Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2018/00967

 

Г.Э, Т.Ө, Ч.О, А.З, С.О, Х.С, Б.Н нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2018/00247 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Г.Э, Т.Ө, Ч.О, А.З, С.О, Х.С, Б.Н нарын нэхэмжлэлтэй

            Хариуцагч: “Т” ХХК-д холбогдох

 

Цалин хөлс Т.Өд 2 203 140 төгрөг, А.Зд 3 146 800 төгрөг, Б.Нт 1 117 900 төгрөг, С.От 3 520 000 төгрөг, Ч.От 1 600 500 төгрөг, Х.С-д 1 470 829 төгрөг, Г.Эд 5 647 440 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал  44 700 төгрөг, ажлаас халагдсаны тэтгэмжийг нэр бүхий 5 хүнд олгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, нэхэмжлэгч Т.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол-Хятадын хамтарсан “Т” ХХК нь гадаад худалдаа, ашигт малтмалын ашиглалтын чиглэлээр 5 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-тэй үйл ажиллагаа явуулдаг. Тус компани 2015 оноос үйл ажиллагаагаа явуулсан боловч 2016 оны 10 дугаар сараас хойш ажилчдын цалин, сул зогсолтын олговрыг олгоогүй, 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр тус компаний ТУЗ-д шаардлага тавьсан ч  албан ёсны хариу өгөөгүй. Уурхайн дарга Т.Ө, нярав-тоо бүртгэгч Ч.О, борлуулалтын менежер- орчуулагч Х.С, жолооч Б.Н, орчуулагч-бичиг хэргийн эрхлэгч С.О нараас санал хүсэлт гаргаагүй байхад захирап Н.Н-ын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 24 тоот тушаалаар ажилчдын санал хүсэлтийг үндэслэн хэмээн дээрх 5 хүнийг ажлаас халсан. 2016 оны 10 дугаар сараас хойш олгоогүй байгаа 7 хүний ажилласан хугацааны цалин хөлс буюу Т.Өгийн 2 203 140 төгрөг, А.З-ийн 3 446 800 төгрөг, Б.Н-ын 1 117 900 төгрөг, С.О-ийн 3 520 000 төгрөг, Ч.О-ын 1 600 500 төгрөг, Х.С-ын 1 470 829 төгрөг, Г.Э-ийн 5 647 440 төгрөг болох нийт 18 706 609 төгрөгийн цалин хөлс, 44 700 төгрөгийн нотариатын үйлчилгээний хөлс, ажлаас халагдсаны тэтгэмжийг нэхэмжилж байна. Монголын талын хувьцаа эзэмшигчид компанийн 2017 оны үйл ажиллагааг удирдан явуулж орлого олж байгаа. Монголын талын хувьцаа эзэмшигч нар Хятадын талын хувьцаа эзэмшигчээ хэрэгт татан шалгуулсан боловч Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 12 тоот тогтоолоор үндэслэлгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосон. Энэ хүний /Shin Zhonggang/ хаашаа юунд явах нь бидэнд огт хамааралгүй бөгөөд цалин хөлсийг өгөхгүй байх үндэслэл биш гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хувьцаа эзэмшигч бид тус хамтарсан компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд, тэр тусмаа мөнгө, санхүүгийн ажилд оролцдоггүй. Хамтарсан компанийн хөрөнгийг захиран зарцуулах, түүндээ хяналт тавьж ажиллах эрх, үүрэг бүхий албан тушаалтан болох 1 дүгээр гарын үсгийг зурдаг Ш, 2 дугаар гарын үсгийг зурдаг ерөнхий нягтлан бодогч Г.Э нар компанийн хөрөнгө санхүүтэй холбоотой бүх асуудлыг хариуцдаг. 2016 оны 10 дугаар сараас эхлэн ажиллагсдын ажлын хөлсийг яагаад олгохоо зогсоосныг Г.Э өөрөө хариуцах ёстой. Ер нь 2016, 2017 онд ажиллагсадтай компаниас албан ёсны хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Т ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Ш мөрдөн байцаах газарт шалгагдаж байх үедээ компанид мөнгө олж ирнэ гэж Нийслэлийн прокурорын газраас 15 хоногийн хугацаатай чөлөө авч 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр БНХАУ-руу яваад эргэж ирээгүй. Хувьцааны 40 хувийг эзэмшигчид өмнөөс нь ямар ч хариуцлага хүлээхгүй. Нийт хувьцааны 60,0 хувийг эзэмшигч БНХАУ-ын иргэн Ш нь тус компанийн гүйцэтгэх захирал хэвээрээ байгаа. Нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                     

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар “Т” ХХК-аас Т.Ө-д 2 203 140 төгрөг, А.З-д 3 146 800 төгрөг, Б.Н-т 1 117 900 төгрөг, С.О-т 3 520 000 төгрөг, Ч.О-д 1 600 500 төгрөг, Х.С-д 1 470 829 төгрөг, Г.Э-д 5 647 440 төгрөг гаргуулж Т.Ө-д 2 203 140 төгрөг, А.З-д 3 146 800 төгрөг, Б.Н-т 1 117 900 төгрөг, С.О-т 3 520 000 төгрөг, Ч.О-д 1 600 500 төгрөг, Х.С-д 1 470 829 төгрөг, Г.Э-д 5 647 440 төгрөг тус тус гаргуулан олгож, нотариатын үйлчилгээний хөлс 44 700 төгрөг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар 2016 оны 10-р сараас хойш хугацааны цалингаас Т.Ө, А.З, Б.Н, С.О, Ч.О, Х.С, Г.Э нарын нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг “Т” ХХК-ны удирдлагад үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 253 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 251 483төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх  нэхэмжлэлийн шаардлага маш тодорхойгүй байхад шийдвэрлэсэн, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй асуудлыг шаардлагаас нь хальж шийдвэрлэсэн, мөн хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, нотлох баримтыг дутуу цуглуулж, буруу үнэлж  шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.

 

                                                                     ХЯНАВАЛ:      

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Г.Э, Т.Ө, Ч.О, А.З, С.О, Х.С, Б.Н нар нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан 2016 оны 10 сараас хойшхи хугацааны цалин хөлс, сул зогсолтын үеийн олговор нийт 18 706 609 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Т ХХК-ийн хэрэгт авагдсан дүрмээр тус компани 3 хөрөнгө оруулагчтай, үүнээс нийт хувьцааны 40 хувийг иргэн Г.Э,Г.Г нар, 60 хувийг БНХАУ-ын иргэн Ш эзэмшдэг, компанийн гүйцэтгэх захирал Ш, тэрээр 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Монгол улсын хилээр гараад буцаж ирээгүй үйл баримт тогтоогджээ.

 

Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8, 76.1.13-д тус тус зааснаар Төлөөлөн удирдах зөвлөл нь компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох, мөн гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагааны болон компанийн засаглалын дотоод журмыг батлах эрхтэй юм. Тухайн компани ТУЗ-тэй, үйл ажиллагаа нь явагдаж байгаа, улсын бүртгэлд бүртгэлтэй байхад компанийн 20 хувийн хувьцаа эзэмшигч Г.Эд нэхэмжлэлийн хувийг гардуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлд нийцэхгүй байна.

 

Тус компанийн гүйцэтгэх удирдлагыг хэн орлон гүйцэтгэж байгаа, ТУЗ-ын дарга хэн болохыг тодруулж, нэхэмжлэлийн хувийг эрх бүхий этгээдэд гардуулах нь зүйтэй. Учир нь нэхэмжлэгч нараас энэ асуудлыг тодруулах талаар удаа дараа хүсэлт гаргасан байхад шийдвэрлээгүй орхигдуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчжээ. Мөн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг тодруулж, энэ талаар талуудыг мэтгэлцүүлж, анхан шатны шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2018/00247 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

             2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251 483 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

             3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.МӨНХЗУЛ

 

                               ШҮҮГЧИД                                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                     Ш.ОЮУНХАНД