Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2018/00901

 

П.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

                                                                                        

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2018/00202 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: П.Э-ын нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Б.Т, Х.Н нарт холбогдох

 

Нотариатчийн олгосон өвлөх эрхийн 19, 21 тоот гэрчилгээг хүчингүй болгох, хууль ёсны өв залгамжлагч П.Э-ы өвлөх эрхийг сэргээлгэх, өв болох Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 61/2 дугаар байрны 7 тоот 3 өрөө орон сууц, 10 дугаар хороо, Нисэхийн 2 дугаар байрны 54 тоот 2 өрөө  сууцнуудын хууль ёсны өв залгамжлагчийн эрхийг сэргээлгэх, нас барагчийн банкинд төлөх ёстой байсан зээлийн үлдэгдэл төлбөрт төлсөн 19 324 450 төгрөгийг 4 өвлөгчид хувааж нэр бүхий 3 өвлөгчид ногдох 14 493 337 төгрөгийг өв залгамжлагч Б.Т-аас гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.И, хариуцагч Б.Т болон гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул оролцов.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.И шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Э нь Б-тэй 2006 онд гэр бүл болж, 2012 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бийн анхны эхнэр нь 2005 онд нас барсан. Бага хүү нь Б, П.Э нартай хамт амьдарч байсан. Хамтын амьдарлын хугацаанд бий болсон эд хөрөнгө нь нас барагчийн нэр дээр бүртгэлтэй байсан. Эдгээр хөрөнгийн хууль ёсны өвлөгч нь П.Э болон нас барагчийн 3 хүүхэд мөн.  Гэтэл өв залгамжлах эрхтэй 4 субъект байхад нотариатч зөвхөн Б.Тад 2015 оны 11 сард гаргасан өргөдлөөр гэрчилгээ олгосноор маргаан үүссэн. Б  2014.07.18-ны өдөр нас барснаар 2015.07.18-ны өдөр буюу 1 жилийн хугацаанд өвлөх, өв залгамжлалын гэрчилгээ авах асуудлаа тавих ёстой байсан. Гэтэл 2015 оны 12 дугаар сар гээд өдөр нь тавигдаагүй өргөдлийг үндэслэн нотариатч Х.Н нь 19, 21 тоот өв залгамжлагчийн гэрчилгээ олгожээ.  Өргөдлийг 2015 оны 12 сард гаргасан юм бол хуульд заасан 1 жилийн хугацаа өнгөрсөн, уг өв хүлээн авах хугацаа хэтрүүлснийг сэргээн тогтоосон ямар нэгэн шийдвэр хэрэгт байхгүй байна. Нотариатч Х.Н нь иргэний бүртгэлийн лавлагааг гаргуулсан бол 2012.02.10-ны өдөр н.Э нас барагчтай хууль ёсны гэрлэлтээ батлуулсаныг мэдэх байсан. Мөн үйлчлүүлэгчийн хувийн мэдээллийг тогтоохдоо түүний иргэний баримт бичгийг шалгаж, эрх бүхий байгууллагаас тодорхойлсноор тогтооно гэж заасан ажиллагаануудыг нотариатч хийгээгүй. Иймд өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү. П.Э нөхөр нь хүндээр өвчилсөн учраас Бийн нэр дээр зээл авч эмчилгээнд явсан. Уг зээлийг төлөхийн тулд Солонгос улсад ажиллаж ганцаараа 19 324 450 төгрөгийг төлсөн.  Хууль ёсны өв залгамжлагч нар нь хуульд зааснаар адилхан үүрэг хүлээх ёстой. П.Э-ы төлсөн дээрх төлбөрөөс өөрт нь ногдох хэсгээс тэнцүү хэмжээгээр 4 өвлөгчид хувааж, ногдох хэсгийг төлөх ёстой. Нэр бүхий 2 өвлөгч нь Америкт байдаг учраас Б.Т-д итгэмжлэл олгогдсон байгаа тул хариуцагчаар Б.Т-ыг татсан. Иймд П.Э-ыг өв залгамжлагчаар тогтоолгож, бусад 3 өвлөгчөөс тэнцүү хэмжээгээр зээлийн төлбөрийг гаргуулна, нотариатчийн үйлдэл хууль зөрчсөн нь тодорхой байгаа тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Х.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  2014 оны 07 сарын 18-ны өдөр нас барсан н.Б-ийн нас барсны гэрчилгээ, хамт амьдарч байсан хүмүүсийн хорооны тодорхойлолт, гэрлэлтийн баталгаа, н.Ц-тэй амьдарч байсан тухай лавлагаа, улсын бүртгэлийн газраас гэрлэлтийн байдал, бүртгэлийн лавлагаа, хамтран амьдардаг хүүхдүүдийн нэртэй хорооны тодорхойлолтыг үндэслэж Б.Т, Б.Б, Б.Т нарын материалуудыг нягталж авсны үндсэн дээр өв залгамжлах гэрчилгээг олгосон. Б.Т нь нотариатч дээр ирэхдээ ах, эгч Б.Т, Б.Б нарыг Америкт ажиллаж амьдардаг, улмаар гадаад хэргийн яамаар дамжуулан 2 байраа хэрхэн хувааж авахаа тохирсон гэж тайлбарласан.  Энэ үед П.Э-тай гэрлэлтээ батлуулсан нь лавлагаагаар гараагүй, Б.Т-ын авч ирсэн лавлагаагаар эхээс 3-лаа, ээж нь 2005 онд аав нь 2014 онд нас барсан, өвөө,эмээ зэрэг өв хүлээн авах хүмүүсийн нэрийг дурдсан байдаг. Өмнө нь Сүхбаатар дүүргийн нотариатад өв хүлээн авах тухай хүсэлтээ өгсөн байдаг. Аав нь П.Э-тай хамтран амьдарч байсныг Б.Т нуусан байна. Э-ы хамааралтай лавлагаа аваагүй болохоор мэдэгдээгүй. Нэгэнт маргаан үүссэн тул шүүхийн шийдвэрийг харна, өв залгамжлах гэрчилгээг хүчингүй болгосон тохиолдолд нэр бүхий 4 өвлөгч байгааг ойлгож байна” гэжээ.

 

Шүүх: Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсэгт зааснаар 2015.12.28-ны өдөр Б.Б, Б.Т нарт 19, 21 тоот өвлөх эрхийн гэрчилгээ олгосон Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч Х.Н-гийн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 535 дугаар зүйлийн 535.1, 535.2 дахь хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 61/2 дугаар байрны 7 тоот 3 өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 2 дугаар байрны 54 тоот 2 өрөө орон сууцны хууль ёсны өв залгамжлагч П.Э-ы өвлөх эрхийг сэргээж, хариуцагч Б.Т-аас 14 493 337 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Э-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.Т-аас 700 922 төгрөг, хариуцагч Х.Нгаас 70 200 төгрөг тус тус гаргуулж П.Э д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 700 922 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 70 200 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.Т-ын болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэх судлахад тэгш эрхтэй оролцоно гэсэн заалтыг ноцтой зөрчлөө. Нотлох баримтыг хавсарган хурал давхацсан шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасаар байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж дүгнэсэн. Шүүх асуудлыг шийдвэрлэхдээ нотлох баримтад үндэслэх заалтыг зөрчсөн. Шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг зөрчиж, иргэний хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг зөв үнэлж чадаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчилж, шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтыг хүчингүй болгож бусад агуулгыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч П.Э нь хариуцагч Б.Т, нотариатч Х.Н нарт холбогдуулан өвлөх эрхийн 19, 21 тоот гэрчилгээг хүчингүй болгох, хууль ёсны өв залгамжлагч П.Эы өвлөх эрхийг сэргээлгэх, өв болох Хан-уул дүүргийн 10 дугаар хороо, 61/2 дугаар байрны 7 тоот 3 өрөө сууц, мөн дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 2 дугаар байрны 54 тоот 2 өрөө сууц зэрэг хөрөнгүүдийг хууль ёсоор өвлөх эрхийг сэргээлгэх, өвлүүлэгчийн өрийг нэхэмжлэгч ганцаар төлсөн тул бусад 3 өвлөгчид ногдох үүрэг 14 493 337 төгрөгийг хариуцагч Б.Таас гаргуулахаар шаардсаныг хариуцагч Б.Т эс зөвшөөрч маргасан, нотариатч Х.Н “Б анхны эхнэрээ нас барсаны дараа дахин гэрлэсэн гэдгийг өв залгамжлагч Б.Т надаас нууж, хуурсан байна.” гэж тайлбарлажээ.

 

Н.Б 2014 оны 07 сарын 18-ний өдөр нас барж өв нээгдсэн, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар нас барагчийн эхнэр П.Э, төрсөн хүүхдүүд болох Б.Т, Б.Б, Б.Т нарын хууль ёсны өвлөгчид байгаа үйл баримт тогтоогджээ. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д хууль ёсны өв залгамжлагчдын хүрээг тодорхойлон заасан хэдий ч мөн хуулийн 528, 531 дүгээр зүйлүүдэд зааснаар өв хүлээн авах, хүлээн авахаас татгалзах, өвлөх эрхийн гэрчилгээ олгох зэрэг хуульд заасан журмыг хэрэгжүүлсний дараа хэн хэдий хэмжээгээр юу өвлөх эрхтэй, хэн нь өвлөх эрхээ алдсан нь тодорхой болох юм.

 

Анхан шатны шүүхээс нотариатын үйлдлийг хүчингүй болгосон нь зөв болжээ. Учир нь хариуцагч Б.Т нь 2015 оны 12 дугаар сард өвлөх эрхийн гэрчилгээ авахаар хүсэлт гаргахдаа хууль ёсны өвлөгчдийн талаархи мэдээллийг нотариатч Х.Н-д дутуу өгч, Нотариатын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 28.2.1-д заасан “нотариатын үйлдэл хийлгэх баримт бичгийг үнэн зөв бүрдүүлж өгөх үүргийг үйлчүүлэгч хүлээнэ” гэснийг зөрчсөнтэй холбоотойгоор нэхэмжлэгч буюу Н.Б-ийн эхнэр П.Э-ы эрх, ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

Нотариатч Х.Н нь үйлчлүүлэгчийн хувийн байдлыг бүрэн тогтоогоогүй, нотариатын үйлдэл хийхэд зайлшгүй шаардлагатай мэдээллийг иргэн, хуулийн этгээдээс шаардаж аваагүй, Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйл, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан журмын дагуу үйлдлээ хийгээгүй, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.1.6-д зааснаар нотариатч нотариатын үйлдэл хийхээс татгалзаж, зохих арга хэмжээг аваагүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. Иймд бусад өвлөгчдийн талаархи мэдээллийг тодруулахгүйгээр өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатчийн үйлдлийг Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дах хэсэг зааснаар сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүйд тооцсоныг зөв гэж үзнэ.

 

Нэхэмжлэгчийн дээрх нотариатын үйлдэлтэй холбоотой тайлбарыг хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар няцааж чадаагүй.

 

Бусад өвлөгчдийн талаархи мэдээллийг тодруулахгүйгээр өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатчийн үйлдлийг Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дах хэсэг зааснаар сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүйд тооцсоныг зөв гэж үзнэ.

 

Харин өвлөх эрхийн гэрчилгээнд заагдсан 2 үл хөдлөх хөрөнгийн өвлөх эрхийг сэргээсэн, хариуцагч Б.Т-аас үүргийг гаргуулж шийдвэрлэсэн нь буруу байна. Учир нь Иргэний хуульд зааснаар дээрх хөрөнгүүдийн хувьд адил тэнцүү өвлөх эрхтэй өвлөгч нар байж болохоос гадна бусад өвлөгчдийн эрх ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй байна.

 

Өвлөгч тус бүрийн өвлөх эд хөрөнгийн хэмжээ тодорхой болсны дараа Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.2 дах хэсэгт зааснаар нас барагчийн үүргийг хариуцах хувь тодорхойлох боломжтой болно.

 

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар нас барагчийн эхнэр буюу нэхэмжлэгч нь хууль ёсны өвлөгч байх тул түүнийг шүүхийн шийдвэрээр дахин өвлөгчөөр тогтоох буюу сэргээх шаардлагагүй юм.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн 2 дах хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй бөгөөд нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь цаашид талууд өвлөгдөх эд хөрөнгөтэй холбоотой эрх нь зөрчигдсөн тохиолдолд шаардлага гаргах эрхийг хөндөхгүй болно.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Б.Т-ын болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2018/00202 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтыг “Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 535 дугаар зүйлийн 535.1, 535.2 дах хэсэгт заасан үндэслэлгүй байх тул Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 61/2 дугаар байрны 7 тоот 3 өрөө орон сууц, 10 дугаар хороо, Нисэхийн 2 дугаар байрны 54 тоот 2 өрөө  сууцнуудын хууль ёсны өв залгамжлагчийн эрхийг сэргээлгэх, хариуцагч Б.Т-аас 14 493 337 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 3 дах заалтаас “хариуцагч Б.Т-аас 700 922 төгрөг” гэснийг хасч шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Б.Т-ын болон гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчилэн хангав.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Т-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 701 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                               ШҮҮГЧИД                                                      Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                     Ш.ОЮУНХАНД