Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2018/00945

 

М.М-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2018/00165 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: М.М-ы нэхэмжлэлтэй

            Хариуцагч: ХЯ, ХҮд холбогдох

 

Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч М.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХЯ-ны харьяа БНС улс дахь Нэг цэгийн үйлчилгээний төвийн мэргэжилтнээр 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр томилогдон ажиллахдаа ямар нэгэн сахилгын зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл БНС  улс дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын төвийн даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 16\05 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн. Тушаалын үндэслэлээ танилцуулахдаа  бүтэц өөрчлөгдсөн гэсэн. Нэхэмжлэгч нь уг ажлаас чөлөөлсөн тушаал гарахаас өмнө жирэмсэн болсон байсан. Энэ талаараа тус төвийн дарга Б.Т-д хэлсэн боловч хууль зөрчин ажлаас чөлөөлсөн. Иймд БНС улс дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын төвийн мэргэжилтнээр буцаан томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү. Ажлаас халсан тушаалыг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасан боловч нийтэд илэрхий зүйлийг дахин нотлохгүй гэсэн зарчмын дагуу хуулбар хэлбэрээр гаргаж өгсөн. Хариуцагч Засгийн газрын 55 тогтоолоор тус 2 газар татан буугдсан гэдэг. Гэтэл 55 дугаар тогтоолын 1.7-д ХЯны харьяа БНС улс дахь нэг цэгийн үйлчилгээний төв болон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны харьяа БНС улс дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төв-ийг нэгтгэнэ гэж байгаа. Татан буулгана гэсэн заалт байхгүй гэжээ.

Хариуцагч ХЯ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Засгийн газрын Төсвийн зарим байгууллагыг өөрчлөн зохион байгуулах, татан буулгах тухай" 2016 оны 55 дугаар тогтоолоор ХЯны (хуучин нэрээр) харьяа БНСУ дахь нэг цэгийн үйлчилгээний төв болон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны (хуучин нэрээр) харьяа БНСУ дахь нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийг татан буулгаж, ХЯны харьяа ХҮийг шинээр байгуулсан. Шинээр байгуулсан БНСУ дахь Хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дүрэм, орон тоо бүтцийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/157 тоот тушаалаар баталсан ба орон тоо 14 байхаар тогтоосон. БНСУ дахь нэг цэгийн үйлчилгээний төв нь татан буугдсан тул жирэмсэн эмэгтэйн ажлын байрыг хэвээр хадгалах зохицуулалтад хамаарахгүй. М.М-д ажлаас чөлөөлөх тухай 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр мэдэгдэж, 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон. Нэхэмжлэгч 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. Иймд  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 128 дугаар зүйлийн 1281.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч ХЯ, Бүгд найрамдах Солонгос улс дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвд холбогдох урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч М.М-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч М.Мы нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч М.М давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн нь буруу. Ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын хугацаа тоолох шаардлагатай. Нэхэмжлэгчийн хувьд өнөөдрийг хүртэл шийдвэрээ гардан аваагүй, Иймд шүүхэд гомдол гаргах Үндсэн хуулиар баталгаажуулсан эрх хэвээр  гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй.

 

Нэхэмжлэгч М.М нь хариуцагч ХЯ, БНСУ дах Хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчилгээний төвд холбогдуулан тус төвийн мэргэжилтнээр эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх тухайн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт заасан бичгийн нотлох баримтад тавигдах шаардлага хангаагүй баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгожээ. Тухайлвал хэргийн 96-131 дүгээр талд авагдсан баримтуудад хэргийн оролцогч болох ХЯ өөрийн хуулбар үнэн тэмдгийг дарсан, 141 дүгээр хуудасны хуралдааны тэмдэглэл гэх баримт Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасан хэлбэрийн шаардлага хангаагүй, хуулбар хувиар байна.

 

Хэргийн 134-136 дугаар талд захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хуулбар хувиар авагдсан байх бөгөөд уг захирамжийг нийтэд илэрхий үйл баримт гэж үзэхгүй юм. Мөн хэргийн 93-95 дугаар талд бичмэл баримтад үзлэг хийжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48, 51 дүгээр зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх үзлэг хийж болох бөгөөд тэмдэглэлд илэрсэн нөхцөл байдлыг бичих юм. Гэтэл дээрхи үзлэгийн тэмдэглэлд бичиг баримтын нэр, хавсралт, хуудасны тоо зэргийг зааснаас өөр өөр агуулгын хүрээнд илэрсэн нөхцөл байдал буюу эдгээр баримтууд тодорхойгүй болжээ.

 

Дээр дурдсан нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн, нотлох чадвараа алдсан баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дах хэсэгт нийцэхгүй юм.

 

Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2018/00165 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

             2. Нэхэмжлэгч М.М нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

             3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                               ШҮҮГЧИД                                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                     Ш.ОЮУНХАНД