Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 28

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,

            Улсын яллагч С.Энхтуул,

            Шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг,

            Хохирогч Б.Отгонцэцэг нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Энхбадрахын Мөнх-Эрдэнэд холбогдох 201625031813 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Говь-Алтай аймгийн Халиун сумын 3 дугаар баг, Олон булаг гэх газар оршин суух бүртгэлтэй, Улаанбаатар хотод оршин суух тодорхой хаяггүй, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Жалайр овогт Энхбадрахын Мөнх-Эрдэнэ (РД:ДК92113012),

            нь (яллах дүгнэлтэд тэмдэглэснээр) 2016 оны 9 дүгээр сарын 21-ний шөнийн 05 цагийн үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Салхитын гудамжинд иргэн Б.Отгонцэцэгийн 49-85 УБА улсын дугаартай Тоёота креста маркийн автомашинаар хүргүүлэхдээ ар талаас нь хоолойг нь боож, нүүрэн тус газар нь цохиж хөнгөн гэмтэл учруулан, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн 90.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Эс-2 маркийн гар утсыг дээрэмдэж, Б.Отгонцэцэгт нийт 290.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүгдэгчээс шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ:-Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Анхнаасаа мөнгөгүй машинд суусан. Хохирлыг төлөөгүй байгаа. Гар утас өгсөн 90.000 төгрөгөөр тооцож, бэлнээр 175.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Үнэлгээг хүлээн зөвшөөрнө. Эмчилгээний зардлыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

            Мөрдөн байцаалтад Э.Мөнх-Эрдэнээс сэжигтнээр мэдүүлэхдээ:-...би 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн Салхитад байдаг Мөнхнасан гэх ахынхаа гэрт байж байгаад Мөнхнасан ах над руу залгаад 100 айл дээр хүрээд ир гэсэн. Тэгээд би ах дээрээ очсон чинь манай ах эхнэрийнхээ хамт караокед сууж байсан. Би ахаасаа 50.000 төгрөг аваад хамт ажилладаг Мандал руу залгасан чинь Сансар дээр Ганзоригтой хамт явж байна гэсэн. Тэгэхээр нь би 100 айл дээр хүрээд ир гээд тэр хоёрыг дуудсан чинь өөр нэг эмэгтэй хүнтэй хамт ирсэн. Тэгээд бид нар 100 айлын буудлын ард талд байдаг нэг буудалд өрөө авч ороод 1 шил 0,75 литрийн архи хоёр том 2,5 литрийн пиво идэж уух юмтай авсан. Тэгээд бид нар авсан зүйлээ хуваагаад ууж байтал Мандал бид 2 маргалдаад зодолдсон. Ганзориг тухайн үед бид хоёрыг салгаж байсан. Тэр хоёрыг намайг зодсон гэж бодож байсан чинь дараа нь сайн бодоод байхад Мандалтай маргалдаад зодолдсон юм байна лээ. Тэгээд би буудлаас гараад замаас такси барьсан чинь нэг эмэгтэй жолоочтой машин зогссон. Би суугаад Салхит руу явсан. Тэр үед би ахаасаа авсан мөнгөө дуусгасан байсан болохоор аав такси барьж ирлээ гэж уурлаж магадгүй гэж бодоод гэрийнхээ ойролцоо очоод зугтах санаатай байсан. Тэр такситайгаа гэрийнхээ гудамжнаас цаашаа хоёр гудамжны цаана аваачсан. Тэгээд зугтах гээд хаалгыг нь татсан чинь цоожтой байхаар нь тэр эмэгтэйгийн ар талаас нь баруун гараараа хоолойг нь боосон. Хоолойг нь боож байхдаа утсаа өг гэсэн чинь намайг нэг хатуу зүйлээр нэг удаа нүүр рүү цохьсон. Тэгсэн чинь тэр хүний утас суудлынхаа хажууд нь байхаар нь тэрийг нь аваад урд талын суудал руу дамжаад жолоочийн эсрэг талын хаалгаар буугаад гэр рүүгээ гүйгээд орсон. Тэр эмэгтэй машинаасаа буугаад айлын хашааны хаалга нүдэж байсан. Би тухайн үед нилээн согтсон байсан болохоор архиныхаа халуунд тэр хүний утсыг нь дээрэмдсэн. Өөр ямар нэгэн санаа зорилго байгаагүй. Уг нь эхэндээ тэр машинаас мөнгө байхгүй болохоор зугтах гэж байсан боловч хаалга нь цоожтой байсан юм гэжээ.

            Шүүх хуралдаан дээр хохирогч Б.Отгонцэцэгээс мэдүүлэхдээ:-2016 оны 9 дүгээр сарын 20-ноос 21-ний өдөр шилжих шөнө 49-85 УБА улсын дугаартай креста маркийн автомашинаар халтуур хийж явахад 100 айлын шинэ гүүрэн дээр 1 хүн гараа өргөсөн. Цаана нь 2 хүн байсан. Салхит явна гэхээр нь авч явсан. Машин буруу талдаа жолооны хүрдтэй ба энэ хүн миний ард сууж явсан, жалганы хажууд нэг гудамжинд зогс гээд зогсоосон. Тэгтэл миний араас боогоод, нүдээд эхэлсэн. Араас урд суудал руу орж ирээд дээр гараад зодсон. Цамцны захаар боогоод би болиоч гэж гуйсан. Би машинаасаа буугаад зугтаасан. Тэгээд би машиндаа эргэж суухад араас дахин орж ирээд, бид ноцолдож байхад миний машин жалганд унасан. Миний салтаа руу гараа хийгээд байхаар нь би чулуу авч цохьсон. Би ойр харагдсан айлын хашаа руу очоод хаалгыг нь цохиод хашаа руу нь орсон. Тэр айлын ах гарч ирсэн. Би тэр айлын ахын утсаар цагдаад дуудлага өгөөд дүүгээ дуудсан. Айлын хашаанд ороод гараад ирэхэд энэ хүн миний машины арын багаж онгойлгоод ухаад зогсож байсан. Цустайгаа холилдсон байсан. Айлын хүн гараад ирсэн чинь энэ хүн зугтаагаад алга болсон. Би дүүгээ ирэхээр нь машинтай хайгаад, анх суусан газрын буудал дээр очиход хамт байсан найзууд нь байсан. Хохиролд 175.000 төгрөг бэлнээр авсан, 90.000 төгрөгийн гар утас авсан. Үлдсэн хохирлыг авчирч өгнө гээд өгдөггүй. Нийт 518.700 төгрөгийн хохирол гарсан. 253.700 төгрөгийг нэхэмжлэнэ. Одоо их гомдолтой байна гэв.

            Гэрчүүдээс мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:

1.Х.Доржхандаас:-...Би хэрэг болсон өдрийг нь сайн санахгүй байна. Тэр өдөр өглөө 05-06 цагийн үед манай хашааны нохой хуцаад байхаар нь манай нөхөр гэрээсээ гараад явсан. Тэгээд би хаалгаараа шагайгаад харсан чинь манай нөхөр нэг эмэгтэйтэй уулзаж байсан. Тэр эмэгтэй нь нилээн айж сандарсан байдалтай харагдаж байсан. Тэгээд би гэртээ ороод хэсэг хугацааны дараа дахиад гарсан чинь манай нөхөр машинаа асаагаад хашаанаас гарч байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн гэжээ.

2.Я.Болдбаатараас:-...Би хэрэг болсон өдрийг нь сайн санахгүй байна. Миний санаж байгаагаар 2016 оны 9 дүгээр сарын сүүлээр гэртээ унтаж байхад үүрийн 05 цагийн үед нохой хуцаад байхаар нь гэрээсээ гарсан чинь 27-29 насны орчим эмэгтэй хүн манай гадаа хашааны хаалгыг түлхээд ороод ирсэн. Тэгээд тэр хүн хэлэхдээ намайг хүн дээрэмдчихлээ, бас зодчихлоо, намайг алах гээд байна гэхээр нь гэрийн урд байдаг жалга руу очиход, нэг машин урд хэсгээрээ орсон гарах боломжгүй, жолоочийн эсрэг талын хаалга онгорхой байсан бөгөөд өөр хүн байхгүй байсан. Тэгээд тэр эмэгтэй миний утсыг гуйж аваад цагдаа дуудсан. Тэгээд би тэр хүний машиныг өөрийн машинаар жалганаас татаж гаргасан. Удалгүй цагдаа нар ирсэн гэжээ.

            Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016.09.21-ний ¹13134 тоот актын дүгнэлтэд:

            1.Б.Отгонцэцэгийн биед дух, зүүн хөмсөгний дээд хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулын дотор салст, баруун бугалга, баруун, зүүн гуянд цус хурал, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх дух, зүүн хөмсөгний дээд хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт, бусад гэмтэл нь дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй

            4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонгид нөлөөлөхгүй гэжээ.

            Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзэхэд, шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнэ нь 2016 оны 9 дүгээр сарын 21-ний шөнийн 05 цагийн үед архи ууж согтуурсан үедээ Б.Отгонцэцэгийн 49-85 УБА улсын дугаартай Тоёота креста маркийн автомашинаар үйлчлүүлж, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Салхитын гудамжинд хзргүүлэхдээ, уг автомашин дотор Б.Отгонцэцэгийн ар талаас хоолойг нь боож, нүүрэн тус газар нь цохьж зодон, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, түүний Самсунг Эс-2 маркийн гар утсыг дээрэмдэж авсан болох нь шүүгдэгчийн “... тэр эмэгтэйгийн ар талаас нь баруун гараараа хоолойг нь боосон. Хоолойг нь боож байхдаа утсаа өг гэсэн ... тэр хүний утас суудлынхаа хажууд нь байхаар нь тэрийг нь аваад ... гэр рүүгээ гүйгээд орсон” гэх мэдүүлэг, хохирогчийн “Тэгтэл миний араас боогоод, нүдээд эхэлсэн. Араас урд суудал руу орж ирээд дээр гараад зодсон. Цамцны захаар боогоод би болиоч гэж гуйсан. ... бид ноцолдож байхад миний машин жалганд унасан. Миний салтаа руу гараа хийгээд байхаар нь би чулуу авч цохьсон.“ гэх мэдүүлэг, гэрч Я.Болдбаатарын “2016 оны 9 дүгээр сарын сүүлээр гэртээ унтаж байхад үүрийн 05 цагийн үед нохой хуцаад байхаар нь гэрээсээ гарсан чинь 27-29 насны орчим эмэгтэй хүн манай гадаа хашааны хаалгыг түлхээд ороод ирсэн. Тэгээд тэр хүн хэлэхдээ намайг хүн дээрэмдчихлээ, бас зодчихлоо, намайг алах гээд байна гэхээр нь гэрийн урд байдаг жалга руу очиход, нэг машин урд хэсгээрээ орсон гарах боломжгүй, жолоочийн эсрэг талын хаалга онгорхой байсан бөгөөд өөр хүн байхгүй байсан” гэх мэдүүлэг, хохирогчийн биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн 2016.09.21-ний ¹13134 тоот акт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хураан авсан тэмдэглэл, хохирлын мөнгө хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, эмчилгээний зардлын баримтууд, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

            Иймд шүүгдэгч Жалайр овогт Энхбадрахын Мөнх-Эрдэнийг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

            Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөлд тус тус харгалзан үзлээ.

Гэмт хэргийн улмаас хохирогчид гар утасны үнэ 90.000 төгрөг, шинжилгээ хийлгэсэн болон эм, тарианы зардалд 228.700 төгрөг, гэмт хэрэг гарах үед хохирогчийн автомашинд 190.000 төгрөгийн эвдрэл учирсан, хохирогчийн өмсөж явсан цамцыг урснаас 10.000 төгрөг, нийт 518.700 төгрөгийн хохирол учирснаас мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнээс хохирогчид 90.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг буцаан өгсөн, эмчилгээний зардалд 175.000 төгрөг бэлнээр төлсөн тул үлдэх 253.700 төгрөгийг шүүгдэгчээс нөхөн гаргуулж, хохирогчид олгуулахаар шийдвэрлэв. 

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Жалайр овогт Энхбадрахын Мөнх-Эрдэнийг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнийг 3 (гурав) жил, 1 (нэг) сарын хугацаагаар хорих  ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнэд оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасныг баримтлан шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнийн цагдан хоригдсон 17 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5.Хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнээс хохирогчийн эмчилгээний зардалд 53.700 (тавин гурван мянга долоон зуу) төгрөг, гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохиролд 200.000 (хоёр зуун мянга) төгрөг, нийт 253.700 (хоёр зуун тавин гурван мянга долоон зуу) төгрөг гаргуулж, хохирогч Боржигон овогт Баасансүрэнгийн Отгонцэцэг (РД:ЦА84091169)-т олгосугай.

7.Шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Г.БУЯННЭМЭХ