Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2022/00655

 

 

2022 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2022/00655

 

 

 

Б.Итгэлийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 184/ШШ2021/03185 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 00418 дугаар магадлалтай,

Б.Итгэлийн нэхэмжлэлтэй,

Монгол транс ХХК-д холбогдох

 

95,191,111 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Намсрайжав /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ганбат, хариуцагчийн өмгөөлөгч Д.Урантогос нар танхимаар, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Итгэл нь хариуцагч Монгол транс ХХК-д холбогдуулан 95,191,111 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 184/ШШ2021/03185 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8, Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.11, 46.16, 47 дугаар зүйлийн 47.2-т заасныг тус тус удирдлага болгон Монголтранс ХХК-иас 37,749,999 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Итгэлд олгож, нэхэмжлэлийн үлдэх 57,441,112 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 793,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Монголтранс ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 346,699 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Итгэлд олгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 00418 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2021/03185 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.16 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Монгол транс ХХК-аас 85,499,999 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Итгэлд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,691,112 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтад 346,699 гэснийг 585,450 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.03.09-ний өдрийн 00418 дугаартай магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.3-т заасан үндэслэлээр гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлал нь Иргэний хууль болон Компанийн тухай хуулийн зарим зүйл заалтыг эрх зүйн үндэслэлгүй буруу тайлбарлан хэрэглэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн нь хариуцагчийн эрхийг зөрчсөн шийдвэр гарсан болно. Магадлалын үндэслэх хэсэгт Хариуцагч тал гэрээгээр тохирсон хугацаанд хувьцааны үнэ төлөх үүргээ биелүүлээгүй шалтгаанаа компанийн гүйцэтгэх удирдлага Д.Дэлгэрбалтай холбон тайлбарлажээ. Хэргийн баримтаас үзвэл Монгол транс ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Элбэгдаваа улсын бүртгэлд бүртгэгдсэн, энэ бүртгэлд өөрчлөлт ороогүй байна. Иймд тус компанийн гүйцэтгэх удирдлагатай холбоотой дотоод асуудал нь талуудын гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн алданги төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Анхан шатны шүүх анзын хэмжээг илт их гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байхад алдангийг багасгаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцээгүй, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ гэжээ. Энэ үндэслэл нь хууль хэрэглээний дараах алдаа гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. Давж заалдах шатны шүүхийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцээгүй гэсэн энэ үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэх дараах үндэслэлтэй байна. Тус компани нь 2020.01.15-ны өдрийн 15 тоот Ногдол хувь худалдан авах, төлбөр барагдуулах тухай Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор гэрээгээр тохирсон хувьцааны үнэ болох 500,000,000 төгрөгийг Б.Итгэлийн Худалдаа хөгжлийн банкан дахь 458024009 тоот дансанд шилжүүлэхийг гүйцэтгэх захирал Д.Дэлгэрбалд үүрэг болгож шийдвэрлэсэн. Гүйцэтгэх захирал Д.Дэлгэрбал дээрх тогтоолын дагуу хувьцаа худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг заасан хугацаанд төлж барагдуулаагүй байсан тул 2020.01.27-ны өдөр ажлын 3 хоногт багтаан төлбөрийг шилжүүлж, ТУЗ-д хариу мэдэгдэх тухай албан даалгавар хүргүүлсэн. Ингээд 2020.04.20-ны өдөр 1/4-20 тоот ТУЗ-ийн тогтоолоор Гүйцэтгэх захирал Д.Дэлгэрбалыг 2020.04.23-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж Гүйцэтгэх захирлаар У.Солонгыг томилсон болно. Компанийн зүгээс Д.Дэлгэрбалд 2020.05.01-ний өдөр шинээр томилогдсон гүйцэтгэх захиралтай ажил хүлээлцэх, компанийн тамга тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээ, холбогдох бичиг баримтыг 5 дугаар сарын 06-ны өдрийн дотор хүлээлгэж өгөх талаар мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд компанийн тамга тэмдэг, холбогдох бичиг баримт хүлээлгэж өгөхгүй байсан тул өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд 2020.05.07-ны өдөр ажлын байрыг хүлээн авах тухай комисс томилж, ажил хүлээлцэх комисс тэмдэглэл хөтлөн баримтжуулж тамга тэмдэг, холбогдох бичиг баримтаа авч гүйцэтгэх захирал У.Солонгод хүлээлгэж өгсөн. 1.2 Тус компани нь У.Солонгыг гүйцэтгэх захирлаар томилсон тул 2020.05.07-ны өдөр 8 тоот Худалдаа хөгжлийн банканд гарын үсэг солих тухай албан тоот хүргүүлсэн бөгөөд тус банк нь Гүйцэтгэх захирал У.Солонго нь Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлж Улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулаагүй байгаа тул данснаас зарлагын гүйлгээ хийх боломжгүй гэдгийг мэдэгдсэн. Ингээд гарын үсэг солихгүй Худалдаа хөгжлийн банк тус компанийн данснаас гүйлгээ хийхгүй байсан тул 2020.05.21-ний өдрийн 08 тоот Улсын бүртгэлийн ерөнхий газарт Гүйцэтгэх удирдлагын өөрчлөлтийг бүртгүүлэх тухай албан бичиг хүргүүлсэн бөгөөд улсын бүртгэгч Э.Эрдэнэбилэг 2020.05.26-ны өдөр компанийн гүйцэтгэх захирлыг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан. Манай компани дээрх шийдвэрт 2020.06.10-ны өдөр Улсын бүртгэлийн газарт гомдол гаргасан бөгөөд улмаар Гүйцэтгэх захирал У.Солонго Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгч Э.Эрдэнэбилэгийн 2020.05.26-ны өдрийн 200520022 дугаар улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах, Монгол транс ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг улсын бүртгэлд бүртгэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Монгол транс ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар У.Солонго намайг улсын бүртгэлд бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, 128/ШШ2020/0594 тоот Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр зэрэг бичгийн нотлох баримтаар хангалттай тогтоогдож байгаа болно. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Хувьцаа худалдах, худалдан авах гэрээнд заагдсан төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай, гэрээний үүргээ сайн дураар биелүүлэхээс татгалзсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэн шийдвэрлэсэн нь эрх зүйн үндэслэлтэй болсон. Энэ талаар анхан шатны шүүх Хувьцаа худалдах, худалдан авах гэрээнд заагдсан төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай, гэрээний үүргээ сайн дураар биелүүлэхээс татгалзсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна, ...Иймд дээрх үндэслэлээс гадна гэрээний хугацаа цар тахал Ковид-19-ийн улмаас Засгийн газраас тогтоосон хязгаарлалтын хүрээнд хамаарч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасныг баримтлан хэргийн нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэгчийн алдангид нэхэмжилсэн 55,500,000 төгрөгийн шаардлагыг 50 хувиар тооцон багасгаж хариуцагчаас 27,750,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр болсон.

Магадлалын үндэслэх хэсэгт Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2020 оны ногдол ашигт 20,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдож байна... мөн өөрийн эзэмшлийн хувьцааг худалдсан үнийг авах хүртэл буюу 2020.09.01-ний өдөр хүртэл хугацаанд хувьцаа эзэмшигчийн хувиар тус компанийн үйл ажиллагаанд оролцож байсан үйл баримтууд тогтоогдож байх тул Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.16 дахь хэсэгт зааснаар 2020 оны ногдол ашиг шаардах эрхтэй. Нэхэмжлэлийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь дээрх хуулийн зохицуулалтад нийцнэ. гэжээ. Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хууль хэрэглээний хувьд хоёр үндсэн алдаа гаргасан гэж үзэх үндэслэлтэй. Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.16 дахь заалт бусдад хувьцаагаа шилжүүлсэн тохиолдолд ногдол ашиг авах эрхийг зохицуулсан байна. Энэ тохиолдолд Б.Итгэл нь хувьцаагаа компанид худалдсан тэр хувьцаа нь ногдол ашиг тооцогдохгүй байхаар Компанийн тухай хуульд заасныг анхаарч үзээгүй. Ногдол ашиг хуваарилах өмнөх оныход хамаарах эрхийг дараа жилийн хуваарилагдах ногдол ашигт хамааруулсан нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, дээрх хувьцаа эзэмшигчдийн хурлаар 2019 оны ногдол ашигт 99,999,999 төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд хуваарилахаар шийдвэрлэсэн. Энэ талаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн мэдээгүйдээ бус нөлөөнд автсан гэж үзэх үндэслэлтэй. Учир нь Б.Итгэлийн төрсөн дүү Б.Ундрах УДШ-ийн шүүгчээр ажилладаг /өдгөө ШЕЗ-ийн гишүүн/ мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Намсрайжав УДШ-д олон жил хамт ажиллаж байсан. Тиймээс шийдвэрийг зориуд өөрчлөн нэхэмжлэгчид ашигтай шийдвэрлэсэн гэж хардах үндэслэлтэй байна. Тэгэхээр анхан шатны шүүхийн ..."Монгол транс ХХК нь Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын 2021.05.22-ны өдрийн 02 дугаартай тогтоолоор 222,222,222 төгрөгийг ногдол ашигт хуваарилахаар шийдвэрлэж, хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгийг 2021 оны 5 сард багтаан олгохоор шийдвэрлэсэн байна. Энэхүү тогтоол гарч хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилахаас өмнө талуудын хооронд байгуулагдсан 2020.01.13-ны өдрийн 002 дугаартай Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үүрэг дуусгавар болсон, гэрээний төлбөрийг бүрэн төлж дуусгасан байна. гэж дүгнэн 2020 оны ногдол ашиг 20,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Өөрөө хэлбэл, Компанийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т Компани эргүүлэн худалдаж авсан өөрийн хувьцаанд ногдол ашиг хуваарилахгүй гэж заасны дагуу гэрээний төлбөрийг төлж, Б.Итгэлийн 1 багц хувьцааг компани эргүүлэн авсан тул 2020 оны ногдол ашиг хуваарилахгүй гэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй юм.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь хэргийн бичгийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүй санаатайгаар хайхрамжгүй хандсан, хэргийн материалтайгаа танилцаагүй зэрэг хуулийг зөрүүтэй тайлбарлаж Иргэний хууль, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтуудыг зөрчсөн үзэл санааг илэрхийлжээ. Дээр дурдсан тайлбар, үндэслэлүүдийг харгалзан хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзэх үндэслэлтэй байгаа тул хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авч, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.03.09-ний өдрийн 00418 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.11.30-ны өдрийн 184/ШШ2021/03185 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсье гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Нэхэмжлэгч Б.Итгэл нь хариуцагч Монгол транс ХХК-д холбогдуулан хувьцаа худалдах-худалдан авах гэрээний алдангид 55,500,000 төгрөг, 2019 оны ногдол ашиг 11,111,111 төгрөг, 2020 оны ногдол ашигт 20,000,000 төгрөг, хувьцаа эзэмшигч нарт сар бүр олгодог тэтгэмж буюу цалинд 8,580,000 төгрөг, нийт 95,191,111 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

6. Анхан шатны шүүх ...хариуцагчийг хувьцаа худалдах-худалдан авах гэрээнд заагдсан төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай, гэрээний үүргээ сайн дураар биелүүлэхээс татгалзсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэх үндэслэлтэй, гэрээний хугацаагаа хэтрүүлсэн хугацаанд төлбөр төлөх боломжгүй нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэгч Б.Итгэлд төлбөр төлөгдөх хүртэл хугацаанд буюу 2020.09.01-ний өдөр хүртэл хугацаанд 660,000 төгрөгийг сар бүр тогтмол олгож байсан, гэрээний хугацаа цар тахал Ковид-19-ийн улмаас Засгийн газраас тогтоосон хязгаарлалтын хүрээнд хамаарч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн алдангид нэхэмжилсэн 55,500,000 төгрөгийн шаардлагыг 50 хувиар тооцон багасгаж, хариуцагчаас 27,750,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэж, алданги гаргуулах шаардлагын зарим хэсгийг хангасан.

 

Түүнчлэн нэхэмжлэгч Б.Итгэл Монгол транс ХХК-ийн 2019 оны ногдол ашгаас өөрт ногдох хэсгийг шаардах эрхтэй буюу Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.16-д Хувьцаа эзэмшигч ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалт гаргах өдрөөс ногдол ашиг төлөх өдөр хүртэл хугацаанд өөрийн эзэмшлийн хувьцааг бусдад шилжүүлсэн бол ногдол ашиг авах эрх нь тэдгээрийн хооронд байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол уг хувьцааны хуучин эзэмшигчид үлдэнэ гэж зааснаар компанийн 2019 оны ногдол ашиг 9,999,999 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна гэж шүүх дүгнэж, энэ хэсгээр хангаж шийдвэрлэсэн. Харин 2020 оны ногдол ашиг 20,000,000 төгрөг гаргуулах, 2020.09.01-ний өдрөөс 2021.11.01-ний өдөр хүртэл хувьцаа эзэмшигчдэд сар бүр олгодог цалин, урамшуулал 8,580,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон буюу хариуцагч Монгол транс ХХК-аас 37,749,999 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Итгэлд олгож, нэхэмжлэлийн үлдэх 57,441,112 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

7. Давж заалдах шатны шүүх хариуцагч Монгол транс ХХК-аас 85,499,999 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Итгэлд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,691,112 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулсан байна.

 

...анхан шатны шүүх анзын хэмжээг илт их гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байхад алдангийг багасгаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцээгүй, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг буруу хэрэглэсэн тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцнэ гэж дүгнэн алдангид шаардсан 55,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэжээ.

Түүнчлэн ..нэхэмжлэгч нь Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.16 дахь хэсэгт зааснаар 2020 оны ногдол ашиг шаардах эрхтэй буюу Б.Итгэл нь 20,000,000 төгрөгөөр шаардлагаа тодорхойлсон тул уг хэмжээгээр тооцон нэхэмжлэлийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь дээрх хуулийн зохицуулалтад нийцнэ гэж дүгнэсэн байна.

 

8. Хэргийн баримтаас үзэхэд талууд 2020.01.13-ны өдөр Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ байгуулж, худалдагч Б.Итгэл нь Монгол транс ХХК-ийн 7,27 хувийн эзэмшлийн нийт 1 багц хувьцааг бүхэлд нь 500,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч Монгол транс ХХК нь гэрээ байгуулснаас хойш ажлын 5 хоногт багтаан үнийг төлөх, төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,05 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр харилцан тохиролцсон байна. Мөн 2020.01.14-ний өдөр Компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулж, 1991.11.28-ны өдөр байгуулагдсан Монгол транс ХХК-ийн 7.27 хувийн хувьцаанд ногдох эрх, үүргийг шилжүүлэхээр тохиролцсон, Монгол транс ХХК нь гэрээгээр тохиролцсон 1 багц хувьцааны үнэ болох 500,000,000 төгрөгийг 2020.09.01-ний өдөр нэхэмжлэгч Б.Итгэлийн данс руу шилжүүлсэн, үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

 

9. Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний танхимын нийт шүүгчийн 2022.04.29-ний өдрийн хуралдаанаар хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

 

10. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв.

 

11. Хариуцагч Монгол транс ХХК нь гэрээний үүргээ 2020.09.01-ний өдөр гүйцэтгэж гэрээнд заасан хугацааг 222 хоногоор хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгч Б.Итгэл нь уг хугацаагаар тооцож алданги шаардах эрхтэй, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн гомдлыг хангасан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн тул хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан ...Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасныг баримтлан хэргийн нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэгчийн алдангид нэхэмжилсэн 55,500,000 төгрөгийн шаардлагыг 50 хувиар тооцон багасгаж хариуцагчаас 27,750,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэсэн гомдлыг хангахгүй.

 

12. Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.16 дахь заалт бусдад хувьцаагаа шилжүүлсэн тохиолдолд ногдол ашиг авах эрхийг зохицуулсан, ...Б.Итгэл нь хувьцаагаа компанид худалдсан тэр хувьцаа нь ногдол ашиг тооцогдохгүй байхаар Компанийн тухай хуульд заасныг анхаарч үзээгүй. Ногдол ашиг хуваарилах өмнөх оныход хамаарах эрхийг дараа жилийн хуваарилагдах ногдол ашигт хамааруулсан нь үндэслэлгүй юм. ... хувьцаа эзэмшигчдийн хурлаар 2019 оны ногдол ашигт 99,999,999 төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд хуваарилахаар шийдвэрлэсэн. ...Компанийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т Компани эргүүлэн худалдаж авсан өөрийн хувьцаанд ногдол ашиг хуваарилахгүй гэж заасны дагуу гэрээний төлбөрийг төлж, Б.Итгэлийн 1 багц хувьцааг компани эргүүлэн авсан тул 2020 оны ногдол ашиг хуваарилахгүй гэсэн хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын энэ хэсгийг хангах үндэслэлтэй байна. Талууд 2020.01.13-ны өдөр Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ байгуулж, худалдагч Б.Итгэл нь Монгол транс ХХК-ийн 7,27 хувийн эзэмшлийн нийт 1 багц хувьцааг бүхэлд нь 500,000,000 төгрөгөөр компанидаа худалдсан, нэхэмжлэгчийн 2019 оны ногдол ашиг гаргуулах шаардлагыг шүүхээс хангасан байх тул Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.16, 47 дугаар зүйлийн 47.2-т заасан үндэслэлээр 2020 оны ногдол ашгийг шаардсан шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 

 

 

13. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 00418 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын 85,499,999 төгрөг гэснийг 65,499,999 төгрөг гэж, 9,691,112 төгрөгт гэснийг 29,691,112 төгрөгт гэж, 585,450 гэснийг 485,449 гэж тус тус өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 585,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД