Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
Хэргийн индекс | 101/2019/03145/И |
Дугаар | 101/ШШ2020/00917 |
Огноо | 2020-03-18 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 101/ШШ2020/00917
2020 оны 03 сарын 18 өдөр | Дугаар 101/ШШ2020/00917 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ............ тоотод байрлах “И ББСБ” ХХК /РД:5712203/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ...........тоотод оршин суух, ...... И /РД:.........../-д холбогдох,
Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 50 дугаар байр, 13 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2204030052 дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууцнаас албадан нүүлгэж, “И ББСБ” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, 5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У, М, хариуцагч Д.И , шүүх хуралдааныг нарийн бичгийн дарга Ш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “И ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...“И ” ББСБ ХХК нь Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15-р хороолол, 50 дугаар байр, 13 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204030052 дугаарт бүртгэгдсэн, 80.7 м.кв талбайтай 2 өрөө байрыг зээлийн өр төлбөртөө тооцон авч, өмчлөлдөө шилжүүлж авсан. Гэтэл иргэн Д.И нь тус байранд өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр амьдарч байгаа бөгөөд “И ” ББСБ ХХК-ийн өмчлөлийн орон сууцыг суллан өгөхгүй хүндрэл учруулж байна. “И ” ББСБ ХХК нь удаа дараа орон сууц суллаж өгөх талаар шаардлага тавьсан хэдий ч өнөөдрийг хүртэл суллаж өгөхгүй байсаар нэхэмжлэгчийг өөрийн үл хөдлөх хөрөнгөө эзэмшиж, ашиглах боломжгүй нөхцөл байдалд хүргэж байна. Манай байгууллага нь тус байрны өмчлөгчийн хувьд уг байранд хууль бусаар амьдарч байгаа иргэнийг албадан гаргаж, өөрийн өмчлөлийн байрыг зүй ёсны дагуу эзэмшиж ашиглах хүсэлтэй байна. Иймд хариуцагч Д.И ыг Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4-р хороо, 15-р хороолол, 50-р байр. 13 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2204030052 дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууцнаас албадан нүүлгэж, “И ” ББСБ ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгч “И ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “... Нэхэмжлэгчийн зүгээс Д И т орон сууц суллаж өгөх талаар удаа дараа шаардлага тавьсан хэдий ч өнөөдрийг хүртэл суллаж өгөхгүй, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр, хууль бус эзэмшилдээ байлгасаар байна. “И ББСБ” ХХК нь Д.И ын хууль бус эзэмшилд байгаа өөрийн өмчлөлийн орон сууцыг хөлсөлж, зохих үр шимийг нь хүртэх эрхтэй ба Д.И нь одоог хүртэл тус орон сууцанд хууль бусаар амьдарч үндэслэлгүй хөрөнгөжиж байна. Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6-д “Бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр. шударга бусаар олж авсан этгээд ийнхүү эд хөрөнгийг олж авсан үеэс эхлэн .... уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээнэ” гэж заажээ.
Иймд Д.И ын хууль бус эзэмшилд байсан хугацаанд тус орон сууцыг түрээслүүлж олох ёстой байсан орлогод нийт 5,000,000 төгрөгийг тооцож хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундрах-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. “И ” ББСБ 2014-11-13-ны өдөр Түмэнбаяр, Бямбадорж нартай зээлийн гэрээ байгуулж 58,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай олгосон. Гэрээний хугацааг нэг удаа 3 сараар сунгасан. Зээлийн барьцаанд одоогийн маргаж байгаа орон сууцыг барьцаалсан. Зээл төлөгдөөгүй шүүгчийн захирамжаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Бямбадорж нь уг орон сууцыг төлбөрт тооцуулан шилжүүлэх санал гаргаж манай байгууллага зээлийн төлбөртөө тооцон авсан. Гэвч Д.И нь манай өмчлөлийн орон сууцанд өнөөдрийг хүртэл амьдарч байна, орон сууцыг чөлөөлж өгөх шаардлагыг тавьдаг энэ шаардлагыг биелүүлэхгүй байгаа нь манай байгууллагын эрх ашгийг зөрчиж байгаа тул Д.И ыг Баянзүрх дүүрэг 4-р хороо 50-р байрны 13 тоотод байрлах орон сууцнаас албадан нүүлгэж “И ” ББСБ-ын өмчлөлийн орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү.
2019-09-30-ны өдөр нэмэгдүүлсэн шаардлага гаргасан. Д.И нь бусдын орон сууцанд хууль бусаар удаан хугацаагаар амьдарч байна. Удаа дараа тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байна. Энэ орон сууцыг манай байгууллага бусдад түрээслүүлэх, шилжүүлэх эрхтэй тиймээс Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6-д зааснаар “Бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр, шударга бусаар олж авсан этгээд ийнхүү эд хөрөнгийг олж авсан үеэс, шударгаар олж авсан этгээд нь үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээнэ” гэсний дагуу орон сууцыг бусдад түрээслүүлэн олох ёстой байсан орлогод 2017 оны 5 сараас 2018 оны 2 сарыг хүртэл 10 сарын хугацаанд сард 500,000 төгрөгөөр тооцож, 5,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Д.И т байрыг суллаж өгөхийг удаа дараа амаар мэдэгдсэн, бичгээр мэдэгдсэн зүйл байхгүй, оршин сууж байгаа хүн нь Д.И учраас хариуцагчаар татсан ...” гэв.
Хариуцагч Д.И шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... И ББСБ ХХК Д.И надад холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд хэрэгсэхгүй болгож өгнө үү. Энэ нэхэмжлэлийг И ББСБ ХХК нь 2018 оны 2 сард Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэгсэхгүй болж байсан. 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Баянгол дүүргийн шүүх дээр сөрөг нэхэмжлэл гаргаж байсан. Одоо Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль бус юм. Түмэнбаярт ганц ч төгрөг өгөөгүй байна. Бидний байр нь би болон үр хүүхэд ач зээ нарын ариун цагаан хөдөлмөрөөр авсан цорын ганц бидний амьд явах орон сууцыг үнэгүйдүүлж үнэлүүлсэн. “И ” ББСБ ХХК нь Д.И надад холбогдуулж 3 удаа нэхэмжлэл гаргаж байна. Орон сууцыг албадан чөлөөлүүлэх, 5,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Нэгдүгээрт 2018 оны 02 сард Баянзүрх дүүргийн шүүхэд энэ нэхэмжлэлийг гаргаж байсан төлөөлөгч нь Насантогтох гэдэг эмэгтэй байсан. Тухайн үед шүүхээс хэрэгсэхгүй болгож байсан. Хоёрдугаарт 2019-10-02 нд Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. Баянгол дүүргийн шүүхэд бас хэрэгсэхгүй болсон. Гуравдугаарт одоо хэлэлцэгдэж буй энэ хэрэг байна. Би банкны байранд амьдраагүй хэрэгт нотлох баримтуудыг өгсөн манай хүүхэд Түмэнбаярын нэр дээрх байранд миний гурван өнчин дүү, тэдний хүүхдүүд байдаг. Ийм олон хүнийг өнөөдөр гудамжинд гаргах гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Баянгол дүүргийн иргэний хэргийн шүүх дээр байгаа хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа. Бямбадорж, Баттулга хоёр “И ” ББСБ ХХК-ийн Батчимэг гэдэг эмэгтэйтэй нийлж бүлэглэж, 2016-12-08-нд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн Өлзийсайхан гэх эмэгтэйтэй нийлж манай байрны гэрчилгээг ердөө л 20 минутын өөрсдөө бичиж хуулбарлан авсан. Өнөөдөр хөөж гаргах гэж байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр энэ зун миний хоолой гарахгүй байхад шүүх хуралдаан дууссаны дараа цагдаагийн хувцастай нэг залуу ирээд миний нүүрэн дээр цаас наагаад үүнийг унш гээд хүчээр машинд суулгахад 4 цагдаа суусан байсан намайг П.Ундрах-Эрдэнэ намайг хүчээр баривчлуулах гэж байсан. Шүүхээс миний тэтгэврийн дансыг хаасанд гомдолтой байна. Би өөрийнхөө байранд амьдарч байгаа “И ” ББСБ ХХК-иас Түмэнбаярт нэг ч төгрөг өгөөгүй Баянгол дүүргийн Иргэний хэргийн шүүхэд байгаа хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа. Энэ байр 200,000,000 төгрөгийн үнэтэй байр би Түмэнбаяртай цуг “И ” ББСБ ХХК-д очиж зээлийн хувийн хэрэгтээ танилцъя гэхэд танилцуулаагүй. 3 хүн байсан би энэ байгууллагыг Солонгосын хөрөнгө оруулалттай гэдэгт итгэхгүй байна. Батчимэг “танай хүүхэд 58,000,000 төгрөг тоолоод гарсан манайх хэзээ ч дансаар шилжүүлдэггүй бэлэн мөнгө өгдөг гэсэн” Батчимэгээс болж би зүрхний өвчтэй болсон. Энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүссэн байгаа Баттулга, Бямбадорж хоёр Батчимэгийн найз бид нар байраа өгөх ёсгүй. Энэ бол луйварчин. Хан-Уул дүүргийн цагдаагийн байгууллагад Түмэнбаяртай цуг мэдүүлэг өгсөн байгаа. Түмэнбаярыг бэлэн мөнгө тоолоод авсан бичлэг байгаа гэж хэлсэн ч бичлэг байгаагүй. Мөн 5,000,000 нэхэж байна. Түмэнбаяр надад олгосон итгэмжлэлээсээ татгалзсан байгаа. Түмэнбаяр “И ” ББСБ ХХК-иас нэг ч төгрөг аваагүй миний авсан байр би энэ хэрэгт хамаарахгүй би энэ хэргийн оролцогч биш. Би төрийн албан хаагч байхдаа “Голомт банк” ХХК-иас 8 хувийн зээлээр авсан байр. Түмэнбаяр Баттулгатай нэг оны төгсөлт юм байна лээ багийн найз гэдэг нь худлаа. Нийслэлийн шүүхийн шийдвэр дээр шүүгчийн захирамж 12 сар болсон байхад Бямбадоржийн 3 өрөө байр байсан. Үргэлж худлаа гүтгэдэг. Шүүх дээр ч тэр манай байрыг үнэгүйдүүлсэн. 110,000,000 төгрөгөөр үнэлсэн. Дуудлага худалдаанд оруулахыг зөвшөөрөхгүй байна. Энэ бол албан тушаалтнуудтай хуйвалдаж бүлэглэсэн дээрмийн гэмт хэрэг. Баттулга, Бямбадорж хоёрыг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байгаа. Тиймээс би Улсын Ерөнхий прокурорын газрын прокуроруудтай цаг авч уулзсан энэ бол эрүүгийн хэрэг гэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн Өлзийсайхан намайг цохиж би даргад нь гомдол гаргаж байсан. Зөвхөн байрны тухай яриад байна. ББСБ Түмэнбаярт бэлнээр буюу дансаар нэг ч төгрөг өгөөгүй. Хэрэгт 3 нотлох баримт байгаа нэгт Батчимэг Түмэнбаярыг дуудахад Баттулга, Бямбадорж 2 цуг байсан. Бямбадорж 58,000,00 төгрөг авсан нь үнэн өөрийнхөө гараар бичиж өгсөн байдаг. 2018 оны 02 сард Баттулга нь Түмэнбаярын байрыг барьцаалж авсан зээлээ төлнө гэсэн бичиг байгаа. Баттулга Түмэнбаярыг 58,000,000 төгрөг бэлнээр аваагүй Кредит монгол ББСБ-ын данс руу шилжүүлсэн гэж бичсэн байгаа. Орон гэргүй болголоо, хүүхдэд ажил олдохгүй байна, зүрхнийхээ эмийг авч чадахгүй байна. Д.И миний амьд явах эрхийг зөрчиж байна. Байрыг минь үнэгүйдүүлж байна ингэж доогуур үнэлэх эрүүгийн хэрэг юм байна лээ. Бүлэглэсэн эрүүгийн хэрэг. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
Шүүх зохигчдын тайлбар, хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “И ББСБ” ХХК хариуцагч Д.И т холбогдуулан “............. байрлах улсын бүртгэлийн .......... дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууцнаас албадан нүүлгэж, И ББСБ ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, олох ёстой байсан орлогод “5,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундрах-Эрдэнэ дээрх шаардлагаа шүүх хуралдаанд дэмжиж оролцож байна.
Хариуцагч тал “орон сууцыг Д.И хамтран өмчилдөг байтал мэдэгдэлгүйгээр барьцаанд тавьсан, хүү Түмэнбаярыг Баттулга, Бямбадорж, Батчимэг нар нийлж залилсан, Г.Түмэнбаяр зээл аваагүй, байр чөлөөлж өг гэж надад хэлээгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
“И ББСБ” ХХК болон Т, Бнарын хооронд байгуулагдсан 2014 оны 11 сарын 13-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ, 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн нэмэлт гэрээг үндэслэн, “И ББСБ” ХХК-иас Б.Түмэнбаяр, Я.Бямбадорж нарт холбогдуулан Эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргасны дагуу талууд эвлэрч, Т, Бнараас 68,289,250 төгрөгийг 2015.11.25-ны дотор төлөхөөр тохиролцсон эвлэрлийн гэрээг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 36812 дугаартай захирамжаар баталгаажуулсан, уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн 2015 оны 12 сарын 14-ний өдрийн 40955 дугаартай захирамж гарч, 5039 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 36812 дугаартай захирамж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 сарын 14-ний өдрийн 40955 дугаартай захирамж, гүйцэтгэх хуудас зэргээр тогтоогдож байна. /хх-87-89, 203-208/
Дээрх шийдвэрт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, төлбөр төлөгч нар төлбөрөө төлөөгүй, барьцаалсан орон сууцыг 2 удаагийн албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй үндэслэлээр төлбөр төлөгч Г.Түмэнбаяр үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 50 дугаар байр, 13 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2204030052 дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууцыг өмчлөх эрхээ “И ББСБ” ХХК-д шилжүүлэх хүсэлт гаргаснаар, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс уг орон сууцны өмчлөгч И ББСБ” ХХК болсон байна.
Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 50 дугаар байр, 13 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2204030052 дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууцны өмчлөгчийг “И ББСБ” ХХК гэж үзэх үндэслэлтэй, уг орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй байна.
Хариуцагч тал нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ ...би хамтран өмчлөгч, хууль бусаар өмчлөгчийг өөрчилсөн, зээл аваагүй, би хэргийн оролцогч биш, дээрэм хийж байна ” гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн тайлбар, татгалзлаа баримтаар нотолж чадаагүй.
Хариуцагч Д.И ын гомдлыг үндэслэн, 2014 оны 11 сарын 13-ны өдөр Т-ын эзэмшлийн Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 50 дугаар байр, 13 тоот орон сууцыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан мэхэлсэн гэх хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгагдаж байгаа болох нь хариуцагчийн тайлбар, Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2019 оны 11 сарын 05-ны өдрийн 1706034702431 дугаартай прокурорын тогтоол, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 2020.02.19-ний 27ка2/1252 дугаартай албан бичиг зэргээр тогтоогдож байна. /хх-172-177, 231/
Хариуцагч Д.И маргаан бүхий орон сууцыг 2003 оноос хойш одоог хүртэл эзэмшиж байгаа болох нь хариуцагчийн тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...орон сууцанд амьдарч байгаа Д.И т холбогдуулж нэхэмжлэлээ гаргасан...” гэх тайлбараар тогтоогдож байх ба энэ талаар маргаагүй.
Маргаан бүхий орон сууц “И ББСБ” ХХК-ийн өмчлөлд шилжсэн 2016 оны 12 сарын 13-ны өдрөөс хойш хариуцагч Д.И маргаан бүхий орон сууцыг хууль бусаар эзэмшилдээ шилжүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, нэхэмжлэгч уг орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэн авсан талаараа, улмаар чөлөөлж өгөх хугацаа олгосон талаар хариуцагч Д.И т 2017 оны 5 дугаар сард мэдэгдсэн болох нь баримтаар тогтоогдохгүй байна.
Дээр дурдсан нөхцөл байдлаас, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэсэн зохицуулалтыг үндэслэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэл бүрдээгүй байна гэж дүгнэв.
Маргаан бүхий орон сууцыг хариуцагч Д.И хууль бусаар эзэмшиж байгаа гэх үйл баримт, нэхэмжлэгч маргаан бүхий орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэн авсан, улмаар чөлөөлж өгөх талаар Д.И т 2017 оны 5 дугаар сард мэдэгдсэн болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн 2017 оны 5 сараас 2018 оны 2 сарыг дуустал түрээсэлсэн бол олох ёстой байсан орлогод сард 500,000 төгрөгөөр тооцож, 10 сарын хугацаанд 5,000,000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй.
Иймд нэхэмжлэгч “И ” ББСБ” ХХК-ийн хариуцагч Д.И т холбогдуулан гаргасан Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 50 дугаар байр, 13 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2204030052 дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууцнаас албадан нүүлгэж, “И ББСБ” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Ц.Баттулга бусадтай бүлэглэн 2014 оны 11 сарын 13-ны өдөр Г.Түмэнбаярын эзэмшлийн Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 50 дугаар байр, 13 тоот орон сууцыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан мэхэлсэн гэх хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс шалгаж, шийдвэрлэсний дараа нэхэмжлэгч “И ” ББСБ” ХХК хариуцагч Д.И т холбогдуулан “Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 50 дугаар байр, 13 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2204030052 дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууцнаас албадан нүүлгэж, “И ББСБ” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх” талаарх нэхэмжлэлээ шүүхэд дахин гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн115 дугаар зүйлийн 115.2.3, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн106 дугаар зүйлийн 106.1, 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “И ” ББСБ” ХХК-ийн хариуцагч Д.И т холбогдуулан гаргасан “................... тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2204030052 дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууцнаас албадан нүүлгэж, “И ББСБ” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, 5,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ