Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 183/2019/03744/И |
Дугаар | 001/ХТ2022/00681 |
Огноо | 2022-06-02 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 001/ХТ2022/00681
2022 оны 06 сарын 02 өдөр | Дугаар 001/ХТ2022/00681 |
******* ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2020/00685 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1197 дугаар магадлалтай,
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
******* ХХК-д холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 73,342,500 төгрөг гаргуулах тухай үндсэн,
Худгийн өрөмдлөгийн ажлыг бүрэн гүйцэтгүүлж, ус гаргах үндсэн үүргийг нөхөн гүйцэтгүүлэхийг даалгах, хохиролд 24,447,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Золбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхсүх, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 73,342,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, худгийн өрөмдлөгийн ажлыг бүрэн гүйцэтгүүлж, ус гаргах үндсэн үүргийг нөхөн гүйцэтгүүлэхийг даалгах, хохиролд 24,447,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
2. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2020/00685 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4, 349 дүгээр зүйлийн 349.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас гэрээний үүрэгт 73,342,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, хариуцагч ******* ХХК-ийн нэхэмжлэгч ******* ХХК-д холбогдуулан худгийн өрөмдлөгийн ажлыг бүрэн гүйцэтгүүлж, ус гаргах үндсэн үүргийг нөхөн гүйцэтгүүлэхийг даалгах, хохиролд 24,447,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 524,662.5 төгрөгийг, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 468,839 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 524,662.50 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1197 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2020/00685 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 352 дүгээр зүйлийн 352.2.1-т заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас гэрээний үүрэгт 58,185,050 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15,157,450 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч ******* ХХК-ийн нэхэмжлэгч ******* ХХК-д холбогдуулан худгийн өрөмдлөгийн ажлыг бүрэн гүйцэтгүүлж, ус гаргах үндсэн үүргийг нөхөн гүйцэтгүүлэхийг даалгах, хохиролд 24,447,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 524,662.5 төгрөгийг, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 468,839 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 448,875 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.03-ны өдрийн 1197 дугаар магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2, 172.2.1 дэх хэсэг, мөн зүйлийн 172.2.2 дах хэсэгт заасны дагуу дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсэг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гараагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байдаг.
Нэг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн тухайд: Нэхэмжлэгч ******* ХХК нь 2019.12.11 өдөр ******* ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ гэрээний үлдэгдэл төлбөрт 48,895.000 төгрөг, алданги 24,447.500 төгрөг нийт 73,342.500 төгрөг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон байдаг. Хариуцагч ******* ХХК нэхэмжлэгч ******* ХХК-д холбогдуулан 2019.10.17-ны өдрийн Худгийн өрөмдлөгийн ажил гүйцэтгэх тухай гэрээний 4.1, 4.6-д заасан чанарын шаардлагын дагуу тогтоосон хугацаанд хийж гүйцэтгэх гэж заасан ажлыг гүйцэтгүүлэн худгийн өрөмдлөгийн ажлыг бүрэн доголдолгүй гүйцэтгүүлж ус хэвийн горимоор гаргах үндсэн үүргийг гүйцэтгүүлэхийг даалгах, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги 24,447,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон байдаг. Иргэний хуулийн 214 дүгээр зүйлийн 214.1 дэх хэсэгт үүргийн гүйцэтгэлийн чанарын талаар гэрээнд тодорхой заагаагүй бол үүрэг гүйцэтгэгч ердийн шаардлагад нийцүүлэн үүргээ гүйцэтгэж, дундаас доошгүй чанарын эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй ... гэж заасан бөгөөд талууд гүйцэтгэгч ******* ХХК-ийн гүйцэтгэсэн ажил үүрэг нь хуульд заасан дундаас доошгүй шаардлагыг хангаж чадахгүй байгаад бид гомдолтой байна. Магадлалд ...өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлыг доголдолтой гэх нөхцөл байдал эргэлзээгүй баримтаар тогтоогдоогүй... гэж дүгнэсэн байдаг. 2019.10.17-ны өдрийн ******* ХХК Гүйцэтгэгч тал түүнийг төлөөлж захирал Б.Шихтулга, Захиалагч *******ХХК-ийг төлөөлж захирал БНХАУ-ын иргэн Luo Yujing нар Худгийн өрөмдлөгийн ажил гүйцэтгэх тухай гэрээ байгуулсан байдаг.
Тус худгийн өрөмдлөгийн ажил гүйцэтгэх тухай гэрээний дагуу далангийн хажууд хийгдсэн худаг чанарын шаардлага хангаагүй хэд хэдэн доголдолтой талаар ******* ХХК-аас гэрээний үлдэгдэл төлбөр нэхсэн цагаас эхлэн манай компани зүгээс далангийн хажуу талын худгийн үүссэн доголдлыг арилгах талаар 2019.11.06 өдөр Х\06 дугаартай мэдэгдлийг нэхэмжлэгч компанид хүргүүлсэн ч үр дүнд хүрэхгүй шүүхэд хандсан байсан ч удаа дараалан мэдэгдэл өгсний үндсэн дээр 2019.12.06-ны өдөр тус нэхэмжлэгч компанийн зүгээс 2-р худгийн эвдрэл гэмтэл доголдолд үйлчилгээ үзүүлсэн ч далангийн хажуугийн худагт ямар нэг ажиллагаа хийгээгүй нөхцөл байдалд арга хэмжээ аваагүй. Итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие 2020.02.17-ны өдөр нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Золбаярт шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулсан байдлаар бичгээр албан шаардлага өгсний үндсэн дээр талууд хугацаа товлон Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутагт орших далангийн худгийн нөхцөл байдлыг хоёр тал 12 цагийн турш танилцаж хэд хэдэн доголдолтойг дүгнэсэн байдаг. 2020.03.06-ны өглөө талууд Улаанбаатар хотоос гарч Сүхбаатар аймаг Түмэнцогт сумын нутаг үйл ажиллагаа явуулдаг ******* ХХК-ийн үйлдвэрийн далангийн хажууд өрөмдлөгийн ажил гүйцэтгэсэн худгийн нөхцөл байдлыг доголдлыг дүрс бичлэг болон фото зураг хавтаст хэрэгт авагдсан. Тус далангийн хажуугийн худгийн усны байдалд зохигч талууд хэмжилт хийж 1 минутад 18 литр ус буюу 1 цагт 1000 литр ус маш нарийхан, удаан байдалтай гоожиж байгааг 2 удаа хэмжилт хийж видео бичлэгээр талууд баталгаажуулан хэрэгт авагдсан ч шүүхээс дээрх доголдлыг үнэлээгүй, нэхэмжлэгч компанийн зүгээс доголдолгүй усны ундарга 1.5 сек буюу 1 цагт 5400 литр ус хүлээлгэж өгсөн гэсэн ч бодит байдалд 4 дахин хангалтгүй үзүүлэлт болж байгаа нь манай компанийн үйлдвэрийн хэрэгцээнд хаана нь ч хүрэхгүй доголдолтой гэж үзнэ. Анх буюу 2019.10.30-ны өдөр нэхэмжлэгч компани хавтаст хэргийн 10, 112 хуудаст цооног хүлээлгэн өгсөн акт 1-р худгийн цооног н 150 метрийн гүнтэй бөгөөд ундарга н 1,2 сек буюу 1 цагт 4320 литр, 2-р худгийн цооног н 170 метрийн гүнтэй бөгөөд ундарга 1,5 сек буюу 1 цагт 5400 литр байсныг захиалагч тал актаар хүлээж авсан гэдэг ч захиалагч компанийн зүгээс 1 өдөр бүтэн усыг гоожуулж байж хүлээж авах талаар хэлсэн ч гүйцэтгэгч компанийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй ажлын үр дүнг бүрэн хүлээлгэж өгөөгүй буцсан, компанийн албан ёсны эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэж өгөөгүй. Мөн талууд 2020.03.06-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхсүх тэргүүтэй 5 хүн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Золбаяр тэргүүтэй 4 хүн, далангийн хажуу талын худагт 12 цаг ажиглалт хийж нийт 4 удаа доголдон, ус тасарсан байдаг. Далангийн хажуугийн худгийн усыг гоожуулж эхэлснээс хойш нарийн доголдолтой гоожиж байгаад 2020.03.06-ны өдрийн 16 цаг 30 минутад ус тасалдаж, тасарсан, талууд далан дээр ажиглалтаа үргэлжлүүлж байтал тус өдрийн 18 цаг 09 минутад ус мөн адил тасалдаж, тасарсан. Тухайн үед 12 цагийн турш усны гоожилт маш нарийн байдалтайгаар доголдон гарч байсан. Энэхүү нөхцөл байдал нь нэхэмжлэгч компанийг ажил гүйцэтгэж хүлээлгэн өгсөн өдрөөс хойш 1 хоног ажиглахад илрэн гарсан талаар нэхэмжлэгч компанийг төлбөр нэхэмжилсэн цагаас өмнө болон дараа удаа дараалан мэдэгдсэн ч тодорхой үр дүнд хүрээгүй манай компанийн инженерүүд худгийн ноцоосны хүчин чадал хүрэхгүй байгааг тогны хүчин чадлын хувьд ТЭЗҮ тусгагдсан дагуу Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас эрчим хүчний захиалга 2000 кВа захиалан хэрэглэдэг мөн шөнийн цагаас эрчим хүчний хэрэглээ 100 хувь байсаар байхад тог хүрэлцэхгүй гэдэг нь үндэслэлгүй юм. ******* ХХК-аас тус худаг доголдолгүй бөгөөд үүссэн нөхцөл байдал нь цахилгааны хүрэлцээ муу гэж тайлбарлаж байгаа байдал нь бодит байдалтай нийцэхгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1-д тус тус зааснаар бодит үнэнд нийцсэн, үнэн зөв тайлбарыг гаргах үүрэгтэй гэснийг ноцтойгоор зөрчсөн тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч О.Золбаяр нь цахилгааны инженер биш байтал мэргэжлийн бус дүгнэлт, тайлбарыг гаргасан. Харин анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Дээрх үзлэгээр баталгаажсан дүрс бичлэг болон фото зураг, газар дээр нь очиж ажилласан зохигч талуудын тайлбар зэргээс хариуцагч тал татгалзлын үндэслэлээ болгосон худгийн өрөмдлөгийн ажил доголдолтой гэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ баримтаар нотлохгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2. 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй байна. гэсэн нь дараах байдлаар бодит байдал болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцээгүй. Шүүхэд хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.2-т заасан үүргийн дагуу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг үгүйсгэх нотлох баримтыг цуцлуулан тайлбарыг гаргасан ч үнэлээгүйн дээр, нэг талыг барьж шийдвэрлэсэн. Харин хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2020.01.27-ны өдөр зохигчид өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримт, маргааны зүйл болох худгийн доголдолд мэргэжлийн шинжээч тогтоолгохоор шинжээч томилуулах шаардлагатай талаас бичгээр хүсэлт гаргасан ч шүүхээс хүлээж аваагүйн дээр нэг талын тайлбар дүгнэлтээр хэрэгт хандсан нь учир дутагдалтай болсон юм.
Хоёр. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд. Хариуцагч ******* ХХК-аас нэхэмжлэгч ******* ХХК-д холбогдуулан талуудын хооронд байгуулагдсан 2019.10.17-ны өдрийн Худгийн өрөмдлөгийн ажил гүйцэтгэх тухай гэрээний 4.1, 4.6-д заасан чанарын шаардлагын дагуу тогтоосон хугацаанд хийж гүйцэтгэх гэж заасан ажлыг гүйцэтгүүлэн худгийн өрөмдлөгийн ажлыг бүрэн доголдолгүй гүйцэтгүүлж ус хэвийн горимоор гаргах үндсэн үүргийг гүйцэтгүүлэхийг даалгах, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги 24,447,500 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Бид энэхүү ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь нэг талын хийж гүйцэтгэсэн ажлын биежсэн хэлбэртэй үр дүн хэвийн горимоор анх гүйцэтгэсэн үеийн ус гарсан хэлбэртэй үр дүн байх ба ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд чанарын шаардлага хангасан ажил гүйцэтгэх үүрэгтэй байсан ч үр дүн гараагүйн дээр захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй буюу Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг мөн хуулийн 352.2-т заасан ажил гүйцэтгэгч ажлаа доголдолтой гүйцэтгэсэн тохиолдолд мөн хуулийн 209 дүгээр зүйлд зааснаар үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхтэй буюу гэрээнд 12 сарын баталгаат хугацаатай гэж заасан гүйцэтгэгч нь доголдлыг арилгаж чанарын шаардлага хангасан ажил гүйцэтгэхээс нааш манай компанийн төлбөр нэхсэн цагаас нэхэмжлэгч ******* ХХК-нд тайлбарлаж, үлдэгдэл төлбөрийг ажлаа доголдолтой ус хэвийн гарахгүй байгаа учир төлбөр төлөх үүргийн гүйцэтгэлээс татгалзан, доголдлыг арилгах талаар удаа дараалан шаардсан ч үр дүнд хүрээгүй өнөөдрийг хүрч нэхэмжлэгч ******* ХХК ажлыг оромдон гүйцэтгэж бусдаас ажил гүйцэтгэсэн нэрийдлээр алданги, үлдэгдэл төлбөр нэхэмжилж байгаа нь ичгүүртэй хэрэг бөгөөд үнэхээр гүйцэтгэсэн ажил нь асуудалгүй чанарын шаардлага хангаж байгаа гэж үзэж байгаа тохиолдолд хоёр талаасаа шинжээч томилуулаад ажиллуулах нь бодит үнэнд нийцэхгүй мөн гэрээний үлдэгдэл 48,895,000 төгрөг түүний алданги 24,447,500 төгрөг, нийт 73,342,500 төгрөг нэхэмжилж байгаа байдал Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар хэрэв хугацаа хэтэрсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй. Нэхэмжлэгч компани нь доголдлыг арилгаагүй байж манай компанаас үүрэг гүйцэтгэхийг шаардаж хариуцагчийн зүгээс татгалзах эрхийнхээ дагуу татгалзаж доголдлыг арилгуулахыг хүсэж байгаа нь хугацаа хэтрэлийн урьдчилсан нөхцөл болохгүй харин эсрэгээрээ буюу хугацаа хэтэрсэн асуудал яригдахгүй бөгөөд нэхэмжлэгч компаниас доголдлыг арилгаж өгөөгүй тул хугацаа хэтэрсний алданги 24,447,500 төгрөгийг хариуцагч нэхэмжлэх нь хууль зүйн үндэслэлгүйг давж заалдах шатны шүүхээс тогтоосон ч үйл баримт хариуцагч компанийн буруутай үйлдэл биш юм. Анхан болон давж заалдах шатны шүүхээс үндэслэх хэсэгт ...Нөгөөтээгүүр дээрх баримтуудаар нэхэмжлэгч тал гэрээнд заасан ажлыг буюу далангийн хажуугийн худгийн цооногийг 1-р худаг гэрээний хугацаанд хүлээлгэж өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан актаар тогтоогдсон, түүнчлэн уг худгийг хүлээлгэж өгснөөс хойш хариуцагч тал уурхайн үйл ажиллагаандаа ашиглаж байгаа зэрэг нь талуудын тайлбар болон гэрчүүдийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон бөгөөд Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-т зааснаар дээрх ажлыг доголдолгүй гэж үзэх үндэслэлгүй байна. гэж үзсэн нь үндэслэлгүй болсон. Хавтаст хэргийн 10, 11 хуудаст цооног хүлээлгэн өгсөн акт 1-р худгийн цооног н 150 метрийн гүнтэй бөгөөд ундарга н 1,2 сек буюу 1 цагт 4320 литр, 2-р худгийн цооног н 170 метрийн гүнтэй бөгөөд ундарга 1,5 сек буюу 1 цагт 5400 литр байсныг захиалагч тал актаар хүлээж авсан гэдэг ч бодит байдал буюу 2020.03.06-ны өдөр далангийн хажуугийн худгийн усны байдалд талууд хэмжилт хийж
минутад 18 литр ус буюу 1 цагт 1000 литр ус маш нарийхан, удаан байдалтай гоожиж байгааг 2 удаа хэмжилт хийж видео бичлэгээр талууд баталгаажуулахад Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-т заасан хуулийн шаардлагыг хангахгүй байсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэгт байгаа үйл баримтыг буруу дүгнэж, нотлох баримтыг дутуу үнэлсэн байна. Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.20-ны өдрийн 183/ШШ2020/00685 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.03-ны өдрийн 1197 дугаар магадлалын зарим хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. ******* ХХК нь 150 метрийн гүнтэй 2 цооног бүхий худаг гаргах худгийн өрөмдлөгийн ажил гүйцэтгэхээр ******* ХХК-тай 2019.10.17-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллаж, хоёр худгийн өрөмдлөгийн ажлыг 2019.10.30, 31-ний өдөр гэрээнд заасан хугацаанд дуусгаж гэрээнд заасан нөхцөлүүдийг бүрэн хангаж, ажлыг гүйцэтгэсэн нь ажлын үр дүн биет байдлын доголдолгүй байгаа бөгөөд доголдолгүй ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн юм. Энэхүү гэрээний 2.3-т Захиалагч нь өрөмдлөгийн ажил дууссаны дараа цооногийн гүнийг хэмжиж, худгийг хүлээж авах ба үлдэгдэл төлбөрийг 3 хоногийн дотор төлнө, 5.4-т Хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд хоног тутамд үлдсэн төлбөрийн 0.5 хувьтай тэнцэх торгууль төлнө гэж тохиролцсон. Анх нэхэмжлэл гаргахдаа хугацаа хэтэрсний алдангийн хэмжээг нэхэмжлэл гаргасан хугацаагаар буюу 2019.12.11-ний өдрийн хүртэлх хугацаагаар тооцож гаргасан байсан. Харин Анхан шатны шүүх хуралдааны тов 2020.02.07-ны өдөр товлогдсон тул анхан шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2020.02.07-ны өдрийг хүртэл 95 хоногоор тооцон хугацаа хэтэрсний алдангийн хэмжээг нэмэгдүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэн, улсын тэмдэгтийн хураамжийг ихэсгэсэн хэмжээгээр нэмж төлсөн. Гэвч 2020.02.07-ны өдрийн хуралдаан мөн л хойшлогдож 2020.02.17-ны өдөр товлогдсон тул анхан шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2020.02.17-ны өдрийг хүртэл 105 хоногоор тооцон хугацаа хэтэрсний алдангийн хэмжээг нэмэгдүүлэх гэсэн боловч энэ алдангийн хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь буюу 24,447,500 төгрөгөөр тооцон хугацаа хэтэрсний алдангийн хэмжээг нэмэгдүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэн, улсын тэмдэгтийн хураамжийг ихэсгэсэн хэмжээгээр нэмж төлсөн. Иймээс гэрээнд заасан захиалагчийн төлөх ёстой үлдэгдэл төлбөр болох 48,895,000 төгрөг, түүний хугацаа хэтэрсний алданги болох 24,447,500 төгрөг, нийт 73,342,500 төгрөгийг хариуцагч ******* ХХК-аас гаргуулахаар нэхэмжилсэн билээ. Гэтэл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэх хэсэгт анхан шатны шүүх алдангийн хэмжээг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож гаргуулахаар шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэжээ. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсгийн заалт нь алдангийн хэмжээ үндсэн үүргийн 50 хувиас хэтрүүлэхгүй хязгаарлах агуулгатай. Өөрөөр хэлбэл, алдангийн хэмжээ үндсэн үүргийн 50 хувиас хэтэрсэн тохиолдолд уг хэмжээгээр хязгаарлах зохицуулалт болохоос гэрээгээр тохирсон алдангийн 50 хувь хүртэл нэмж тооцох агуулгагүй. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд эхний худгийг 2019.10.30-ны өдөр, дараагийн худгийг 2019.10.31-ний өдөр хүлээлгэж өгсөн тухай баримт авагдсан... Сүүлийн худгийг хүлээлгэж өгснөөс хойш 3 хоногийн дараа буюу 11 дүгээр сарын 03-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2019.12.11-ний өдөр хүртэлх хугацаагаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс гэрээнд заасан хувь хэмжээгээр алдангийг тооцоход 9,290,050 төгрөг болж байна. Уг үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав. гэсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх эрхтэй бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэг болон гэрээнд зааснаар алданги нэхэмжилсэн. Нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон алдангийн 50 хувь хүртэл нэмж тооцоогүй, харин анхан шатны шүүх хуралдаан хүртэл хугацаагаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс гэрээгээр тохирсон хувь хэмжээгээр алданги тооцоход алдангийн хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь буюу 24,447,500 төгрөгөөр тооцсон. Иймд анхан шатны шүүх хуралдаан хүртэл биш харин шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөр алданги тооцох хоногийг зогсоож алдангийн хэмжээг тооцно гэсэн үндэслэлээр алдангийн хэмжээг багасгаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Нэхэмжлэгч ******* ХХК нь анх нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн бөгөөд анхан шатны шүүх хуралдаан хүртэл алданги тооцох хоногийг нэмэгдүүлэн, нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж, ихэсгэх бүрд улсын тэмдэгтийн хураамжийг ихэсгэсэн хэмжээгээр нэмж төлсөн. Гэтэл Давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийн 1-т заасан улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг буруу хийсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т ...гаргасан гомдлыг үндэслэлтэй гэж үзэж шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгосон буюу өөрчилсөн тохиолдолд гомдол гаргагчаас тухайн шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг тухайн шатны шүүгчийн захирамжаар буцаан олгоно. гэж заасан байдаг. Гэтэл хариуцагч ******* ХХК-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзэн Давж заалдах шатны шүүх хангаагүй. Харин хариуцагчийн гаргасан гомдлоор биш нэхэмжлэл гаргасан өдрөөр алданги тооцох хугацаа зогсоно гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан.
Иймд хариуцагчийн гаргасан гомдол нь үндэслэлгүй байхад Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгосон байна.
Захиалагч ажлын үр дүнг хүлээн авсан тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар тохиролцсон хөлсийг төлөх үүрэгтэй. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд шударгаар гүйцэтгэх учиртай. Талууд гэрээг байгуулахдаа гэрээнд заасан ажлыг гүйцэтгүүлэхээр тохирсон, ийнхүү ажлын төсөвт өртөг, хэмжээг тохирч, гэрээний нөхцөлийг талууд өөрсдөө тогтоосон учир хэн аль нь гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй болно. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн боловч энэ үр дүн хэзээ хэрхэн бий болсон нь тодорхой бус зөвхөн биет эд хөрөнгө гэж үзэж болохгүй, түүнийг бий болгоход ажил гүйцэтгэгчийн хөдөлмөр, үйл ажиллагаа орсон байдагт ажил гүйцэтгэх гэрээний онцлог оршдог. Нэгэнт ажил гүйцэтгэх гэрээний төрлийг тодорхойлох зүйл нь ажлын үр дүн байдаг тул тухайн үр дүн нь ямар шинж чанар, тоо хэмжээтэй байх болон хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй бол гүйцэтгээгүй тал нь гэрээнд зааснаар ямар хэмжээтэй алданги төлөх талаар худгийн өрөмдлөгийн ажил гүйцэтгэх тухай гэрээнд талууд харилцан тохиролцсон. Ажил гүйцэтгэгч ******* ХХК нь гэрээнд заасан үүргээ бүрэн гүйцэтгэж, шавхалтын ажлыг хийн, ямар ч доголдолгүй ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн, захиалагч буюу *******ХХК нь хүлээн авсан нь гэрээний гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн гэж үзнэ. Тиймээс хариуцагч ажлын үр дүнг хүлээн авмагц буюу гэрээнд заасан хугацаанд ажлын хөлс төлөх үүрэгтэй бөгөөд хэрэв энэ хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй бол гэрээнд заасны дагуу алданги нэмж төлөх үүрэгтэй. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
6. Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дутуу төлбөр 48,895,000 төгрөг, алданги 24,447,500 төгрөг, нийт 73,342,500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч худгийн өрөмдлөгийн ажлыг бүрэн гүйцэтгүүлж, ус гаргах үндсэн үүргийг нөхөн гүйцэтгүүлэхийг даалгах, хохиролд 24,44,500 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
7. Анхан шатны шүүх хариуцагч ******* ХХК-аас гэрээний үүрэгт 73,342,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, хариуцагч ******* ХХК-ийн нэхэмжлэгч ******* ХХК-д холбогдуулан худгийн өрөмдлөгийн ажлыг бүрэн гүйцэтгүүлж, ус гаргах үндсэн үүргийг нөхөн гүйцэтгүүлэхийг даалгах, хохиролд 24,447,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, хариуцагч ******* ХХК-аас гэрээний үүрэгт 58,185,050 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15,157,450 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.
8. Хэргийн баримтаас үзэхэд талууд 2019.10.17-ны өдөр Худгийн өрөмдлөгийн ажил гүйцэтгэх тухай 19/01/019 тоот гэрээ байгуулж, уг гэрээгээр ажил гүйцэтгэгч ******* ХХК нь Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутагт, 150 метрийн гүнтэй 2 цооног, нийт 300 тууш шоо метрийн худаг гаргах, өрөмдлөг хийх талбай дээр очсоноос хойш 14 хоногийн дотор ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч ******* ХХК нь өрөмдлөгийн ажлын нийт төлбөрт 97,790,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон байх бөгөөд
хоёр шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв байна.
9. Хариуцагч нь ажлын хөлсөнд 48,895,000 төгрөг төлсөн, үлдэх 48,895,000 төгрөгийг төлөөгүй үйл баримтын талаарх нэхэмжлэгчийн тайлбарыг няцаагаагүй байх бөгөөд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн байх бөгөөд талууд 2019.10.30-ны өдөр эхний худгийг, 2019.10.31-ний өдөр 2 дахь худгийг тус тус хүлээлгэж өгсөн, нэхэмжлэгч талаас төлөөлж Б.Ганхүү хариуцагч талыг төлөөлж н.Эрхэмбаяр, Д.Батбаяр нар цооног хүлээлгэж өгөх тухай акт үйлдсэн, талууд дээрх акт үйлдсэн талаар хэн аль нь маргаагүй байх тул Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-т заасны дагуу ажлын үр дүнг хүлээж авсан тухай хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
10. Захиалагч гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүрэгтэй бөгөөд захиалагч ******* ХХК нь ажлын үр дүнг хүлээж авсан атлаа ажлын хөлс төлөөгүй байх тул хоёр шатны шүүх ажлын хөлсний дутуу төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-т заасныг зөрчөөгүй байна.
11. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэл болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ худгаас 1 цагт 150 м.куб ус гарах ёстой, энэ хэмжээнд ус гарахгүй байгаа нь нэхэмжлэгч ажлыг доголдолтой гүйцэтгэсэн гэсэн агуулгаар тайлбарласан байна. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-д зааснаар захиалагч нь гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар, түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэхээр шаардах эрхтэй бөгөөд ажлын үр дүн доголдолтой гэдгийг захиалагч тал нотлох шаардлагатай.
Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэн ...гэрээний 4.4-т цооног өрөмдөх цэгийг захиалагч тал зааж өгөх ба тухайн цэгт хийгдсэн өрөмдлөгийн ажлын үр дүнгээр гарсан усны ундаргын хэмжээ ямар байх болон тухайн газарт цэвдэг таарсан тохиолдолд гүйцэтгэгч талд хамаарахгүй гэж заажээ. Талууд ажлын үр дүнгийн талаар тохиролцсон уг нөхцөл байдлаас үзэхэд усны гарцын хэмжээ бага гэх хариуцагчийн тайлбарт үндэслэн худгийн өрөмдлөгийн ажил доголдолтой гүйцэтгэгдсэн гэж үзэх боломжгүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
12. Иргэний хуулийн 214 дүгээр зүйлийн 214.1 дэх хэсэгт Үүргийн гүйцэтгэлийн чанарын талаар гэрээнд тодорхой заагаагүй бол үүрэг гүйцэтгэгч нь ердийн шаардлагад нийцүүлэн үүргээ гүйцэтгэж, дундаас доошгүй чанарын эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй гэж заасан бөгөөд талууд гэрээндээ тухайн худгаас цагт хэдэн м.куб ус гарах талаар тохиролцоогүй, гарсан усны ундаргын хэмжээ ажил гүйцэтгэгчид хамаарахгүй байх талаар гэрээнд заасан тул ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй, нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлыг доголдолтой гэх нөхцөл байдал эргэлзээгүй баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэснийг хуульд нийцсэн гэж үзнэ. Иймээс хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангахгүй орхисон нь зөв байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зохигч талуудын маргаан бүхий байдлыг тодруулахаар, өрөмдлөгийн ажил хийгдсэн 1-р худаг худаг хэвийн ажиллахгүй байгаа шалтгаан, нөхцөл байдлыг газар дээр нь үзэж, улмаар үүссэн нөхцөл байдлыг тогтоолгож, талуудыг тодорхой шийдэлд хүргэх зорилгоор хугацаа өгч талуудыг ажиллуулсан ба энэ талаараа дүрс бичлэг, фото зургуудаар баталгаажуулж ирүүлснийг, шүүх үзлэгээр баталгаажуулсан баримтуудаар ч маргааны зүйл болж буй худгийн ажлыг доголдолтой гүйцэтгэсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
13. Хариуцагч ******* ХХК ажил гүйцэтгэх гэрээний үнийг бүрэн төлөөгүй байгаа учраас нэхэмжлэгч ******* ХХК гэрээний 5.4-т заасан заалтыг үндэслэн алданги гаргуулахаар шаардсан, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа ...эхний худгийг 2019.10.30-ны өдөр, дараагийн худгийг 2019.10.31-ний өдөр хүлээлгэж өгсөн тухай баримт авагдсан. Гэрээний 1.3-т Захиалагч нь өрөмдлөгийн ажил дууссаны дараа цооногийн гүнийг хэмжиж, худгийг хүлээж авах ба үлдэгдэл төлбөрийг 3 хоногийн дотор төлнө гэж заажээ. Сүүлийн худгийг хүлээлгэж өгснөөс хойш 3 хоногийн дараа буюу 11 сарын 03-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2019.12.11-ний өдөр хүртэлх хугацаагаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс гэрээнд заасан хувь хэмжээгээр алдангийг тооцоход 9,290,050 төгрөг болж байна гэж дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.
14. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1197 дугаар магадлалыг хэвээр үлдээж, зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 233,737 төгрөг, хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 448,879 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД