Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2017/0590

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, шүүгч Л.Өлзийжаргал нарын шүүх бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Иргэн Т.Г

Хариуцагч: С дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар.

Гуравдагч этгээд: Иргэн Ч.Ч, С.М, Т.А, Ч ББСБ

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2010 оны 321 дүгээр захирамж болон С дүүргийн Засаг даргын 2010 оны 15 дугаар захирамжийн Ч.Ч-д холбогдох хэсэг, Ч.Ч, С.М, Т.А нарын нэр дээр бүртгэсэн улсын бүртгэл болон Ч.Ч-ийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0 дугаар гэрчилгээ, С.М-ийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0 дугаар гэрчилгээ, Т.А-ын газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0 дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц, хариуцагч С дүүгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л, гуравдагч этгээд С.М, Т.А, Ч ББСБ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Т.Г миний бие нь 2003 оноос эхлэн хуучнаар С дүүргийн 1ны Алтайн 23 дугаар гудамжны 7г /одоогийн албан ёсны хаяг нь С дүүргийн ********************* болж өөрчлөгдсөн/ тоотод амьдарч ирсэн бөгөөд удаа дараа уг газрыг эзэмших хүсэлтээ өгч байсан боловч тухайн үед уг газар нь хэвгий гуу жалга байсны улмаас үер усны аманд газар эзэмшүүлэх эрх олгохгүй гэх шалтгаанаар миний өргөдлийг хүлээн авдаггүй байсан.

Ингээд би 2006 оноос хойш уг газрыг өөрийн хөрөнгөөр засан сайжруулж, 20 машин шороо зөөж авчран асгаж жалгыг тэгшлэн өндөрлөсөн бөгөөд уг асгасан шороо нь нягтаршин доош суусан тул 2010 онд дахин 15 машин шороо асгаж өндөрлөж тэгшилсэн. Гэтэл миний удаа дараагийн газар эзэмших хүсэлтийг хүлээн авч байгаагүй хирнээ бидний өөрсдийн хүч хөрөнгөөр засан сайжруулж хүн амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлэн 2003 оноос одоог хүртэл амьдарч ирсэн газрыг Ч.Ч гэх этгээд миний нэрийг барин манай хороон дээр очиж миний өмнөөс хаяг авч хорооны Засаг даргад өргөдлөө өгсөн байх бөгөөд түүнийг хорооны Засаг дарга цааш С дүүрэгт цохон явуулж 2010 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн С дүүргийн Засаг даргын 15 дугаар захирамжаар Ч.Ч-д эзэмшүүлсэн байх бөгөөд түүнийг Нийслэлийн Засаг даргын 2010 оны 321 дүгээр захирамжаар Ч.Ч-д өмчлөх эрх олгосныг Ч.Ч нь С. М-д, С.М нь 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Т.А-д худалджээ. Энэ талаар дүүргийн газрын албанд хандаж гомдол гаргасан боловч дүүргийн газрын албанаас Нийслэлийн Засаг даргын захирамжаар Ч.Ч-д өмчлөх эрх олгосон байх тул манай албаны шийдвэрлэх асуудал биш байна, хуулийн байгууллагад хандаж шийдвэрлүүл гэсэн хариуг өгсөн. Иймээс 2010 оны Нийслэлийн Засаг даргын 321 дүгээр захирамж нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т газар өмчлөх эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчмыг алдагдуулсан мөн уг газрыг эзэмшүүлэхдээ Газар эзэмших ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам-ыг зөрчин олгосон байх тул Нийслэлийн Засаг даргын 2010 оны 321 дүгээр захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Т.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага түүний хууль зүйн үндэслэлдээ: ...Ч.Ч эзэмших эрхтэй болмогцоо Нийслэлийн Засаг даргад хандан өмчлөх эрхтэй болж, газраа С.М, Т.А нарт шилжүүлэн худалдсан байсан. Анх Ч.Ч-д газар эзэмших эрх олгосон дүүргийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг дарга нь огт судалгаагүйгээр газрын хууль бус наймааг дэмжсэн, хууль журам баримтлаагүй.

Иймээс анхнаасаа хууль журам зөрчиж газар эзэмших эрх олгосон С дүүргийн Засаг даргын 2010 оны 15 дугаар захирамжийг үндэслэн гарсан дараах захирамж болон газар өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Анх Ч.Ч-д газар эзэмших эрх олгосон С дүүргийн Засаг даргын 2010 оны 15 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын Ч.Ч-д газар өмчлөх эрх олгосон 2010 оны 321 дүгээр захирамжийг хүчингүй болгох, Ч.Ч-д газар өмчлөх эрх олгосон 0 дугаар, С.М-д газар өмчлөх эрх олгосон 0 дугаар, Т.А-д газар өмчлөх эрх олгосон 0 дугаар гэрчилгээнүүдийг хүчингүй болгож, миний өөрийнхөө хүч хөдөлмөрөөр сэргээн босгож 15 жилийн турш амьдарч байгаа газраа хууль ёсны дагуу эзэмшиж, өмчлөх эрхтэй болох боломж нөхцөлөөр хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч С дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч Т.Г нь 2003 оноос хойш С дүүрэг, *******,*******,******* хашаанд амьдарч ирсэн гэх боловч******* нэгж талбарын дугаар бүхий газрыг сансрын агаарын зурагтай давхцуулсан зургаас үзэхэд Т.Г нь 2010 онд маргаан бүхий газар амьдарч байгаагүй нь тодорхой байна. Маргаан бүхий газрыг өмчлөх өргөдлөө удаа дараа өгч байсан гэх боловч С дүүргийн *******ны Засаг дарга нь Т.Г-ийг ямар нэгэн хүсэлт гаргаж байгаагүй болохыг албан бичгээр мэдэгдсэн. Нэхэмжлэгчийн амьдарч байгаа гэх С дүүргийн *******,*******,******* хаягтай, нэгж талбарын******* дугаар бүхий газрыг иргэн Ч.Ч нь 2010 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр эзэмших хүсэлт гаргасны дагуу Газрын тухай хуульд заасны дагуу дүүргийн Засаг даргын 2010 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 15 дугаар захирамжаар эзэмшүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...С дүүргийн ********************* хаягтай 356 м.кв газар нь манай мэдээллийн сан дахь газрын байршлын кадастрын зурагт иргэн Т.А-ын нэр дээр өмчлөгдсөн бөгөөд бусдын газартай ямар нэгэн давхцалгүй байна. Уг газрыг анх С дүүргийн Засаг даргын 2010 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 15 дугаар захирамжаар иргэн Ч.Ч-д эзэмшүүлснийг үндэслэж Нийслэлийн

 

Засаг даргын 2010 оны 321 дүгээр захирамжаар өмчлүүлсэн байна.

Иргэн Ч.Ч нь өөрийн өмчилсөн газраа бусдад шилжүүлснээр одоо манай мэдээллийн санд иргэн Т.А-ын нэр дээр бүртгэлтэй байна. Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр Т.Г-т маргаан бүхий уг газрыг эзэмших, өмчлөх эрх үүсээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... С дүүргийн **************ны******* /хуучин хаягаар 1*******/-д байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 356 м.кв талбай бүхий газрыг Нийслэлийн Засаг даргын 2010 оны 321 дүгээр захирамжаар өмчлүүлэх шийдвэр, нэгж талбарын******* дугаар бүхий газрын кадастрын зураг, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, газар өмчлөх эрхийг бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг үндэслэн 2011 оны 06 дугаар сарын 27-ны өдөр иргэн Ч.Ч-ийн өмчлөлд эрхийн бүртгэлийн Г-******* дугаарт бүртгэж газар өмчлөх эрхийн 0 дугаар гэрчилгээг олгосон байна.

Улмаар уг газрын өмчлөх эрх 14 дугаартай нотариатчийн гэрчилсэн бэлэглэлийн гэрээгээр иргэн С.М-д 2011 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 246 дугаар нотариатчийн гэрчилсэн газар худалдан авах гэрээгээр С.М-с иргэн Т.А-д 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр тус тус шилжэн бүртгэгдсэн. Ийнхүү өмчлөх эрх шилжин бүртгэснээс Ч.Ч-д олгосон 0, иргэн С.М-д олгосон 0 дугаар бүхий газар өмчлөх эрхийн гэрчилгээнүүд тус тус хүчингүй болсон. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн архивт хадгалагдаж байгаа бөгөөд иргэн Т.А-д олгосон 0 дугаар газар өмчлөх эрхийн гэрчилгээг хүчин төгөлдөр байгаа болно. Иргэн Т.А нь уг газраа барьцаалан 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Ч ББСБ-ийн барьцаат зээлийн гэрээ бүртгүүлсэн байх тул бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах саналтай байна. Дээрх бүртгэлүүд нь холбогдох хууль тогтоомж, журмыг баримтлан хуульд заасны дагуу эрх бүхий этгээдийн шийдвэр, гэрчилсэн гэрээ зэрэг нотлох баримтуудын үндсэн дээр хийгдсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Ч.Ч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Б дүүрэг, *******,******* тоотод оршин суугч Ч.Ч миний бие С дүүргийн нутаг дэвсгэрт 1******* тоот газрыг 2010 онд хорооны Засаг дарга болон газрын албаны холбогдох албан тушаалтантай хамт очиж биечлэн үзүүлж, кадастрын зургийг шүүлгэж эзэнгүй хоосон газар болохыг тогтоосон.

Үүний үндсэн дээр 1ны Засаг даргаар цохолт хийлгэж хууль ёсны дагуу бичиг баримтаа бүрдүүлж С дүүргийн газрын албанд хүсэлтээ өгсний дагуу 2010 оны 02 дугаар сарын 04-ний өдөр С дүүргийн Засаг даргын 15 тоот захирамжаар 356 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмших гэрчилгээ олгосон. Улмаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх хуульд заасны дагуу бичиг баримтаа бүрдүүлж, нийслэлийн газрын албанд өгч нийслэлийн Засаг даргын 2010 оны 321 дүгээр захирамжаар уг газрыг надад өмчлүүлэх шийдвэр гарч өөрийн өмчлөлд авсан.

Миний бие амьдралын шаардлагаар 2011 оны 07 дугаар сард С.М-д өмчлөлөө шилжүүлсэн. Тухайн газрыг 2010 онд анх авахад болон 2011 онд С.М-д шилжүүлэхэд хоосон газар байсан.

Мөн Ч.Ч миний бие хэн нэгэн хүний нэрийг хуурамчаар ашигласан зүйлгүй, хууль журмын дагуу авсныг холбогдох бичиг баримтууд нотолно. Иймд энэхүү асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд С.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Иргэн Ч.Ч-с 2011 оны 06 дугаар сард С дүүргийн 1******* хашааг худалдан аван бөгөөд худалдаж авахад газрын гэрчилгээ болон бусад бичиг баримт нь хууль ёсны дагуу бүрэн байсан ба тухайн газар дээр айл хашаа хороо байгаагүй хоосон газар байсан. 2011 оны 10 дугаар сард тухайн худалдаж авсан газар дээр айл буусан байхаар нь эхнэр Н.С-ын хамт очиж газар өмчлөх гэрчилгээ кадастрын зураг зэрэг холбогдох бичиг баримтаа үзүүлэн газар чөлөөлж өгөхийг хүсэхэд эрс эсэргүүцсэн. Тухайн үед очиход уг газар дээр нэг буланд нь жорлон ухсан, 2-3 машин шороо асгасан байдалтай байсан. Ингээд мөнгөний хэрэгцээ гарсан тул 2013 оны 08 дугаар сард Т.А-д худалдсан.

Иймд хууль ёсны дагуу уг газар нь Т.А-ын өмчлөлд шилжих ёстой гэж үзэж байгаа тул үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Т.А нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Нийслэлийн Засаг даргын 2010 оны 321 дүгээр захирамжаар С дүүргийн тоот 356 м.кв газрыг иргэн Ч.Ч-д өмчлүүлэх шийдвэр гарсан байна.

Ч.Ч 2011 оны 06 дугаар сарын 27-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар хүсэлт гаргасны дагуу нотлох баримтын бүрдэл шаардлага хангасан тул Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1, Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар бүртгэл хийгдэн өмчлөх эрхийн Г-******* дугаарт бүртгэн өмчлөх эрхийн 0 дугаар гэрчилгээ олгосон байна. Улмаар 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 14 дугаартай нотариатын гэрчилсэн Бэлэглэлийн гэрээгээр Иргэний хуулийн 271, 276 дугаар заалтыг үндэслэн О.М-д өмчлөх эрх шилжигдэн бүртгэгдэн 0 тоот гэрчилгээ олгогдсон байна. Үүний дараагаар 2013 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 246 дугаартай нотариатын гэрчилсэн Худалдах худалдан авах гэрээгээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дүгээр заалтыг үндэслэн иргэн Т.А-д өмчлөх эрх шилжин бүртгэгдэж 0 дугаар гэрчилгээ олгогдсон байна. Уг гэрээний хамт Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 6/48 тоот тогтоолыг хавсарган хаягийн өөрчлөлтийн материалыг өгч С дүүргийн **************ны******* гэсэн бүртгэлийг бүртгүүлсэн байна.

Т.Г нь Газрын алба болон холбогдох байгууллагад албан ёсоор энэ газрыг өмчлөх талаар хүсэлт гаргаж байгаагүй. Мөн бусдын өмчлөлийн газар чөлөөлж өгөхгүй маш их хүндрэл учруулж байгаагаас Т.А нь хууль ёсны өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй өнөөдрийг хүртэл хохирч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуульд заасан журмын дагуу захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэгч Т.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Т.Г тус шүүхэд Нийслэлийн Засаг даргын 2010 оны 321 дүгээр захирамж болон С дүүргийн Засаг даргын 2010 оны 15 дугаар захирамжийн Ч.Ч-д холбогдох хэсэг, Ч.Ч, С.М, Т.А нарын нэр дээр бүртгэсэн улсын бүртгэл[1] болон Ч.Ч-гийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0 дугаар гэрчилгээ, С.М-ийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0 дугаар гэрчилгээ, Т.А-ын газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0 дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...өөрийн хүч хөдөлмөр, хөрөнгөөр хүн амьдрах боломжтой болгосон, газар эзэмших хүсэлтээ өгч байсан боловч үерийн аманд газар эзэмших эрх олгохгүй гэх шалтгаанаар миний хүсэлтийг хүлээж авдаггүй байсан атлаа гуравдагч этгээдэд Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж дүүргийн С дүүргийн Засаг дарга эзэмшүүлсэн нь хууль бус бөгөөд уг захирамжийг үндэслэж Нийслэлийн Засаг даргаас газрыг өмчлүүлсэн болон улсын бүртгэлийн газраас үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ олгосон нь хууль бус... гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлон маргаж байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд гуравдагч этгээд иргэн Ч.Ч нь 2010 оны 01 дүгээр сарын 25-нд С дүүргийн газрын албанд хандаж тус дүүргийн 1ны тоотод газар эзэмших хүсэлт гаргасныг хүлээн авч С дүүргийн Засаг даргын 2010 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 15 дугаар захирамжаар мөн дүүргийн 1, тоотод амины хашааны зориулалтаар 356 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар иргэн Ч.Ч-д эзэмшүүлэн, 0 дугаар гэрчилгээ[2] олгож, улмаар иргэн Ч.-аас 2010 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр уг газраа өмчилж авахыг хүсэж өргөдөл гаргасныг үндэслэн[3] Нийслэлийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 321 дүгээр захирамжаар[4] өмчлүүлсэн нь тогтоогдож байна.

Захиргааны хэргийн шүүх нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэдэг.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4 дэх хэсэгт зааснаар газрыг зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх бөгөөд хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглосон юм.

Нэхэмжлэгч Т.Г нь 2003 оноос эхэлж дүүргийн газрын албанд газар эзэмших хүсэлтээ удаа дараа гаргаж байсан, үерийн аманд газар эзэмшүүлэхгүй гэсэн хариу өгдөг байсан гэх боловч ийнхүү хүсэлт гаргасан нь баримтаар нотлогдохгүй байх тул хариуцагч байгууллагын хууль бус ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэхгүй юм.

Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2-т зааснаар иргэн газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу овог, нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг, газар эзэмших зориулалт, хугацаа зэрэг зүйлсүүдийг заавал тусган гаргах бөгөөд захиргааны байгууллага, албан тушаалтан хүсэлтийг хүлээн авч ямар ажиллагаа хийхийг нарийвчлан зохицуулжээ.

Мөн нэхэмжлэгч нь тухайн засан сайжруулсан, амьдарч байсан гэх газраа хуулийн дагуу эзэмших тухай хүсэлтээ зохих журмын дагуу гаргаж байсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд үүнийгээ хариуцагч байгууллага хүлээн авдаггүй байсан гэх боловч захиргааны байгууллага нь иргэдээс гаргаж буй өргөдөл хүсэлтийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй ба Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-д гаргасан өргөдөл, гомдлынхоо хариуг авах гэж иргэний эрхийг, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т харьяаллын дагуу ирсэн өргөдөл, гомдлыг заавал хүлээн авах гэж төрийн байгууллагын үүргийг заасан бөгөдө иргэн Т.Г хуульд заасан эрхээ зохих журмын дагуу хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэл бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т Шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлэх нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг гаргаж өгөх, энэ талаар хүсэлт гаргах эрхийг хязгаарлахгүй., 32 дугаар зүйлийн 32.3-т Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй., 32.8-д Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй. гэж тус тус зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох үүрэгтэй юм.

Зөвхөн хорооны үйлчлэгчээр ажиллаж байсан гэх иргэний өгсөн гэрчийн мэдүүлгээр хариуцагч захиргааны байгууллагад газар эзэмших хүсэлтээ гаргаж байсан энэ нь хуульд нийцсэн гэж үнэлэн дүгнэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч маргаан бүхий хаягт бүртгэлтэй, өрхийн бүртгэлийн дэвтэрт бичигдсэн боловч эдгээр баримтуудыг үндэслэж Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д Хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн газрыг эзэмшүүлж болно гэж заасны нэхэмжлэгчид газар эзэмших дагуу давуу эрх түрүүлж үүсэх хуулийн шаардлага хангагдсан гэж үзэхээргүй бөгөөд нөхөн сэргээсэн гэдэг нь баримтаар тогтоогдохгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь маргаан бүхий газарт 2003 оноос эхлэн гэр барин амьдарч байсан гэх боловч Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1/85 дугаар албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн 2010 онд газрын мэдээллийн санд бүртгэгдсэн байдал болон 2010-2014 онуудын агаар, сансарын зурагтай давхцуулан ирүүлсэн зураг, Газрын зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 1/577 дугаар албан бичгээр ирүүлсэн 2005 оны агаарын зургийг 2010 оны сансарын зурагтай давхцуулан ирүүлсэн байдлаас үзэхэд дээрх амьдарч байсан гэх байдал тогтоогдохгүй байна.

Хэдийгээр С дүүргийн 2010 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 22 дугаар тогтоолоор баталсан боловч нэхэмжлэгч газар эзэмших хүсэлтээ хуульд заасан журмын дагуу гаргаж байгаагүй байх тул хариуцагч дүүргийн Засаг даргын 2010 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 15 дугаар захирамжийн улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхгүй юм.

Иргэн Ч.Ч 2011 оны 06 дугаар сарын 27-ны өдөр өмчилж авсан газраа улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан мэдүүлэг, газар өмчлүүлэх шийдвэр, газрын кадастрын зураг, гэр хорооллын газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт зэргийг үндэслэн улсын бүртгэлийн байгууллага Г-******* дүгээрт бүртгэж Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0 дугаар гэрчилгээг Ч.Ч-д олгосон нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

2011 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Ч.Ч өөрийн өмчлөлийн дээрхи газрыг иргэн С.М-д шилжүүлсэн бэлэглэлийн гэрээ, мэдүүлэг, холбогдох бусад баримтыг үндэслэн С.М-ийн нэр дээр бүртгэн Г-******* дугаар гэрчилгээ, 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдөр иргэн С.М иргэн Т.А-тай Газар худалдан авах гэрээ байгуулж газраа 7,0 сая төгрөгөөр худалдсанаар С дүүргийн 1, тоот амины хашааны зориулалттай 356 м.кв газар нь Т.А-ын өмчлөлд бүртгэлтэй байх ба гуравдагч этгээд Т.А нь Ч ББСБ-тай 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн ҮХХ-03/016 дугаартай зээлийн гэрээг байгуулан барьцаанд нь дээрх газрыг барьцаалан гэрээг хийсэн нь улсын бүртгэлд бүртгүүлсэн хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Дээрх бүртгэлүүд нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл иргэн Ч.Ч-д С дүүргийн болон Нийслэлийн Засаг дарга газар эзэмшүүлж өмчлүүлсэн нь нэхэмжлэгч Т.Г-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчөөгүй, улсын бүртгэл хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2, 28 дугаар зүйлийн 28.1, 36 дугаар зүйлийн 36.1, 36.2 дахь хэсгийг тус тус баримтлан иргэн Т.Г-ийн Нийслэлийн Засаг даргын 2010 оны 321 дүгээр захирамж болон С дүүргийн Засаг даргын 2010 оны 15 дугаар захирамжийн Ч.Ч-д холбогдох хэсэг, Ч.Ч, С.М, Т.А нарын нэр дээр бүртгэсэн улсын бүртгэл болон Ч.Ч-гийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0 дугаар гэрчилгээ, С.М-ийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0 дугаар гэрчилгээ, Т.А-ын газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0 дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН

ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ