мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.П-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний бие М.П-гээс 4 500 000 төгрөгийг 118 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй зээлж авсан нь үнэн. Би зээлийн гэрээний дагуу одоогийн байдлаар 118 хоногийн хүү болох 450 000 төгрөг үндсэн зээлийн 3 200 000 төгрөг төлсөн. Одоо үндсэн зээлээс 1 300 000 төгрөгийн үлдэгдэлтэй. Гэтэл анхан шатны шүүх 118 хоногийн 10 хувийн хүүтэй байхаар тохирсон хүүг зээлийн гэрээний заалтыг 118 хоногт хүүг 1 175 000 төгрөгөөр тооцож шийдвэр гаргасан нь алдаатай шийдвэр болсон юм. Би одоо зээлийн үндсэн төлбөр хүү зэргийн эцсийн тооцоонд 1 300 000 төгрөг төлөх ёстой. Шүүхийн шийдвэрээр тогтоосон 3 037 500 төгрөгөөс 1 737 500 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоосон 1 737 500 төгрөгийг хасч тооцож нэхэмжлэлийн шаардлагыг 1 300 000 төгрөгөөр хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч М.П- нь хариуцагч Б.Г-д холбогдуулан зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрт 2 180 000 төгрөг, хүү 218 000 төгрөг, алданги 1 090 000 төгрөг, нийт 3 488 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг, хариуцагч үндсэн зээлийн үлдэгдэл 1 300 000 төгрөг төлөхийг зөвшөөрч, хүү, алданги төлөхгүй гэж маргажээ.

 

            Талууд 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, хариуцагч 4 500 000 төгрөгийг, 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 118 хоногийн хугацаатай нэхэмжлэгчээс зээлэхээр тохиролцсон болон хариуцагч зээлийн төлбөрт 3 650 000 төгрөг төлсөн талаар зохигчид маргаагүй байна. /хэргийн 6 дугаар тал/

 

            Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

            Дээрх гэрээнд хүүгийн хэмжээг 10 хувь болон 1 175 000 төгрөг гэж хоёр өөр байдлаар тохиролцжээ. Нэхэмжлэгч зээлийн хүүг 1 175 000 төгрөгөөр тооцож шаардаагүй, хариуцагч мөн уг хэмжээгээр хүү төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргаагүй тул энэ талаар шүүх дүгнэлт хийх шаардлагагүй юм.

 

            Харин хүүгийн хэмжээ 10 хувь байхаар тохиролцсон болох нь тэдгээрийн гаргасан тайлбараар тогтоогдож байх боловч уг 10 хувийн хүүг сар бүр, эсхүл 118 хоногийн хугацаанд тооцох эсэх талаар маргасан байна. Хүү 10 хувь гэж тайлбарлаж байх боловч гэрээнд хүүгийн хувь хэмжээг сараар тооцохоор заагаагүй тул хариуцагчийн гэрээний нийт хугацаанд хүү 10 хувь гэсэн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэв.

 

            Гэрээг тайлбарлах тухай Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.4 дэх хэсгийн зохицуулалтад “Хоорондоо зөрчилтэй буюу олон утга санааг агуулсан үг хэллэг байвал гэрээний агуулгад илүү тохирсон утга санаагаар тайлбарлана.” гэж зааснаар талуудын байгуулсан гэрээнд зээлийн хүүг тооцох хугацааг сараар тооцох талаар тохиролцсон агуулгагүй байна. Иймд 4 500 000 төгрөгийн зээл, 10 хүү болох 450 000 төгрөгийн хамт,          4 950 000 төгрөгийг гэрээний хугацаа дуусахад нэхэмжлэгчид төлөх үүрэг хариуцагчид Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1 дэх хэсэгт зааснаар үүссэн гэж үзнэ. Уг төлбөрөөс нэхэмжлэгчид буцаан төлсөн 3 650 000 төгрөгийг хасч тооцоход 1 300 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр байна.

 

            Мөн зээлийн гэрээний 7-д “гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцох”-оор талууд харилцан тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасанд нийцжээ.

 

            Хариуцагч нь алданги төлөх боломжгүй гэж тайлбарласан нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгэвэл зохих тухай хуулийн заалтад нийцэхгүй.

 

            Иймээс алдангийг гэрээний хугацаа дууссан өдөр болох 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс тооцвол нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасанд нийцүүлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 1 300 000 төгрөгийн 50 хувь болох 650 000 төгрөгийн алданги тооцох үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүх, хариуцагчаас зээл, хүү, алдангид нийт 3 037 500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, үлдэх 450 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байгааг залруулах шаардлагатай.

 

            Дээрх үндэслэлээр хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 1 300 000 төгрөг, алдангид 650 000 төгрөг, нийт 1 950 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 538 000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2020/01268 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Г-гаас зээлийн гэрээний үүрэгт 1 950 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.П-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 538 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дах заалтын “63 550 төгрөг” гэснийг “46 150 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                               ШҮҮГЧИД                                     Д.НЯМБАЗАР

 

                                            С.ЭНХТӨР