Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2020/01766

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                                                              

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х ХХК нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.М холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 24,441,302 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: М.Т

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Ч.Г

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунсувд, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ананд /№0896/, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болон гуравдагч этгээд Ч.Ггийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:         

Нэхэмжлэгч “ХБ” ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунсувд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн М овогтой М болон М овогтой Мнартай 2012 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн № ЗГ/12/61 тоот Зээлийн гэрээ, 2012 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн № БГҮ/12/61 тоот Барьцааны гэрээг байгуулж Орон сууцны барилга барих зориулалтаар 65,000,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай авсан бөгөөд зээлийн барьцаанд иргэн Ч.Г, М.Т нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол,*** тоотод байрлах 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалуулан зээлийг авсан юм. Зээлдэгчид нь 2012 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн № ЗГ/12/61 тоот Зээлийн гэрээ, 2012 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн № БГҮ/12/61 тоот Барьцааны гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлээс 51,408,762 төгрөг, хүүгийн төлбөрт 45,924,754 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 334,966 төгрөг, нийт 97,668,482 төгрөгийг тус тус төлсөн байна. Зээлдэгч М овогтой М нь 2017 онд нас барсан гэх бөгөөд хамтран үүрэг гүйцэтгэгч нь Зээлийн гэрээний “Зээл буцаан төлөх хуваарь"-ийг удаа дараа зөрчсөн тул банк зээлдэгчтэй утсаар холбогдох, зээл төлөх мэдэгдэл хүргүүлэх зэрэг арга хэмжээ авсан боловч зээлдэгч өнөөдрийг хүртэл өр, төлбөрөө төлөөгүй байна. Банк 2012 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн № ЗГ/12/61 тоот Зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, мөн өдрийн № БГҮ/12/61 тоот Барьцааны гэрээний 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалт болон Монгол улсын Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3-т заасныг тус тус үндэслэн Хамтран үүрэг гүйцэтгэгч М овогтой Мд холбогдуулан шүүхэд дараахь нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Иймд 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 13,591,262 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 9,229,976 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр  1,610,588 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 9,500 төгрөг, нийт 24,441,302 төгрөгийг гаргуулж, зээлдэгч зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг 2012 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн № БГҮ/12/61 тоот барьцааны гэрээнд заасан барьцааны зүйл болох Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, *** тоотод байрлах 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү, мөн зээлдэгчийн өмчлөлийн бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч М.Мшүүхэд гаргасан тайлбартаа:

ХБ ХХК болон зээлдэгч М.М, хамтран үүрэг гүйцэтгэгч М.Мөнх- Оргил нарын хооронд байгуулсан 2012 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн ЗГ-12/61 дугаар зээлийн гэрээний зээлдэгч М.М нь 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нас барсан. Монгол Улсын Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.1-д “Өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийн талаархи гомдлын шаардлагыг түүний үүрэг гүйцэтгүүлэгч өв нээгдсэн өдрөөс хойш нэг жилийн дотор өвлөгч буюу гэрээслэл биелүүлэгч, нотариат, эсхүл эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллагад гаргана” гэж, Өв нээгдсэн өдрийг мөн хуулийн 518.1-д “нас барсан” өдөр гэж тус тус заасан байна. Зээлдэгч нас барснаас хойш ХБны хувьд хуульд зааснаар “гомдлын шаардлага" гаргаагүй. Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.2-д “Үүрэг гүйцэтгүүлэгч энэ хуулийн 536.1-д заасны дагуу гомдлын шаардлага гаргасан бол түүний хариуг авсан, эсхүл гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс хойш нэг жилийн дотор нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно” гэж хуульчилсан байх бөгөөд нэхэмжлэгч нь зээлдэгчийг нас барсан өдрөөс хойш 1 жилийн дотор (2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр) гомдлын шаардлага гаргах байсан. Түүнчлэн, гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс хойш 1 жилийн дотор (2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр) шүүхэд нэхэмжлэлээ гаргахаар хуульчилсан байтал нэхэмжлэл гаргалгүйгээр 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн тул 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж үзэж байна.

Хэрэв Шүүх дээрх үндэслэл байхгүй гэж үзвэл зээлийн үүргийг тэнцүү хэмжээгээр хариуцах дараах үндэслэл байгааг дүгнэн үзнэ үү. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна” гэж хуульчилжээ. Зээлийн гэрээнд үүрэг гүйцэтгэгч тус бүр зээлийн үүргээс хэр хэмжээгээр хариуцах нөхцөл (бүтэн дүнгээр гэж байхгүй)-ийг заагаагүй, түүнчлэн зээлийг бүхэлд нь М.Мын зээлийн дансанд олгосон. М.Мын орлогыг тухайн үед банк судалгаанд оруулалгүйгээр, гэрээ байгуулахдаа хамтран үүрэг гүйцэтгэгч гэж гарын үсэг зуруулсан нь М.Мын хувьд зээл эргэн төлөлтөд ямар хэмжээний үүрэг хүлээж оролцох нь тодорхойгүй учир, үүргийг хамгийн ихдээ тэнцүү хэмжээгээр хариуцах үндэслэл болж байна. Зээлийн үүрэг нь хуваагдах шинж чанартай мөнгөн дүнгээр илэрхийлэгдсэн үүрэг юм. Иймд нэхэмжилж буй үүрэг нь хуваагдах шинж чанартай үүрэг тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д "үүрэг тэнцүү" байна гэж зааснаар үлдэгдэл зээлийн тал хувь болох 6,795,631 төгрөгийг хариуцах нь хуульд нийцнэ.

Монгол Улсын Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1-д Үүрэг дараах үндэслэлээр дуусгавар болно гээд 240.1.2-д “үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч ... нас барсан ...” гэж, мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1-д "зээлийн хүү” гэдгийг зээлдэгчийн ашигласан хугацаанд хамаарах хариу төлбөр гэж хуульчилсан байна. Зээлдэгчийн авсан зээлийн хүү төлөх үүрэг нь иргэний хувьд зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой гэж үзнэ, учир нь зээлдэгч өөрийн санхүүгийн эх үүсвэр болох орлогоо нотлож түүний үндсэн дээр зээл, түүний хүүг төлөхөөр гэрээгээр тохиролцон үүргээ бүрэн гүйцэтгэж байсан.

Иймд, зээлдэгчийн нас барсан өдрийн дараагийн өдөр болох 2017 оны 01 дүгээр сарийн 24-ний өдрөөс зээлдэгч М.Мын хувьд зээлийг ашиглаж чадаагүй, зээлийн хүү төлөх үүрэг (зээлийг хүүг цаашид тооцохгүй, зээлдэгч зээлийг ашиглахгүй) дуусгавар болох үндэслэлтэй байтал “ХБ” ХХК зээлийн хүүг шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр (2019 оны 12 дугаар сарын 01) хүртэл бүтэн тооцон нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, мөн хариу тайлбарын 2 дахь хэсэгт дурдснаар хамтран үүрэг гүйцэтгэгч үүргийг тэнцүү хариуцах тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Г болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“ХБ” ХХК-ийн танай шүүхэд гаргасан 24,431,802 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэн Ч.Г би танилцаад нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болох “Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол *** тоотод байрлах 38 мкв талбайтай, 3 өрөө орон сууцыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага”-ыг зөвшөөрөхгүй байгаа болохоо илэрхийлж, тайлбар хүргүүлэв. ХБны барьцааны гэрээнд бичигдсэн орон сууцыг Ч.Г би өөрийн ач хүү М.Тийн хамт өмчилдөг бөгөөд тус орон сууцыг би ХБны зээлд барьцаалаагүй, барьцааны гэрээнд өмчлөлийн хөрөнгө дурдагдсан боловч би гэрээний нэг тал биш (барьцаалуулагч), миний нэр тус гэрээнд огт байхгүй байна. Түүнчлэн, М.М надаас өөрт нь олгосон итгэмжлэлийг ашиглан, өөрөө зээл авч тус зээлийн барьцаанд миний хөрөнгийг барьцаалсан нь Иргэний хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасныг зөрчиж, хэлцэл хийсэн гэж үзэж байна. Иймд, нэхэмжлэлийн 2 дахь шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“ХБ” ХХК-ийн шүүхэд гаргасан 24,431,802 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэн М.Т би танилцаад нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болох “Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол *** тоотод байрлах 38 мкв талбайтай, 3 өрөө орон сууцыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага”-ыг зөвшөөрөхгүй байгаа болохоо илэрхийлж, тайлбар хүргүүлэв. ХБны 2012 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн он сартай барьцааны гэрээнд бичигдсэн хөрөнгийг иргэн М.Т би миний эмээ Ч.Гтэй хамтран өмчилдөг бөгөөд тус орон сууцыг би ХБны зээлд барьцаалаагүй, барьцааны гэрээнд бидний өмчлөлийн хөрөнгө дурдагдсан боловч би гэрээний нэг тал биш (барьцаалуулагч), миний нэр тус гэрээнд огт байхгүй, би гарын үсэг зураагүй, зээлийн мөнгөнөөс нэг төгрөг ч аваагүй болно. ХБ нь барьцааны гэрээг хөрөнгийн хөрөнгийн эзэн бус этгээд болох М.Мтай тухайн үед байгуулжээ. Энэхүү иргэний хэрэгт иргэн М.Мт 2012 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр олгосон итгэмжлэл байх бөгөөд тухайн итгэмжлэлээр банкны барьцаанд хөрөнгө барьцаалах эрхийг олгожээ. Би тэр итгэмжлэлд гарын үсэг зураагүй, хөрөнгөө банканд барьцаалахыг зөвшөөрөөгүй. Барьцааны гэрээг байгуулах үед буюу 2012 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 16 насанд хүрсэн (2012 оны 3 дугаар сарын 05-нд), иргэний үнэмлэхээ авсан байсан, Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.1-д зааснаар би өөрийн хөрөнгийг үзэмжээрээ захиран зарцуулах, бие даан хэрэгжүүлэх эрхтэй, хэн нэгэн намайг төлөөлөх үндэслэлгүй байсан болно. Иймд, хэрэгт байгаа итгэмжлэл, барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус тул нэхэмжлэлийн 2 дахь шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, гуравдагч этгээдүүдийн тайлбар,   хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “ХБ” ХХК нь хариуцагч М.Мд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 13,591,262 төгрөг, зээлийн хүү 9,229,976 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,610,588 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 9500 төгрөг, нийт 24,441,302 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгөөр хангуулахаар шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад “бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсан болно.

Хариуцагч нь нэхэмжлэгч гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн тул үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй, хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувьд үүргийг тэнцүү хэмжээгээр хариуцах ёстой зэрэг үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

“ХБ” ХХК нь М.М, М.Мнартай 2012 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр ЗГ/12/61 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулж, 65,000,000 төгрөгийг орон сууцны барилга барих зориулалтаар ашиглахаар, жилийн 24 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар зээлж, 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлбөрийг М.М нь төлж, үндсэн зээлд 51,408,762 төгрөг, хүүгийн төлбөрт 45,924,754 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 334,966 төгрөг, нийт 97,668,482 төгрөгийг тус тус төлсөн болох нь “Зээлийн бүртгэлийн карт”, М.М, М.Мнарын ******* тоот зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээ байгуулагджээ.

Зээлийн гэрээний үүргийн дагуу 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр сүүлийн төлөлтийг зээлдэгч нар нь хийсэн байх бөгөөд үндсэн үүрэг гүйцэтгэгч М.М 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нас барсан болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 101/002147 дугаартай “Нас барсны бүртгэлийн лавлагаа”-гаар тогтоогдож байна.

Ийнхүү зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлснээс хойш 2 жил гаруй хугацааны дараа буюу 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ХБнаас “Зээл төлөх мэдэгдэл”-ийг хамтран үүрэг гүйцэтгэгч М.М, талийгаач М.Мын гэр бүлийн хүн н.Бямбасүрэн нарт гардуулсан, мөн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр мэдэгдэл хүргүүлсэн байна.

Зохигчдын хооронд байгуулсан Зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.18-д “Монгол Улсын Иргэний хуульд заасан нөхцөл бий болсон /тухайлбал, зээлдэгч нас барах, эрх зүйн чадамжгүй болох, сураггүй алга болсонд тооцогдох гэх мэт/ тохиолдолд хуулийн дагуу Зээлдэгчийн өв залгамжлагч, хамтран үүрэг гүйцэтгэгч, батлан даагч, баталгаа гаргагч нь энэ гэрээгээр авсан зээлийн төлбөр, холбогдон гарсан бусад төлбөр, зардлыг бүрэн хариуцан барагдуулах үүргийг хүлээх”, 5.3-т “Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүрэг хүлээнэ” гэж заажээ.

Энэхүү гэрээний заалт нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ”, 242.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасан зохицуулалтад нийцсэн ба нэхэмжлэгч “ХБ” ХХК нь хамтран үүрэг гүйцэтгэгч М.Моос зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг бүхэлд нь шаардах эрхтэй, М.Мнь хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувьд зээлийн гэрээний үүргийг хариуцна.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар талийгаач М.Мын өвийг хүлээн авсан өвлөгч байгаа болох нь тогтоогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгч нь хамтран үүрэг гүйцэтгэгчид холбогдуулан шаардлага гаргажээ.

Хариуцагчийн гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн тул үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй, хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувьд үүргийг тэнцүү хэмжээгээр хариуцах ёстой зэрэг үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байгаа нь дээр дурьдсанаар үгүйсгэгдэж байна.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т "Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно…”, 453 дугаар зүйлийн 453.1-д "Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан бөгөөд дээрх зээлийн гэрээний 3.1.5-д нэмэгдүүлсэн хүүгийн талаар талууд харилцан тохиролцжээ.

Зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлдэгч М.М нь төлбөр төлөх үүргээ биелүүлж байсан байх бөгөөд гэрээний хугацаа 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр дууссан, дээр дурьдсанчилан 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл зээл төлөх мэдэгдлийг хамтран үүрэг гүйцэтгэгчид өгч байсан болох нь баримтаар тогтоогдохгүй, хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувьд зээлийн гэрээний үүргийг зөрчсөн хэдий боловч зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 2 жил 3 сар 5 хоногийн дараа шүүхээр шаардаж байгаа нь тухайн хугацаагаар зээлдэгчийн хариуцлагын хэмжээг нэмэгдүүлсэн гэж үзэхээр байна. 

Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ” гэсэн зохицуулалтын дагуу нэхэмжлэгч нь гэрээний үүргээ шаардах эрхээ хэрэгжүүлэхдээ зээлдэгчийн эрхийг зөрчихгүйгээр, үнэнч шударгаар хэрэгжүүлэх ёстой ба зээлдүүлэгч нь гэрээнд заасан арга хэмжээг аваагүйгээс хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нэмэгдсэн, хамтран үүрэг гүйцэтгэгчээс зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн даруйд зээлийг төлүүлэх талаар зохих арга хэмжээг авах нь хуульд нийцнэ.

Нэхэмжлэгч нь дээр дурьдсанчилан хамтран үүрэг гүйцэтгэгчтэй холбоотойгоор зохих арга хэмжээг аваагүй байх тул үндсэн зээлийн үлдэгдэл болон гэрээний хугацаа дууссан 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны хүү, гэрээний хугацаа дууссанаас хойшхи хүүд тохирсон нэмэгдүүлсэн хүүг тооцох нь зүйтэй гэж үзэв.

Мөн нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үндсэн хугацаанд 334,966 төгрөгийг зээлдэгчээс нэмэгдүүлсэн хүүд тооцон авсан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасан зохицуулалттай нийцэхгүй буюу нэмэгдүүлсэн хүү нь гэрээний хариуцлага гэдэг агуулгаараа үндсэн гэрээний хугацаа дуусах үеийн хүүд нэмэгдүүлсэн хүүг тооцох тул 334,966 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцох нь зүйтэй байна.

Үндсэн зээлийн үлдэгдэл 13,591,262 төгрөгөөс 334,966 төгрөгийг хасч 13,256,296 төгрөгийн үлдэгдэлтэй ба уг үлдэгдэлээс сарын 2 хувь /жилийн 24 хувь/-ийн хүүг тооцоход нэг сард 265,126 төгрөг гарч байх бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 8 сарын хүүд 2,121,008 төгрөг, үүнээс нэмэгдүүлсэн хүүг 20 хувиар тооцоход 424,201.6 төгрөг, нийт 15,801,505.6 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт хамтран үүрэг гүйцэтгэгч М.Моос гаргуулах нь зүйтэй байна.  

Зээлийн гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотой гарсан зардалд нотариатын үйлчилгээний хөлс 9500 төгрөгийг нэхэмжлэгч нь нэхэмжилсэн бөгөөд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэсэн үндэслэлд хамааруулан хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

Зохигчдын хооронд байгуулсан 2012 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн ЗГ/12/61 дугаартай “Зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 1*** тоот, улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн орон сууцыг барьцаалж, мөн өдрөө БГҮ/12/61 дугаартай “Барьцааны гэрээ” байгуулсан байна.

Дээрх барьцаа үл хөдлөх эд хөрөнгө нь Ч.Г, М.Т нарын өмчлөлийнх бөгөөд 2012 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр өмчлөгч Ч.Г, М.Тийг төлөөлөн түүний эцэг М.Мнар нь зээлдэгч М.Мт “...орон сууцыг банкны барьцаанд бариулах, барьцаалбар болон зээлийн барьцааны гэрээнд төлөөлж гарын үсэг зурах эрхийг” олгосон “Итгэмжлэл”-ийг үйлдсэн байна.

Гуравдагч этгээд Ч.Г нь өөрийн орон сууцыг ХБны зээлийн барьцаанд барьцаалаагүй, барьцааны гэрээнд өмчлөлийн хөрөнгө дурдагдсан боловч би гэрээний нэг тал биш (барьцаалуулагч), миний нэр тус гэрээнд огт байхгүй гэж тайлбарлаж байх боловч тэрээр итгэмжлэлд гарын үсэг зурж, баталгаажуулсан байна.

Гуравдагч этгээд М.Т нь миний бие зээлийн гэрээ байгуулагдах үед 16 насанд хүрсэн байсан, Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.1-д зааснаар би өөрийн хөрөнгийг үзэмжээрээ захиран зарцуулах, бие даан хэрэгжүүлэх эрхтэй, хэн нэгэн намайг төлөөлөх үндэслэлгүй байсан гэж байх боловч тэрээр мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар гэрээ байгуулагдах үед насанд хүрээгүй буюу иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай иргэн байсан байх тул үл хөдлөх эд хөрөнгийн хувьд хуулийн 16.3-т зааснаар хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрөлгүйгээр бие даан хэрэгжүүлэх эрхэд хамаарахгүй юм.

Өөрөөр хэлбэл М.Тийн өмнөөс түүний эцэг М.Митгэмжлэлд төлөөлөн гарын үсэг зурсан нь хуульд нийцэж байна.

Эдгээрээс үзвэл хуулийн дагуу олгогдсон итгэмжлэлийн үндсэн дээр барьцааны гэрээ байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул зохигчдын хооронд байгуулсан Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангажээ.  

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй”, 159 дүгээр зүйлийн 159.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана”, 174 дүгээр зүйлийн 174.1-д “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй”, 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс зээлийн гэрээний үүрэг, бусад зардалд 15,811,005.6 төгрөгийн шаардлага болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт гаргуулах, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтээсээ татгалзсан болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дүгээр зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч М.Моос зээлийн гэрээний үүрэг, бусад зардалд нийт 15,811,005.6 /арван таван сая найман зуун арван нэгэн мянга таван төгрөг зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ХБ” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 8,630,296.4 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч М.Мнь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Ч.Г, М.Т нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, *** тоот, улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн, 38 мкв талбайтай, 3 өрөө орон сууцыг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 420,557 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Моос улсын тэмдэгтийн хураамжид 307,205 /гурван зуун долоон мянга хоёр зуун тав/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ХБ” ХХК-д олгосугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ЭНХЖАРГАЛ