Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Шаравын Оюунханд |
Хэргийн индекс | 181/2017/01943/И |
Дугаар | 210/МА2018/00902 |
Огноо | 2018-04-11 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 210/МА2018/00902
“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/00251 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч: “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: “Л” ХХК-д холбогдох
2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн №А/201518 тоот худалдах, худалдан авах гэрээний үүргээ зөрчсөнөөс үүссэн хохирол болох 40 868 015 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлтэй, гэрээнээс татгалзсаныг баталгаажуулж, 44 820 855 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.
Нэхэмжлэгч “Э” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Отгонбаяраас шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Л ХХК нь 2015 оны 06 сарын 24-ний өдөр “Э” ХХК-тай № А/201518 тоот худалдах- худалдан авах гэрээ байгуулж, Бэлхийн аманд баригдаж буй “Дөрвөн улирал” хотхоны хаусны гадна тохижилтын материалыг хариуцагч нийлүүлэх, нэхэмжлэгч нь хариу төлбөрт BMW Х5 /2012 он, 75 000 000 төгрөгийн үнэ бүхий/ маркийн автомашиныг өгөх үүргийг хүлээсэн. Гэрээгээр захиалгын нийт үнэ 75 000 000 төгрөг гэж тохиролцсон. “Э” ХХК нь гэрээний үүргээ биелүүлж BMW Х5 маркийн авто машиныг “Л” ХХК-ийн ажилтан Ц.Тын нэр дээр шилжүүлсэн. “Л” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй , “Э” ХХК-д 75 000 000 төгрөгийн хохирол учруулаад байна. Талуудын 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн худалдах худалдан авах гэрээний үүргийн зөрчилд 40 868 015 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, бараа материалаа дутуу нийлүүлсэн. Үлдэгдэл 40 868 015 төгрөгийн бараа материалын үнийг хохирол гэж нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч “Л” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э” ХХК нь 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн худалдах- худалдан авах гэрээгээр 2012 оны авто машин шилжүүлээгүй 2010 оны ашиглах боломжгүй машин шилжүүлсэн. Машины доголдлыг арилгаж өгөөгүй. Гэрээний дагуу 44 820 855 төгрөгийн материал авсан тухайгаа нэхэмжлэлд дурдаагүй байна. Эвдэрхий машинаа засч өгөөгүй тул 2017 оны 06 дугаар сарын 24-ний худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж байгаагаа мэдэгдэж баталгаат шуудангаар мэдэгдэл илгээсэн. Нэхэмжлэлийг гаргахдаа хариуцагчийн оршин суудаггүй хаягаар гаргасан байдаг. 44 сая төгрөгийн бараа авчхаад, машин чинь эвдэрхий байна гэсэн чинь “Э” ХХК хаяг, утсаа сольсон байдаг. Нэхэмжлэгч хаягаа нуусан нь нэхэмжлэлийг буцаах нөхцөл байдал бий болсон байна. Нэхэмжлэлийг зөвшөөрөх боломжгүй учир нь бүрэн бүтэн байдлаар нь машиныг хүлээлгэж өгөөгүй. Гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан тухайд гэвэл нэхэмжлэгч компани хаяг тодорхойгүй болсон. Бид хаяг тодорхой болсон даруйд шаардах эрхээ хэрэгжүүлж байна. Хариуцагч тал машин эвдэрхий байсан болон бараагаа бүрэн нийлүүлсэн гэдгээ нотолж байна. Мөн машин нь 75 000 000 төгрөгийнх биш 51 00 000 төгрөг гэдгийг шинжээчээр дүгнүүлэхэд нэхэмжлэгч гомдол гаргаагүй нь 51 000 000 төгрөгийн машин гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөн үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага 45 000 000 төгрөгөөр БМБ Икс/Х5/ машин худалдан авсан гэдэг. Худалдан авсан гэх машин нь эвдэрхий байсан учир наймаагаа буцаах болоход худалдагч “Э” ХХК хаяг тодорхойгүй болсон байдаг. Машин засагдахгүй бол буцааж өгөхөөр тохирсон байсан тул байгууллагын нэг ажилтны нэр дээр шилжүүлсэн байдаг. Гэтэл машин засагдаагүй буцааж өгч чадаагүй машиныг ашиглаж чадахгүй, үзлэгт орж чадахгүй тэр чигээрээ хадгалагдсан. Дараа нь нэр дээрээ шилжүүлж авсан хүн ажлаасаа гарахад нь миний нэр дээр машиныг шилжүүлсэн. Бид машиныг засварлуулахаар Хятад улсруу сэлбэг захиж авчруулах, Монголд боломжтой хэсгийг нь засуулах гэсэн боловч засагдаагүй. Хэрэв машин байгууллагын нэрээр төлбөрт хураагдвал 45 000 000 төгрөгөөр авчхаад 10 000 000 төгрөгөөр буцааж өгч чадалгүй хохирох учир байгууллагын хэн нэгний нэр дээр хадгалж байгаа. Гэтэл “Э” ХХК машины эзэмшигч нь солигдсон болохыг олж мэдээд одоо наймаа буцах боломжгүй болсон гэж үзээд нэхэмжлэл гаргажээ. “Э” ХХК-ийн хаяг тодорхой болсон учир манай байгууллага тэр даруй гэрээнээсээ татгалзах саналаа шүүхэд нэхэмжлэл гаргасан хаягаар нь явуулаад хариу өгөхгүй болохоор нь татгалзах санал гаргасан. Машин нь анх өгсөн байдлаараа байгаа болно. Иймд энэ машиныг буцааж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Л” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, А.Э нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон тайлбартаа: “Э” ХХК нь /BMW/ Икс/Х-5/ машинаа 2012 онд үйлдвэрлэсэн гэж гэрээ байгуулсан боловч гэрээ байгуулагдсаны дараа 2010 оны машин болох нь тодорхой болсон. Уг автомашин нь доголдолтой, ашиглах боломжгүй. Доголдлыг арилгуулахаар “Э” ХХК-ийн менежерт нь хэлэхэд ойлголоо гээд алга болсон. Удаа дараа шаардлага тавьж зөрүү мөнгө авахгүй ингээд гэрээний төлбөрөө дуусгая хэмээн тохирсон. “Э” ХХК нь хаяг, утсаа солиод алга болсон. Манай компани ч ингэж ойлгосон. Энэ нь утгаараа “Э” ХХК нь манайхаас мөнгө нэхээгүй. Гэтэл гэнэт шүүхэд нэхэмжлэл гаргаж орж ирсэн. Бид одоо тодорхой хаягтай болсон тул гэрээнээс татгалзах саналаа байгууллагын нэхэмжлэл гаргасан хаягаар хүргүүлсэн боловч дахиад л хаягтаа байхгүй болох нь нотлогдсон. Өөрөөр хэлбэл нэхэмжлэл гаргасан хаягтаа “Э” ХХК байдаггүй болно. Нэгэнт гажигтай, засч өгөхгүй байгаа /BMW/ Икс/Х-5/ 91-00 УНМ улсын дугаартай авто машиныг буцааж өгөхөөс өөр аргагүй юм. Иймд 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсныг баталгаажуулж, гэрээний дагуу төлсөн 44 820 855 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбар болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Отгонбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Худалдах-худалдан авах гэрээгээр “Э” ХХК нь 75 000 000 төгрөгийн үнэ бүхий BMW Х5 маркийн авто машиныг “Л” ХХК-д шилжүүлсэн. “Л” ХХК нь автомашиныг шалгаж хүлээн авсан байдаг. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Автомашиныг 51 000 000 төгрөг байсан гэж тайлбарлаж байна. Талууд анх гэрээ байгуулахад бэлэн мөнгөөр худалдаа хийгээгүй. Талууд 75 000 000 төгрөгийн бараа материал нийлүүлж, 75 000 000 төгрөгт машин өгөхөөр тохиролцсон. Монголд авто машины үйлдвэрлэсэн болон орж ирсэн он гэсэн 2 он яригддаг. 2010 онд үйлдвэрлэгдээд 2011 онд гаалиар орж ирээд 2012 онд замын хөдөлгөөнд орж эхэлсэн. 2015 оны 11-р сарын 20-ны өдөр “Л” ХХК-ийн ажилтан н.Тын нэр дээр автомашиныг шилжүүлсэн. Тэгэхээр техникийн үзлэгт орсны үндсэн дээр нэр шилжинэ. Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.6 дахь хэсэгт зааснаар гомдлын шаардлагыг 6 сарын дотор гаргахаар заасан байдаг. Энэ хугацаанд гомдлоо гаргаагүй. Нэхэмжлэл гаргаснаас хойш буюу 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдөр гэрээнээс татгалзах тухай санал гаргасан. Гэрээ өөрөө 1 жилийн хугацаатай байсан. Гэрээний хугацаа дуусгавар болсон тул гэрээнээс татгалзана гэсэн ойлголт байхгүй гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.С сөрөг нэхэмжлэлийн шаардлагад шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Машиныг бид ажилуулах гэж нилээд үзсэн. Маш олон удаа засвар үйлчилгээ хийлгэсэн. Буцаая гэхэд хариу өгөхгүй байсан. Одоо машиныг буцааж өгөх хүсэлтэй байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1, 274 дүгээр зүйлийн 274.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Л” ХХК-иас нийт 29 192 615/хорин есөн сая нэг зуун ерэн хоёр мянга зургаан зуун арван тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 11 675 400/арван нэгэн сая зургаан зуун далан таван мянга дөрвөн зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 274 дүгээр зүйлийн 274.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Л” ХХК-ийн 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсныг баталгаажуулж, нэхэмжлэгч “Э” ХХК-иас 44 820 855/дөчин дөрвөн сая найман зуун хорин мянга найман зуун тавин тав/ төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 533 000 төгрөгийг,хариуцагч ”Л” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Л” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 303 913 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Л” ХХК шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан дараалал, журмын дагуу төлбөр гаргуулах ажиллагааг гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх шийдвэрийг гаргахдаа нотох баримтыг буруу үнэлсэн. Нэхэжлэгчийн хувьд анх нэхэмжлэл гаргасан үнийн дүнгээс баримтаар баталгаажиж байгаа буюу хүлээн авсан бараа материалын жагсаалтад дурдагдсан “Э” ХХК-ийн ажилтан хүлээн авсан гэж үзэж байгаа үнийн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагын хэсгээс татгалзсан. Шүүхээс хассан үнийн дүн бүхий баримтын тухайд өмнө бараа материал хүлээн авдаг байсан ажилтны гарын үсэг биш бөгөөд бусад баримтуудаасаа гарын үсгийн хувьд илт өөр байгааг шүүх огт анхаараагүй болно. Иймд шүүхийн шийдвэрийн хассан хэсгийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлага болох 40 868 015 төгрөгийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Авто машиныг 75 000 000 төгрөгөөр үнэлж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч тал авто машиныг зах зээлийн үнээс өндөр үнэтэй нийлүүлснийг зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх гэмтэлгүй тээврийн хэрэгслийг арилжааны гэрээгээр хүлээн авсан, гэмтлийн талаар урьд нь гомдол гаргаагүй гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь гэрээ дуусгавар болоогүй. Мөн гэрээ нь зөвхөн барилгын материал нийлүүлэхээр байх ба материалыг захиалга өгсөн тухай бүрд нь нийлүүлсэн байдаг. Захиалга өгснөөр барааг нийлүүлэх үндсэн нөхцөл байгаа ба захиалга өгөхийг нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл хүлээсэн нь худалдах худалдан авах гэрээ бүрэн хэрэгжээгүй, "Л" ХХК буруугүй байгааг шүүх анхааралдаа аваагүй. Буруутай талд буруугүй талаас төлбөр гаргуулахаар шийдвэрлэхдээ И ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон дүнгээр барилгын материалаар хангаж болох байтал 2012 оны ямар ч гэмтэлгүй машины үнээр гэрээнд заагдаагүй төлбөрийн хэрэгсэл болох төгрөгөөр төлбөр хийхийг даалгасан. Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж гэрээний татгалзлыг баталж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч “Л” ХХК-нд холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохиролд 40 868 015 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээнээс татгалзсаныг тогтоолгож, гэрээгээр шилжүүлсэн барилгын материалын үнэ 44 820 855 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардсан. /хх 1-2, 75 дугаар хуудас/
Зохигч 2015 оны 06 дугаар сарын 24-нд А/201518 тоот гэрээ байгуулж “Л” ХХК нь “Э” ХХК-ийн Бэлхийн аманд баригдаж буй “4 улирал” хотхоны хаусын гадна тохижилтын 75 000 000 төгрөгийн материалыг нийлүүлэх, ”Э” ХХК нь 75 000 000 төгрөгийн төлбөрт BMW Х5/2012/ маркийн машиныг нийлүүлэх үүргийг тус тус хүлээжээ. /хх 5-7 дугаар хуудас/
Гэрээ байгуулах үед хариуцагч нь “Л” ХХК нэртэй байсан ба уг оноосон нэрээ өөрчилж “Л” ХХК болсон, гэрээгээр нэхэмжлэгч, хариуцагчид авто машиныг шилжүүлэн өгсөн үйл баримтад талууд маргаагүй. Харин хариуцагч талаас нэхэмжлэгчид шилжүүлсэн гэх барааны үнийн дүн, нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн авто машины чанар шинж байдал, гэрээний зүйл мөн эсэхэд талууд маргаж байна. Иймд талуудын хоорондын тодорхой хөрөнгө харилцан өмчлөлд шилжүүлэх агуулгатай уг гэрээг үндэслэн Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээний харилцаа үүссэн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3 дах хэсэгт арилжааны гэрээнд худалдах-худалдан авах гэрээний талаарх энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна гэж заасан.
Гэрээ 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 1 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байхаар харилцан тохиролцсон байх бөгөөд 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэгч талаас BMW 5 маркийн WBAZV410000L453920 арлын дугаартай авто машиныг хариуцагчийн заасан этгээдэд буюу Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар компанийн ажилтан Ц.Т-ын нэр дээр шилжүүлэн хүлээлгэн өгсөнд талууд маргаагүй.
Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1 дэх хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгө хүлээн авах нөхцөлийг гэрээгээр тодорхойлдог. Гэрээгээр талууд авто машиныг хэрхэн хүлээлцэхийг тодорхойлоогүй. Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дах хэсэгт зааснаар худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгийг хүлээн авсанд тооцдог. Худалдан авагч буюу хариуцагч дээрх машиныг 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авсан, гэрээнээс татгалзах тухай мэдэгдлийг 2017 оны 06 дугаар сарын 07-ний өдөр гаргажээ. Энэ хугацаанд худалдагч буюу нэхэмжлэгчид доголдлын талаар гомдлын шаардлага гаргаж байсан тухай баримт хэрэгт авагдаагүй байна.
Хариуцагч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар автомашиныг өмчлөлдөө шилжүүлэн авсан боловч гэрээний зүйлийн үйлдвэрлэсэн он нь 2012 он байхаар гэрээгээр тохиролцсон байхад 2010 оны машин хүлээлгэж өгсөн гэж маргаж байна.
Гэрээний 2.1-д талууд гэрээний зүйл болох авто машиныг BMW Х5 /2012 он, 75 000 000 төгрөг / гэж тодорхойлжээ./ хх 5 дугаар хуудас/ Хэргийн 38 дугаар хуудасны тээврийн хэрэгслийн лавлагаанд уг авто машины үйлдвэрлэсэн оныг 2010 он гэж бүртгэжээ.
Талууд гэрээний зүйлийг тодорхойлохдоо 2012 он, гэж бичсэн бөгөөд энэ нь үйлдвэрлэсэн он, эсхүл нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар “...2010 онд үйлдвэрлэгдээд 2011 онд гаалиар орж ирээд, 2012 онд замын хөдөлгөөнд орсоны” аль он болохыг тодорхой бичээгүй, бичиг баримтыг шалган авч бүртгэлд оруулах үед буюу 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр илрүүлж, тодруулах боломжтой байсан гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана. Хэрэв 2012 онд үйлдвэрлэсэн авто машиныг авах ёстой байсан, нэхэмжлэгчийн шилжүүлсэн хөрөнгө нь гэрээгээр тогтоосон чанар бүхий эд хөрөнгө биш гэж хариуцагч үзвэл энэ байдлыг бүртгэл хийлгэх үед мэдэх боломжтой байсан боловч эд хөрөнгийг хүлээн авчээ.
Түүнчлэн хариуцагчийн тайлбарласнаар “.., уг авто машин урагш явах араанд хийхээр хойшоо явдаг, ухрах араанд хийхээр урагш явдаг, зүүн дохио өгөхөөр баруун нь асдаг” гэх мэт доголдолтой байсан бол Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дах хэсэгт зааснаар өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1 дэх хэсэгт заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй. Гэтэл худалдагч болох “Э” ХХК-нд энэ талаар гомдлын шаардлага гаргаж байсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, гэрээний хугацаа дуусгавар болсон байна.
Иймд сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. Харин нэхэмжлэгч нь гэрээгээр нийлүүлбэл зохих барааны үнэ болох 75 000 000 төгрөгөөс хариуцагчийн нийлүүлсэн гэх барааны үнийг суутган тооцож 40 868 015 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. Хариуцагч нь 44 820 855 төгрөгийн бараа материал нийлүүлсэн гэж тайлбарласныг нэхэмжлэгч баримтаар няцааж чадаагүй. Нийт нийлүүлбэл зохих барааны үнэ 75 000 000 төгрөгөөс хариуцагчийн нийлүүлсэн гэх барааны үнэ 44 820 855 төгрөгийг хасч тооцоход 30 179 145 төгрөг үлдэж байх тул анхан шатны шүүхээс 29 192 615 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.
Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/00251 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222 600 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382 150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Ш.ОЮУНХАНД